Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 07

 

А.Энхболд, Г.Саранчимэг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00291/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч:

                           Ерөнхий шүүгчийн үүргийг

                           түр орлон гүйцэтгэгч шүүгч         Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин

                            

                              Оролцогчид

                                Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч       А.Отгонбаяр

                                Хариуцагч                                   Ц.Нарангэрэл                       

                               

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 654 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор А.Энхболд, Г.Саранчимэг нарын нэхэмжлэлтэй “Энсонголия холдинг” ХХК-д холбогдох “52.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Энхболд нь өөрийн хамаатны эгч болох Б.Тананцэцэгээр дамжуулан “Энсонголия холдинг” ХХК-нд оффис менежерээр ажилд орсон. Тухайн үед тус компанийн захирал Ц.Нарангэрэл нь “Компанийн хөрөнгө оруулалт орж ирээгүй, санхүүгийн хувьд бэрхшээлтэй, удахгүй санхүүжилт орж ирнэ” гэж хэлэн А.Энхболд түүний ээж Г.Саранчимэг нарт итгүүлэн 3 машиныг барьцаалан авто ломбарданд тус тус 5.000.000 төгрөгөөр тавьж төлбөрийг нь төлөөгүй учир машинаа барьцаанд алдсан. Зохигчид нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Ажилтан А.Энхболдтой хийх тооцооны тухай тэмдэглэл” хийж  3 машины төлбөр болох нийт 52.500.000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байдаг. ...Иймд зохигчдын хооронд хийгдсэн “Ажилтан А.Энхболдтой хийх тооцооны тухай тэмдэглэл”-д заасны дагуу 52.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс Ц.Нарангэрэлд цалингийн авлага 3.020.000 төгрөг өгөх ёстой гэж үзэн татгалзаж үлдэх 49.480.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Нарангэрэл анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал “Марк-Х” болон Пикал машинаа тухайн онд зарагдсан үнэ болох 10.000.000 төгрөгөөр тус тус тооцон 20.000.000 төгрөг гэжээ. Үүн дээрээ “Хайлюкс” машиныхаа 35.000.000 төгрөгийг нэмээд 55.000.000 төгрөг гээд тэмдэглэл дэх цалингийн авлага 3.200.000 төгрөгийг хасаад 52.500.000 төгрөг гэж нэхэмжлэлийн дүнгээ гаргажээ. Энэ дүнгээс ломбардны 20.000.000 төгрөгнөөс газар дээр нь авсан 10.000.000 төгрөг болон анх өөрсдөө тавиад авч чадахгүй байсан Пикап машиныг сулласан ломбардны 4.500.000 төгрөг, Г.Саранчимэг, Н.Оюунсүрэн нарын авсан нийт 1.000.000 төгрөгийг тус тус хасаад өөрсдийнх нь тогтоосон үнэлгээгээр нийт тооцооны үлдэгдэл 37.000.000 төгрөг гарах учиртай. 37.000.000 төгрөгний үлдэгдэлдээ компанийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй 53.800.000 төгрөгний үнэлгээтэй эд зүйлсийг авч явснаар эдгээр хүмүүс компани болон надад 16.800.000 төгрөгний өглөг үүссэн юм. Компанийн санхүүгийн тайлангийн бүртгэл тооцоо Нягтлан бодох бүртгэлийн хуулийг журамлан хөтлөгдөх ба 11.300.000 төгрөгний зээлд нийт 53.800.000 төгрөгний эд хөрөнгө шилжүүлсэн бүртгэл хөтлөлт шүүхийн энэ шийдвэрийг үндэслэн бичигдэх учиртай болоод байгаа юм гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 654 шийдвэрээр:

“1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь “Энсонголия холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэлээс 52.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 3.020.000 төгрөгнөөс татгалзсан болохыг дурдаж, үлдэх 49.480.000 төгрөгнөөс 17.500.000 төгрөг гаргуулан А.Энхболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.980.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 420.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.” гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

        “Тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа”-гаар  9212 УНЧ улсын дугаартай “Тоуоtа Нiluх машины өмчлөгч нь Г.Саранчимэг гэдэг нь эргэлзээтэй, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийнх гэдгээ нотолсон үйл баримтуудыг шүүхэд гарган ирүүлээгүй, тухайн” маркын автомашиныг “Энсонголия холдинг” ХХК-ны үйл ажиллагаа явуулахад хэрэглэж байсан атлаа тухайн автомашиныг хэрхэн яасан талаар тодорхойгүй атал тухайн автомашины үнэ 35.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нь ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлагаас 35.000.000 төгрөг хэрэгсэхгүй болгосон нь  үндэслэлэгүй юм. Энэ нь  2015 оны 05 сарын 22-ны өдөр хийгдсэн “Ажилтан А.Энхболдтой хийх тооцооны тухай тэмдэглэл” д тодорхой тусгасан хариуцагч энэ актыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Тийм болохоор энэхүү актыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна. Актын дагуу “Тоуоtа Нiluх” маркын автомашины үнэ 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх нь хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн.

Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 654 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр  шийдвэрлэсэн байх  боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан  нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А.Энхболд, Г.Саранчимэг нар  нь  “Энсонголия холдинг” ХХК-д холбогдуулан цалингийн зөрүү болон автомашины үнэ нийт 52.500.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл:  “Энсонголия холдинг” ХХК-ны захирал Ц.Нарангэрэл нь  компаний  хөрөнгө оруулалт орж ирээгүй байна. Санхүүжилт орж иртэл  компаний үйл ажиллагаанд хэрэглэх мөнгө шаардлагатай гэж хэлэн ажилтан А.Энхболдод хандсаны дагуу нэхэмжлэгч А.Энхболд нь өөрийн болон ээж Г.Саранчимэг нарын 1319-УНН улсын дугаартай  “Марк Х” маркийн  машин,  9918-УНИ улсын дугаартай “L200” маркийн авто машин, 9212-УНЧ улсын дугаартай “Hilux” маркийн авто машин зэргийг авто ломбардад тавиулж  мөнгийг нь үйл ажиллагаандаа  хэрэглэсэн  бөгөөд мөнгийг хугацаандаа төлөөгүй тул нэхэмжлэгч нар автомашинаа барьцаалан зээлдэх газраас буцаан авч чадаагүй байна.

 Хариуцагч нь  нэхэмжлэгч нараас авсан мөнгийг нь буцаан төлөөгүй тул  талууд  2015 оны 05 сарын 22-ны өдөр “Ажилтан А.Энхболдтой хийх тооцооны тухай тэмдэглэл” үйлдсэн байна. 

Энэхүү тэмдэглэлээрээ нэхэмжлэгч нараас авсан мөнгийг хэрхэн төлөх талаар талууд тохиролцон  төлбөр төлөх хэмжээ болон хугацааг тогтоосон боловч  тухайн хэлцлээр тогтоосон хугацаандаа  хариуцагч нь төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Дээрхи үйл баримтаас үзвэл Зохигчдын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч нараас  шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг  тохирсон хугацаанд нь буцаан өгөх  үүргээ  биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нарт хохирол учирсан бөгөөд энэхүү хохиролоо арилгуулахаар “Энсонголия холдинг” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэргийн хариуцагч “Энсонголия холдинг” ХХКомпани нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа нэхэмжлэгч нар нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан,  нэхэмжлэгч нарт тодорхой хэмжээний мөнгө олгосон гэж тайлбарлаж тус тайлбартайгаа холбогдуулан бичгийн баримтуудыг ирүүлсэн боловч тухайн баримтууд нь тухайн маргаанд ямар хамааралтай болон    нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг  үгүйсгэж байгаа нь тодорхойгүй бөгөөд  харин тухайн баримтаар нэхэмжлэгч нарын  өмчлөлийн хөрөнгийг  барьцаалан зээлдэх газраас зээл авч  зээлийн гэрээний барьцаанд тавьж зээлсэн мөнгөө компаний үйл ажиллагаанд зарцуулж  байсан болохыг нотлосон  гэж үзэхээр байна.

“Энсонголия холдинг” ХХКомпани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нарт хохирол учирсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч А.Энхболд, Г.Саранчимэг нар нь нэхэмжлэлийн шаардлагаа цалингийн зөрүү болон автомашинуудын үнэ 52.500.000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас  багасган цалингийн зөрүү 3.020.000 төгрөгөөс татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж /52.500.000-3.020.000=49.480.000/ 49.480.000 төгрөг гэж тодорхойлж,  зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн “Ажилтан А.Энхболдтой хийх тооцооны тухай тэмдэглэл”-ээр  хариуцагч нь 1319-УНН улсын дугаартай  “Марк Х” маркийн  машины үнэд 5.000.000 төгрөг,  9918-УНИ улсын дугаартай “L200” маркийн авто машины үнэд 7.500.000 төгрөг, 9212-УНЧ улсын дугаартай “Hilux” маркийн авто машины үнэд 30.000.000 төгрөг нийт 42.500.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нарт 42.500.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн  шаардлага 49.480.000 төгрөгөөс  нотлох баримтаар тогтоогдсон хохирол 42.500.000 төгрөгийг хариуцагч “Энсонголия холдинг” ХХКомпаниас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.980.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 654 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227  дугаар  зүйлийн 227.5-д зааснаар хариуцагч “Энсонголия холдинг” ХХК-аас автомашины үнэ 42.500.000 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч А.Энхболд, Г.Саранчимэг нарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 6.980.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаас 3.020.000 төгрөгт холбогдох хэсгээсээ  татгалзсан болохыг баталсугай.” гэж

2 дахь заалтыг :

“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420.450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 370.450   төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН