| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2015/0284/З |
| Дугаар | 128/ШШ2016/0306 |
| Огноо | 2016-04-27 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2016/0306
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Засгийн газрын 11 дүгээр байрны 2 дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Б*******, Д.Б******* нарын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 24/0002827 дугаар актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, хариуцагч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К******* ХХК-ийн захирал Б.Норовсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Б*******, Д.Б******* нар нь К******* ХХК-ийн үйл ажиллагааны орлого, зарлагад татварын хяналт шалгалт хийж 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 24/0002827 дугаартай акт тогтоосон бөгөөд үүнийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд дараах үндэслэлээр гомдол гаргасан.
Татварын улсын байцаагчийн актын хавсралт 1-д ...татварын хяналт шалгалтаар нийт 227.272,2 мянган төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнд: М******* ХХК-аас 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 009229684 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 136.363.600 төгрөгийн, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00908141 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 90.909.100 төгрөгийн бараа материалын үнэ гэж хий бичилттэй падаан бичүүлэн авч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайлангийн худалдан авалт хэсэгт тусган хасалт хийж, татвар ногдуулах орлого Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөнийг тэмдэглэж Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн Тогтоох нь хэмээн 22727,3 мянган төгрөгийн нөхөн татвар 6818,2 мянган төгрөгийн торгууль, 4262,0 мянган төгрөгийн алданги нийт 33807,5 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон байна.
Татварын улсын байцаагч нар нь манай компанийн санхүү татварын тайлан, түүний ногдуулалт төлөлтийг шалгах явцдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материал, санхүүгийн баримтуудыг бүрэн гүйцэт шалгаагүй, худалдан авалт хийсэн гэх этгээдүүдийн хооронд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээний борлуулалт хийгдсэн эсэхийг тодруулалгүй дээрх актыг зөвхөн татварын тайлан, хий бичилт хийгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд үндэслэн тогтоосонд гомдолтой байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд ямар бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох тухай заасан. Энэ нь өөрөөр хэлбэл албан татвар төлөгчдийн хооронд тодорхой бараа, ажил үйлчилгээг борлуулсан буюу худалдан авалт хийсэн байхыг шаардаж байна. Гэтэл нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийсэн аж ахуйн нэгж, манай компаний хооронд ямар ч худалдан авалт болоод борлуулалт байхгүй бөгөөд үүнийг ч татварын улсын байцаагч нар хий бичилт байсан гэж тогтоосон.
Гэсэн атлаа өөр бусад этгээдээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг худалдан авсан хэмээн түүнийг тогтоогоогүй атлаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг үндэслэн ихээхэн хэмжээний төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй байна.
Манай компани тухайн үед төрөөс зарласан бараа, ажил үйлчилгээг худалдах, худалдан авах ажиллагаанд буюу тендерт оролцох шалгуурт тэнцэх зорилгоор хий бичилт хийж борлуулалтын орлогоо өсгөж тавьсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг худалдсан, худалдан авсан зүйл огт байхгүй билээ.
Татварын улсын байцаагч нар Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дах заалтуудыг үндэслэн акт тогтоож манай компанийг хий бичилт хийж татвар ногдох орлогоос хассан хэмээн хариуцлага тооцсон.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг худалдан аваагүй борлуулаагүй байхад түүнд ногдох татвар гэж байхгүй бөгөөд нөхөн татвар, түүнд хүү алданги торгууль тооцож дээрх хуулийн заалтаар хариуцлага тооцох нь үндэслэлгүй юм гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Б*******, Д.Б******* нар нь К******* ХХК-д татварын хяналт шалгалт хийгээд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 24/0002827 дугаартай акт тогтоосон бөгөөд 22.727.300,0 төгрөгийн нөхөн татвар 6.818.200,0 төгрөгийн торгууль, 4.262.000,0 төгрөгийн алданги нийт 33.807.500,0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон. К******* ХХК-ийн зүгээс тус актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон тул шүүхэд хандсан.
Гол маргаантай асуудал гэвэл 2 нэмэгдсэн өртгийн падаантай холбоотой асуудлаар акь тавигдсан. М******* ХХК-аас 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 009229684 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 136.363.600 төгрөгийн, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00908141 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 90.909.100 төгрөгийн бараа материалын үнэ гэж хий бичилттэй падаан бичүүлэн авсан. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн байна гэсэн байгаа. Компаний удирдлагуудтай би биечлэн уулзаагүй. Нэхэмжлэгч К******* ХХК нь тухайн үед төрийн байгууллагаас зарласан бараа ажил үйлчилгээг худалдах, худалдан авах буюу тендер оролцохын тулд гүйлгээ хийсэн үнийн дүнг их хэмжээгээр өсгөсөн юм билээ. Аж ахуйн нэгжээс худалдан авалт, борлуулалт хийсэн маягаар тендерийн материалаа бүрдүүлэхийн тулд их хэмжээний дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэн авч, тайландаа өндрөөр тусгасан. Түүнээс байцаагч нарын үзэж байгаагаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ, борлуулт гэх зэрэг ямар ч зүйл болоогүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэхүйц ямар нэгэн татвартай холбоотой зүйл байгаагүй юм билээ. Гол зорилго нь тендерт орохын тулд компаниа өндөр орлоготой, борлуулалттай үйл ажиллагаа явуулдаг гэж харуулахын үүднээс нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн үед М******* ХХК-аас бичүүлж ач тайландаа тусгасан байна. Түүнээс татварын улсын байцаагч нарын үзэж байгаагаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан худалдан авагч болон худалдан авагч талууд байгаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээний борлуулалт хийгдсэн зүйл байхгүй.
Татварын улсын байцаагч нар нь манай компанийн санхүү татварын тайлан, түүний ногдуулалт төлөлтийг шалгах явцдаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материал, санхүүгийн баримтуудыг бүрэн гүйцэт шалгаагүй, худалдан авалт хийсэн гэх этгээдүүдийн хооронд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээний борлуулалт хийгдсэн эсэхийг тодруулалгүй дээрх актыг зөвхөн татварын тайлан, хий бичилт хийгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд үндэслэн тогтоосонд гомдолтой байна. Татварын улсын байцаагч нар Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дах заалтуудыг үндэслэн акт тогтоож манай компанийг хий бичилт хийж татвар ногдох орлогоос хассан хэмээн хариуцлага тооцсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг худалдан аваагүй борлуулаагүй байхад түүнд ногдох татвар гэж байхгүй бөгөөд нөхөн татвар, түүнд хүү алданги торгууль тооцох нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б*******, Д.Б******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн татварын хэлтэстэй харилцдаг К******* ХХК-ийн 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Улсын Мөрдөн байцаах газрын 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10/5-7616, Татварын Ерөнхий газрын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 7/2491 дүгээр албан бичигт үндэслэн Хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 24140200103 дугаар томилолтын дагуу татварын улсын байцаагч С.Б*******, Д.Б******* нар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, санхүүгийн тайлан, албан татварын тайлан мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн хэсэгчилсэн хяналт шалгалт хийж 24/0002827 дугаар актаар 33807,5 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан болно.
Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны 227242,7 мянган төгрөгийн үнийн дүнтэй мэдээллийг шалгахад М******* ХХК-аас 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 009229684 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 136363,6 мянган төгрөгийн, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00908141 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 90909,1 мянган төгрөгийн, нийт 227242,7 мянган төгрөгийн бараа материалын үнэ бүхий хий бичилттэй падаанаар, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өргийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтаас хасалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд татвар ногдуулсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К******* ХХК-ийн захирал Б.Норовсүрэн тус шүүхэд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Б*******, Д.Б******* нарын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 24/0002827 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр Татварын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 24/0002827 дугаар акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Б*******, Д.Б******* нараас 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 24/0002827 дугаартай актаар[1] М******* ХХК-аас 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 009229684 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 136.363.600,0 төгрөгийн, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00908141 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 90.901.100,0 төгрөгийн худалдан авалт хийснээр нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийж татвар ногдуулах орлого бууруулсан К******* ХХК-ийн зөрчилд 22.727.300,0 төгрөгийн нөхөн татвар, 6.818.200,0 төгрөгийн торгууль, 4.262.000,0 төгрөгийн алданги, нийт 33.807.500,0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
Нэхэмжлэгч К******* ХХК-аас 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 009229684, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00908141 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд болон санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд ирүүлээгүй ба тус баримтуудыг нэхэмжлэгчээс удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй.
Харин Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Б*******, Д.Б******* нараас 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 24/0002827 дугаар актыг тавихдаа тус баримтуудыг аваагүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан[2] бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хуулбарыг гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байна[3].
Иймд 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 009229684, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00908141 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь татварын нэгдсэн програмд бүртгэгдсэн эсэхийг тодруулахад;
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20-1/789 дүгээр албан бичгээр ирүүлсэн татварын цахим тайлангийн системээс хэвлэсэн баримтаар[4] К******* ХХК нь М******* ХХК-иас 009229684 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа ажил үйлчилгээний үнэ 136.363.636,0 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 13.636.363,6 төгрөг, нийт 149.999.999,6 төгрөгийн, 00908141 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа ажил үйлчилгээний үнэ 90.909.090,0 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 9.090.909,0 төгрөг, нийт 99.999.999 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ авсан гэж тайлагнасан нь тогтоогдож байна.
Түүнчлэн К******* ХХК-ийн бараа материал худалдан авсан гэх М******* ХХК хуурамчаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан худалдан борлуулсан нь Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ирүүлсэн 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн М******* ХХК-ийн нягтлан Э.Баярмагнайг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10/5-8955 дугаар албан бичгээр нотлогдож байгаа талаар Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаар тогтоол[5], Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар тогтоолд дурджээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч компани санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалт нь үнэн зөв баримтад үндэслэсэн эсэх нь тогтоогдохгүй байна.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж, Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй" гэж тус тус заажээ.
Эдгээр заалтын дагуу падааны бичилтийн үнэн зөвийг нотлоход ач холбогдолтой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд байхгүй, анхан шатны баримтын шаардлагыг хангахгүй байхад бараа материал худалдан авсан гэх 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 009229684, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00908141 дугаартай хуурамч бичилттэй буюу хий бичилттэй падааныг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм.
Иймд маргаан бүхий актаар К******* ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасанд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байгаа, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24/0002827 дугаар актын тогтоох хэсгээр татварын хууль, тогтоомж зөрчсөн зөрчилд ногдуулсан 6.818.200,0 төгрөгийн торгууль, 4.262.000,0 төгрөгийн алдангийг торгууль, алданги нь захиргааны шийтгэлд хамаарах тул өршөөлд хамруулах нь зүйтэй.
Иймд шүүх нэхэмжлэгч К******* ХХК-ийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Б*******, Д.Б******* нарын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 24/0002827 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Б*******, Д.Б******* нараас 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 24/0002827 дугаартай актаар ногдуулсан 6.818.200,0 төгрөгийн торгууль, 4.262.000,0 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлэх, тодруулбал, маргаан бүхий актаар тогтоосон 33.807.500,0 төгрөгийн төлбөрөөс 6.818.200,0 төгрөгийн торгууль, 4.262.000,0 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулж, 22.727.300,0 төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгчээр төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага ТОГТООХ нь:
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН