Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0760

 

2021 11 15 128/ШШ2021/0760    

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******н, гуравдагч этгээд Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хо******л, гуравдагч этгээд Б****а х*****г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ня*******р нарыг оролцуулан "Тэ******н г****э" СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч "Тэ******н г****э" СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ня*****а нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Тэ******н г****э СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А******нд холбогдох захиргааны хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, мөн зүйлийн 20.1.1-д Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж, мөн хуулийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж тус тус зааснаар 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч "Тэ******н г****э" СӨХ-ноос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Нийслэлийн засаг дарга С.А******ны А/591 дүгээр захирамж, A/1155 дугаар захирамж, 1515 метр квадрат газрыг үйлчилгээний 6 давхар барилгын зориулалтаар олгосон захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгч "Тэ******н г****э" СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ня*****а нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, одоогоор хөдөө ажилтай явж байгаа тул Улаанбаатар хотод ирмэгц түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурахаа илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч "Тэ******н г****э" СӨХ нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Тэ******н г****э" СӨХ-ноос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Нийслэлийн засаг дарга С.А******ны А/591 дүгээр захирамж, A/1155 дугаар захирамж, 1515 метр квадрат газрыг үйлчилгээний 6 давхар барилгын зориулалтаар олгосон захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ           Ц.ОДМАА