Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 215/МА2020/00005

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2019/00341 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, 10-р гудамж, 29 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДИ83010914, Х овогт Х.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, 3-р гудамжны 25 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДЮ64032735, Д овогт Ш. Ч холбогдох

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг, Шинэ-Алтай захад байрлах 242 дугаар чингэлгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч Ш.Ч үйлдэл хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

“Шинэ-Алтай” захад байрлах 242  дугаар чингэлгийг иргэн Х.С хууль бус эзэмшлээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Ш.Ч, түүний өмгөөлөгч Ж.Д, нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2003 оноос Шинэ Алтай захад дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж, 2018 оны 11-р сар хүртэл 239 дугаар чингэлгийг ажиллуулж байгаад 242 дугаар чингэлэг ажиллуулдаг Ш.Ч харилцан тохиролцож хоёр чингэлгийг солилцсон. Ингээд 242, 243 дугаар чингэлгүүдийг нийлүүлж дэлгүүр болгон тохижуулан, газар ашиглалтын гэрээгээ Шинэ-Алтай захтай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс байгуулан үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэрээг Шинэ-Алтай захтай байгуулахад Ш.Ч гэх хүн 242 дугаар чингэлэгийн 2016, 2017, 2018 оны газар ашиглалтын түрээсийн төлбөрөө төлөөгүй байсныг түүнд хэлэхэд чи төлчих би чадахгүй гэсэн учир нэгэнт хажуугийн чингэлэгтэй нийлүүлчихсэн байсан учир төлбөрийг төлж гэрээгээ шинэчилж хийсэн. Гэтэл 2019 оны 08-р сарын 21-ний өдөр Ш.Ч гэгч нь өглөө 9 цагаас эхлэн манай дэлгүүрт орж ирж хэрүүл маргаан хийж тухайн өдөр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож улмаар 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өглөө дэлгүүрээ онгойлгох гэтэл манай дэлгүүрийг 2 цоожоор цоожилж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд оруулж саад учруулсан. Сольж авсан 242 дугаарын чингэлэгт  үйл ажиллагаа явуулахад Ш.Ч нь саад хийж, чингэлэгийг цоожлох, хэрүүл маргаан хийх, эд зүйлээ үүдэнд овоолох зэргээр саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоолгох хүсэлттэй байна.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид харилцан тохиролцож 239, 242 дугаар чингэлгүүдийг сольж, Ш.Ч Шинэ-Алтай захад түрээсийн төлбөрийн 900.000 төгрөгийн өрийг би төлснөөр бид харилцан тохиролцсон. Ш.Ч эзгүй хойгуур ийм зүйл хийсэн мэтээр худал тайлбарлаад байна. Намайг 242 дугаар чингэлгийг хажуугийн чингэлэгтэй нийлүүлж залгахад энэ хүн хараад байж байсан. Энэ нь захад түрээс төлсөн баримтаас тодорхой харагдана. Тухайн бүртгэл он, сар, өдөртэй бөгөөд гарын үсэг зурагддаг. 2018 оны 11 дүгээр сараас хойш 242 дугаар чингэлгийн газрын түрээсийн төлбөрийг миний бие төлж, гарын үсэг зурж байсан. 239 дүгаар чингэлгийн газрын түрээсийг Ш.Ч төлж гарын үсэг зурж байсан. Бодит үнэн гэвэл намайг ижил бараа зараад байна гэж шалтаглан хэрүүл маргаан хийж миний чингэлэгийг цоожилж энэхүү маргаан эхэлсэн. Чингэлэг нь хөдлөх эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 111-р зүйлийн 111.2.1-т зааснаар хөдлөх хөрөнгө нь өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийн эрх шилжүүлсэн гэж үзэх учир Ш.Ч 242-р чингэлгийг 2018 оны 11-р сард миний эзэмшилд шилжүүлж 239-р чингэлгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Ч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Х.С нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах Шинэ-Алтай захын эзэмшлийн газар дээр байрлах өөрийн өмчлөлийн 242 дугаар чингэлгийг Ш.Ч нь 2 давхар цоожоор цоожилж, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад нь саад болж байгаа нь хууль бус болохыг тоггоож, саад болохыг зогсоохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Шинэ Алтай захад байрладаг 242 дугаар чингэлэг нь миний өмч бөгеөд би Х.С тохиролцож сольж шилжүүлсэн зүйл байхгүй. Урьд нь Х.С 242 дугаар чингэлгийг зарчих гэж надаас гуйж байхад нь би зарахгүй гэсэн. Учир нь тус чингэлэгт би гэр бүлийн хүний хамт анх наймаа хийж гараагаа эхэлж байсан учир зарах бодол байдаггүй. Энэ хүн миний өмчлөлийн чингэлгийг дур мэдэн хэмхэлж, шудрага бусаар эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие 242 дугаар чингэлгийг анх хойд зах байгуулагдахад 1994 онд Улаанбаатар хотоос худалдан авчирч, наймаа хийж байгаад 2002 оноос шинэ зах дээр нүүж ирэхдээ авчирч байрлуулан одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. 2017 оны 11 дүгээр сард манай эхнэр С.О бие өвдөж даралт харваж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явж, зах дээр байдаг миний өмчлөлийн 2 чингэлэг, 2  павилон цоожтой үйл ажиллагаа явуулаагуй байсан учир захын газар ашиглалтын татварын өр үүсэж байсан. Үүнийг захын удирдлагатай тохирч 2019 оны 6 сар, 8 сард хувааж төлснөөр 900.000 төгрөгний татвар үлдсэн. Ер нь өмнө нь өөрийн ззэмшилийн чингэлгийг 2018 онд бусдад зарж байсан бөгөөд ингэж зарахад захын удирдлагатай тохирч уулзсаны үндсэн дээр шилжүүлэх гэрээ хийж, өмнөх өр авлагаа дуусгаж шилжүүлдэг байсан. Гэтэл миний хувьд 242 дугаар чингэлгийг Х.С гэдэг хүнд зарж, шилжүүлсэн зүйлгүй, өмнө нь Х.С нь 242 дугаар чингэлгээ зарчих гэж байхад нь зарахгүй гэдэг байсан. Өөр хүмүүс бас зарчих гэдэг байсан ч зараагүй. Манай гэр бүлийн хувьд 2018 онд эмчилгээ сувилгаа гэж яваад мөнгө муутай байсан, тухайн үед зах дээр үйл ажиллагаа явуулж байсан 25 дугаар павилон, 102 дугаар чингэлэг, өөрийн гэр орноо хүртэл зарж байсан боловч тэр үедээ 242 дугаар чингэлгийг заралгүй авч үлдэж байсан.

Х.С нь 2018 оны 11 сарын ихээр надад хандаж та хэрэв зарахгүй бол би 243 дугаар чингэлгийг худалдаж авах санаатай байгаа тул 242 дугаар чингэлгийг 239 дугаартай чингэлэгтэй түр сольж хэрэглэе гэж гуйхад нь би цаад санааг нь ойлгоогүй байсан байна. Би тухайн үед бодож байгаад С 239 дугаар  чингэлэг нь одоо миний үйл ажиллагаа явуулж байгаа 77 дугаар павилоны урдаас харж байрладаг учир түрхэндээ болох юм байна гээд би зөвшөөрч түр сольж хэрэглэсэн. Ингээд би эхнэрийн хамт эмчилгээ хийлгэж яваад ирэхэд 243 дугаар  чингэлгийг миний 242 дугаар чингэлэгтэй нийлүүлсэн байсан тул би чингэлгээ авах талаар хэлэхэд Х.С би захад төлөх ёстой 242 дугаар чингэлгийн өр төлбөрийг төлчихсөн, би захтай газар ашиглах гэрээ хийсэн гээд өгөхгүй байгаа. Би Х.С наймаа хийж чингэлгээ зарсан болон миний өрийг төл гэж захын удирдлагуудад хэлж мэдэгдэж байсан удаа байхгүй. Миний өмчлөлийн 242 дугаарын чингэлэг одоо ч миний нэр дээр бүртгэлтэй байдаг, миний зөвшөөрөлгүй Х.С Шинэ Алтай зах өгөх эрхгүй, чингэлэг шилжүүлэх гэрээнд харилцан тохирч гарын үсэг зурсан зүйл байхгүй. 2019 оны 8 дугаар сарын 21-нд би чингэлгээ авах хүсэлт гаргаснаар маргаан гарсан. Х.С нь миний өмчлөлийн 242 дугаар  чингэлгийг миний зөвшөөрөлгүй эвдэлж, өөр чингэлэгтэй нийлүүлснээр миний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулж байна. Хас банкнаас авсан зээлийн барьцаанд энэ 242 дугаарын чингэлэг бүртгэлтэй байдаг тул Х.С зарсан ямарч тохиролцоо гэрээ хэлцэл байхгүй. Миний өмчлөлийн чингэлэг 6.000.000 төгрөгний үнэтэй бөгөөд чингэлгийн 50 хувийг эвдэлж, өрөөсөн талыг нь авч, хаалга нугасаар нь салгаж саарал өнгийн чингэлэг байсныг шар болгож будаж өмчлөх эрхийг минь зөрчиж хохирол учируулсан тул миний өмчлөлийн шинэ алтай захад байрлах 242 дугаар чингэлгийг иргэн Х.С хууль бус эзэмшилээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Ч холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг, Шинэ-Алтай захын эзэмшлийн газарт байрлах 242 дугаар чингэлгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Х.С үндсэн нэхэмжлэлийг, “Шинэ-Алтай захад байрлах 242 дугаар чингэлгийг Х.С хууль бус эзэмшлээс суллуулж, өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Ш.Ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Ш.Ч төлсөн 133.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.Ч өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1.Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгч Д.Я нь миний үйлчлүүлэгчийг загнаж, шүүх хуралдааны явцад мэтгэлцэх зарчмыг хангахгүй шүүх хуралдааны дэгийг сахиулж байсан тул өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзсан хүсэлт бичгээр гаргахад, татгалзалыг хангахгүй өөрөө тус асуудлыг шийдэж хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

2.Шүүх хуралд нэхэмжлэгч хариуцагч нарын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас бодитой үнэлэхгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ш.Ч нь тус маргаан бүхий чингэлгийн өмчлөгч болох нь мөн хууль ёсны өмчлөх эрх ашиг зөрчигдсөн болох нь хангалттай нотлогддог. Гэтэл үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, хэрэг маргааныг шийдвэрлэхдээ өмгөөлөгчтэй шүүх хуралдааны явцад маргасан хувийн хандлага зан авир нь шүүхийн шийдвэр гархад нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.С өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Х.С нь 2018 оны 11 дүгээр сар хүртэл 239 дугаар Шинэ Алтай захад байрлах чингэлгийг ажиллуулж байгаад Ш.Ч 242  дугаар чингэлгээр сольж нэмж өмнөх өр болох 900.000 төгрөгийг нь төлж худалдан авахаар тохиролцсон боловч 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ш.Ч үйл ажиллагаагаа явуулахад нь саад учруулж цоож зүүж эхэлсэн. Учир нь ижил бараа гэх шалтгаанаас болж ийм асуудал үүсгэсэн бөгөөд улмаар чингэлэгээ буцааж авна гэж маргаж эхэлсэн байдаг. Анхан шатны шүүх гэрээний харилцааг буруу дүгнэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үнэ төлбөргүй ашиглуулах гэрээ гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хөдлөх хөрөнгийн тухайд өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгө шилжсэн гэж ИХ-н 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт хуульчилсан байна.

Х.С, Ш.Ч нарын хувьд 2018 оны 11 дүгээр сард 239, 242 дугаарын чингэлэгүүдээ хоорондоо сольж, улмаар Х.С нь 243 дугаарт чингэлгийг худалдан авч 242, 243 дугаар чингэлгийг хооронд нь нийлүүлж дэлгүүр болгосон байдаг. Энэ хугацаанд Ш.Ч зүгээс ямар нэгэн асуудал гаргаагүй атлаа 2019 оны 8 дугаар сард ийнхүү хүний өмчлөх эрхэд халдаж байна. Ш.Ч цаашид Х.С өөрийн өмчдөө үйл ажиллагаа явуулахад нь цаашид саад учруулахгүй байхыг даалгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гомдол гаргаж байна. 2019 оны 10-р сарын 23-ны өдрийн 341 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Х.С нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.   

Анхан шатны шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдийн маргаж буй Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Шинэ-Алтай зах дахь 242, 239 дугаар чингэлэгүүдийг сольж үйл ажиллагаа явуулж байсан болох нь Шинэ-Алтай захын тодорхойлолтоор нотлогдон тогтоогдож байна, маргааны зүйл болох 239, 242 дугаартай чингэлгийг зохигчид өмчилдөг гэх байдал нь нотлогдон тогтоогдоогүй хөдлөх хөрөнгийг эзэмшиж буй этгээд нөгөө талдаа ашиглуулахаар үнэ төлбөргүй шилжүүлсэн гэж дүгнэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 242 дугаар чингэлэг Ш.Ч эхнэр С.О өмч болох нь /хх 64-67/ Хас банкны 2018.10.22-ны зээлийн гэрээгээр тогтоогдож байна гэж үзсэн байна. Ш.Ч эхнэр С.О төлөөлөх эрх олгогдоогүй байна гэж дүгнэжээ.

Ш.Ч 242 дугаар чингэлгийг өмчлөх эрхгүй тохиолдолд 239 дугаар чингэлэгтэй солих, түүнийг захиран зарцуулах боломжтой эсэх нь тодорхойгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хоорондоо зөрчилтэй, хэргийн үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тодорхой байдлаар нотлогдоогүйн дээр шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Говь-Алтай аймаг Есөнбулаг сум дахь Шинэ-Алтай зах нь эзэмшиж буй худалдаа үйлчилгээний зориулалт бүхий газраа худалдаа эрхлэгчдэд харилцан тохиролцон эзэмшүүлэн төлбөр хураамж авдаг, худалдаа эрхлэгчид өөрсдийн чингэлгээ өмчилдөг байна. Зохигчид 242, 239 дугаар чингэлэгүүдийг түр хугацаагаар сольж эзэмшиж байсан уу, эсхүл чингэлгүүдийн өмчлөх эрхээ харилцан тохирч шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болж байгаа бөгөөд хэргийн үйл баримт бодитой тогтоогдоогүй байхад үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Ш.Ч өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгч Д.Я нь миний үйлчлүүлэгчийг загнаж, шүүх хуралдааны явцад мэтгэлцэх зарчмыг хангахгүй шүүх хуралдааны дэгийг сахиулж байсан тул өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзсан хүсэлт бичгээр гаргахад, татгалзалыг хангахгүй өөрөө тус асуудлыг шийдэж хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Шүүхийн өмнө эрх тэгш байх, мөн хуулийн 6 дугаар зүйл Мэтгэлцэх зарчим. 6.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заажээ. Хэргийн 118-120 дугаарт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс шүүх хуралдааны явцад мэтгэлцэх зарчмыг хангаагүй хэргийн оролцогчоос гаргасан татгалзан гаргах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

               1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 341 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Х.С төлсөн 70200 төгрөг, Ш.Ч төлсөн 133150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

               3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.Э

                 ШҮҮГЧИД                               Т.Ж

                                                                Ш.Б