Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/416

 

 

 

 

 

 

2022             04             19                                          2022/ДШМ/416

                                                           

З.Лид холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч З.Л, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Л, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, Б.Ууганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар З.Лид холбогдох 2110000001128 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Гэгээнтэн овгийн Зоригтбаатарын Л, 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөдөө, аж ахуйн их сургуульд нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар хэсэг, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Шүүгдэгч З.Л нь иргэн Б.Пид “хуучин байраа зараад жижиг байр авах гэсэн юм дундаас нь зөрүү гарахаар нь уг зээлээ хаана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний “Ниссан Теана” маркийн тээврийн хэрэгслийг Б.Мд барьцаанд тавьж түүнээс 2021 оны 7 дугаар сарын 2, мөн сарын 8, 13-ны өдрүүдэд нийт 17.000.000 төгрөгийг шилжүүлэн авч тухайн мөнгийг мөрийтэй тоглоом тоглож, мөн хувийн хэрэгцээнд зарцуулж иргэн Б.Мд 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба Б.П нь “Ниссан Теана” маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Х” хорооллын автомашины зогсоол дээр байсныг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: З.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэгээнтэн овгийн Зоригтбаатарын Лийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Лийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Лид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Лоос 7.280.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгож, шүүгдэгч З.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Лид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

Шүүгдэгч З.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2005 онд Хөвсгөл аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 3 дугаар сургуулийг бүрэн дунд боловсролтой амжилттай төгссөн. Дунд сургуульд суралцаж байхдаа нийгэм, спорт, сурлагаараа идэвхитэй, тэргүүний сурагч байв. Гар бөмбөгийн спортоор багаасаа хичээллэж, улс, аймаг, суманд амжилтуудыг удаа дараа гаргаж байсан. Мөн математикийн олимпиад, тэмцээнүүдэд дээгүүр амжилттай оролцож байлаа. Улмаар 2005 онд Монгол Улсын Их Сургуулийн харъяа Худалдаа, үйлдвэрлэлийн сургуулийг нягтлан бодогч бизнесийн удирдлагын баклаврын ангид орж, 2009 онд 3.3 голчтой амжилттай төгссөн. Их сургуульд суралцах явцдаа сургуульдаа идэвхитэй, олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол оролцож байв. 2005 оноос эхлэн сагсан бөмбөгөөр идэвхитэй хичээллэн спортын 2 дугаар зэргийн цол авсан. Их сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуульд 2010 онд эдийн засагч-нягтлан бодогч албан тушаалд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байв. Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллаж байх хугацаандаа 2012 онд тэргүүний залуу медаль, 2017, 2019 онд байгууллагын тэргүүний ажилтнаар тус тус шалгарсан. 2019 онд мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор Санхүү, эдийн засгийн их сургуульд санхүүгийн менежмент магистрантын ангид элсэн орж суралцаж байгаад 2020 онд ковид өвчний нөлөөгөөр 1 жилийн чөлөө авсан. Хөдөө  аж ахуйн их сургуульд 10 гаруй жил ажиллахдаа тус хариуцсан алба, ажилдаа хариуцлагатай ажиллаж ирсэн бөгөөд ямарваа нэгэн зөрчил, дутагдал, сануулах арга хэмжээ, ажил албаа цалгардуулсан асуудал гаргаж байгаагүй.

Гэр бүлийн хувьд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Ам бүл зургаа, 1, 3, 5, 7 насны 4 хүүхэдтэй. Эхнэр Э.Мөнхтуяатай 2021 онд их сургуульд танилцаж, гэр бүл болсон. Эхнэр Э.Мөнхтуяа нь 2017 он хүртэл Эрэл группэд хүний нөөцөөр ажиллаж байгаад ажлаасаа гарч, сүүлийн 5 жил гэртээ хүүхдүүдээ харж байна. Манай ээж, аав Хөвсгөл аймагт аж төрөн суудаг. Эх маань өндөр насны тэтгэвэрт байдаг. Олон жил угжирсан хоолойны бамбайн өвчин болон дотор эрхтнүүдийн цочмог өвчинтэй, асаргаанд байдаг. Аав маань тэтгэвэрт, архины хамааралтай байдаг. Миний хувьд өөрийн гэр бүл болон аав ээжийгээ давхар асарч, хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Гэр бүлийн орлого зөвхөн миний цалингийн орлого дээр тогтдог бөгөөд нэмээд 4 хүүхдийн минь төрөөс олгодог тэтгэмжийн орлого нэмэгддэг. Манай гэр бүл сүүлийн жилүүдэд түрээсийн байраар амьдардаг. Намайг байхгүй бол эхнэр, 4 хүүхэд, аав, ээж минь амьдрахад маш хүндрэлтэй болно.

2021 оны 7 дугаар сард Б.Маас хүүтэй 17.000.000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр зээлж авсан. Авсан мөнгөөрөө олон улсын спортын бооцоот сайтад оруулж бүх мөнгөө тоглож алдсан. Энэ үйлдэл нь Б.Мд худлаа хэлж, итгэлийг нь ашиглан мөнгө авч, буруу зүйлд зарцуулсан нь үнэн бөгөөд хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө дээрх үйлдлийг ийм хүнд ялтай, хуультай, хариуцлагатай байдаг гэдгийг ухааралгүй, үл тоомсорлон, их зан гаргаж, худалч байснаа ял аваад явах хүртэлээ ойлгосонгүй явж иржээ. Одоо бүхнийг ухаарч, ойлгож байна. Зүгээр болж байсан сайхан ажил, албан тушаал, элэг бүтэн амьдрал, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдралаа буруу замаар олох, огцом гэнэт баяжих гэсэн тэнэг үйлдлээрээ баллаад, бусдын итгэлийг алдсандаа харамсаад баршгүй нь.

Б.М 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 200.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 2.720.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 500.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөг тус тус төлсөн. 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр шүүхээс төлөгдөөгүй 7.280.000 төгрөгийн үлдэгдэлтэй ял авсан юм. Шүүхээс хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн бөгөөд надад завсарлага авах 5 хоногийн хугацаатай төлбөр төлөх боломжийг олгосон. Тухайн 5 хоногт хохирлыг барагдуулахаар ойрын хамаатнуудаа үнэнээ хэлээд ийм хүнд байдалд орчихлоо гэж гуйсан бол өдийд ингээд сууж байхгүй байсан байх.

Гэм буруугаа хүлээж, цаашид нийгэмд, хүн хоорондын харилцаанд эрүүл оролцох, төрт хууль ёс, дэг журмаа баримтлан хариуцлагатай байх, үүргээ ухамсарлах, хүн залилан мэхлэхгүй байх, мөрийтэй тоглохгүй байх, гарах үр дагаврыг өөрийн ойрын хүмүүн болох хань ижил, үр хүүхэд, найз нөхөр, хамаатан садан, нийгмийн сүлжээгээр хүмүүст мэдээлэл таниулах, сайн аав байх, сайн нөхөр, хүү байх боломжийг олгож өгнө үү.

1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг минь харгалзан үзэж тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. Шүүх хуралд орохоос өмнө хохирлоо бүрэн барагдуулах болно.

 Шүүгчээр Д.Доржсүрэн, улсын яллагчаар С.Ууганбаяр оролцож миний бие өмгөөлөгчгүйгээр өөрийгөө өмгөөлөн оролцсон. Мөнгө зээлүүлсэн М ахаас уучлал хүсч байна.

Б.Маас авсан 17.000.000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 7.280.000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн дүү Солонго, хадам ах Мөнхнарангийн дэмжлэгтэйгээр бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Б.М хохиролгүй хэмээн бичгээр илэрхийлсэн. Миний бие анх удаа дээрх хэргийг үйлдсэн. Гэр бүлийн эмзэг байдал, 4 нялх хүүхэдтэй, өрхийн орлого надаас өөр байхгүй, эхнэр асран хамгаалах боломжгүйг харгалзан үзнэ үү. Дахин би хууль зөрчилгүй, нийгэмд зөв амьдрах, бусдыг хуурч мэхлэхгүй, сайн аав, сайн нөхөр байхаа амлаж байна. Гэм буруугаа ухаарч, ойлгож, гэмшиж байгааг минь харгалзаж үзэж тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч З.Лийн өмгөөлөгч Ш.Оюумаа, Б.Ууганбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.Л нь гэм буруугийн асуудал дээр, ямар нэгэн маргах зүйл байхгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа.

Үйлдсэн хэрэг буюу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр хэсгийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдаж байгаа ба мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагдсанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан ялыг сонгох санкцитай байгаа.

Миний үйлчлүүлэгчийн хувьд, анхан шатны шүүхэд хохирол төлбөр төлөх  асуудлаар санаачлага гаргаж хохирлоо төлөхөөр 5 хоногийн хугацаа авсан боловч мөнгөө цуглуулж авч амжилгүй, хохирол болох 7.280.000 төгрөгийг төлөөгүйн улмаас буюу хохирол төлөгдөөгүй, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 1 жил 6 сарын ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлүүлсэн, анхан шатны шийдвэрийн дараа ар гэрийнх нь Лтой ярилцан цуглуулж авч чадаагүй төлбөрийг нь авч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Мөн хохирогч Б.М хохирол төлбөрт үлдэгдэл төлбөрөө, 7.380.000 төгрөг ар гэрийнхнээс нь хүлээн авсан, одоо ямар нэгэн хохирол төлбөр байхгүй гомдол санал байхгүй, ар гэр 1-ээс 7 насны 4 нялх хүүхэдтэй, эхнэр хүүхдүүдээ хардаг, үнэхээр боломж муу байгаа гэдгийг мэдсэн гэсэн, гараар бичиж өгсөн хохирол төлсөн баримт, зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр хуульд зааснаар, ял шийтгэлийг, хөнгөрүүлж биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

Л нь ам бүл зургаа, 1-ээс 7 насны 4 хүүхэдтэй, эхнэр ажил хийдэггүй , бага насны 4 хүүхдээ асарч гэртээ байдаг, мөн ар гэрийн нөхцөл байдал хүнд байгаа, ганц ажил хийж ар гэрээ авч явдаг аав нь ял шийтгэл авч гэр бүл нь хүнд нөхцөлд байгааг харгалзан үзнэ үү.

Хуульд заагдсанаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин ойлгож байгаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

 

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирол болох 7.280.000 төгрөгийг нөхөн төлөөгүй гэх шалтгаанаар шүүгдэгч З.Лхагдоржийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч З.Л болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв.

                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Л нь иргэн Б.Пид “хуучин байраа зараад жижиг байр авах гэсэн юм дундаас нь зөрүү гарахаар нь уг зээлээ хаана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний “Ниссан Теана” маркийн тээврийн хэрэгслийг Б.Мд барьцаанд тавьж түүнээс 2021 оны 7 дугаар сарын 2, мөн сарын 8, 13-ны өдрүүдэд нийт 17.000.000 төгрөгийг шилжүүлэн авч тухайн мөнгийг мөрийтэй тоглоом тоглож, мөн хувийн хэрэгцээнд зарцуулж иргэн Б.Мд 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан залилах  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мын “...би 2019 оноос хойш 9911, 8811 дугаарууд худалдаж аваад буцааж зардаг, заримдаа дугаар барьцаанд авдаг. Ингээд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр үл таних Л гэдэг хүн миний 99117216 дугаар луу 99033422 дугаараас залгаад танд 88115503 гэдэг дугаарыг барьцаанд тавья гэхээр нь 4 хувийн хүүтэй мөнгө зээлж болно гэж хэлсэн чинь зөвшөөрөөд хаана очиж уулзах уу гэхээр нь сар болгоны эхний тав хоногт дугаар шилждэггүй юм гэж хэлсэн чинь тэгвэл ахаа түр зуур машин барьцаанд тавьж болох уу гэж асуусан. Ямар маркийн автомашин гэж асуухад Харьер эсвэл Ниссан маркийн автомашин гэж хэлсэн. Би зөвшөөрсөн бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Л үл таних Пийг дагуулж ирээд бид хоёр Хөдөө аж ахуйн их сургуульд хамт ажилладаг, Пурэвдорж ахын машины гэрчилгээ, түлхүүрийг хамт үлдээчихье удахгүй зээлээ бүтээгээд буцаагаад машинаа авна гэж Л хэлсэн. Би зөвшөөрч Пийн Хаан банкны 5062093577 тоот данс руу өөрийн 5079042342 тоот данснаас 12.000.000 төгрөгийг шилжүүлээд 0000 улсын дугаартай “Ниссан Теана” маркийн автомашиныг авч үлдсэн. 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Пийн 88115503 дугаар луу залгаад дугаараа шилжүүлэх үү машинаа ав гэж хэлсэн чинь за, автомашин байж байг удахгүй мөнгө нь бүтнэ гэж хэлээд дугаарыг шилжүүлээгүй. 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Пийн 5062093577 тоот данс руу 3.200.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгтэл намайг БНСУ-д байхад хүргэн Б.Тэлмэн утсаар яриад аав Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хүннү 2222” хороололд байсан таны үлдээсэн “Ниссан Теана” маркийн автомашин байхгүй байна гэж хэлэхээр нь П руу залгаад яагаад машинаа аваад явж байгаа юм бэ мөнгө өгөхгүй гэж ярьсан чинь машинаа аваагүй тэр машин чинь хаана байгааг мэдэхгүй байна гээд 10 гаруй хоног хэрүүл хийсэн...” /хх 9-11/,

гэрч М.Энхсайханы “...2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Апекс дэлгүүрт худалдагч хийж байхад Б.М ах залгаад чи орлогын мөнгөнөөс 5062093577 тоот данс руу 3.200.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Яах гэж байгаа талаар нь асуугаагүй надад ч юм хэлээгүй. Мөнгө шилжүүлээд хэлээрэй гэхээр нь за гээд өөрийнхөө 5035452349 тоот данснаас 3.200.000 төгрөг шилжүүлсэн...” /хх 16-18/,

гэрч Б.Тэлмэний “...2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хадам эцэг, эх хоёр Солонгос улс руу эмчилгээнд явахаар болоод надад 08-56УАК улсын дугаартай автомашины түлхүүр бичиг баримт үлдээсэн. Машины эзэн мөнгө шилжүүлэх юм бол түлхүүр бичиг баримтыг нь өгөөрэй гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 17-ны өглөө хадам эцгийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Сөүл рояал каунти” хотхоноос 0000 улсын дугаартай автомашиныг барьж ирээд өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Х хорооллын В2 давхарын автомашины зогсоол дээр байрлуулсан. Би тухайн үед Хөвсгөл аймаг руу явах болоод харуул хамгаалалттай газар байсан нь дээр гэж бодоод тэнд авчирсан. Тэгтэл 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 0000 улсын дугаартай автомашин зогсоол дээр байхгүй байсан. Тэгээд аавтай ярьсан чинь эзэн нь аваад явсан байсан гэсэн...” /хх 21-23/,

гэрч Б.Пийн “...Л “таны машиныг барьцаанд тавиад мөнгө авахаар нэг хүнтэй ярьчихлаа, та зөвшөөрөх юм бол" гэж хэлэхээр нь найдвартай, асуудалгүй биз гэж хэлтэл 7-10 хоногийн дараа танд банкны зээл бүтэхээр өгнө гэж хэлээд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр мөнгө зээлүүлсэн М гэдэг хүн дээр очоод би ахынхаа машиныг барьцаанд тавиад мөнгө авах гэж байгаа юм, 7-10 хоногийн дотор буцааж өгнө гэж хэлсэн чинь зөвшөөрөөд миний машин, машины түлхүүр, гэрчилгээг барьцаанд аваад Хаан банкны 5062093575 тоот данс руу 12.000.000 төгрөг шилжүүлэхээр нь Лийн Хаан банкны 5021164107 тоот данс руу шилжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Б.М 5062093575 тоот данс руу 3.200.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг Л руу шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Л яриад зээл бүтэх гээд байна, би Хөвсгөл аймагт явж байна та яаралтай мөнгө зээлээч гэж хэлэхээр нь надад мөнгө байхгүй, анх 12 сая төгрөг гэж хэлчхээд одоо дахиад мөнгө асуугаад байх юм хурдан тооцоогоо дуусгаад машин авч өгөөрэй, нийт мөнгө чинь 17 сая төгрөг болсон гэж хэлэхэд асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд Л, М хоёр хоорондоо ярилцаад М миний Хаан банкны данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлэхээр нь би 1.800.000 төгрөгийг Лийн Хаан банкны данс руу шилжүүлээд Б.Маас нийт 17 сая төгрөг аваад тоог нь тэгшлээд үлдэгдэл 200.000 төгрөгийг Мын данс руу шилжүүлсэн. Ингээд М Солонгос улс руу явсан. Тэгтэл 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр танихгүй хүн утсаар яриад та автомашинаа аваач ээ миний зогсоол дээр тавьсан байна. Би таны дугаарыг авто тээврийн төвөөс авлаа зогсоол чөлөөлж өг гэхээр нь хаана байгаа талаар асуухад Х хорооллын авто зогсоол дээр байна гэхээр нь Ачилтын компаниар ачуулаад өөрийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхт паласын хашаанд байрлуулсан...” /хх 26-29/,

гэрч П.Наранцацралтын “...Л гэдэг хүний царай төрхийг харж байгаагүй. Уулзаж байгаагүй. Миний хаан банкны 5023512892 тоот данс руу Л гэдэг хүн спорт тоглоомд бооцоо тавьж мөнгө шилжүүлдэг. Утган дээр нь тухайн мөнгө шилжүүлж байгаа хүн өөрийнхөө нэрийг бичээд, мөн бооцоо тавьж байгаа өөрийн id дугаар гар утасныхаа дугаарыг бичдэг байгаа...” /хх 38-40/,

шүүгдэгч З.Лийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр П ахад 88115503 дугаараа барьцаанд тавиад өгөөч, орон сууцны зээл хаах гэж байгаа юм, мөнгө байвал өгөөч гэж хэлсэн чинь мөнгө байхгүй гэсэн. Тэгэхээр нь 88115503 дугаараа барьцаанд тавиад өгөөч 7 хоногийн дараа өгье гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд 88115503 дугаарыг Мд барьцаанд тавиад 17.000.000 төгрөг авах гэсэн боловч сарын эхний 5 хоногт дугаар шилждэггүй гэхээр нь П ахаас гуйгаад өөрийнх нь унаж байгаа 0000 улсын дугаартай “Ниссан Теана” маркийн автомашиныг Б.Мд барьцаанд үлдээгээд 12.000.000 төгрөг авсан. Дараа нь мөнгөний хэрэг гарахаар нь 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр нэмж 3.200.000 төгрөг авсан. Ингээд анх ярьснаараа 17.000.000 төгрөг болгоё гэж бодоод 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг аваад нийт 17.000.000 төгрөг болсон. Би авсан мөнгөө спорт тоглоом болох 1Х bet нэртэй олон улсын бооцоот тоглоомд 15.000.000 төгрөгийг бооцоонд тавиад, үлдсэн 2.000.000 төгрөгийг гэр бүлдээ зарцуулсан. Хохирогчид 7.780.000 төгрөгийг 2 хувааж өгөөд одоо 9.220.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” /хх 53-55/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.Мын Хаан банкин дахь эзэмшлийн 5079042342 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 141/, хохирогч Б.Мын Хаан банкны 5079042342 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 142/, гэрч Б.Пийн Хаан банкин дахь эзэмшлийн 5062093577 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 124-134/, гэрч Б.Пийн Хаан банкин дахь эзэмшлийн 5062093577 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 135-136/, гэрч М.Энхсайханы Хаан банкин дахь эзэмшлийн 5035452349 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 138/, гэрч М.Энхсайханы Хаан банкин дахь эзэмшлийн 5035452349 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 139/, гэрч П.Наранцацралтын Хаан банкин дахь эзэмшлийн 5023512892 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 146-163/, гэрч П.Наранцацралтын Хаан банкин дахь эзэмшлийн 5023512892 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 164-165/, шүүгдэгч З.Лийн Хаан банкин дахь эзэмшлийн 5021164107 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 105-122/, З.Лийн Хаан банкин дахь эзэмшлийн 5021164107 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 70-104/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч З.Лийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч З.Лийн иргэн Б.Пид “хуучин байраа зараад жижиг байр авах гэсэн юм дундаас нь зөрүү гарахаар нь уг зээлээ хаана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний “Ниссан Теана” маркийн тээврийн хэрэгслийг Б.Мд барьцаанд тавьж түүнээс 2021 оны 7 дугаар сарын 2, мөн сарын 8, 13-ны өдрүүдэд нийт 17.000.000 төгрөгийг шилжүүлэн авч тухайн мөнгийг мөрийтэй тоглоом тоглож, мөн хувийн хэрэгцээнд зарцуулж иргэн Б.Мд 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч З.Лийн “...гэм буруугаа ухаарч, ойлгож, гэмшиж байгааг минь харгалзан үзэж тэнсэж өгнө үү” гэсэн, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, Б.Ууганбаатар нар хамтран гаргасан “...З.Лийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин ойлгож байгаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь,

Шүүгдэгч З.Лхагвдорж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 7.380.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Лид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч З.Л, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, Б.Ууганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч  магадлалд дурдсан дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт болон зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Лид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч З.Л нь 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч З.Л нь хохирогчид үлдэгдэл 7.380.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ