Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0255

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Н*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Үндэсний аудитын газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Н******* Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны б/268 дугаар тушаалаар намайг албан тушаал үндэслэлгүй бууруулж, өөр ажилд өөрчлөн томилсон болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажиллаагүй байсан хугацааны цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, гэрч Д.Э*******, Д.Б*******, Б.А*******, Д.Г*******, М.Д*******, Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Б.Н******* 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Гүйцэтгэлийн аудитын газарт аудитороор ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны б/268 дугаар тушаалаар намайг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-г үндэслэн ажлаас чөлөөлж Архангай аймгийн аудитын газарт шинжээчээр томилсон нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Учир нь Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг шууд удирдлага болох газрын дарга 2015 оны 7 дугаар сарын 1-ны өдөр 80 оноо буюу В гэж үнэлсэн атал ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг тогтоогоогүй, ямар нэгэн шалгалт шүүлэг аваагүй, атестатчлалд хамруулаагүй. Архангай аймагт очиж ажиллахад орон байр байхгүй нийгмийн асуудал шийдэгдээгүй. Ар гэрийн ахуй амьдрал орхигдох бөгөөд би 9-14 насны 2 хүүхэдтэй, эхнэр Улаанбаатар хотод ажилладаг, хүүхдүүд сургууль шилжих шаардлагатай. Өвлийн улирал буюу хүйтэн сэрүүний улирал эхэлсэн.

Иймд миний бие Ерөнхий аудиторын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/268 дугаартай албан тушаал өөрчлөн томилсон тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд өргөдөл өгсөн боловч Төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1428 дугаар албан бичгээр надад та Аудитын байгууллагад аудитороор томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албанд анх иргэний сонгон шалгаруулалтанд орж томилогдоогүй байх тул таны өргөдөлд дурдсан асуудлыг мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Гэтэл миний бие 2008 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагчаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Үндэсний Аудитын газарт Шинжээчийн албан тушаалд Монгол Улсын Төрийн Аудитын газарт Шинжээчийн албан тушаалд Монгол Улсын Төрийн Аудитын тухай хуульд зааснаар тангараг өргөн ажиллаж байсан. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шууд шүүхээр шийдвэрлүүлж болно гэж заасан учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт, Б/268 дугаар тушаалд заагдсан ёс зүйн зөрчил гаргасан гэсэн ёс зүйн хорооны дүгнэлт байх ёстой. Энэ талаар дүгнэлт байхгүй байна. Хоёрдугаарт, Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах тухай Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан байхад надтай тохиролцсон зүйл байхгүй. Гуравдугаарт, намайг өөрийн хүсэлтээ 7 дугаар сарын 16-нд гаргасан гэж хэлсэн, хэрэв хүсэлтийн дагуу сэлгэн ажиллуулж байгаа бол 30 хоног шаардлагатай тохиолдолд дахин 30 хоногоор сунгаж 9 дүгээр сарын 16-ны дотор шийдвэрлэх ёстой. Тушаалыг уг хугацаа хэтэрсний дараа гаргасан, мөн тушаалд хүсэлтийг үндэслэсэн талаар дурдсан зүйл байхгүй учраас Б/268 дугаар тушаал үндэслэлгүй тушаал юм.

Монгол улсын ерөнхий аудиторын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн б/268 дугаар тушаалаар Б.Н******* намайг албан тушаал үндэслэлгүй бууруулж, өөр ажилд өөрчлөн томилсон болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулахыг даалгах гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Үндэсний Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газарт аудитороор ажиллаж байсан Б.Н*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

  1. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баасансүрэнгийн Н*******г Үндэсний Аудитын газрын шинжээчийн албан тушаалаас чөлөөлж, Архангай аймгийн аудитын газрын шинжээчийн албан тушаал томилохдоо өөрийнх нь өргөдөл, хүсэлтийг үндэслэсэн.

Б.Н******* нь 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан ...2015 оны эхний хагас жилийн ажлын үзүүлэлт, Гүйцэтгэлийн аудитын газрын дарга менежрүүдийн дүгнэлтээр хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн. Миний бие цаашид аудитын байгууллагад ажиллах хүсэлтэй байгааг харгалзан үзэж орон нутагт сэлгэн ажиллуулж өгнө үү гэсэн өргөдөл гаргасан.

Мөн Б.Н*******д архи уусан үедээ ажил тасалж, удаа дараа ажлын цагаас хоцорсон гэх үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 180 дугаар тушаалаар албан тушаалын цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 363 дугаар тушаалаар албан тушаалын цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулж байсан.

2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Гүйцэтгэлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Н******* нь Б.Н*******гийн ажил байдлын талаар дүгнэлт гаргаж, орон нутагт томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхий тавьсан. Дээрх дүгнэлтэд Б.Н*******г ажлын цагаар ажил дээрээ байдаггүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн алдаа дутагдлыг засахгүй байгаа талаар мэдэгдсэн. Б.Н******* нь архи байнга уудаг, энэ нь хэд хоногоор үргэлжилдэг, ажил алба хэд хоногоор үргэлжлүүлэн тасалдаг дутагдал нь олон жил давтагдаж засрах боломжгүй байдалд орсон нь баримтаар нотлогддог.

Ажлын цаг барьдаггүй, ажлын цаг хийдүүлдэг, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байна гэсэн дүгнэлтүүд удаа дараа хамт олон, газрын удирдлагуудаас ирж байсан.

Ганц жишээ татахад Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан нь Б.Н*******г төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсныг харуулж байна.

  1. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг өөрийн шууд удирдлага болох Гүйцэтгэлийн аудитын газрын даргатай байгуулан хагас болон бүтэн жилээр дүгнүүлдэг бөгөөд 2015 оны эхний хагас болон бүтэн жилээр дүгнүүлдэг бөгөөд 2015 оны эхний хагас жилийн ажлаа 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дүгнүүлэхэд 80 оноо буюу В үнэлгээ авсан болно гэж дурдсан байна.

Энэ талаар гүйцэтгэлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Н******* дараах тайлбарыг ирүүлсэн.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 5.2-т Төрийн жинхэнэ албан хаагч гэрээнийхээ хэрэгжилтийн явц байдлыг менежерт улирал тутам албан ёсоор мэдээлэх ба талууд явц байдлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч ажиллана. Байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж (албан хаагч) төрийн жинхэнэ албан хаагчийн гэрээний биелэлтийн явц байдалд хагас жил тутам хяналт-шинжилгээ хийнэ, 6.3-т Гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэнэ, 6.7-д Гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсанд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан байдаг.

Илтгэх хуудасны 1-т Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийн биелэлтийн нийт дундаж оноог 80 гэж хяналт шинжилгээ /ГАГ-ын Төсвийн гүйцэтгэлийн аудитын албаны менежер Д.Б нь Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 5.2-т заасныг үндэслэн/ хийсэн байна. Харин В гэсэн үнэлгээ өгөөгүй байна.

Гүйцэтгэлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Н******* би 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр уг албан тушаалд томилогдсон бөгөөд Б.Н*******гийн 2015 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд хийсэн үр дүнг үнэлэх, дүгнэх, хяналт шинжилгээ хийхэд тухайн аудиторын ажилд хандах хандлага, идэвх оролцоог, хувь хүнийг нь танихад цаг хугацааны хувьд богино, шууд үнэлэх боломжгүй байсан. Иймд Гүйцэтгэлийн аудитын газрын Төсвийн гүйцэтгэлийн аудитын албаны аудитор Б.Н*******гийн 2015 оны үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн биелэлтийг үнэлэх Илтгэх хуудас албажиж, баталгаажаагүй болно

Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор Б.Н******* нь Төрийн албаны тухайн хууль, Төрийн аудитын тухай хууль, Үндэсний аудитын газрын хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм зэргийг хэрхэн баримталж ажиллаж байсан. Мөн Үндэсний аудитын газрын, Гүйцэтгэлийн аудитын газрын үүрэгт ажлыг төрийн жинхэнэ албан хаагчийн болон төрийн аудитын байгууллагын тангараг өргөсөн хуульд захирагдана ажиллах, албан үүргээ шударгаар биелүүлэх, үүрэг хариуцлагаа хэрхэн баримталж ажиллаж байсан талаар хэрэгт авагдсан баримтаар тодорхой харлаа. Нэхэмжлэгч Б.Н*******гийн нэхэмжлэлд дурдсан Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг 2015 оны эхний хагас жилээр дүгнэж 80 оноо буюу Б үнэлгээ авсан гэсэн байгаа. Уг гэрээг дүгнэсэн асуудал нь бүрэн баталгаажаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад 80 оноо гэсэн болохоос биш Б үнэлгээ авсан тухай баримт байхгүй. Нэхэмжлэгч Б.Н******* уг асуудлаар ярьж байсан учраас тодруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Төрийн Албан Зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 3 дугаар заалтын 3.1.1-т байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө болон Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөн хэрэгжүүлэхээр тусгагдсан ажил, мөн гэрээний хэрэгжилтийн талаар улирал тутам мэдээлж, үнэлгээ хариуцсан нэгж хагас жил тутам зүгээр шинжилгээ хийнэ гэж заасан байдаг. Хуульд зааснаар бол үр дүнгийн гэрээг жилээр дүгнэдэг. Нэхэмжлэгч Б.Н******* нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Үндэсний аудитын газар ажиллаж байсан. Б үнэлгээ авсан гэх гэрээний дүгнэлтийг 6 дугаар сард хийсэн буюу хагас жилээр хийсэн дүгнэсэн асуудал.

Өөртэй нь тохиролцож томилох ёстой талаар ярьж байсан. Нэхэмжлэгч Б.Н*******гээс өөр албан тушаалд шилжүүлж ажиллуулах тухай хүсэлтийг авсан. Хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор санал авсан. Гүйцэтгэлийн аудитын газрын ёс зүйн дүгнэлт хийсэн баримт, ажилд сэлгэн ажиллулж тухай өөрийнх нь өгсөн хүсэлт, удаа дараагийн хуралд авагдсан арга хэмжээнүүд гээд тушаалыг гаргахдаа олон зүйлийг харгалзана үндэслэж гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Н******* өөрөө хүсэлтээ өгөөд тушаал гарахыг хүлээж байсан нь нотлох баримт шинжлэн судлах үед нотлогдлоо. Ерөнхий аудиторын тушаал хууль зүйн үндэслэл бүхий, эрх хэмжээнийхээ хүрээнд бүтэц зохион байгуулалт, орон тоог батлах, ажилтанг томилох, чөлөөлөх эрх нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан байгаа, мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасны дагуу шаардлагатай сул орон тоо гарсан учраас мөн өөрийнх нь хүсэлтийг үндэслэж томилгоо хийсэн. 2013 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан Ёс зүйн дүрэм-ийн нэмэлт өөрчлөлтөд ... хариуцсан нэгж ... гэж байгаа. Өөрөөр хэлбэл ёс зүйн зөрчил гаргасан тухай мэдээллийг тухайн ажилтныг хариуцсан нэгжийн дарга, захирлууд холбогдох материалыг байгууллагын захиргаанд өгнө гэсэн зүгээр албажуулах үүрэгтэй байгаа. Тиймд тушаал хууль зүйн үндэслэл бүхий гарсан учраас иргэн Б.Н*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н******* нь тус шүүхэд Монгол улсын ерөнхий аудиторын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн б/268 дугаар тушаалаар Б.Н******* намайг албан тушаал үндэслэлгүй бууруулж, өөр ажилд өөрчлөн томилсон болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажиллаагүй байсан хугацааны цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн б/268 дугаар тушаалаар Б.Н*******г Үндэсний аудитын газрын шинжээчийн албан тушаалаас чөлөөлж, Архангай аймгийн аудитын газарт шинжээчээр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Н******* 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт[1] Миний бие 2015 оны эхний хагас жилийн ажлын үзүүлэлт, Гүйцэтгэлийн аудитын газрын дарга менежерүүдийн дүгнэлтээр хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн. Цаашид аудитын байгууллагад ажиллах хүсэлтэй байгааг харгалзан үзэж орон нутагт сэлгэн ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байдаг.

Түүнчлэн Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б.Н*******гийн ажил байдлын талаар дүгнэлтдээ[2] Аудитор Б.Н******* ажлын цаг ашиглалт хангалтгүй, сахилгын шийтгэлийг өмнөх жилүүдэд 2 удаа авч байсан. 2015 оны 5 дугаар сарын 20, 26-ны өдрүүдэд хамт олны хурлаас алдаа зөрчлөө засах талаар амласан боловч засаагүй, газрын даргаас өгсөн үүрэг даалгаварыг хангалттай хэмжээнд биелүүлээгүй, ... сүүлийн 10 дугаар сарын 2.8.9-ний өдрүүдэд ажил дээрээ байгаагүй, хувиарлаж өгсөн ажлыг хийж гүйцэтгээгүй. ...Иймд Б.Н*******г орон нутагт сэлгэн ажиллуулж өгөхийг хүссэн өөрийн хүсэлтийн дагуу орон нутагт томилуулах саналтай байна гэжээ.

Дээр дурдсан хүсэлт, санал зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Н*******гийн Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах тухай Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар тохиролцоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, мөн түүнчлэн нэхэмжлэгч 7 дугаар сарын 16-нд гаргасан хүсэлтийн дагуу сэлгэн ажиллуулж байгаа бол 30 хоног, шаардлагатай тохиолдолд дахин 30 хоногоор сунгаж 9 дүгээр сарын 16-ны дотор шийдвэрлэх ёстой. Тушаалыг уг хугацаа хэтэрсний дараа гаргасан, мөн тушаалд хүсэлтийг үндэслэсэн талаар дурдсан зүйл байхгүй гэж маргасан боловч 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд[3] ... Д.Н*******г орон нутагт сэлгэн ажиллуулах өөрийн хүсэлтийн дагуу орон нутагт томилуулах саналыг хүлээж авахаар боллоо гэснээс үзэхэд Б.Н*******гийн хүсэлтийг Монгол улсын ерөнхий аудитор шийдвэрлэхийг зөвшөөрсөн бөгөөд Гүйцэтгэлийн аудитын газрын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлд[4] Б.Ганхүү ажилдаа ирээгүй шалтгаанаа тушаал хүлээж байгаа гэж тайлбарласан, мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад Б.Н******* хариулахдаа ... тушаал гарахыг хүлээж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Мөн Б.Н******* нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 180 дугаар тушаал, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 363 дугаар тушаалаар албан тушаалын цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус хүлээсэн боловч дахин зөрчил гаргадаг, түүнчлэн тодорхой шалтгаангүйгээр ажил тасалдаг, хариуцсан ажлаа чанаргүй гүйцэтгэдэг талаар Гүйцэтгэлийн аудитын газрын хурлаар удаа дараа хэлэлцэгдэж байсан нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлүүд, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Б.Н*******гийн 2015 оны үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн биелэлтийг үнэлэх илтгэх хуудсанд Гүйцэтгэлийн аудитын газрын дарга М.Н******* гарын үсэг зурсан боловч уг илтгэх хуудас албан ёсоор баталгаажаагүй тул ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн түүнчлэн ёс зүйн зөрчил гаргасан талаар дүгнэлт хийх боломжгүй.

Харин Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно, мөн Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй гэж зааснаар Монгол улсын ерөнхий аудитор өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн Б.Н*******гийн гаргасан хүсэлт, түүнийг шууд удирдах даргын санал, ажил албан тушаалаа хэрэгжүүлж байгаа байдлыг харгалзан дээр дурдагдсан зөрчлүүдэд хариуцлага ногдуулалгүйгээр цаашид аудитороор ажиллах боломжоор хангаж, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн б/268 дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын шинжээчийн албан тушаалаас чөлөөлж, Архангай аймгийн аудитын газрын шинжээчийн албан тушаалд томилсон нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Н*******гийн Монгол улсын ерөнхий аудиторын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн б/268 дугаар тушаалаар Б.Н******* намайг албан тушаал үндэслэлгүй бууруулж, өөр ажилд өөрчлөн томилсон болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажиллаагүй байсан хугацааны цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н*******гийн Үндэсний Аудитын газарт холбогдуулан Монгол улсын ерөнхий аудиторын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн б/268 дугаар тушаалаар албан тушаал үндэслэлгүй бууруулж, өөр ажилд өөрчлөн томилсон болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажиллаагүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН