Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/094

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

улсын яллагч М.О, 

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 1713000610044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч Б.Б: Монгол Улсын иргэн, Санырау байбол овгийн Б-н Б, 1983 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Ц сумын сум дундын эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, Баян-Өлгий аймгийн Ц сумын ***дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын ** дугаар багт байдаг гэртээ хэрүүл маргааны улмаас эхнэр А.Ж-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын** дугаар багт байдаг гэртээ хэрүүл маргааны улмаас эхнэр А.Ж-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Хохирогч А.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр архи ууж явж байгаагийн хараад хаана байна гэж утсаар асуухад худал хэлсэн. ...15 минут орчмын дараа Б гэртээ орж ирээд чи байнга миний араас намайг сураглаж явах юм. Би найзуудтай хамт явж болохгүй юм уу гэж уурлаж миний зүүн талын хацранд гараар нэг цохиход би газарт унасан ба би босож ирэхэд намайг багалзуурдаж байшингийн хананд шахаж зүүн талын хавирганы тус газарт гараар цохисон. Мөн амьсгал боогдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/,

- Гэрч Н.А-гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... намайг очих үеэр Б.Б нь А.Ж-г заамдан барьж аваад хоолойг нь боосон байдалтай зогсож байсан. Мөн Ж-гийн нүүрний орчмоос энд тэнд цус гарч байсныг нь харсан ба Ж уйлаад зогсож байсан. Тэгээд би Б-ийг салгаж гадаа гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 313 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Иргэн А.Ж-гийн биед духны дээд хэсгээр цус хуралттай, хамрын баруун талд шархтай, уруулын баруун буланд дотор талд цус хуралттай, зүүн бугалганд цус хуралттай, зүүн бугалганд доод хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн талын хавирганы доод хэсгээр хөндүүр, зөөлөн эдийн бэртэлтэй, зүүн талын суганы хонхороос доош хөх ягаан цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” / хх-ийн 13 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би хийсэн хэргээ хүлээж гэмшиж байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан ба намайг уучилсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Б-ий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.

Улсын яллагч шүүгдэгч Б.Б-д 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан боловч шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “... Би Ц сумын хүн эмнэлэгт их эмчээр ажилладаг. Би нийтэд тустай ажил хийхэд хэцүү байна. Би сэхээтэн хүн, эмчийн ажил хийдэг. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би  торгуулийн ял төлөх боломжтой” гэх хүсэлтийг шүүхээс хүлээн авч түүнд ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Б.Б-ий үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

Шүүгдэгч Б.Б-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэх, 00907822 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд түүний эзэмшлийн “Самсунг-жи7” маркын гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох учиртайг дурдах нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Санырау байбол овгийн Б-ийн Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд түүний эзэмшлийн “Самсунг-жи7” маркын гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох учиртайг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-ий иргэний үнэмлэх, 00907822 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д