| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00314/И |
| Дугаар | 129/ШШ2024/00285 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 129/ШШ2024/00285
|
|
129/ШШ2024/00285 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын . багт оршин суух Ө овгийн О.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч О.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч О.Н нь мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би А аймгийн Ө сумын сургуульд суралцаж байгаад сургууль завсардсан. Улаанбаатар хотод 1990 онд 8 дугаар анги төгссөн. Би 8 дугаар ангиа төгсөөд барилгын ТМС-д 2 жил суралцаж төгсөөд ээжийнхээ хамт мал малласан. 1993 онд Н-тай гэр бүл болсон. Миний 1995-2000 оны малын А данс архиваас гараагүй мөн 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан боловч дээрх хугацаанд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний А аймгийн Ө суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 3 сарын 01-ний өдрийн 01/11 дүгээр тогтоол
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 5 сарын 06-ны өдрийн 32/12 дугаар албан бичиг
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2024 оны 3 сарын 15-ны өдрийн 53 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 сарын 19-ний өдрийн 206 тоот тодорхойлолт
- О.Н-д холбогдох 010500064 дүгээр малчин мэргэжлийн үнэмлэх, 1002561 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр
- Б.Н, О.Н нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ
- Н.М, Н.Х нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч О.Нарангэрэлийн хүсэлтээр В.Э, С.Д нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 сарын 24-ний өдрийн 01/378 дугаар лавлагаа
- Н.М-н төрсний бүртгэл ИУБ-11Б, Н.Х-н төрсний ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв арахивын 2024 оны 5 сарын 28-ны өдрийн 03-05/3045 тоот лавлагаа/
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 сарын 10-ны өдрийн 03/250 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 11-ний өдрийн 141, 142 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч О.Н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Ө суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 3 сарын 01-ний өдрийн 01/11 дүгээр тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 5 сарын 06-ны өдрийн 32/12 дугаар албан бичиг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2024 оны 3 сарын 15-ны өдрийн 53 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 сарын 19-ний өдрийн 206 тоот тодорхойлолт, О.Н-д холбогдох 010500064 дүгээр малчин мэргэжлийн үнэмлэх, 1002561 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр, Б.Н, О.Н нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, Н.М, Н.Х нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 сарын 24-ний өдрийн 01/378 дугаар лавлагаа, Н.М-н төрсний бүртгэл ИУБ-11Б, Н.Хи-н төрсний ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 5 сарын 28-ны өдрийн 03-05/3045 тоот лавлагаа/, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 сарын 10-ны өдрийн 03/250 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 11-ний өдрийн 141, 142 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч В.Э, С.Д нарын мэдүүлгээр тус тус дараах үйл баримт тогтоогдож байна.
3. О.Н-г 1995-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч О.Н нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлсэнийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.
4. Хүсэлт гаргагч О.Н-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “Бэлхи багийн иргэн О.Н нь 1995-2000 онд Бэлхи багийн Дулаан энгэр, Сүрэн, Хөндлөн гэх газруудаар мал маллаж амьдарч байсан нь үнэн болно” гэсэн А аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 сарын 10-ны өдрийн 03/250 тоот тодорхойлолт, А аймгийн Ө сумын Бэлхи багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 11-ний өдрийн 141 тоот тодорхойлолт, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор А аймгийн Ө сумын Б багийн хөдөөд оршин суугч О.Н эхнэр, 1974 оны 4 сард төрсөн, нас-25, эмэгтэй, эрхэлпдэг ажил-малчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 5 сарын 28-ны өдрийн 03-05/3045 тоот лавлагаа, эх О.Н, эрхэлдэг ажил-малчин, байнга оршин суугаа хаяг-Архангай аймгийн Өндөр-Улаан сум гэсэн 1994 оны 12 сарын 28-ны өдөр Н-н Х-н төрснийг бүртгэсэн ХААТР-11 маягт, гэрч В.Э-н “Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар 1986-1993 он хүртэл буюу нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. 1993 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багт нутаглаж хувийн малаа маллаж байна. О.Н Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа Норсонжамцтай 1990 онд гэр бүл болсон. Нэгдэл 1993 онд хувьчлагдсанаас хойш О.Н нь нөхөр Н-хаа хамт Өндөр-Улаан сумын Бэлхи багт 1993 оноос одоог хүртэл хувийн малаа маллаж байна. Би О.Н, Н нартай Өндөр-Улаан сумын Бэлхи багт ойрхон нутагладаг учраас О.Н хувийн малаа маллаж байгааг сайн мэднэ. О.Н Өндөр-Улаан сумын Бэлхи багаас өөр тийшээ шилжиж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч С.Д-ын “Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд ажилчнаар 1985-1992 он хүртэл буюу нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. 1992 оноос өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багт хувийн малаа маллаж байсан. Би Н-н аав О, ээж Д нартай айл аймаг байсан. О.Н Улаанбаатар хотод 1990 онд 8 дугаар анги төгсөж ирээд аав, ээжийнхээ хамт Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар 1992 он хүртэл ажилласан. 1993 онд Н-тай гэр бүл болж нөхрийнхөө хамт одоог хүртэл Өндөр-Улаан сумын Бэлхи багт хувийн малаа маллаж байна. О.Н 1993 оноос хойш Өндөр-Улаан сумаас яваагүй мал маллахаас өөр ажил хийгээгүй” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр О.Н-н А аймгийн Ө суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд О.Н-н Ар аймгийн Ө суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
5. Хэрэгт авагдсан О.Н-д холбогдох 010500064 дүгээр малчин мэргэжлийн үнэмлэх, 1002561 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр, Б.Н О.Н нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг нь хүсэлт гаргагчийн мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ө овгийн О.Н-н А аймгийн Ө суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА