Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2021/0655/З |
Дугаар | 128/ШШ2022/0114 |
Огноо | 2022-02-23 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2022/0114
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Г
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.Ц
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Т.О, гуравдагч этгээд Б.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь ... Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ***захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг даргын *** дугаар захирамжаар иргэн Б.Ц нь газраа өмчилж авахаар Газрын албанд бүрдүүлж өгсөн материалдаа Г кадастрын байгууллагаар газар дээр нь хэмжилт хийлгэж газрын байршлын заагийн зураг нь 384 м2 гэж тогтоосон байхад СХД-ийн Газрын албанаас программаар хуваалт хийсэн 527 м2 кадастрын зургаар өмчлүүлсэн нь миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Иргэн Б.Ц, Г.Г нарын одоо хүртэл хашаалан амьдарч байгаа газарт ямар ч өөрчлөлтгүй хашаалсан хэмжээгээр олон жил хөрш амьдарч ирсэн. Б.Цд Нийслэлийн Засаг дарга газар өмчлүүлэхдээ газар өмчлөхөд бүрдүүлсэн материалыг нь нягтлан шалгаагүйн улмаас /527-м2-384,6/ 136,6 м2 газрын кадастрын зургийн давхцал үүссэн.
Б.Ц нь газрын кадастрын зургийн давхцал үүссэн байна гэдгээ мэдээд 2010 онд давхацсан догол хэсэг газар нь Г.Гын газар мөн гэсэн тодорхойлолтыг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргаж өгч байсан боловч энэ хугацаанд газраа өмчилж авсныг тус дүүргийн газрын албанаас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот албан бичгээс сая олж мэдлээ.
Иргэн Г.Г миний бие 1997 онд одоогийн байршил дээрээ хашаа барьж 1998 оноос өнөөдрийг хүртэл энэ хашаалсан хэсэгтээ одоо хүртэл амьдарч байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 тоот захирамжаар хугацаагүй эзэмших эрхийн гэрчилгээ авч, 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Г ХХК-аар байршлын заагийн кадастрын зургаа хийлгэж Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандахад газрыг кадастрын зурагт давхцал үүссэн байна үүнийгээ арилгасны дараа өмчлүүлнэ гээд тухайн үед өмчлүүлээгүй өнөөдрийг хүртэл хөөцөлдсөөр ирсэн.
Газрын албаны эрх бүхий ажилтан миний амьдарч буй газрыг програмаар 4 байршилд хуваалт хийж өмчлүүлснээс үүдэн Б.М А,А, А.Б, Т.О, А.Э, Х.О, Б.Ц нарын хашаалан эзэмшиж буй буй газрын кадастрын давхцал үүссэн гэдгийг олж мэдсэн.
Сонгинохайрхан дүүргийн газрын албанд 2010 онд Б.М, А.А, А.Б, Т.О, Б.Ц, Х.О нар кадастрын зургийн давхцалаа арилгуулахаар хүсэлт гаргаж А.Э нь маргаан үүсгэж Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг дарга, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр олон жил хөөцөлдөж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот шийдвэр, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн *** тоот магадлал, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 113 шүүхийн тогтоолоор А.Эт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Миний бие Г.Г шүүхийн шийдвэр гарсны дараа 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр эзэмшил бүхий газраа өмчилж авахаар дахин Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд өргөдлөө гаргахад тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** тоотоор Б.Ц нь газраа өмчилж авсныг сая л олж мэдлээ. Уг албан тоотод та шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн байна.
Б.Цд хууль бусаар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *** тоотоор шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэжээ.
Б.Цд Нийслэлийн засаг дарга газар өмчлүүлэхдээ газар өмчлүүлэхэд бүрдүүлсэн материалыг нягтлан шалгахгүйгээр өмчлүүлсэн нь газрын кадастрын зурагт давхцал үүссэн болохыг дараах нотлох баримтаар нотлогдож байна.
Б.Ц нь 2010 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөлдөө зурган дээр гарсан догол хэсэг нь Г.Гын газрын хэсэг мөн болохыг хүлээн зөвшөөрч өргөдөл гаргаж өгсөн.
Газрын харилцаа,барилга, геодези зураг зүйн газрын 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** тоотоор Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн албан тоотод дурдахдаа: Б.Ц нь кадастрын зургийг газар дээр нь хийсэн хэмжилтийн үр дүнгээр биш программ ашиглан хуваалт хийсэн гэжээ /тоотыг хавсаргав/,
Газрын харилцаа,барилга, геодези зураг зүйн газрын 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** тоотод Б.Цгийн газар өмчлөхдөө бүрдүүлсэн материалд Г ХХК нь газар дээр нь хэмжилт хийсэн заагийн кадастрын зурагт 384 м2, програмаар хуваалт хийсэн зураг 527 м2, бүрдүүлбэр материал нь цаг хугацааны зөрүүтэй байгаа зэрэг нь хууль бусаар өмчлүүлсэн болохыг нотолж байна.
Захиргааны хэргийн шүүхээс томилсон Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/242 тоот дүгнэлтэд: Г.Гын эзэмших эрхтэй газар нь 2002, 2005 оны агаарын зураг, 2009 оны 3-р сарын 4-ний өдрийн Г ХХК-аар хийлгэсэн зургуудад заасан байршил нь ямар ч өөрчлөлт ороогүй байгаа төдийгүй Б.Цгийн өмчилсөн газрын кадастрын зураглал 136,4 м2 давхацсан гэдгийг дурджээ.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль-ийн 36-р зүйлийн 36.1-Д Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол шүүхийн журмаар сэргээж тогтооно гэж заасны иргэн Б.Цд газар өмчлүүлэхдээ иргэн Г.Г миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн тул шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зэргээс үзэхэд гэр бүлийн гишүүд гэдгээр нь иргэд хооронд шилжүүлэх хуулийн заалт байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн газрын харилцааны газраас дүүргийн газрын албанд эдгээр газрын давхцалыг арилгуулах талаар албан бичиг ирүүлж байсныг хавтаст хэрэгт өгсөн байгаа. 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бид шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт гомдол гаргасан. Хуульд иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газар цэг тэмдэглэгээ хийж заагийн зураг хийж, газар эзэмших гэрчилгээ олгох тухай заасан байдаг. Гэтэл Б.Ц заагийн зураг хийлгэлгүй , зөвхөн газар эзэмших тухай өргөдөл гаргасан байсан. Үүнийг хүлээн аваад газар олгосон. Энэ төрийн захиргааны буруутай үйл ажиллагаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Г.Гын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иргэн Б.Цд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар тус дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины хашааны зориулалтаар 527 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
Захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 527 м.кв газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг үндэслэн иргэн Б.Цд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Иргэн Б.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 27-7 тоотыг 2010 онд эзэмшиж, хуулиар олгогдсон эрхийн дагуу 2011 онд өмчилж авсан ба тухайн газар нь бусдын эзэмшлийн газартай давхацсан зүйлгүй юм.
Иргэн Г.Г нь өөрийн эзэмшлийн газрыг хэтрүүлэн илүү талбай хашаалж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж хууль зөрчсөн үйлдэл гаргасан бөгөөд ийнхүү нэхэмжлэл гаргах үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Цд газар өмчлүүлсний дараа кадастрын зураг хувийн хэрэгт орсон мэтээр нэхэмжлэгч талаас тайлбарласан. Энэ нь газар эзэмших үед мэдээллийн санд орсон зураг юм. Тухайн зургийг хэвлэсэн өдрөөрөө огноо нь гардаг. Тухай зураг мэдээллийн санд 527 м.кв байгаа, өөрчлөөгүй тохиолдолд, өнөөдөр эсвэл маргааш хэвлэж газрын хувийн хэрэгт хийж байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзэж байна.
Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэн миний бие Бямбасүрэн овогтой Ц нь 2001 оноос эхлэн одоог хүртэл энэ эзэмшил газар буюу хашаандаа амьдарч байна. 2001 онд энэ газар буухад айл байхгүй, хашаа байхгүй зоорины том нүх ухчихсан байсан.
Нөхөр К.Г нь зоорины нүхийг экскаватор түрээслэн булж тэгшлээд буусан. Тэр үед СХД-ийн 6 дугаар хороо Тоосгоны 80 дугаар гудам (07) тоотод 0,07 га газар эзэмших эрхийн гэрчилгээг 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр СХД-ийн Газрын албанаас миний нөхөр К.Гийн нэр дээр албан ёсоор гэрчилгээ өгч баталгаажуулсан юм. 2007-2008 онд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо нь ** дугаар хороо болж, ** дугаар гудамж нь ** дугаар гудамж болж өөрчлөгдөж манай албан ёсны хаяг СХД-ийн ** дугаар хороо хангайн ** дугаар гудамжны ** тоот болсон юм.
Тэр үед манай хойд догол хэсэг гудамж байсан. Манай зүүн талын айлууд худгаас усаа зөөдөг, дэлгүүр явж хоол хүнсээ авдаг, хангай захаас түлээ нүүрсээ зөөдөг байсан. 2001 онд манайхыг бууснаас хойш 3-4 жилийн дараа иргэн Г.Г нь одоо байгаа хашаанд буусны дараа хашааны кадастрын зургаа гаргуулж байхдаа танай, манай хашааны кадастрын зураг далий гарсан байна.
Чи өргөдөл бичээд өгөөч дараа нь ямар нэгэн асуудал байхгүй, ямар нэгэн газар болон кадастрын зураг хөдлөхгүй юмаа гэж худлаа хэлж намайг хуурч өөрийн шунахай сэтгэл гарган өргөдөл бичүүлж авсныг одоо би мэдлээ.
Иргэн Г.Г нь манай кадастрын зурганд орсон хэсэг рүү догол үүсгэж хашаагаа сунгаж /тэр үед/ барьсан болно. Ингэж гудам хааж хашаагаа сунгаж барьсанаас болж манай зүүн талын айлууд манай эзэмшил газар буюу хашаагаар дамжин гарч худгаас ус авах, дэлгүүр явах, түлээ, нүүрсээ зөөдөг болсноор манай гэрт хоёр удаа хулгай орж, гэрийн бүх эд зүйлсээ хулгайд алдагдсан. Мөн хашаанд байгаа эд зүйлс алга болохоос гадна хашаанд байсан хүний идэшний үхрийг бас хулгайд алдсан удаа дараа гэмт хэргүүд гарч байсан. Энэ догол хэсгийн кадастрын зураг анхнаасаа манай эзэмшил газрын кадастрын зурганд хамгийн түрүүнд орсон тул иргэн Б.Ц миний эзэмшил болох учиртай. Яагаад гэвэл хамгийн түрүүнд манай эзэмшил газар буюу хашааны кадастрын зураг түрүүлж гарч байсан юм. Кадастрын зурагнаас үзэхэд манай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Газар өмчлөх эрхийн гэрчилгээг Монгол Улсын иргэний өмч гэдгээр иргэн Б Ц надад олгосон.
Иймд иргэн Г.Г нь манайхаас сүүлд ирж хашаа сунгаж барьчихаад энэ догол хэсгийг миний өмч гээд заргалдаад, түрэмгийлэн, өөрийн шунахай сэтгэлд автан хавь ойрын ядарсан айлуудын газрыг ийм байдлаар заргалдан авах нь хүний эрхийг зөрчиж байгаа асуудал болно. Урьд нь эзэнгүй байхад нь хашаагаа сунгаж барьж болоогүй юм уу, манай зүүн талын айлууд одоог хүртэл манай хашаагаар дамжин худгаас усаа зөөдөг, дэлгүүр явдаг, нүүрс түлээгээ зөөсөөр байгаа нь манайд маш их хүндрэлтэй, дарамттай, гомдолтой байна.
Анх газар олгоход тухайн маргаан бүхий газрын заагийн зураг, кадастрын зургийг мэргэжлийн компани хийсэн. Тухайн хийсэн кадастрын зураг, газар эзэмших хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар тус дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины хашааны зориулалтаар 527 м.кв газрыг эзэмшсэн. Тухайн зэрэгцээ байгаа айлууд мөн адил эргэлтийн цэгийн дагуу хашаагаа барьж эзэмших ёстой. Гэтэл Г.Г эргэлтийн цэгийн дагуу хашаагаа бариагүй нэмж манай газар руу орж хашаагаа барьчхаад эрх ашиг хөндөгдөж байгаа гэж маргаж байна. Манайх энэ талаар мэдээгүй нь улмаас олон жил энэ хэвээр амьдарч байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Г.Г нь ...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай *** дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай *** дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 451 дэх хэсгээр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 27 дугаар гудамжны 7 тоотод байрлах 527 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Б.Цд өмчлүүлсэн байна.
Дээрх Нийслэлийн Засаг даргын 2011 оны *** дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэсэн байх ба тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд манай газар нь гуравдагч этгээдийн газартай 136.6 м.кв хэмжээгээр давхцалтай, ийнхүү 136.6 м.кв давхцалтай хэсгийн оруулаад манайх 836.6 м.кв газрыг эзэмших ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгчийн давхцалтай гэж үзэж байгаа газар буюу хашааны догол хэсэг 136.6 м.кв болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/242 дугаар Шинжээчийн дүгнэлт болон уг дүгнэлтийн хавсралт давхцуулсан зургаар[1] тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч нь 700 м.кв хэмжээтэй кадастрын зургаас илүү талбай хашаалсан нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн сансрын зураг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн агаар сансрын зургуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Г нь өөрийн эзэмшил газрын кадастрын зургаас хэтрүүлэн илүү талбай хашаалсан нь хууль бус гэсэн агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:
Нэхэмжлэгч Г.Гт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Шинэ суурьшлын бүсэд газар эзэмшүүлэх тухай 204 дүгээр захирамжийг үндэслэн 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 700 м2 талбай бүхий газрыг амины хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байна.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай **** дүгээр захирамжийн хавсралтын 22 дахь заалтаар Г.Гт Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Хангайн **** тоотод байрлах 700 м2 талбай бүхий газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Харин иргэн К.Гэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Шинэ суурьшлын бүсэд газар эзэмшүүлэх тухай 204 дүгээр захирамжийг үндэслэн 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 700 м2 талбай бүхий газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байна.
К.Г болон гуравдагч этгээд Б.Ц нар нь нэг гэр бүлийн гишүүд болох нь гэрлэлтийн гэрчилгээгээр[2] нотлогдож байна.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Иргэний амины хашааны газар эзэмшүүлэх эрх олгох, газар эзэмших эрхийг шилжүүлэх, газар эзэмших эрхийн хугацаа сунгах баталгаажуулах тухай *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, Хангайн *** тоотод байрлах 527 м2 газрыг гуравдагч этгээд Б.Цд 15 жилийн хугацаатай амины хашааны зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Харин Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 451 дэх хэсгээр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Хангайн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 527 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Б.Цд өмчлүүлсэн байна.
Мөн Б.Цд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дугаар гудамжны ** тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын *********** дугаар бүхий, 527 м2 талбай бүхий газрыг 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн ***********дугаарт бүртгэж, Газар өмчлөх эрхийн *********** тоот гэрчилгээг олгосон байна.
Дээрх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар захирамж, Газар өмчлөх эрхийн *********** тоот гэрчилгээнээс үзэхэд Б.Ц нь маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч болохыг Нийслэлийн Засаг дарга болон Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс баталгаажуулсан байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан.
Харин дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Гт 836.6 м.кв хэмжээтэйгээр газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан Засаг даргын захирамж, гэрээ, гэрчилгээ байхгүй байх ба нэхэмжлэгч нь кадастрын зургаас хэтрүүлэн 836.6 м.кв хэмжээтэйгээр олон жил илүү хашаалсаар ирсэн нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших эрх нь баталгаажсан 700 м.кв хэмжээнээс хэтрүүлэн 136.6 м.кв талбайг илүү хашаалсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн дээрх зохицуулалтуудад нийцэхгүй байна.
Мөн дээрх үйл баримт, үндэслэлүүдээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2011 оны *** дугаар захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...Г ХХК нь газар дээр нь хэмжилт хийсэн заагийн кадастрын зурагт 384 м2, програмаар хуваалт хийсэн зураг 527 м2, бүрдүүлбэр материал нь цаг хугацааны зөрүүтэй байгаа зэрэг нь хууль бусаар өмчлүүлсэн болохыг нотолж байна... гэж тайлбарлан маргаж байх хэдий ч уг кадастрын зураг нь Г ХХК-ийн үйлдсэн зураг байх бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд орж баталгаажсан зураг биш байх тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай *** дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ