Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/337

 

 

Ц.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Халиун,

яллагдагч Ц.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/224 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Халиуны бичсэн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлээр Ц.Сд холбогдох 2103 00046 0287 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.............. овгийн Ц........... С......, 19........... оны ... дүгээр сарын ..............-ны өдөр .............. аймагт төрсөн, ......... настай, .......тэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “................... ажиллаж байсан, ам бүл ........., хүүхдүүдийн хамт ....... дүүргийн ...... дүгээр хороо, ....... хорооллын ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ...... ял шийтгэлгүй, /РД:.............../;

 

Ц.С нь нийтийн албан тушаалтан буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах...”; 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”; 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн
ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, Ажлын байрны тодорхойлолтын “Ажлын байрны үндсэн зорилтын” 1 дэх хэсэгт заасан /ХННУБТЗ-ын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах/, 1.6 дахь хэсэгт заасан /Бараа материал болон үнэт зүйлсийг худалдан авах, бэлтгэн нийлүүлэх ажил үйлчилгээг хянана/ гэснийг тус тус зөрчиж, 2019 онд үүсгэн байгуулагдсан өөрийн төрсөн дүү Ц.Мн эзэмшлийн “Загал хүлэг” ХХК-тай гэрээ байгуулалгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр зах зээлийн ханш нь 156.6 төгрөгийн үнэлгээтэй 10,000 ширхэг амны хаалтыг 250 төгрөгөөр, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зах зээлийн ханш нэг бүр нь 37,766.6 төгрөгийн үнэлгээтэй “цэнэглэдэг, зай хураагууртай уурхайн гэрэл” 24 ширхгийг нэг бүр нь 63,400 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зах зээлийн ханш нь нэг бүр нь 48.425.9 төгрөгийн үнэлгээтэй Vingyawang /вингойванг/ үйлдвэрийн гурван өнгийн
фонарь гэрэл 10 ширхэг нэг бүр нь 168.000 төгрөгөөр тус тус худалдан авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн дүү Ц.Мд давуу байдал бий болгон улмаар Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт 3 удаагийн үйлдлээр нийт 2.744.943 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ц.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ХНН нь ямар статустай байгууллага болох, тус нийгэмлэгийн Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогч нь төрийн албан тушаалын ямар ангилалд хамаарах нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн
улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны аль ангилалд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ХНН нь хамаарах болон УБТЗ ХНН-ын Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогч нь дээрх хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалын ангилалд хамаарах эсэхийг эрх бүхий байгууллагаар эргэлзээгүй тогтоох нь хэргийг бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, хэргийн зүйлчлэл, үйл баримтад нөлөөлөхүйц байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, хэрэгт ач холбогдолтой мэдээллийн тухай төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, мөн зүйлийн 3-д “энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан.

Хэрэгт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, “Загал Хүлэг” ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн даалгавар, нэхэмжлэл, харилцагчийн дансны монгол хуулга /1хх 28-33, 34-43, 3хх 85-116/ зэрэг баримтууд нь хуулбар хувиар авагджээ.

Мөн энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ыг тогтоосон мөрдөгчийн тогтоол /1хх 20, 23/ байх боловч уг байгууллагын эрх зүйн статусыг тогтоосон лавлагаа, гэрчилгээ, баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, яллагдагч Ц.Сд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар худал мэдүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулж гэрчээр мэдүүлэг авсан /1хх 44-46/ ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан “...яллагдагч мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй, яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн зөрчил болжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдлууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан “Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн” үндэслэлд хамаарч байна. Иймд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв. Хэргийг прокурорт буцаасантай холбоотойгоор яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...н.Ургамал, Б.Сувдмаа нарыг гэрчээр асуулгах, Д.Хадбаатар, Ц.Төрмөнх нарын үйлдэл, оролцоо байгаа эсэхийг шалгуулах...” агуулга бүхий хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоовол зохихыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин овогт Цэдэвдоржийн Солонгод холбогдох эрүүгийн 2103000460287 дугаартай хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Сд өмнө авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Халиун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Нийтийн албан тушаалтан гэдгийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;” мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:” 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж заасан.

Компанийн эрх бүхий албан тушаалтан гэх ойлголтод Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан байна.

Иймд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогч Ц.С нь нийтийн албан тушаалтан мөн юм. Түүнчлэн яллагдагч Ц.С нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу өөрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж тус мэдүүлгийг нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 2.1.5-д заасны дагуу томилсон албан тушаалтнаас нь Авлигатай тэмцэх газарт хүргүүлдэг болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсьн олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж, Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасан бөгөөд Авилгалын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн (а) “нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу бөгөөд тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг гэж тодорхойлсон тул Ц.С нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарна.

Өөрөөр хэлбэл шүүх Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ХНН нь ямар статустай байгууллага болох, тус нийгэмлэгийн Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогч нь төрийн албан тушаалын ямар ангилалд хамаарах эсэх асуудлуудыг нотлох баримтаар нотлох бус хуулиар тогтоогдох нөхцөл байдал юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд “...Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83,673,494,098 төгрөгөөр, Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх... Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монголын талаас шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас... шилжүүлэн тооцох замаар бүрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсүгэй.” гэж зааж өгсөн зэргээс үзэхэд тухайн байгууллага нь төрийн өмчийн оролцоотой байгууллага болох нь илэрхий байна. Иймд Ц.Солонгыг нийтийн албан тушаалтан гэж үзэж, авлигын хэргийн субъектэд хамааруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангаж байна.

2. 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10/178 дугаартай Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албанаас Улаанбаатар өртөөний 2016-2020 оны санхүүгийн баримт, касс, харилцах, хоорондын тооцоо, гэрээнүүдийн эх хувиар нь Төмөр зам дахь Цагдаагийн газарт хүргүүлсэн байна. Дээрх баримтуудыг эх хувиар нь авах боломжгүй байх тул Төмөр зам дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрхэмбаатар 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл” үйлджээ.

Иймд дээрх нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг...”-г мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж заасны дагуу мөрдөгч тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан байтал анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн хууль зүйн дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Мөн тус прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ц.Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд уг тогтоолдоо Ц.Солонгын гэрчээр өгсөн мэдүүлгийг тогтоолд тусгаагүй, түүнчлэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2 дугаартай яллах дүгнэлтэд мөн гэрчийн мэдүүлгийг тус тус тусгаагүй өөрөөр хэлбэл яллах талын нотлох баримт болгон ашиглаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасны дагуу шүүхээс талуудын саналыг үндэслэн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх боломжтой байхад дээрх ажиллагааг зайлшгүй дахин гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэргийг прокурорт буцаасантай холбоотойгоор яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд хэрэгт өмнө нь н.Сувдмаагаас гэрчээр мэдүүлэг авсан тул дахин мэдүүлэг авах шаардлагагүй, мөн Ц.Төрмөнх, Д.Хадбаатар нарын ёс зүйгүй үйлдэл нь сахилгын зөрчлийн шинжтэй, тухайн байгууллагын дотоод дүрэм журмаар зохицуулагдах асуудал байсан тул хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Хадбаатар, Ц.Төрмөнх нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба уг хэргийн хувьд яллах дүгнэлтэд тусгагдсан яллагдагч Ц.С нь “Загал хүлэг” ХХК-тай гэрээ байгуулалгүйгээр амны хаалт, цэнэглэдэг, зай хураагууртай уурхайн гэрэл, гурван өнгийн фонарь гэрэл зэргийг тус тус худалдан авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн дүү Ц.Мд давуу байдал бий болгон улмаар Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт 3 удаагийн үйлдлээр нийт 2,744,943 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн хүрээнд явагдана. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 224 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч Ц.Солонгын өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд энэ талаар дурдсан боловч миний хувьд гэрчээр н.Ургамалыг гэрчээр асуух хүсэлтийг гаргахдаа н.Сувдмаа гэж бичсэн алдаа засаж тайлбарласан байгаа. 2019 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсад цар тахал тархаж, хөл хорио тогтоосон үед маск худалдсан асуудлыг үнэн зөвөөр шалгуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан боловч үүнтэй холбоотойгоор ямар ч ажиллагаа хийгдээгүй. Шинжээчийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй болохоор маскны үнийн зөрүү гарсан бөгөөд түүнээс улбаалан миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татаж байгаа нь үндэслэлгүй юм. Замын-Үүдийн өртөөний нягтлан бодогч н.Ургамалыг асууж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж би үзэж байна. Тухайн байгууллагын дарга байсан н.Төрмөнх, эдийн засагч н.Хадбаатар нарыг шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шалгаагүй. Прокурор тэр талаараа тайлбар хэлэхдээ Эд нар сахилгын зөрчлийн шинжтэй байна гэж үзээд сахилгын арга хэмжээ авсан гэдэг. Сахилгын шинжтэй, эсвэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг огт шалгаж, нарийвчилж тогтоогоогүй. Тухайн арга хэмжээ нь зөвхөн н.Төрмөнх дээр авагдсан бөгөөд н.Хадбаатар дээр авагдаагүй. Арга хэмжээ авч байгаа үндэслэл нь гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгахаар мөрдөгчийн явуулсан мэдэгдлийн дагуу явуулсан арга хэмжээ болохоос мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Улаанбаатар өртөөний мөнгийг хууль бусаар зарцуулж, ашигласан гэх асуудалд н.Төрмөнхийн үйлдэлд яагаад хяналт тавиагүй вэ? Үүнийг шалгаж өгөхийг хүсэж байна. Мөн фонарь худалдан авах ажиллагааг н.Хадбаатар, н.Төрмөнх нар маш сайн мэдэж байсан. Өөрсдөө компанитай гэрээ байгуулахгүйгээр худалдан авалт хийх эрхийг нь амаараа миний үйлчлүүлэгч Ц.Сд өгсөн атлаа яагаад энэ талаар бодит шалгалт хийгээгүй вэ? Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шалгаагүй, дутуу ажиллагаа хийгдсэн учраас тухайн ажиллагааг бүрэн хийлгэж өгөөч гэдэг хүсэлтийг гаргасан байдаг. Эдгээр асуудлыг шалгаж байж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байна.” гэв.

 

Яллагдагч Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ асуудал нь Улаанбаатар Төмөр Зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар өртөөний байгууллагын асуудал юм. Энэ асуудлын шийдвэрийг гаргадаг дарга болон энэ асуудлыг шийдвэрлэх коммист нь ажилладаг эдийн засагч н.Хадбаатар нарт ямар нэгэн сахилгын шийтгэл аваагүй байж намайг эрүүгийн гэмт хэрэгтэн болгоод байна. Би үнэн зөвийг олуулахыг хүсэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсад анхны ковид 19 өвчин гарахад манай байгууллага буюу Улаанбаатар өртөөн дээр анхны ковид 19 өвчин илэрсэн. Түүнээс болоод манай байгууллага тэр чигээрээ Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж байсан. Тухайн үед Улаанбаатар өртөөн дээр амны хаалт байхгүй байсан бөгөөд хамгийн анхны тохиолдол тэнд гарчихсан байсан. Тийм учраас ажлын шугамаар Замын-Үүд өртөөнөөс Сүхбаатар өртөө рүү явж байгаа амны хаалтыг судлаад Улаанбаатар тээшинд хадгалаастай байсан тэдгээр амны хаалтуудыг 250 төгрөгөөр авч өгсөн. Тэгэхэд гадуур 500 төгрөгөөр ч амны хаалт олдохгүй хэцүү байсан. Намайг тухайн үед ерөнхий нягтлан бодогчийн ажлаас түр буулгачихсан байсан. Учир нь би тусгаарлалтад байсан бөгөөд н.Сувдмаа нягтлан 2 дугаар гарын үсэг зурах эрхтэйгээр тухайн амны хаалтуудыг худалдаж авч байсан. Тэгэхээр би тухайн амны хаалтын асуудалд огт оролцоогүй. Мөн Замын-Үүд өртөөний ерөнхий нягтлан бодогч н.Ургамалаас мэдүүлэг авч шалгуулах хүсэлтэй байна. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Ц.Сд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Солонгыг “нийтийн албан тушаалтан буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах...”;

7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”;

7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”,

6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”,

Ажлын байрны тодорхойлолтын “Ажлын байрны үндсэн зорилтын” 1 дэх хэсэгт заасан /ХННУБТЗ-ын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах/,

1.6 дахь хэсэгт заасан /Бараа материал болон үнэт зүйлсийг худалдан авах, бэлтгэн нийлүүлэх ажил үйлчилгээг хянана/ гэснийг тус тус зөрчиж, 2019 онд үүсгэн байгуулагдсан өөрийн төрсөн дүү Ц.Мн эзэмшлийн “Загал хүлэг” ХХК-тай гэрээ байгуулалгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр зах зээлийн ханш нь 156.6 төгрөгийн үнэлгээтэй 10,000 ширхэг амны хаалтыг 250 төгрөгөөр, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зах зээлийн ханш нэг бүр нь 37,766.6 төгрөгийн үнэлгээтэй “цэнэглэдэг, зай хураагууртай уурхайн гэрэл” 24 ширхгийг нэг бүр нь 63,400 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зах зээлийн ханш нь нэг бүр нь 48.425.9 төгрөгийн үнэлгээтэй Vingyawang /вингойванг/ үйлдвэрийн гурван өнгийн фонарь гэрэл 10 ширхэг нэг бүр нь 168.000 төгрөгөөр тус тус худалдан авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн дүү Ц.Мд давуу байдал бий болгон улмаар Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт 3 удаагийн үйлдлээр нийт 2.744.943 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл нь нотлох баримт болох бөгөөд баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хүн, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ХНН нь ямар статустай байгууллага болох, тус нийгэмлэгийн Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогч нь төрийн албан тушаалын ямар ангилалд хамаарах нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн
улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны аль ангилалд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам ХНН нь хамаарах болон УБТЗ ХНН-ын Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогч нь дээрх хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалын ангилалд хамаарах эсэхийг эрх бүхий байгууллагаар эргэлзээгүй тогтоох нь хэргийг бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, хэргийн зүйлчлэл, үйл баримтад нөлөөлөхүйц байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, хэрэгт ач холбогдолтой мэдээллийн тухай төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, мөн зүйлийн 3-д “энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан. Хэрэгт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, “Загал Хүлэг” ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн даалгавар, нэхэмжлэл, харилцагчийн дансны монгол хуулга /1хх 28-33, 34-43, 3хх 85-116/ зэрэг баримтууд нь хуулбар хувиар авагджээ. Мөн энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ыг тогтоосон мөрдөгчийн тогтоол /1хх 20, 23/ байх боловч уг байгууллагын эрх зүйн статусыг тогтоосон лавлагаа, гэрчилгээ, баримт хэрэгт авагдаагүй байна.

Яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...н.Ургамалыг /Б.Сувдмааг гэрчээр асуусан/ гэрчээр асуулгах, Д.Хадбаатар, Ц.Төрмөнх нарын үйлдэл, оролцоо байгаа эсэхийг шалгуулах...” агуулга бүхий хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоовол зохихыг тэмдэглэх нь зүйтэй. ...” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Прокурорын эсэргүүцэлд дурьдсанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь ямар статустай байгууллага болох тус Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогч төрийн албан тушаалын ямар ангилалд хамаарах эсэх асуудлуудыг нотлох баримтаар нотлох бус хуулиар тогтоогдох нөхцөл байдал юм.” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасны дагуу “мөрдөгч, прокурор яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэсэн заалттай үл нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоовол зохино.

 

Хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт, бодитой тогтоосноор хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Иймд прокурор Э.Халиуны бичсэн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/224 дугаартай захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/224 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Халиуны бичсэн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ