Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 05

 

            Ч.Алтансувдын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс: 150/2019/00169/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч:

                           Ерөнхий шүүгчийн үүргийг

                           түр орлон гүйцэтгэгч шүүгч         Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин

                             Оролцогчид

                                Нэхэмжлэгч                                  Ч.Алтансувд

                                Хариуцагч                                   Б.Соёл-эрдэнэ

                                Хариуцагчийн өмгөөлөгч          Л.Цуурай

                               

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Ч.Алтансувдын нэхэмжлэлтэй Б.Соёл-Эрдэнэд холбогдох “гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хувааж өөрт оногдох 30.855.000 төгрөгийн хөрөнгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Алтансувд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн малчин Ч.Алтансувд миний бие 1992 онд Б.Соёл-Эрдэнэтэй гэр бүл болон 2 хүү төрүүлсэн. Том хүү С.Шижирболд 26 настай, бага хүү С.Эрдэнэболд 22 настай. Гэр бүлийн хүчирхийллээс болж гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох 61.710.000 төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ гаргаж нэхэмжилсэн билээ. Би 2 хүүтэйгээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс гэрээсээ гараад одоо хүртэл гэр оронгүй, хоол ундгүй ах дүү, ээжийгээ бараадан амьдарч байна. Гэрлэлт цуцлуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  хэрэг хянан шийдвэрлэх явцад Соёл-Эрдэнэ нь бид гурав руу өдөр шөнөгүй утасдаж би та гуравгүй амьдарч чадахгүй байна. Нэхэмжлэлээ буцааж аваад элэг бүтэн амьдаръя гээд уйлж дуулж гуйгаад байхаар нь нэхэмжлэлээ буцаан авсан боловч  байдал огт дээрдээгүй  дахин доромжилж элдэв үгээр хэлж урьдын зангаа гаргасан.

Энэ амьдралын хугацаанд өөрийн биеийг хайрлахгүй амьдралын төлөө зүтгэж хөдөлмөрийн чадвараа 70% алдаж группт орсон. Одоо дахин хамт амьдрах хүсэлшүй байгаа тул  гэрлэлтээ цуцлуулж, бидний дундын өмч болох 61.710.000 төгрөгийн эд хөрөнгөөс надад оногдох хэсэг болох 30.855.000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Соёл-Эрдэнэ анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би Алтансувдад ноогдох хувийг нь өгнө гэж бодож байна. Хоёр хүүхэд минь аргагүй миний хүүхэд. Би хоёр хүүхдийнхээ эд хөрөнгийг өөртөө авч үлдэнэ. Чин үнэнийг хэлэхэд би эд хөрөнгөнийхөө 50 хувийг Алтансувдад өгөхөд Алтансувд бага хүүтэйгээ нийлж амьдарна. Том хүү минь надтай ч үлдэхгүй, ээж дүү хоёртойгоо ч үлдэхгүй хаягдаж байна. Би өөрийн гараар хоёр хүүхдэдээ өгөх зүйлээ өгье гэж бодож байна. Алтансувдад өгч үрэн таран хийлгэхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаантай эд хөрөнгөний асуудал дээр Монгол улсын хуулийг баримтлах ёстой гэж бодож байна. Иргэний хуульд дундын эд хөрөнгө гэж юу вэ? гэр бүлийн гишүүд гэж хэн бэ? гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг хуваахдаа юуг баримтлах вэ гэдэг зарчмаар хэргийг шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Алтансувд өөрөө өөртөө хөрөнгө нэхэмжилж ирсэн. Гэхдээ 50 хувиар нэхэмжилсэн. Хуульд зааснаар хууль тогтоогчид өөрт ноогдох хувийг гаргуулах нь зүйтэй гэж хуульчилсан. Соёл-Эрдэнэ Эрдэнэболд, Шижирболд хоёрыг очоод хөрөнгө авъя гэхэд өгөхгүй гэх хүн биш. Шижирболдын хувьд нотлох баримт шинжлэн судлахад уншиж сонсгосон асуудал дээр өөрөө хэлдэг. Шижирболд би бичээгүй, мэдэхгүй гэж хэлсэн. Нотариат гэдгийг ч мэдэхгүй. Хаана очиж юу нотариатаар баталгаажуулж байгааг мэдэхгүй байсан. Шижирболд миний дүү Эрдэнэболд бичсэн байсан. Боогий бид хоёр энэ асуудлаас болж муудаад байгаа гэж хэлсэн. Би Шижирболдыг шүүх хуралдаанд гэрчээр дуудахаар ярьсан. Гэхдээ би шүүхэд хүсэлт гаргахаасаа татгалзсан. Аав ээжийнх нь хэрэг дээр нь хүүхдийг нь гэрчээр оруулаад яах вэ гэж бодсон. Хэрвээ ямар нэгэн байдлаар 50, 50 хувиар хувааж шийдсэн тохиолдолд маргаан гарна. Энэ асуудал маргаантай байгаа. Иймээс би хуулийн дагуу шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Алтансувдад олгогдох хуульд заасан ноогдох хувийг нь гаргуулах нь зүйтэй гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаартай шийдвэрээр:

“1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Алтансувд, хариуцагч Б.Соёл-Эрдэнэ нарын 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай гэрлэлтийг цуцлаж,

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130.3-д зааснаар хариуцагч Б.Соёл-Эрдэнийн эзэмшилд байгаа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч Ч.Алтансувдад нийт 21.900.000 төгрөгийн мал, 1.720.000 төгрөгийн эд хөрөнгө бүгд 23.620.000 төгрөгийн мал, эд хөрөнгө олгож, Хариуцагч Б.Соёл-Эрдэнэд нийт 22.190.000 төгрөгийн мал, 11.300.000 төгрөгийн эд хөрөнгийг нийт 33.490.000 төгрөгийн мал эд хөрөнгө үлдээж,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.235.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдөрт багтаан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэх,  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 312.225 төгрөг гаргуулж улсын төсөвт, хариуцагч Б.Соёл-Эрдэнээс 346.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ч.Алтансувд нь дундын хөрөнгийг хуваахдаа хүү С.Шижирболд, С.Эрдэнэболд нараар “хөрөнгө авахгүй, аав ээж хоёрыг хөрөнгөө тэнцүү хуваахад татгалзахгүй...” гэсэн бичиг хийлгэж нотариатаар  баталгаажуулан шүүхэд нотолгоо болгон өгч, шүүх дүгнэлт болгосон үндэслэлдээ “хүү С.Шижирболд нь хөгжлийн бэрхшээлтэй ч ажил хөдөлмөр хийж ээжийгээ тэжээж байснаас харахад оюун санааны хувьд өөрийнхөө үйлдлийг ойлгож хүсэл зориг илэрхийлж, гарын үсгээ нотариатаар баталгаажуулсан гэж үзлээ” гэж дүгнэн 4 хүний хөрөнгийг 2 хувааж шийдвэрлэн Ч.Алтансувдад 23.620.000 төгрөг гаргаж шийдвэрлэсэн билээ. Гэтэл энэ хурлын дараа миний том хүү болон С.Шижирболд над дээр ирж амьдарч байгаа бөгөөд “Би тийм хөрөнгө авахгүй гэсэн бичиг хийж нотариатын байгууллагаа дээр очиж гарын үсэг зураагүй, мэдэхгүй би өөрт ноогдох хөрөнгөө авна. Миний бүх бичиг баримт ээж дээр байгаа. Ээж дүү 2 өөрсдөө ийм бичиг хийж нотариат дээр миний өмнөөс гарын үсэг зурсан байх. Би ердөөсөө ямар ч хуулийн байгууллага дээр очоогүй, ямар нэг гарын үсэг зураагүй”  гэсэн.  Үүнээс үзэхэд Ч.Алтансувд хөгжлийн бэрхшээлтэй хүүгэээ   далимдуулан, хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхээр шийдүүлсэн нь ойлгомжтой боллоо. Иймд шүүхийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх гэр бүлийн 4 хүний дундын хөрөнгийг 2 хувааж, насанд хүрсэн 2 том  хүүхдийн эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байх тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож  дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 Хариуцагч Б.Соёл-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Би том хүү С.Шижирболдод дундын өмчөөс хөрөнгө ногдох ёстой гэж бодож байна. Том хүү С.Шижирболд нь  биеийн эрүүл мэнд тааруу асуудлыг ойлгох чадвар ч муу хүн. Түүнийг Ч.Алтансувд  далимдуулан  худлаа бичиг үйлдэж нотариатаар батлуулсан гэж үзэж байгаа тул хөрөнгөө 3 хувааж хүүд болон өөрт ногдох хөрөнгөө авч үлдэх хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч Ч.Алтансувд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэрсэн гэж үзэж байна. Том хүү өөрөө хөрөнгөө авахгүй гэж нотариатд хандаж гарын үсэг зурсан. Гэтэл одоо ийм зүйл хэлсэн гэдэгт нь би гомдож байна. Энэ бол Б.Соёл-Эрдэнийн хийсэн ажил гэж ойлгож байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Алтансувд нь хариуцагч Б.Соёл-Эрдэнэд холбогдуулж гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хувааж өөрт оногдох 30.855.000 төгрөгийн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 Хариуцагч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгчийн шаардлагын дагуу гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгийг 2 хувааж шийдвэрлэж  хууль зөрчсөн гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Гэрлэгчид хамтын амьдралын явцад хоорондын таарамжгүй харьцааны улмаас үл ойлголцон улмаар хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг  болсноор гэрлэгчдийн хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах болсон байна. Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулах эсэх талаар хэн аль нь маргаагүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёрдахь шаардлага нь болох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын 61.710.000 төгрөгийн үнэ бүхий  эд хөрөнгөнөөс 50 хувийг буюу 30.855.000 төгрөгт оногдох эд хөрөнгийг хариуцагч Б.Соёл-Эрдэнээс гаргуулах тухай шаардлагын талаар талууд маргасан байна.

 Нэхэмжлэгч Ч.Алтансувд нь  хоёр хүү нь насанд хүрч улмаар  өөрт ногдох хөрөнгөөсөө татгалзсан  гэсэн үндэслэлээр  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс 50 хувийг хариуцагчаас гаргуулна гэж маргасан  бол хариуцагч Б.Соёл-Эрдэнэ нь  бага хүү С.Эрдэнэболдын оюутны сургалтын төлбөрийг төлж сургууль төгсгөсөн тул  өөрт ногдох хөрөнгөө авсан гэж үзнэ,  харин том хүү  С.Шижирболд нь 27 настай ч бие даан амьдрах чадваргүй тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгийг 3 хувааж Ч.Алтансувдад ногдох хэсгийг олгоно гэжээ.

Зохигчдын маргааны гол зүйл нь хэргийн 32, 33 дугаар  хуудсанд  С.Шижирболд, С.Эрдэнэболд нарын  өөрт ногдох эд хөрөнгөөс татгалзах тухай тодорхойлолт авагдсан бөгөөд энэхүү тодорхойлолтыг нотлох баримт болох эсэх талаар маргасан.

Тус тодорхойлолтыг С.Шижирболд, С.Эрдэнэболд нар нь 2019 оны 01 сарын 11-ний өдөр бичсэн тухай тэмдэглэл үйлдсэн бөгөөд  тухайн тодорхойлолтын гарын үсгийн үнэн зөвийг  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тойргийн  нотариатч 2019 оны 01 сарын 11-ний өдөр  гэрчилсэн байна.

 Дээрхи бичгийн баримтыг  хариуцагч нэхэмжлэгчийг хуурамчаар үйлдсэн, том хүү С.Шижирболд нь өөрийн үйлдлийг  ойлгож, хүсэл зоригоо илэрхийлж чадахгүй буюу эрх зүйн чадамжгүй тул өөрөө бичээгүй  гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү  тайлбараа  шүүхэд нотлоогүй, өөрөөр хэлбэл С.Шижирболд нь эрх зүйн чадамжгүй гэдгийг тодорхойлсон эмнэлгийн болон эрх зүйн ямар нэгэн баримт шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн баримттай холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй, тухайн баримтыг баталсан  нотариатын үйлдэл нь хүчин төгөлдөр байх тул тухайн тодорхойлолтыг анхан шатны шүүх нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө  харилцан тохиролцох журмаар  хувааж болно гэж заасан бөгөөд энэ хуулийн зохицуулалтын дагуу гэр бүлийн насанд хүрсэн гишүүд болох  С.Шижирболд, С.Эрдэнэболд нар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгөөсөө өөрт ногдох хэсгээс татгалзсан байна гэж үзлээ.  

Иймд хариуцагчийн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн хуурамч нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь  сум дундын  шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаартай  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 312.225 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН