| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2111000001007 |
| Дугаар | 2022/ДШМ/374 |
| Огноо | 2022-04-12 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2022/ДШМ/374
2022 04 12 2022/ДШМ/374
Д.Э, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Азжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анударийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,
шүүгдэгч Д.Эы өмгөөлөгч Г.Бат-Отгон,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Эы өмгөөлөгч Г.Бат-Отгоны
гаргасан давж заалдах гомдлоор Д.Э, Б.Б нарт холбогдох 2111000001007 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ийн Э, 1970 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 000 дүгээрцэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;
Илжгэд овгийн Бын Б, 1987 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 000 дүгээрцэцэрлэгийн “Бэлтгэл В” бүлгийн багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;
Шүүгдэгч Д.Э нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 000 дүгээрцэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.9-д заасан “хүүхэд, багш, ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.2.10-т заасан “...хүүхдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангах”, 11.2.11-т заасан сургалтын орчин...”, ...аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан эрхлэгчийн үүрэг, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчинд тавигдах ерөнхий шаардлага болох Монгол Улсын MNS 6558:2015 стандартын 5.3 дугаар зүйлийн 5.3.7 дахь заалтад заасан “Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна” гэсэн заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/430 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын 2 дугаар зорилтын 8 дахь заалтад заасан “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж..., ....хамгаалах...,” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 дүгээрцэцэрлэгт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед тус цэцэрлэгийн 1 давхарт байрлах хүүхдийн хувцас солих өрөөнд хараа хяналтгүй үлдээсэн байсан “Бэлтгэл В” бүлэгт явдаг 5 настай, С.Сайнзаяагийн дээрээс хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулаагүй байсан хувцасны шүүгээ унаж С.Сайнзаяа нь тархиндаа хүнд гэмтэл авсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 000 дүгээрцэцэрлэгийн “Бэлтгэл В” бүлэг хариуцсан багшаар ажиллаж байх хугацаандаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгийн 12.8.6-д заалтад заасан “сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах” гэсэн заалт, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын А/430 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ын 2 дугаар зорилтын 1 дэх заалтад заасан “бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж..., ...урьдчилан сэргийлэхэд анхаарах” гэсэн заалт, мөн сайдын 68 дугаар тушаалаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийн 3 дахь хэсгийн 3.11 дэх заалтад заасан “хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллана” гэсэн заалт, мөн сайдын А/118 дугаартай тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “Багш нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахаас гадна өдрийн дэглэмд тусгасан үйл ажиллагааны турш хүүхдэд хараа хяналт тавьж, гэмт халдлага, зам тээврийн осол, байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалан эцэг, эх, асран хамгаалагчдад сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллана” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 дүгээрцэцэрлэгт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед тус цэцэрлэгийн 1 давхарт байрлах хүүхдийн хувцас солих өрөөнд хараа хяналтгүй үлдээсэн “Бэлтгэл В” бүлэгт явдаг 5 настай, С.Сайнзаяагийн дээрээс хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулаагүй байсан хувцасны шүүгээ унаж С.Сайнзаяа нь тархиндаа хүнд гэмтэл авсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Э, Б.Б нарын үйлдлийг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Дийн Э, И овгийн Б-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Бт 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Эы өмгөөлөгч Г.Бат-Отгон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “Хэрэг учрал 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гарсан бөгөөд цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн бүхий шинжээчид 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус цэцэрлэг дээр ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Бага насны хохирогч хүүхэд дээр унасан гэх шкафны доор картон цаасыг цэцэрлэгийн слесарь Д.Дугарнамхай 2021 оны 9 дүгээр сарын 14-нд ивсэн бөгөөд энэ тухай хэрэг дээр гэрчээр мэдүүлсэн /2хх 2/ байдаг юм. Гэтэл шинжээчийн ХАБШД/ 3/30 дүгнэлтийн 3-р заалтаар “картонон цаас нугалж эвхсэн байдал нь сургуулийн өмнөх боловсролын стандарт орчин, хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм зэрэг олон дүрэм журмыг зөрчсөн байна гэж гарсан байдаг. Хэрэг учрал болсон өдөр дээрх картон цаасыг шкафан доор нугалж эвхээгүй байсан бөгөөд энэ тухай тус бүлгийн багш, туслах багш гэрчийн мэдүүлэгтээ дурьдсан байдаг. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Иймд дахин шинжээч томилох шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын хяналтын шатанд буцааж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анударийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчөөс хувцасны шүүгээнд цаас ивээгүй байсан бол осол гарахгүй байсан гэх агуулгатай ярьж байгаа боловч хэргийн бодит байдал дээр ивээс хийхээс өмнө осол гарсан. Цэцэрлэгийн эрхлэгчид тавилга хамааралгүй, ерөнхий орчны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэж ярьж байна. Хүлээлгийн танхим буюу цэцэрлэгийн тавилга бүгд аюулгүй байх гэсэн ерөнхий агуулгаар холбогдох хууль, дүрэм журам, зааврыг зөрчсөн гэж тогтоосон байхад хувцасны шүүгээнд цаас ивж, шинжээчийн дүгнэлтийг буруу гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд энэ талаар маш их яригдаж, шинжээч нар олон тайлбар гаргасан. Шүүгдэгч Д.Эы хувьд гэм буруугийн талаар маргаж оролцсон. Шүүх хэргийг бодитой, тал бүрээс нь хянаж, холбогдох гэрчүүдийг бүгдийг оролцуулж, үнэн зөв шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар бага насны хохирогчийн эрүүл мэнд эргэж нөхөн сэргээгдэхээргүй хүнд байдалтай байгаа. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Проукрор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Э нь цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа тухайн цэцэрлэгийн аюулгүй байдал, стандарт, норм нормативын биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчинд тавигдах ерөнхий шаардлага болох Монгол Улсын MNS 6558:2015 стандартаар цэцэрлэгийн өрөө ямар байх талаар тавигдах шаардлагуудыг тодорхойлсон. Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байлгаж хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлнэ гэж заасан. Үүнд тавилгыг урьдчилан бэхэлж тогтооно гэж заагаагүй ч аюулгүй байдлыг хангахуйц байдлаар тогтвортой байрлуулсан байхыг шаардана. Мөн тухайн тавилга хэрэгслийг бэхэлж, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд байлгах нөхцөлийг хангаж байрлуулсан бол тухайн хувцасны шүүгээ унаж, хүүхдийн биед хүнд хохирол учрахгүй байсан. Мөн шүүгээний дор ивсэн картонон цаас нь хэрэг учрал гарсны дараах асуудал бөгөөд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хэдий ч тухайн шүүгээг холбогдох стандарт, заавар, журмын дагуу байрлуулсан бол хүүхдэд хохирол учрахгүй байсан. Дүгнэлттэй холбогдуулж шинжээч Чойсүрэн, Баясгалан нарыг шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авсан. “Хэдийгээр картонон цаас байрлуулсан ч Д.Э, Б.Б нар гэм буруутай байна. Тухайн тавилгыг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулах талаар заавар, журмыг зөрчсөн” гэж мэдүүлдэг. Эрдэнэзаяа гэх багшийн хувьд гараас гарт үйлчилгээг хэрэгжүүлээгүй буюу Боловсролын яамнаас баталсан ажлын чиг үүргийн хүрээнд анги хариуцсан бүлгийн багш, туслах багш хоёр өөр чиг үүрэгтэй. Тухайн үед ажлын цаг дуусах үед анги хариуцсан багш Б.Бт үлдсэн хүүхдүүдийг хүлээлгэж өгсөн байсан. Үүнд прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрдэнэзаяагийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тийм учраас хэрэгт нэмэлт дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Дүгнэлт гаргасан шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулсан, шинжээчийн дүгнэлт тодорхой бус, шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй тул хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Э, Б.Б нарын үйлдлийг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Э, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.
Шүүх, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж тухайн зүйл, хэсэгт байхгүй ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж заасан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Д.Э, Б.Б нарын үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулахдаа тодорхой бус нэмэгдэл ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу мөрдөгчийн тогтоол /1хх 41/-оор Чингэлтэй дүүргийн 000 дүгээрцэцэрлэгийн эрхлэгч албан тушаалтай Д.Эыг иргэний хариуцагчаар татсан байна. Харин шүүх, шийтгэх тогтоолын 5 дахь заалтад хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тодорхой заагаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э, Б.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.Эы өмгөөлөгч Г.Бат-Отгоны гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Э, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очих хүртэл тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э, Б.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очих хүртэл шүүгдэгч Д.Э, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ