Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 215/МА2020/00001

 

Ж.Л нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, шүүгч Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 133/ШШ2019/00343 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт оршин суух, Х овогтой Ж. Л хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох, Говь-Алтай аймгийн Тонхил сумын 1990-1999 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Ж.Д гэж бичигдсэн нь Ж.Л мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

Хүсэлт гаргагч Ж.Л нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж.Л нь 1966 оны 12 дугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн. Манай гэр бүлийнхэн намайг Д гэж дууддаг байсан юм. Энэ шалтгааны улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон тул 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж байсныг, 1990-1999 оны Говь-Алтай аймгийн Тонхил сумын жилийн эцсийн мал тооллогын А дансанд Д гэж бичигдсэн нь Ж.Л мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний үнэмлэх дээр байдаг Ж.Л гэдэг нэрээр тогтоож өгөхийг хүсч байгаа. Холбогдох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Ажилласан жил 1987-1990 оны Үнэн нэгдэлд ажиллаж  байсан байдал тогтоолгох, малын А дансан дээр байгаа нэрийг Ж.Л болгох хүсэлттэй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х овгийн Ж.Л 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Говь-Алтай аймгийн Тонхил сумын 1990-1999 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Ж.Д гэж бичигдсэн нь Ж. Л мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2019/00343 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Х овогт Ж.Л нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох, мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн 1990-1999 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Ж.Д гэж бичигдсэн нь Х овгийн Ж. Л мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус тус гаргасан.

Гэвч анхан шатны шүүх Ж.Л 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон мөртлөө, түүний Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн 1990-1999 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Ж.Д гэж бичигдсэн нь Ж. Л мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасан Эрх олгосон баримт бичигт жилийн эцсийн мал тооллогын А данс нь хамаарахгүй гэж үзэн уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт “...тогтоох журмыг хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоож болохоор хуульчилсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.2-т даатгуулагчийн 1991 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох “А” дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заасан. Үүнээс үзэхэд малчнаар ажиллаж  тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтоолгох, улсын хошой аварга малчин болох, улмаар түүний эхнэр нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход чухал ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах эрх зүйн чухал ач холбогдолтой байхад анхан шатны шүүх үүнийг нягтлан шалгаж, харгалзан үзэлгүйгээр эрх олгосон баримт бичигт хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж болох хуулийг хэрэглээгүй байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2019/00343 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, Х овогт Ж. Л Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн 1990-1999 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Ж.Д гэж бичсэн болохыг тогтоож өгч тусална уу гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Ж.Л нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг, мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын 1990-1999 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансанд Ж.Д гэж бичигдсэн нь Ж.Л мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Ж.Л 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Үнэн” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүсэлт гаргагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Ж.Л 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, түүний 1990-1999 оны Говь-Алтай аймгийн Тонхил сумын жилийн эцсийн мал тооллогын А дансанд Ж.Д гэж бичигдсэн нь Ж.Л мөн болохыг тогтоолгох тухай буюу уг А дансны эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

  Хэрэгт авагдсан баримтаар Говь-Алтай аймгийн Архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 423 дугаар лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 05/001005 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Б.Б мэдүүлэг зэргээр хүсэлт гаргагч Ж.Л түүний төрсөн эцэг Т. Ж, төрсөн эх Ж. Б мөн болох, Ж. Л 1966 онд төрсөн, мөн Т.Ж, Ж.Б нарын гэр бүлд 1966 онд Д нэртэй хүүхэд бүртгэгдээгүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал, эрх олгосон ямар нэгэн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно.

Архивын баримт болох А данс нь эрх олгосон баримт бичигт хамаарахгүй бөгөөд архивын баримтын хуулбарт нэр зөрсөн үндэслэлээр архивын лавлагааны эзэмшигчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2019/00343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Л давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.Б

 

                ШҮҮГЧИД                            Ч.Э

 

                                                              Т.Ж