| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2103003460011 |
| Дугаар | 2022/ДШМ/417 |
| Огноо | 2022-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/417
2022 04 19 2022/ДШМ/417
Г.Төд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхжаргал,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
иргэний хариуцагч М.Мөнхцэцэг,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/230 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Л.Чинбат, Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Төд холбогдох 2103003460011 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржгон овгийн Гын Т, 2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, өвөг эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;
Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 23 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэй 17 дугаар автобусны буудлаас зүүн тийш, Дарь-Эх рүү явдаг шинэ замд Тоёота Приус 10 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт: 5.3.Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй бүдэг асдаг болсон, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Быг дайрч амь, насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржгон овгийн Гантулгын Тийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.Төд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Төөс нийт 11.190.809 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц /№/ дугаартай Г.Тийн жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Г.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Төд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Л.Чинбат давж заалдах гомдолдоо: “Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Тийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн байна.
Бидний зүгээс “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бийн гаргаж өгсөн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй үнийн дүн зөрүүтэй, нэг байгууллагын санхүүгийн тэмдэгтэй зарлагын баримт дээр өөр өөр байгууллагын нэр бичсэн, он, сар, өдөр бичигдээгүй, гарын үсэг байхгүй зэрэг баримт байна энэ баримтууд дээр уулзаж ярилцах хэрэгтэй байна” гэсэн саналыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б, өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарт удаа дараа тавьсан боловч бидний саналыг хүлээж авч уулзахгүй байснаар анхан шатны шүүх хуралд орсон. Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтыг шинжлэн судлан үзээд нийт нэхэмжилсэн 23.870.682 төгрөгийн хохирлын баримтаас төлвөл зохих 22.190.809 төгрөгийн хохирлын баримтыг төлөхөөр тооцож үүнээс 11.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзээд 11.190.809 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар дүгнэлтэнд онцгойг ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад ямар үндэслэлээр хүлээн авсан ямар баримтыг нь үгүйсгэсэн талаараа үндэслэлийг тодорхой заагаагүй гэж үзэж байна.
Шүүхээс гаргасан шийдвэрийг бидний зүгээс хүндэтгэлтэйгээр хүлээн авч 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 11.190.809 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч Г.Т нь төлөв даруу, аав, ээж, өвөө 2 дүүгийн хамт амьдардаг Монголын Үндэсний дээд сургуулийн эрх зүйн 3 дугаар курсын оюутан ийм залуу байгаа юм. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан. Энэ залуу дөнгөж амьдралд хөл тавьж байгаа сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхи сайтай залуу хүн. Мөн үйлдсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж ухамсарлаж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан өөрийн зүгээс нийгмээс тусгаарлуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээх хүсэлтэй байгаа зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.4 дэх заалтад заасныг үндэслэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялын төрлийг өөрчилж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г. Тийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи улсын яллагчийн дүгнэлт шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ...” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Тийн ар гэр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохиролд 11.190.809 төгрөг төлж шүүхийн шийтгэх тогтоолд заасан нөхцөл байдал арилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлан, шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйдсэн гэм буруугийн байдал, түүний хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн байна.
Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Г.Төд шүүхээс оногдуулсан хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.
Шүүгдэгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би эрх зүйн ангид суралцдаг. Би шүүгч, прокурор цаашид болохооргүй болсон ч гэсэн сургуулиа төгсөөд өмгөөлөгчөөр ажиллах бодолтой байна. Миний хувийн байдал болон эрх зүйн байдлыг дээрдүүлэн надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Иргэний хариуцагч М.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүүг минь нийгэмших боломжоор хангаж өгнө үү” гэв.
Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Г.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан гол асуудал нь хохирол, төлбөрийн асуудал байсан. Шүүгдэгчээс хохирлыг гаргуулахаар шийтгэх тогтоолд тусгасан. Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөр төлөгдсөн байдалтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Гэвч шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 23 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэй 17 дугаар автобусны буудлаас зүүн тийш, Дарь-Эх рүү явдаг шинэ замд Тоёота Приус 10 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт: 5.3.Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй бүдэг асдаг болсон, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Быг дайрч амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бийн “...2021 оны 10 дугаар сарын 30-ны орой болсон ослын талаар огт мэдээгүй. Маргааш өглөө нь манай эгч Бат-Оюун над руу залгаад Быг осолд орсон юм шиг байна, Замын цагдаагаас дуудаж байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд замын цагдаа дээр очоод юу болсон талаар мэдсэн...” /хх 23-24/,
иргэний хариуцагч М.Мөнхцэцэгийн “...тухайн өдөр манай хүүхэд Т 23 цаг 20 минутын орчим миний 96044744 дугаар руу өөрийнхөө 86224717 дугаараас залгаад “ээжээ би хүн мөргөчихлөө” гэж хэлсэн бөгөөд тэр даруй хэлсэн газар нь очиход дайруулсан хүн нь машины урд талд нас барчихсан байдалтай байсан...” /хх 41/,
гэрч Ш.Аийн “...тухайн зам тээврийн осол дээр очиж үзлэг хэмжилт хийхэд дээрх тээврийн хэрэгслийн дугуйн дарагдалтын мөр болон тоормосны мөр зорчих хэсэг дээр үүсээгүй. Тухайн мөр нь тоормосны мөр биш автомашин явган зорчигчийг мөргөөд чирч цааш явах хооронд хувцсаар зорчих хэсэг дээр арчигдсан болон явган зорчигчийг чирсэн мөр гэж хэлж болно...” /хх 47/,
гэрч Д.Аын “...0000 УНБ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашиныг оношилгоонд оруулсан дүрс бичлэгээс харахад тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын холын гэрэл нь муу асаж байсан, мөн ойрын тусгалын баруун тал нь мөн адил муу асаж байсан. Энэ үед тухайн тээврийн хэрэгслийн жолоочид энэ гэрэл чинь муу байна гээд хэлж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй гуйгаад шалтаг шалтгаан хэлээд байхаар нь би тэр хүнд туслаад гэрлээ солино гэж найдаад явуулсан...” /хх 52/,
шинжээч Э.Алтаншагайгийн “...тээврийн хэрэгслийн урд гэрлээр юм мөргөх үед гэрэл хагарах, шатах, тохиргоо алдагдах ззрэг гэмтэл гардаг. 0000 УНБ улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн хувьд гэрлийн тусгалын чадал нь доргилтоос үүссэн гэмтэл биш байна. Харин ашиглалтын явцад осол болохоос өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна...” /хх 62/,
шүүгдэгч Г.Тийн яллагдагчаар өгсөн “Би тухайн өдрийн орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 22-522 тоот гэрээсээ ээж Мийн эзэмшлийн Тоёота Приус 11 маркийн 0000 УНБ улсын дугаартай автомашиныг жолоод гарсан. Би Дарь-Эхийн 132 дугаар сургуулийн зааланд тоглох зорилгоой гэрээсээ гарсан. Тэгээд зааланд тоглож байгаад 23 цаг өнгөрч байхад гараад машинаа жолоодоод Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль руу явахаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд Дарь-Эхийн шинэ замаар явж байгаад замаараа түцнээс ундаа авахаар зогсоход 1 дүгээр эгнээнд нэг машин зогсож байсан. Тэр машины ард нь би машинаа байрлуулаад түцнээс ундаа авчихаад цааш хөдөлсөн. Би мшаинаа жолоодоод хөдлөхдөө урд машин байсан болохоор 2 дугаар эгнээ рүү ороод явах үед ард явсан байсан машин гэрлээрээ дохиод байсан. Тэгэхээр нь би голын толиндоо харчихаад 1 дүгээр эгнээ рүү орох гээд дохио өгөөд урагшаа хартал хүн зорчих хэсэг дээр сууж байсан. Би тэр хүнийг харсан даруйдаа тоормосоо гишгээд баруун тийшээ дараад зогссон. Би машинаасаа буугаад машиныхаа хойгуур тойроод харахад миний машины доогуур орсон байдалтай байсан, би тэр хүнийг хараад шууд 102, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн” /1хх 212/,
“...Талийгаач нь тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2362 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 71-75/,
“...Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд зүүн гар талын тусгалын чадал хол дээрээ 0 сб баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол А дээрээ 8700 сб, зүүн гар талын тусгалын чадал ойр дээрээ 600 сб, баруун гар талын тусгал ойр дээрээ 0 сб /стандарт 10000 сб-225000 сб/ байна... Урд гэрлийн чадал тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осол хэрэгг үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлж болно...” гэсэн Сонгинохайрхан техникийн үзлэгийн төвийн 999163 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 118-126/,
“Тоёота Приус маркийн 0000 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах 4 дүгээр хавсралт 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;
12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..., гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна” гэсэн мөрдөгчийн магадлагаа /1хх 201/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургууд /хх 6-15/, хяналтын камерын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 34/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Тийн Тоёота Приус 10 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт: 5.3.Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй бүдэг асдаг болсон, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Быг дайрч амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Л.Чинбатын “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялын төрлийг өөрчилж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү”, өмгөөлөгч Ж.Гантулгын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
Шүүх, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгасны үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.Тийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Г.Тийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдлыг үнэлж, эд хөрөнгөөр нөхөх боломжгүй буюу хүний амьд явах эрхийг зөрчсөн нь бодитоор сэргээгдэх боломжгүй боловч давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад хүний амь нас хохирсонтой холбоотой гарч буй эд хөрөнгийн хохиролд өмнө нь 12.990.809 төгрөг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 9.200.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн баримт болон хөнгөн ял шийтгэл оногдуулахыг хүссэн хүсэлт, тэмдэглэл /2хх 34/, шүүгдэгч гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Төд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хүний амь нас хохирсон шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэр тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг санаатай гэмт хэрэг гэж үзэхгүй.
Иймд шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Тийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Төд шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс хугацааг тоолох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Л.Чинбат, Ж.Гантулга нарын гаргасан давж гомдлыг тус тус хүлээн авч магадлалд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт болон зохих өөрчлөлтүүдийг тус тус оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/230 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтыг “Боржгон овгийн Гын Тийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
- 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Төд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй” гэж,
- 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг тэнссэн үеэс эхэлж тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/230 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй” гэж,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Г.Т нь 43 /дөчин гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Г.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид үлдэгдэл 9.200.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ