Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02699

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 10

182/ШШ2024/02699

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 145,000,000 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний дутуу төлбөр 165,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжин,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Галмандах, Г.Ариунсайхан, Г.Сувдмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Эрдмин ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Эрдмин ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Юникапитал аудит ХХК-тай АГ20/01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан. Тус гэрээгээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн хяналтын шалгалтын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах асуудлаар Татварын маргаан таслах зөвлөлд гомдол, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлж оролцох, маргаан бүхий асуудлаар холбогдох хууль болон хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн баримт бичиг, нягтлан бодох бүртгэлийн талаарх зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Ажлын нийт хөлс 330,000,000 төгрөг байхаар тохирсон. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээгээ байгуулж, ажиллагаа эхлээд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гомдлоо гаргасан байдаг. 2021 оны 09 дүгээр сараас хойш гүйцэтгэсэн ажлын тайлан болон маргаан таслах комисст гомдол хэлэлцэх үе шаттай явж байсан. Үүнтэй холбоотой ажлын тайланг ирүүлээч гэж хүссэний үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 21/1101 дугаартай гүйцэтгэлийн тайланг хариуцагч компаниас ирүүлсэн. Гомдол гаргаснаас хойш хурлын тов тогтоосон, шийдвэр гаргасан зүйл байгаагүй. Гомдлыг шийдвэрлэх хугацаа өнгөрсөн учраас удаа дараа албан бичиг хүргүүлж шаардсан гэсэн тайлбарыг хариуцагч компаниас тодорхойлсон байдаг. 9 дүгээр сар болон 11 дүгээр сард Эрдмин ХХК-ийн данс битүүмжлэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгө дээр битүүмж тавигдсан. Эрдмин ХХК-ийн зүгээр хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зөвлөх үйлчилгээг хангалттай үзүүлээгүй гэж үзсэн. Манай зүгээс гомдлын хурлыг зарлуулах шаардлагатай арга хэмжээг авах үүднээс маргаан таслах зөвлөл дээр 2 удаа ирж уулзсан байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч компани руу гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээний дагуу төлсөн төлбөрийн зохих хэсгийг буцаан шилжүүлэх, зохих дүнгийн талаар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн. Юникапитал аудит ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа болгож 165,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Ажил гүйцэтгэх гэрээ, хэрэгжилт, ажил үйлчилгээний агуулгыг хийсэн ажлын тайлантай уялдуулан тус урьдчилгаа төлбөрөөс 145,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй байна. Иймд Юникапитал аудит ХХК-аас 145,000,000 төгрөг гаргуулан Эрдмин ХХК-д олгож өгнө үү.

1.2 Хэрэг маргаан, зөвлөх үйлчилгээ, ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд уншиж судлах, тайлбар гаргалгаа гаргах, дүгнэлт хийх, өмнөх туршлага хуримтлуулсан зүйлтэйгээ уялдуулах нь зүй ёсны хэрэг юм. Буруу үндэслэл гаргаж өгсөн байна. Үүнээс чинь болоод бид алдчихлаа гэдэг зүйл яриагүй. Хариуцагч нь өрөөсгөл ойлголт төрүүлэхээр тайлбаруудыг гаргаж байна гэж үзэж байна. Маргаан таслах зөвлөл хуралдахыг шаардсан албан бичгийг 2021 оны 10 дугаар сард Эрдмин ХХК-ийн зүгээс өгсөн. Хэрэгт авагдсан байгаа. Татварын албанаас актаар тавигдсан төлбөрийг хойшлуулах, шалгаснаас хойш төлбөрийг төлөхийг байнга шаардаж байсан. Корона вирус Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан хамгийн анх 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж хорио цээрийн хатуу дэглэмийг тогтоож эхэлсэн. Цаг хугацааны хувьд ямар ямар шийдвэрүүд гарч, ямар ямар хөл хорио тогтоож байсан талаар судалж үзсэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. 2020 оны 12 сарын 9-ний өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байсан байна. Мөн 2020 оны 12 сард нийтийн хэсэгчилсэн бэлэн байдал зарлаж байсан. Дэглэмээ бууруулж байсан. Эдгээр хатуу болон хэсэгчилсэн хөл хорио тогтоож байх үед Монгол Улсад тусгай чиг үүргийн байгууллагуудад үйл ажиллагаагаа явуулж байсан. Үүнд татварын байгууллагууд оролцож байсан. 2021 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэн Монгол Улсад вакцинжуулалтын ажил эхэлж, хөл хорионы дэглэмийг цуцалж байсан. Энэ үйл баримт нь манайх татварын маргаан таслах зөвлөлд гомдол өгснөөс өмнө болсон байдаг. Тухайн үед бүх байгууллагын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байсан. Хавтаст хэрэгт хүндэтгэн үзэх шалтгаантай, байгалийн давагдашгүй хүчний улмаас хугацаа алдсан гэх баримтыг ирүүлээгүй байгаа. Хэрэг маргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдох нь тухайн гомдол түүний үндэслэл өөрчлөгдөнө гэсэн зүйл байхгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон, манай компани байгуулсан гэрээгээ цуцлаад өөр компанитай байгуулсан. Гэтэл манай өмнө өгсөн мэдээлэл, гаргалгааг одоо ахиж ашигласан байна. Энэ бол ёс зүйгүй үйлдэл гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Зөвхөн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тэгээд ажлаа бүрэн гүйцэт гүйцэтгээгүй, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг бид тооцоод 20 сая төгрөг гэж гаргасан. 145 сая төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч Юникапитал аудит ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1 Эрдмин ХХК-иас шүүхэд гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Э29/259 дугаартай нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага, агуулга нь илт хууль бус шударга ёсны зарчимтай нийцээгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

Тус ХХК-ийн нэхэмжлэлд: ...гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа болгож 165,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд...хийсэн тайлантай уялдуулан...урьдчилгаа төлбөрөөс 145,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй байна... гэж илт хууль бусаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №АГ 20/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын заримаас дурдвал,

Нэг. 1.1. Татварын Ерөнхий Газар (ТЕГ)-ын Том Татвар Төлөгчийн Газар (ТТТГ)-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Баясалмаа, Б.Булган нар тус ХХК-ийн 2017, 2018, 2019 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл есөн сарын хугацаанд татварын хяналт шалгалт хийж нийт 4,777,300,013.92 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №НА-21210000022 дугаартай нөхөн ногдуулалтын актыг,

1.2. Тус ХХК-ийн үйл ажиллагааны онцлог, одоогийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас балансын бус хүдрийн болон уурхайн хаягдал овоолго худалдан авсан цаг хугацаа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т балансын бус хүдрийн болон уурхайн хаягдал овоолгыг худалдан авсан үнэ, түүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аар дамжуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлж ирсэн баримтуудыг;

1.3. Өмнө нь тус ХХК-ийн 2009, 2010, 2011, 2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч Х.Наранчимэг, Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа нар хяналт шалгалт хийж 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210271 тоот акт, уг актыг хүчингүй болгосон ТЕГ-ын дэргэдэх Татварын Маргаан Таслах Зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд шийдвэрлэсэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 68 дугаартай Татварын Маргаан Таслах зөвлөлийн Тогтоол, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны Хэргийн Шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дугаартай тогтоолыг;

1.4. Тус ХХК-ийн зүгээс энэхүү асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн Яам, Ашигт малтмал газрын тосны газарт хандан үүсмэл ордын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичиг, энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн Яам, Ашигт малмал газрын тосны газраас ирүүлсэн хариуг;

1.5. Татварын хууль тогтоомжууд, Ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Монгол Улсын засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам, Үндсэн хуулийн Цэцийн Тогтоолуудыг;

1.6. Тус ХХК-ийн санхүүгийн тайлан тэнцэл, бүх төрлийн татварын тайлангууд, ерөнхий данс, гүйлгээ баланс, журнал, ажил гүйлгээний мэдээ тайлангууд, хүдрийн тайлан, хүдрийн орлого, зарлага, хүдрээс катодын зэс ялган авах тооцоолол зэргийг,

1.7. Манай аудитын компанийн архив дахь Татварын маргаан таслах зөвлөлийн Тогтоол, Захиргааны хэргийн бүх шатны Шүүхийн Шийдвэр, Магадлал, Тогтоолууд, нөхөн ногдуулалтын акттай ижил төрлийн маргаан бүхий асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан талаарх олон жилийн судалгаа, шинжилгээний ажлын тайлан зэрэг бүхий л холбогдох бусад баримт материалуудыг тал бүрээс нь сайтар шинжлэн судалж, танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг шуурхай зохион байгуулан уртасгасан цагаар, хагас бүтэн сайн өдрүүдэд ажилласны үр дүнд уг нөхөн ногдуулалтын акт нь үндэслэлгүй болох хууль эрх зүйн гарц гаргалгааг олж тогтоон, шалгалт хийсэн байцаагч нар хуулийг батлагдан мөрдөгдөж эхэлсэн өдрөөр нь хэрэгжүүлээгүй, зөв хэрэглээгүй, зөвхөн борлуулалтын үнэлгээнд нөхөн татвар, торгууль алданги ногдуулахыг урьтал болгосон, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн байж болзошгүйг илрүүлсэн.

Хоёр. Дээрх тал бүрээс нь сайтар шинжлэн судалсан, үнэлэлт дүгнэлт өгсөн ажилдаа үндэслэн ТЕГ-ын дэргэдэх Маргаан Таслах Зөвлөлд гаргах гомдлыг боловсруулан бэлэн болгож тухайн үед ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Баатар, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Бурмаа нарт шуурхай хүргүүлж танилцуулсан, санал солилцож зөвшилцсөний дагуу эцсийн байдлаар хянаж Татварын Ерөнхий Хуулийн 12 дугаар зүйлд: ...12.1.6.татварын албанаас гаргасан татварын акт...үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах:... гэж заасны дагуу хуульд заасан хугацаанд амжиж ТЕГ-ын дэргэдэх Маргаан Таслал Зөвлөлд үндсэн гомдол болох 6, тус гомдлын хууль эрх зүйн үндэслэлийг дэмжих, нотлох баримтын шаардлагыг хангасан нотариатаар баталгаажуулсан баримт болох 82, нийт 88 хуудас бүхий гомдлыг Татварын маргаан таслах, зөвлөлд хүргүүлсэн.

Гурав. 3.1. Маргаан Таслах Зөвлөл нь Татварын Ерөнхий Хуулийн 47 дугаар зүйлд: ...47.15. Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гомдол гаргаснаас хойш 30 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэж, уг шийдвэрийг маргааны оролцогч талуудад гардуулна. 47.16. Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 47.15-д заасан шийдвэр гаргах хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. гэж заасан бөгөөд маргаан бүхий гомдлыг 2 сарын хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр хуульчилсныг мөрдөн ажиллаагүй тул тухайн үед захирлаар ажиллаж байсан Б.Баатар, ерөнхий нягтлан бодогч н.Бурмаа нартай санал солилцон зөвшилцөж татварын маргаан бүхий асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгийг аядуу зөөлөн хэлбэрээр боловсруулан улмаар компаниар дамжуулан Зөвлөлд хүргүүлсэн.

3.2. Аравдугаар сард Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг дурьдан Зөвлөлийг хуралдахыг хүссэн албан бичигийг боловсруулан хүргүүлсэний зэрэгцээ харилцагч татварын албанд Маргаан Таслах Зөвлөлд уламжилж өгөхийг хүссэн албан бичгийг мөн боловсруулан хүргүүлсэн.

Дөрөв. 4.1. Татварын Маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа өнгөрсөн даруйд Татварын Маргаан Таслах Зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Цогзолмаа, магадлагч н.Алтангэрэл нартай удаа дараа ТЕГ-ын Маргаан Таслах Зөвлөлийн ажилын байранд очиж уулзсан, утсаар байнга холбогдон нөхөн ногдуулалтын актанд гаргасан гомдлыг хянаж өгөхийг хүссэн, улмаар шаардахад тэд: ...Ковидын улмаас үүссэн хөл хорио. Зөвлөлийн гишүүдийн зарим нь ковид туссан тул зөвлөл хуралдах ирц хүрэхгүй байна. Оюутолгойн ХХК-ийн маргаан бүхий асуудлыг хэлэлцэх хуралд бэлдээд хүн хүчний нөөц хүрэлцэхгүй байна, 2019, 2020, 2021 оны 1, 2 дугаар саруудад гаргасан гомдлыг хүртэл шийдвэрлэж чадаагүй байна... гэх зэргээр тайлбарладаг.

Тухайлбал, 10 дугаар сарын эхээр магадлагч н.Алтангэрэлтэй утсаар холбогдон тодруулахад тэрээр: ...Би ковид туссан, удахгүй эмнэлгээс гарна. 10 дугаар сарын 13-нд ажилдаа орно, танай асуудал эхний ээлжинд хурлаар орно... гэж хэлсэн. 10 дугаар сарын 18-нд утсаар холбогдон дахин тодруулахад тэрээр: ...Зөвлөлийн дарга н.Ганбат (Сангийн Яамны Орлогын Газрын дарга) 2022 оны улсын төсөв УИХ-аар батлуулах гээд завгүй байгаад байна, дарга завтай болчихвол хурал болно, танай асуудал эхний ээлжинд орно. Хурал товлогдвол би өөрөө та нарт ярьж мэдэгдэнэ... гэж хэлсэн.

4.2. Мөн 5 дугаар сард гомдолд гаргасан шалгалт хийсэн байцаагч нарын гаргасан тайлбартай танилцан уг тайлбар нь хууль эрх зүйн үндэслэлгүй болохыг магадлагч н.Алтангэрэлтэй биечлэн уулзаж тайлбарласан бөгөөд нотлох баримтаас дурьдсан болно.,

Тав. 5.1. Нөхөн ногдуулалтын актын төлбөрийг төлөхийг 3 дугаар сараас эхлэн Том Татвар Төлөгчийн газраас татвар төлөгч Эрдмин ХХК-иас удаа дараа албан шаардлага, мэдэгдэл өгөх зэргээр шаардах болсон тул маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хүлээхийг хүссэн хэд хэдэн удаагийн албан бичгийг боловсруулан харилцагч татварын албанд нь хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

5.2. Тодруулбал, 5 дугаар сард 2, 8 дугаар сард 2 удаа ...Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөр нь хууль эрх зүйн үндэслэлгүй, компани...бодит нөхцөл байдалд төлбөрийг төлөх боломжгүй, дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд үзүүлж буй таагүй нөлөөлөл зэргийг харгалзан Татварын Ерөнхий хуулийн 53 дугаар зүйлд: 53.1...татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно:..53.2. Татвар төлөгч энэ хуулийн 53.1-д заасан хөнгөлөлтийн хугацаанд татварын өрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн тохиолдолд татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн харьяалах татварын алба хугацааг дахин сунгаж болно. Сунгах хугацаа нь анхны хөнгөлөлтийг оруулан нийт 2 жилээс илүүгүй байна... гэж заасны дагуу хойшлуулах, мөн Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Тогтоолд: ..ТОГТООХ нь:..3. Тухайн төрлийн албан татварын хуульд заасны дагуу ногдуулж, хугацаанд нь тайлагнасан боловч төлөгдөөгүй албан татварт тооцох алданги, торгуулиас аж ахуйн нэгж, байгууллагыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай... гэж заасны дагуу данс хаахгүй байхыг хүссэн. Тус ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №НӨ-21210000005 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-аар 625,178,217.37 төгрөгөөр баталгаажуулсан. Харин энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар төсвөөс буцаан авах үлдэгдэл 714.409,127.10 төгрөг байна. Энэхүү төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварыг Татварын Ерөнхий Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу зөвшөөрөгдөөгүй нөхөн ногдуулалтын актын төлбөрт суутган тооцож өгөхийг хүсъе... гэсэн агуулга бүхий албан бичиг...-үүдийг боловсруулан компанид хүргүүлж, хууль эрх зүйн, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, улмаар харилцагч татварын албанд нь хүргүүлэн ажилласан.

Зургаа. Тухайн үед ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Баатар Маргаан Таслах Зөвлөлийн хуралд хамт оролцохоо илэрхийлсэн тул түүнийг хуралд ямар бодлого чиглэл баримтлан оролцох гол нь ...үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг Эрдмин ХХК-д олгоогүй тал дээр тогтож ярих... гэх зэргээр хуралд оролцох тактикийг иж бүрэн боловсруулан түүнийг бэлдсэн байсан.

Долоо. Эрдмин ХХК-ийн удирдлагууд зөвшөөрвөл, маргаан бүхий асуудал Маргаан Таслах Зөвлөлд хянагдах хуралдаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл тус Зөвлөл хуулинд заасан хугацаанд хуралдаж маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэхгүй хууль зөрчсөн эс үйлдлийг Татварын Ерөнхий Газрын дарга, Сангийн Сайдад уламжлан албан бичгээр мэдээлж болох талаар мэдэгдэж байсан.

Найм. Эрдмин ХХК-тай 2021 оны 03-аас 11-н сарын буюу нийт 9-н сарын хугацаанд цахимаар буюу мэйлээр 284 хуудас материал хүлээн авч, хүргүүлэх зэргээр хамтран ажилласан байна.

Харин Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын эхний ээлжийн төлбөр болох 165,000,000.00 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварт 15,000,000.00. Эрдмин ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар хамтран ажиллахаар болсон Такс менежмент ХХК-д гэрээний дагуу 51,000,000.00 төгрөг, ажилчдын цалин, түрээсийн төлбөр зэрэгт үлдэх хэсгийг нь зарцуулсан.

Өөрөөр хэлбэл 165,000,000.00 төгрөг нь Эрдмин ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль эрх зүйн үндэслэлгүйгээр бичигдсэн байж болзошгүй нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан зардалд зориулагдсан байна.

Хоёр. Тус ХХК-ийн нэхэмжлэлд: ...хууль болон журмын зохицуулалтын дагуу маргаан таслах зөвлөл...хуулийн этгээдээс гаргасан гомдлыг 2 сарын хугацаанд шийдвэрлэхээр заасныг мэдэж байсан ... үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй...тодруулбал Татварын маргаан таслах зөвлөлийн хурал хуралдаагүй гэрээний хэрэгжилт удааширсан... тодорхой мэдээлэлгүй, ажлын үр дүн компанийн цаашдын үйл ажиллагаанд муугаар нөлөөлөхүйц байна... гэж илт хууль бусаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

1. Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Маргаан Таслах Зөвлөл хуульд заасан хугацаанд хуралдахгүй байгаа нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, тус ХХК-д хохирол учруулаагүй.

2. Маргаан Таслах Зөвлөлийн ажилтнууд: ...Ковидын улмаас үүссэн хөл хорио, Зөвлөлийн гишүүдийн зарим нь ковид туссан тул зөвлөл хуралдах ирц хүрэхгүй байна...би ковид туссан...2020, 2021 оны 1, 2 дугаар саруудад гаргасан гомдлыг хүртэл шийдвэрлэж чадаагүй байна... гэх зэргээр тайлбарладаг.

3. Шүүх байгууллага мөн Маргаан Таслах Зөвлөлийн нэгэн адил ковидын хүндрэл бэрхшээлтэй ижил нөхцөлд тухайн үед байсан.

4. Маргаан Таслах Зөвлөлд үндсэн гомдол болох 6, тус гомдлын хууль эрх зүйн үндэслэлийг дэмжих, нотлох баримтын шаардлагыг хангасан нотариатаар баталгаажуулсан баримт болох 82, нийт 88 хуудас бүхий гомдол гаргасан бөгөөд уг гомдол нь хууль эрх зүйн үндэслэл бүхий тул нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох өндөр магадлалтай, Татварын Ерөнхий Хуулийн 47 дугаар зүйлд: ...47.19. Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй... гэж заасан бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам-д уг хуулийн заалттай ижил агуулгаар зохицуулсан, өөрөөр хэлбэл нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн Татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын актыг Маргаан Таслах Зөвлөлийн Хурлаар хянан хэлэлцээд хүчингүй болгосон тохиолдолд гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилагдаж, журамлагдсан байх тул уг маргаан бүхий асуудлыг Маргаан Таслах Зөвлөлөөр шийдвэрлүүлэх нь цаг хугацаа хэмнэсэн, 3-н шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх шаардлага үүсэхгүй сайн талтай байсан нь тус ХХК-д ашигтай гэж тухайн үед дүгнэж шийдвэрлэсэн. Энэ талаар тус ХХК-ийн тухайн үеийн удирдлагатай санал солилцон зөвшилцөж нэгдсэн нэг ойлголттой байсан ба Шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргасан ч Маргаан Таслах Зөвлөлөөс түрүүлж шийдвэрлэгдэхгүй гэж тухайн үед тооцоолсон байсан.

5. Тухайн үед Эрдмин ХХК-аас ирүүлсэн гэрээг цуцлах тухай шийдвэрийг хүлээн аваад ойрын хугацаанд Маргаан Таслах Зөвлөлийн зарлагдаж болох нь илэрхий байгаа талаар дуулгаж, энэ эгзэгтэй цаг мөчид Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцлах нь тус ХХК-д сөрөг үр дагавартай байх тул Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлд: ...7.2. Гэрээнээс үүдэн гарсан аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөж эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх... гэж заасны дагуу гэрээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнд тус ХХК-иас хариу ирүүлээгүй, бидэнд олгосон итгэмжлэлийг цуцлаагүй тул цаашид хамтран ажиллах юм байна гэж ойлгосон.

Иймээс Маргаан таслах зөвлөлийг хуралдуулах талаар удаа дараа очиж биечлэн уулзах, утсаар шахаж шаардах ажлыг зохион байгуулсаар л байсан. Гэтэл тэр цаг хугацааны үеээр хэдхэн хоногийн дараа Маргаан таслах зөвлөлийн хурал товлогдон зарлагдсан тул бүхий л бэлтгэлээ хангаад очтол тус Хуралд орох боломжийг Эрдмин ХХК-ийн зүгээс олгоогүй.

Харин биднийг буруутгах атлаа Эрдмин ХХК болон шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Татварын маргаан таслах зөвлөлийн хурал болохоос өмнө Шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаагүй байгаа нь ойлгомжгүй байна.

Гурав. Эрдмин ХХК-ийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр хууль, шударга ёсны зарчмыг гажуудуулсан. Учир нь:

Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 128/шш2022/0438 Шийдвэрийг уншиж судлан танилцахад уг Шийдвэрт: ..Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч...нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2021 оны 03 дугаар сарын 24- ний өдөр гомдол гаргахад тус зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээн шийдвэрлэж, 2021 оны 12 дугаар сарын 13-4 ны өдрийн 59 дүгээр албан бичгээр хүргүүлжээ... гэснээс үзвэл Эрдмин ХХК-ийн зүгээс татварын маргаан таслах зөвлөлийн хуралд итгэмжилэгдсэн төлөөлөгчөө солих зэргээр хариуцлаггүй хандан, бэлтгэлгүй оролцож өөрийн компанийн эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна.

Тодруулбал, тус ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Э27/183 дугаартай албан бичгээр Юникапитал аудит ХХК-аас томилогдсон Б.Өсөхбаяр, П.Галмандах нарын итгэмжлэлийг цуцалсан шийдвэрээ Татварын маргаан таслах зөвлөлийн хурал хуралдан Эрдмин ХХК-ийн асуудал хэлэлцэгдэх тэр мөчид Татварын маргаан таслах зөвлөл болон бидэнд мэдэгдсэн нь ойлгомжгүй, ёс зүйгүй бусармаг үйлдэл гаргасан.

Мөн Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 128/шш2022/0438 Шийдвэрт: ...тодорхойлох нь...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... гэсэн хэсэгт манай Юникапитал аудит ХХК-ийн бэлтгэн боловсруулж Татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн гомдлын үндэслэлийг бүхэлд нь дурьдаснаас үзвэл Эрдмин ХХК-ийн итгэмжилэгдсэн төлөөлөгч нар Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай Юникапитал аудит ХХК-ийн Татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн гомдлын үндэслэлийг бүхэлд нь хуулан бичсэн нь Юникапитал аудит ХХК-ийн хамт олны 30-аад жилийн туршид бий болгож хөгжүүлсэн хууль эрх зүй, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн онолын болоод практик мэдлэг, судалгааны ажлын материалд үндэслэсэн, бүх талаас нь сайтар шинжлэн судалж, дүгнэсний үндсэн дээр суурилж бичигдсэн гомдлын агуулга, санаа, Ноу-Хау-г ашигласан бөгөөд анхан шатны Шүүх 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосноос үзэхэд Юникапитал аудит ХХК гэрээний дагуу ажлаа чанарын өндөр түвшинд шударгаар хөдөлмөрлөн хийж гүйцэтгэснийг нотолж байна.

Хэрэв гэрээг цуцлаагүй, бидэнд олгосон итгэмжлэлийг Маргаан таслах зөвлөлийн хурал болох өдөр мөн цуцлаагүй байсан бол Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох нь тодорхой байжээ. Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрт татварын улсын байцаагч нар хуулиараа гомдол гаргах эрхгүй байдаг тул Эрдмин ХХК нь 4,777.3 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлттэй байх бүрэн боломжтой байв.

Мөн Захиргааны Хэргийн Давж заалдах Шатны Шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 221/МА2022/0602 Магадлалыг үзэж судлан танилцахад уг Магадлалд ...ХЯНАВАЛ:...6.Харин нэхэмжлэгч Эрдмин ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай Хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 2009-2011 онд нийт 754.9 мянган тонн хаягдал хүдэр худалдан авч, үүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 419,3 сая төгрөгийг төлсөн талаар шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул үндсэн төлбөрөөс багасгаж тооцох нь зүйтэй байна. 6.1. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөрт төлсөн 419,3 сая төгрөгийн төлбөрийг давхардуулан ногдуулж болохгүй юм. Тиймээс нэхэмжлэгч Эрдмин ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 754.9 тонн хаягдал хүдрийн овоолгыг худалдан авч үүнд ногдох 419.3 сая төгрөг болон түүнтэй холбоотой гарах 125,8 сая төгрөгийн торгууль, 83.8 сая төгрөгийн алдангийг багасгаж тооцох нь зүйтэй... гэж үзсэн нь манай Юникапитал аудит ХХК-ийн бэлтгэн боловсруулж Татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн гомдлын нэг дэх хэсэгт дурьдсан үндэслэлтэй нийцсэн байна. Дээрхээс дүгнэвэл манай Юникапитал аудит ХХК-ийн хамт олон бус харин Эрдмин ХХК-ийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр болон бусад удирдлага Ажил гүйцэтгэх гэрээ, олгосон итгэмжлэл зэргийг цуцалж өөрсдийн компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх шийдвэрүүдийг гаргаж ирсэн байх тул 145,000,000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Юникапиал аудит ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Юникапитал аудит ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №АГ20/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүндрэлтэй, амаргүй цаг үед ажлаа шаардлагын хэмжээнд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Тодруулбал, Юникапитал аудит ХХК нь Эрдмин ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар Татварын Ерөнхий Газрын Том Татвар Төлөгчийн Газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Баясалмаа, Б.Булган нарын тус ХХК-ийн 2017, 2018, 2019 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл 9-н сарын хугацаанд татварын хяналт шалгалт хийж нийт 4,777.3 сая төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №НА-21210000022 дугаартай нөхөн ногдуулалтын актын хууль эрх зүйн үндэслэлийг хянуулж, хүчингүй болгуулахаар тус ХХК-ийн 2017, 2018, 2019 оны санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, аж ахуйн нэгж, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, төлбөр, хураамж, бусад бүх төрлийн татварын тайлангууд, санхүүгийн тайлан тэнцэл, ерөнхий данс, гүйлгээ баланс, журнал, ажил гүйлгээний мэдээ тайлангууд, хүдрийн тайлан, хүдрийн орлого, зарлага, хүдрээс катодын зэс ялган авах тооцоолол, гаалийн мэдээ, нөхөн ногдуулалтын акт зэрэг холбогдох бусад бүхий л баримт материалыг судлан танилцаж, нягтлан шалгаж, дүн шинжилгээ хийж, нөхөн ногдуулалтын акт тоо мэдээний хувьд үнэн зөв эсэх, хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч тал бүрээс нь сайтар шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт өгсөн ажлын тайланд үндэслэн, нотлох баримтуудыг шаардлага хангасан байдлаар Эрдмин ХХК-иас гаргуулан авч, ажлын өдрүүдэд уртасгасан цагаар, хагас бүтэн сайны амралтын өдрүүдэд ажиллан Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд үндсэн гомдол болох 6, тус гомдлын тоо мэдээ, хууль эрх зүйн үндэслэлийг дэмжих, нотлох баримтын шаардлагыг хангасан нотариатаар баталгаажуулсан баримт болох 82, нийт 88 хуудас бүхий гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлд хуульд заасан хугацаанд хүргүүлэн ажилласан.

Гэтэл Эрдмин ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Э27/183 тоот албан бичгээр буюу Татварын маргаан таслах зөвлөлийн хурал болохын өмнөх ажлын өдөр Б.Өсөхбаяр болон П.Галмандах нарыг татварын маргаан таслах зөвлөлийн хуралд оруулахаас татгалзсан, харин Г.Батаа. Ч.Ганболд нарыг тус хуралд оруулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсоныг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15-н цагт татварын маргаан таслах зөвлөлийн хуралд очихдоо мэдсэн.

Энэ нь Эрдмин ХХК татварын маргаан таслах зөвлөлийн хурал болох өдөр хүртэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан Б.Өсөхбаяр, П.Галмандах нарт албан ёсоор урьдчилан мэдэгдээгүй нь Иргэний Хуулийн 67 дугаар зүйлд: ...67.5.Төлөөлүүлэгч нь итгэмжлэлийг хүчингүй болгосон тухай төлөөлөгч буюу гуравдагч этгээдэд шууд, эсхүл тэдэнд хүргэх боломжтой албан ёсны мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэнэ... гэж заасныг ноцтой зөрчиж, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай Юникапитал аудит ХХК өөрийн хүлээсэн үүргээ ялимгүй төдий ч зөрчөөгүй байхад гэрээ, бидэнд олгосон итгэмжлэлээ цуцалсан нь хууль бус алдаатай шийдвэр гаргасан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 128/ШШ2022/0438 Шийдвэрт: ...тодорхойлох нь... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... гэсэн хэсэгт манай Юникапитал аудит ХХК-ийн бэлтгэн боловсруулж Татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн гомдлын үндэслэлийг бүхэлд нь тусгаснаас үзвэл Эрдмин ХХК, тус ХХК-ийн шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай Юникапитал аудит ХХК-ийн Татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн гомдлын үндэслэлийг бүхэлд нь хуулбарлан бичсэн нь Юникапитал аудит ХХК-ийн хамт олны 30-аад жилийн туршид бий болгож хөгжүүлсэн хууль эрх зүй, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн онолын болоод практик мэдлэг, судалгааны ажлын материалд үндэслэсэн, бүх талаас нь сайтар шинжлэн судалж, дүгнэсний үндсэн дээр суурилж бичигдсэн гомдлын агуулга, утга санаа, Ноу-Хау-г ашигласан бөгөөд анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосноос үзэхэд Юникапитал аудит ХХК гэрээний дагуу ажлаа чанарын өндөр түвшинд шударгаар хөдөлмөрлөн хийж гүйцэтгэснийг нотолж байна.

Хэрэв гэрээг цуцлаагүй, бидэнд олгосон итгэмжлэлийг маргаан таслах зөвлөлийн хурал болох өдөр мөн цуцлаагүй байсан бол Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох нь тодорхой байжээ. Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрт татварын улсын байцаагч нар хуулиараа гомдол гаргах эрхгүй байдаг тул Эрдмин ХХК нь 4,777.3 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлттэй байх бүрэн боломжтой байв.

Энэхүү хуулиар олгогдсон өөрт олдсон боломжоо Эрдмин ХХК татварын маргаан таслах зөвлөлийн хуралд шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилон бэлтгэлгүй, хариуцлагагүй оролцсоноос болж алдсан байна.

Манай зүгээс анхааруулж байсны дагуу Эрдмин ХХК эв эеийг хичээж татварын маргаан таслах зөвлөлийн хуралд бүтэн 8-н сарын турш бэлдсэн онолын болон практикийн өргөн мэдлэгтэй, ажил амьдралын дадлага туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, бэлтгэгдсэн боловсон хүчнүүд болох Б.Өсөхбаяр, П.Галмандах нарыг оролцуулсан бол нөхөн ногдуулалтын акт Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн нэгэн адил татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хүчингүй болох байжээ.

Манай бэлтгэн боловсруулж Татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн 2021 оны 03 дугаарын сарын 24-ний өдрийн гомдолд: "...Нэг...Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дугаартай Тогтоолд: ...хянавал...Шүүхүүд ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна ... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Эрдмин ХХК Эрдэнэт үйлдвэр ХХК-тай Хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2009-2011 онд ... хаягдал хүдэр худалдан авч, үүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 419.3 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д төлсөн ... Өөрөөр хэлбэл, Эрдмин ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул өөрийн ашигласан ашигт малтмалд ногдох төлбөрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аар дамжуулан улсын төсөвт төлсөн байхад дахин нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 12 дугаар зүйлийн 12.2-т заасантай нийцээгүй байх тул... гэж нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах үндэслэлийг тусгасан байдаг.

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 221/МА2022/0602 Магадлалыг үзэж судлан танилцахад уг Магадлалд: ...хянавал:... 6.Харин нэхэмжлэгч Э ХХК нь Э ТӨҮГ-тай Хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 2009-2011 онд нийт 754.9 мянган тонн хаягдал хүдэр худалдан авч, үүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 419,3 сая төгрөгийг төлсөн талаар шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул үндсэн төлбөрөөс багасгаж тооцох нь зүйтэй байна. 6.1.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөрт төлсөн 419,3 сая төгрөгийн төлбөрийг давхардуулан ногдуулж болохгүй юм. 6.2.Тиймээс нэхэмжлэгч Э ХХК нь Э ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 754.9 тонн хаягдал хүдрийн овоолгыг худалдан авч үүнд ногдох 419.3 сая төгрөг болон түүнтэй холбоотой гарах 125,8 сая төгрөгийн торгууль, 83.8 сая төгрөгийн алдангийг багасгаж тооцох нь зүйтэй... гэж нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн дүнгээс нийт 628.9 сая төгрөгийг хасахаар шийдвэрлэсэн нь манай компанийн бэлтгэн боловсруулж Татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн гомдлын нэг дэх хэсэгт тусгасан үндэслэлийг шүүх мөн үндэслэлтэй гэж үзсэн байна.

Дээрхээс үзвэл Манай компани нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №АГ 20/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэснийг, харин Эрдмин ХХК болон түүний шинээр томилогдсон удирдлагууд Ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай Юникапитал аудит ХХК өөрийн хүлээсэн үүргээ ялимгүй төдий ч зөрчөөгүй бөгөөд харин ч эсрэгээрээ маш сайн ажиллаж байсан байхад Ажил гүйцэтгэх гэрээ, бидэнд олгосон итгэмжлэлээ цуцалсан нь Эрдмин ХХК өөрөө болон бусад этгээдүүдэд бидний хийж гүйцэтгэсэн ажил, Ноу-хау-г ёс зүйгүйгээр ашиглуулан тус ХХК-иас манай ХХК-д олгох ажлын хөлсний дутуу төлбөр 165.0 сая төгрөгийг бусдад олгуулах гэсэн бусармаг үйлдэл байжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 355 дугаар зүйлд: ...355.1.Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал...учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.. гэж заасан.

Иймд Эрдмин ХХК нь Юникапитал аудит ХХК-ийн хамт олны 30-аад жилийн туршид бий болгож хөгжүүлсэн хууль эрх зүй, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн онолын болоод практик мэдлэг, судалгааны ажлын материалд үндэслэсэн, мэргэжлийн өндөр ур чадвар гарган бүх талаас нь сайтар шинжлэн судалж, дүгнэсний үндсэн дээр суурилж бичигдсэн Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлын утга агуулга, санаа, Ноу-Хау-г ёс зүйгүйгээр хуулбарлан ашиглаж завшсан нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 128/ШШ2022/0438 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 221/МА2022/0602 магадлал зэргээр тогтоогдож байх тул 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №АГ20/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний дутуу үлдэгдэл төлбөр болох 165,000,000 төгрөгийг Эрдмин ХХК-иас гаргуулж Юникапитал аудит ХХК-д олгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч Эрдмин ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа:

4.1. Иргэний хуулийн 333-359 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.1-д ямар ажил хийж гүйцэтгэх талаар тодорхой дурдсан байгаа. Үүнд: 1. Нөхөн ноогдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөлд гаргах, 2. Захиргааны хэргийн шүүхэд гомдол, хүсэлт, нэхэмжлэл гаргах, 3. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, 4. Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, 5. Татварын маргаантай холбоотой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, тайлан тооцоололтой танилцах, нотлох баримтыг судлан гаргуулах, 6. Хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн баримт бичиг, нягтлан бодох бүртгэлийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлнэ гэсэн байгаа. Талууд дээрх ажлын нийт хөлсийг 330,000,000 төгрөг байхаар тохирсон. Гүйцэтгэгч талын хувьд гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн гүйцэт, эцсийн шийдвэр гартал ажиллагаанд оролцоогүй. Талуудын хооронд гэрээ дүгнэсэн акт байхгүй. Гэтэл ажлын үлдэгдэл хөлсийг төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Бүтэн 8 сарын турш бэлдсэн онол практикийн өргөн мэдлэгтэй, ажил амьдралын дадлага туршлагатай, мэргэжлийн өндөр чадвартай, Өсөхбаяр, Галмандах нарыг хэрвээ энэ ажиллагааг дуустал нь оролцуулсан бол нөхөн ноогдуулалтын акт, захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хүчингүй болгох байсан гэж тайлбарлаад байна. Эрх зүйн хувьд боломжгүй тайлбар гаргаж байна гэж үзэж байна. Гэрээ цуцлах мэдэгдэл гээд албан бичгээр хүргүүлээд байгаа нь гэрээ цуцлах, хоорондоо харилцаж байгаа ямар нэгэн баримт биш гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/,

5.2. Итгэмжлэл /хх 5/,

5.3. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн АГ20/01 дагаар Ажил гүйцэтгэх гэрээ /хх 6-8/,

5.4. Төлбөрийн даалгавар /хх 9/,

5.5. Эрдмин ХХК-ийн 2023.08.22-ны өдрийн Э29/199 тоот албан бичиг /2-р хх 61-62/,

5.6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2-р хх 63/,

5.7. Эрдмин ХХК-ийн 2021.11.10-ны өдрийн Э27/173 тоот Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /2-р хх 64-66/

 

6. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

6.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 32/

6.2. Хариу тайлбар /хх 37-43, 203-205/

6.3. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2021.03.24-ний өдөр гаргасан гомдол, гомдолд хавсаргасан баримтууд /хх 44-122, 132/

6.4. Татварын улсын байцаагчийн 2021.02.17-ны өдрийн НА-21210000022 тоот Нөхөн ногдуулалтын акт, түүний хавсралт /хх 123-131/,

6.5. Юникапитал аудит ХХК-ийн Эрдмин ХХК-д хүргүүлсэн 2021.11.08-ны өдрийн 21/11-01 тоот Ажлын тайлан /хх 135-138/,

6.6. Юникапитал аудит ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 21/11-02, 21/11-03 тоот, 2021.12.13-ны өдрийн 12/01, 21/01 тоот, 2023.09.08-ны өдрийн 23/09-01 тоот албан бичгүүд /хх 139-150/,

6.7. 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн АГ 21/02 тоот Юникапитал Аудит ХХК болон Такс менежмент ХХК нарын байгуулсан Ажил гүйцэтгэх, НГ21/01 тоот нууцлалын гэрээ /хх 151-158/,

6.8. Төлбөрийн баримт, нэхэмжлэх /хх 159-161/

6.9. Дансны үлдэгдлийг тулган баталгаажуулах хүсэлт, НӨАТ падаан, тайлан /хх 162-168/

6.10. Б.Өсөхбаяр, П.Галмандах нарын мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд /хх 169-176/,

6.11. Итгэмжлэл /хх 206/,

6.12. Сөрөг нэхэмжлэл /хх 233-236/,

6.13. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 237/,

 

7. Хариуцагч талын хүсэлтээр Юникапитал аудит ХХК-ийн [email protected]\ цахим хаягаар Эрдмин ХХК-ийн захирал Ж.Баатартай /[email protected]/, ерөнхий нягтлан бодогч Г.Бурмаатай /[email protected]/, нягтлан бодогч н.Заяатай /[email protected]/, санхүү, захиргаа, хүний нөөцийн асуудал эрхэлсэн дарга Г.Алтансүхтэй /[email protected]/ /[email protected]/ харилцсан цахим хаягуудад үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлж, Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0438 дугаар шийдвэр, 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2022/0602 дугаар магадлалыг, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн Эрдмин ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Э27/183 дугаартай албан бичгийг бүрдүүлсэн. /2-р хх 1-27, 30-46, 51/

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс Татварын улсын байцаагч Б.Баясалмаа, Б.Булган нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай Эрмин ХХК-ийн 2021.03.14-ний өдөр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн материалыг бүхэлд нь гаргуулсан. / 2-р хх 109-221/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нь Эрдмин ХХК нь хариуцагч Юникапитал аудит ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 145,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

1.1. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Юникапитал аудит ХХК-тай АГ20/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан 2021.03.24-ний өдрөөс хойшхи хугацаанд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 3.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй, зөвлөх үйлчилгээг хангалттай үзүүлээгүй буюу тодруулбал Татварын маргаан таслах зөвлөлийн хурал хуралдаагүй гэрээний хэрэгжилт удааширсан байдалтай, тэр талаар тодорхой мэдээлэлгүй, ажлын үр дүн компанийн цаашдын үйл ажиллагаанд муугаар нөлөөлөхүйц байна гэж үзэн гэрээнд заасан эрхийнхээ дагуу шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр мөн гэрээний 5.1.1-д заасны дагуу гэрээг цуцалж байгааг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Э27/173 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, гэрээний дагуу төлсөн төлбөрийн зохих хэсгийг буцаан шилжүүлэх, зохих дүнгийн талаарх саналаа ирүүлэхийг мэдэгдсэн. Юникапитал аудит ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа болгож 165,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Ажил гүйцэтгэх гэрээ, хэрэгжилт, ажил үйлчилгээний агуулгыг хийсэн ажлын тайлантай уялдуулан тус урьдчилгаа төлбөрөөс 145,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэнэ.

 

1.2. Хариуцагч Юникапитал аудит ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №АГ 20/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай компани 4,777,300,013.92 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №НА-21210000022 дугаартай нөхөн ногдуулалтын акт, тус компанийн үйл ажиллагааны онцлог, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлж ирсэн баримтууд, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210271 тоот акт, уг актыг хүчингүй болгосон Татварын Маргаан Таслах зөвлөлийн Тогтоол, Улсын Дээд Шүүхийн тогтоол, тус акттай холбоотой албан бичгүүд, хууль тогтоомж, Үндсэн хуулийн цэцийн тогтоол, санхүүгнийн тайлан тэнцэл, татварын тайлангууд, ижил төрлийн маргаан бүхий асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан талаарх олон жилийн судалгаа, шинжилгээний ажлын тайлан зэрэг бүхий л холбогдох бусад баримт материалуудыг тал бүрээс нь сайтар шинжлэн судлаж, танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг шуурхай зохион байгуулан уртасгасан цагаар, хагас бүтэн сайн өдрүүдэд ажилласны үр дүнд уг нөхөн ногдуулалтын акт нь үндэслэлгүй болох хууль эрх зүйн гарц гаргалгааг олж тогтоосон, Татварын маргаан таслал зөвлөлд гомдол болон холбогдох баримтыг хүргүүлсэн, татварын маргааныг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлж, биечлэн уулзаж шаардсан, хууль эрх зүйн, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, улмаар харилцагч татварын албанд нь хүргүүлэн ажилласан, Эрдмин ХХК-тай 2021.03-аас 11 сарын хугацаанд цахимаар буюу мэйлээр 284 хуудас материал хүлээн авч, хүргүүлэх зэргээр хамтран ажиллаж, гэрээний үүргээ биелүүлсэн. Урьдчилгаа төлбөр нь нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан зардалд зориулагдсан. Гэрээний дагуу ажлаа чанарын өндөр түвшинд шударгаар хөдөлмөрлөн хийж гүйцэтгэсэн. Хэрэв гэрээг цуцлаагүй, бидэнд олгосон итгэмжлэлийг Маргаан таслах зөвлөлийн хурал болох өдөр цуцлаагүй байсан бол Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох нь тодорхой, Эрдмин ХХК нь 4,777.3 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлттэй байх бүрэн боломжтой байсан. Шүүхийн шийдвэр манай компанийн бэлтгэн боловсруулж Татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн гомдлын нэг дэх хэсэгт дурьдсан үндэслэлтэй нийцсэн, 145,000,000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй байна гэж маргасан.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэлд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь Эрдмин ХХК-д хууль эрх зүйн үндэслэлгүй үйлдэгдсэн байж болзошгүй нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах тухай татварын маргааныг шийдвэрлүүлэхээр Татварын албаны дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол, хүсэлт, нэхэмжлэл гаргах, түүнд гарын үсэг зурах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, өөрчлөх, маргаан таслах зөвлөлийн болон шүүх хуралд оролцох, тайлбар гаргах, тайлбар өгөх, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах зэргээр эдгээр асуудалтай холбоотой захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэйгээр оролцох, татварын маргаантай холбогдох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, тайлан, тооцоололд дүн шинжилгээ хийж, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлан, тооцооллын баримтыг нотлох баримтын хүрээнд захиалагчаас гаргуулан авч, хэрэг маргаан шийдвэрлэхтэй холбоотойгоор Татварын маргаан таслах зөвлөл, шүүхийн байгууллагад гаргаж өгөх, маргааны асуудалтай холбогдох хууль болон хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн баримт бичиг, нягтлан бодох бүртгэлийн талаархи зөвлөх үйлчилгээг үзүүлэх, захиалагч нь түүнд гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг төлөхөөр тус тус тохиролцжээ.

 

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ гэж үйлчлүүлэгчийн татвар төлөх үүргээ биелүүлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн мэргэшсэн зөвлөх үйл ажиллагаа, 3.1.2-т үйлчлүүлэгч гэж гэрээний үндсэн дээр татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс үйлчилгээ авч байгаа татвар төлөгчийг, 3.1.4-т татварын мэргэшсэн зөвлөх гэж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд ажиллах татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийг, 3.1.5-д татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гэж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хувь хүнийг хэлнэ гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2-д Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заасан.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Ажил гүйцэтгэх гэрээнээс үзвэл хариуцагч нь өөрийн мэдлэг, ур чадвар, туршлага, мэргэшсэн байдалд тулгуурлан захиалагчид гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж өгөх үүрэг, нэхэмжлэгч нь түүнд хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн нь дээр дурдсан Хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байна гэж дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд дараах үйл ажиллагааг хамааруулна:

6.1.1.татварын тухай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сурталчлан таниулах;

6.1.2.хууль тогтоомжийн дагуу татварын тооцоо, тохируулга хийх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтын бүрдлийг хянах, татварын нөлөөллийг бүртгэх, батлагдсан маягтын дагуу татварын тайланг гаргах;

6.1.5.татварын алба, холбогдох бусад этгээдтэй үйлчлүүлэгчийг төлөөлөн харилцах гэж заасны дагуу зохигчдын хооронд энэ төрлийн ажил, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

 

Талуудын байгуулсан гэрээнд зааснаар зохигчид ажлыг хөлсийг 330,000,000 төгрөгөөр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурагдсан өдөрт ажлын хөлсний урьдчилгааны 50 хувь буюу 165,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг үе шаттайгаар төлөх бөгөөд маргааныг шийдвэрлэж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор бүрэн барагдуулахаар болжээ.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1, 360.2-д тус тус зааснаар талууд ажлын хөлсийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа эсхүл ажил, үйлчилгээг гүйцэтгэхээс өмнө төлөхөөр харилцан тохиролцож болох ба нэгэнт тохиролцсон хөлсийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн болон тогтмол хугацаанд төлж болно.

 

Зохигчдын байгуулсан гэрээ, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл талууд ажлын хөлсийг ажил, үйлчилгээг гүйцэтгэхээс өмнө урьдчилан 50 хувийг, үлдэх хөлсийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байна.

 

Ийнхүү гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Эрдмин ХХК нь урьдчилгаа хөлс 165,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид төлсөн болох нь талуудын тайлбар, төлбөрийн даалгавараар тогтоогдож байна.

 

2.2. Гэрээ хэрэгжих явцад нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Э/27/173 дугаар Гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж, улмаар 2021.11.25-ны өдөр Татварын маргаан таслах зөвлөлд Б.Өсөхбаяр, П.Галмандах нарт олгосон итгэмжлэлээсээ татгалзсан болохоо мэдэгдсэн байна.

Дээрхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2021.11.25-ны өдрийг хүртэл хэрэгжсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

2.3. Хөлсөөр ажиллах гэрээний агуулга нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар нэг талаас тодорхой ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн буюу ажлын процесс, үйлдэл, үйл ажиллагаа шаарддаг бол нөгөө талаас тухайн ажлын үр дүн, үйл ажиллагаанд тохирсон хөлс төлөх үүргээр тус тус тодорхойлогддог, харилцан эдийн засгийн үр ашигтай байдлыг олж авах зорилготой байдаг.

 

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлах мэдэгдэлдээ ... манай компанийн зүгээс гэрээний 4.1.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөр 165,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд танай компанийн зүгээс гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, маргаан бүхий асуудлаар процессын болон хууль зүйн эрсдэлийн талаар хангалттай үйлчилгээ үзүүлээгүй гэж үзэж байгаа тул урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулах хүсэлтэй байгаа болно. Иймд дээр дурдсан хугацаанд гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй тайлан, зарцуулсан цаг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн гэх албан бичиг болон мэдэгдлүүдийн эх хувийг гарган өгч, урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэх асуудлаарх саналаа ирүүлнэ үү.. гэж тусгасан байх бөгөөд,

хариуцагч нь ... эдийн засгийн чиглэлийн маргаан болох энэхүү ажил нь хууль эрх зүй, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, тооцоолол зэрэг олон мэдлэг ур чадвар дадлага туршлага хөдөлмөр цаг хугацаа шаардсан ажил байдаг тул Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдол нотлох баримтууд нь нийт ажлын 80 орчим хувь гэж практикт тооцогддог, иймд төлбөрийн зарим хэсгийг буцаан шилжүүлэх үндэслэлгүй гэх тайлбарыг өгсөн.

Үүнээс үүдэн талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

2.4. Талуудын тайлбар, гэрээ цуцалсан болон хариуцагчаас хүргүүлсэн албан бичгүүдээс үзэхэд гэрээт ажлын хөлсний хэмжээг тогтооход хариуцагчийн хүсэл зориг давамгайлсан байх ба хариуцагчаас ажлын хөлсний хэмжээг ажлын цар хүрээ, нөхөн ногдуулалтын актын үнийн дүн, хуулийн фирмүүдийн 10 хувиар хөлс тогтоодог жишгийг баримтлан зах зээлийн үнээс 20 хувиар бага үнээр буюу 330,000,000 төгрөгөөр тогтоосон гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Хэдийгээр хөлсөөр ажиллах гэрээгээр үр дүн шаардахгүй, нэхэмжлэгч талаас гэрээг цуцалсан байх боловч Юникапитал аудит ХХК нь гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасанд нийцүүлж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал: Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр талуудын хооронд харилцсан и-мэйлд үзлэг хийсэн ба үзлэгээр талууд 2021.03.05-ны өдрөөс хамтран ажиллах талаар ярилцаж, хариуцагч Юникапитал аудит ХХК нь нэхэмжлэгч Эрдмин ХХК-иас холбогдох бичиг баримтыг авч танилцсаны үндсэн дээр талууд 2021.03.16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

 

Улмаар хариуцагч нь Эрдмин ХХК компанийн бичиг баримтуудтай танилцаж, шинжлэн судалсны дүнд 2021.03.24-ний өдөр татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна. Энэхүү гомдлыг гаргахын өмнө шинжлэн судалсан баримт материал болох 84 хуудас бичиг баримтыг хавсаргасан байна.

Дээрх ажлыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал 7 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн байна.

 

Гомдол гаргасны дараа хариуцагч нь:

2021.04.13-ны өдөр том татвар төлөгчийн газарт хүргүүлэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаад 7 сар болж байхад хуралдаж шийдвэрлэхгүй байна гэх утгатай албан бичиг 1 хуудас,

2021.05.21-ний өдөр Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг хуралдуулж талаарх албан бичиг 1 хуудас,

2021.08.30-ны өдөр том татвар төлөгчийн газарт маргаан шийдвэрлэж дуусах хүртэл татвар төлөлтийг хойшлуулах тухай албан бичиг 1 хуудас,

2021.10.21-ний өдөр Орхон аймгийн татварын хэлтэс, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Том татвар төлөгчийн газарт тус тус маргааныг шуурхай шийдвэрлүүлэх утга бүхий 1, 1 хуудас албан бичиг төлөвлөж нэхэмжлэгч Эрдмин ХХК руу явуулсан байна.

 

Мөн Эрдмин ХХК-ийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд НА21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн материалаас дүгнэхэд тус маргаанд Эрдмин ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхийг Б.Өсөхбаяр, П.Галмандах нарт олгосон, төлөөлөгч нар нь анх гомдол гаргахдаа хавсаргасан 84 хуудас баримт болон дээр дурдсан албан бичгээс өөрөөр маргааныг шийдвэрлэхэд оролцсон байдал тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21/11-01 тоот албан бичгээр 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №АГ20/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

Тайланд татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргахын өмнө баримт материалууд шинжлэн судалсан, холбогдох баримтыг бүрдүүлж тус зөвлөлд гомдол гаргасан талаар болон гомдол гаргаснаас хойш албан бичиг боловсруулсан, нэхэмжлэгч талд зөвлөгөө өгсөн, татварын маргаан таслах зөвлөлийн албан хаагчдад шаардлага тавьсан зэрэг хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнасан байна.

 

Хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын тайлан, шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ уншиж судалсан баримт материалуудаа нэг бүрчлэн тоочсон бөгөөд энэхүү баримтууд нь Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолд хавсаргасан материалын цар хүрээтэй ижил байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Юникапитал Аудит ХХК-ийн гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэт хийсэн буюу татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдол түүнийг гаргахад зарцуулсан хөдөлмөр буюу цаг хугацаа, уншиж судалсан санхүүгийн баримт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, шүүхийн шийдвэрүүд, өмнөх онуудын нөхөн ногдуулалтын акт, түүнийг хянасан шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн баримт зэргийн шинжлэн судалж дүн шинжилгээ хийж, гомдлын хууль эрх зүйн үндэслэлийг тодорхойлж, холбогдох баримт материалын хамтаар гомдлоо хугацаандаа гаргасан нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг бүхэлд нь шаардах нөхцлийг бүрдүүлсэн гол ажил гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мэтгэлцж байгаа нь нотлогдохгүй байна.

 

Нөгөө талаар ажлын хөлсийг хөлсөөр ажиллагч буюу хариуцагч нь тооцоолон тогтоосон атлаа ажлын үе шат бүрийн ажлын хөлсийг нарийвчлан тайлбарлаж мэтгэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар талууд шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн гэрээний дагуу урьдчилгөө төлбөрт төлсөн ажлын хөлснөөс 20,000,000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцож, үлдэгдэл 145,000,000 төгрөгийг шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

3. Сөрөг нэхэмжэлийн тухайд:

3.1. Хариуцагч Юникапитал аудит ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Эрдмин ХХК нь Юникапитал аудит ХХК-ийн хамт олны 30-аад жилийн туршид бий болгож хөгжүүлсэн хууль эрх зүй, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн онолын болоод практик мэдлэг, судалгааны ажлын материалд үндэслэсэн, мэргэжлийн өндөр ур чадвар гарган бүх талаас нь сайтар шинжлэн судалж, дүгнэсний үндсэн дээр суурилж бичигдсэн Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлын утга агуулга, санаа, Ноу-Хау-г ёс зүйгүйгээр хуулбарлан ашиглаж завшсан нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 128/ШШ2022/0438 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 221/МА2022/0602 магадлал зэргээр тогтоогдож байх тул 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №АГ20/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний дутуу үлдэгдэл төлбөр болох 165,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3.2. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ гүйцэтгэгч талын хувьд гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн гүйцэт, эцсийн шийдвэр гартал ажиллагаанд оролцоогүй. Гэрээгээр 6 үе шат бүхий ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон, ажлын үлдэгдэл хөлсийг төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу аль нэг тал нөгөө талынхаа өмнө гүйцэтгэсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзах харилцан үүрэг хүлээсэн хоёр талт гэрээ юм.

 

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан ажил, үйлчилгээг гүйцэтгээгүй тохиолдолд тэрээр хөлс шаардах эрхгүй.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Юникапитал аудит ХХК-иас 145,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эрдмин ХХК-д олгож, хариуцагч Юникапитал аудит ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,950 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 882,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА