| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2105020290138 |
| Дугаар | 2022/ДШМ/510 |
| Огноо | 2022-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2022/ДШМ/510
2022 05 12 2022/ДШМ/510
Д.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Эрдэнэбаяр,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Эрдэнэбаярын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлээр Д.О-д холбогдох эрүүгийн 2105020290138 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О-,
2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 11 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 27 хоногийн хорих ялаас суллагдсан;
Шүүгдэгч Д.О- нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн ****тоотод байсан иргэн П.М-ийн виза картыг хулгайлан авч, түүний эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай данснаас 3.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д- О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршиг арилгах талаар үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-оос 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан хохирогч П.М-д олгож, Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Эрдэнэбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокуророос шүүгдэгч Д.О-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч гаргасан хүсэлт, гэмт хэргийн улмаас учруулсан 3.000.000 төгрөгийг хохирогч П.М-тэй харилцан тохиролцож 2022 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн дотор төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн баримтыг үндэслэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр саналыг шүүхэд гаргасан. Харин шүүхээс прокурорын саналын хүрээнд шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр барагдуулах талаар тусгаагүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэснийг, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэснийг шийтгэх тогтоолд тусгаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахын тулд шүүхийн шийдвэрт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд оногдуулах ялыг тодорхой тусгах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Д.О-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүгдэгч Д.О- нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн ****тоотод хамт байсан хохирогч П.М-ийн виза картыг хулгайлан авч, түүний эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай данснаас 3.000.000 төгрөг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч П.М-ийн “...2021 онь 07 дугаар сарын 14-ний өглөө сэрэхэд орлого, зарлагын гүйлгээ хийсэн байсан ба гайхаад хартал миний Хаан банкны ******* дугаартай данснаас 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагт 3.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдэж гарсан байсан. Би Хуягаа гэх хамт байсан найзаасаа асуухад би мэдэхгүй байна, О- гэх залуу ирээд явсан гэж хэлсэн. О-той гар утсаар холбогдоход авсан гэж хэлээд утсаа салгаж, зугтсан. ...” /хх 12-14/,
Д.О-ы сэжигтнээр өгсөн “...М- ах надад картаа өгч архи авчруулсан. ...Би тухайн картаас 3.000.000 төгрөг авч түрээслэж байсан байрны төлбөрт зарцуулсан. ...” /хх 29-31/ гэсэн мэдүүлгүүд, П.М-ийн Хаан банкны ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 33/, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 3.000.000 төгрөг авахаар тохиролцсон талаарх хохирогч П.М-ийн хүсэлт /хх 94/, “...хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна, 3.000.000 төгрөгийг 4 дүгээр сарын 30-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэх шүүгдэгч Д.О-ы хүсэлт /хх 95/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Д.О- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Д.О-ы хохирогч П.М-ийн виза картыг авч, түүний данснаас 3.000.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар бичгээр гаргасан шүүгдэгч Д.О- болон хохирогч П.М- нарын хэн алины хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 754 дугаар тогтоол гаргаж, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нөхцөл хангагдсан гэж дүгнэн, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршиг арилгах талаар үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхдээ тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнийг зөрчсөн тохиолдолд хэрхэхийг шийтгэх тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчиж байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй.
Харин гэмт хэргийн улмаас учирсан 3.000.000 төгрөгийн хохирлыг хохирогчид ямар хугацаанд, ямар хэмжээгээр барагдуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх боломжтой.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, прокурор Д.Эрдэнэбаярын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг шүүгдэгч Д.О-д сануулсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН