Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/516

 

 

 

 

       2022           5            12                                        2022/ДШМ/516

 

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,  

хохирогч Г.Бгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,

яллагдагч Д.Э, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/787 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаартай прокурорын эсэргүүцлээр яллагдагч Д.Эд холбогдох 2109002711613 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

Д.Э нь Хүнсний импортын бараа худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ний түрээслэн ашигладаг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” нэртэй захын 6 дугаар лангуунд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгээр худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулсны мөнгө, орлогыг гэрээнд зааснаас өөр байдлаар буюу худалдан борлуулсны төлбөр, мөнгийг өөрийн төрсөн охины дансаар шилжүүлэн авахдаа бусдад шилжүүлэх, өөрийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, барааны үнийг дур мэдэн нэмж зарж борлуулан хувьдаа авч нийт 7.488.850 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нэг. 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогчийг төлөөлж “Т” ХХК-ийн захирал Б.Т, ажилтныг төлөөлж Д.Э нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлох ба яллагдагч Д.Э нь “Т” ХХК-д ямар ажил үүрэг гүйцэтгэж, хэдэн нэр төрлийн ямар ямар эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байсан гэх хэргийн үйл баримтыг тогтооход хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгө хүлээлцсэн талаар бусад холбогдох баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлэх зайлшгүй шаардлагатай.

Хоёр. Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор Г.Бг хохирогчоор тогтоон, мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

...Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуулийн этгээдийг хохирогчоор тогтоолгүйгээр Г.Бг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал: гэмт хэргийн хохирогч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн итгэмжлэлээр хохирогчоор оролцох хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ба хэргээс үзэхэд Г.Бгаас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчоор мэдүүлэг авснаас хойно буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр "Т” ХХК-аас Г.Бд итгэмжлэл олгосон баримт хэргийн 89 дүгээр хуудаст авагдсан байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, мэдүүлэг авах ажиллагааг дээрх хуулийн заалтад нийцүүлэн явуулах нь зүйтэй.

Гурав. Хохирогч хуулийн этгээд болох “Т” ХХК нь хэзээ үүсгэн байгуулагдсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар холбогдох баримтууд хэрэгт авагдаагүйгээс хохирогчийн эрх зүйн байдлыг тодорхойлох боломжгүй тул тус компанийг үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичгүүдийг гаргуулан хэрэгт хавсаргах.

Дөрөв. Яллагдагч Д.Эд холбогдох эрүүгийн хэргийн хохирлын хэмжээг нэг талын тооцоо бодсон баримтаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасантай нийцээгүй тул хохирол хор уршгийн хэр хэмжээг холбогдох санхүүгийн баримтуудыг үндэслэн шинжээч томилж тогтоох зэрэг ажиллагааг шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаажээ.

Прокурор П.Бямбасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Д.Э нь “Т” ХХК-ний түрээслэдэг “Саруул” захын 6 дугаар лангуунд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан нь “Хөдөлмөрийн гэрээ”, Тооцоо нийлсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “... ТХХК-д учруулсан хохирол /7.488.580/ төгрөг 2021 оны 5 дугаар сарын 31- ний өдөр дансаар графикийн дагуу төлнө” гэсэн “Төлбөр барагдуулах гэрээ”,төлбөр төлөх график, тооллого хийсэн баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж ажиллаж байсан тогтоогдож байна.

“Т” ХХК нь гэр бүлийн гишүүдээс бүрдсэн, бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Хэрэгт “Т” ХХК-ний захирал Б.Т, гүйцэтгэх захирал Г.Б нар ажилладаг, хэрэгт авагдсан гэрч Б.Тын “...би “Т” ХХК-ний захирал ажилтай, өөрийн нэрийн цэг болох лангууг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Саруул” худалдааны төв дээр нээн Эыг худалдагчийн ажилд томилон ажиллуулсан, тооллого дээр 6.026.340 төгрөг, мөн 1.462.240 төгрөгийн өртөг үнийн дүнтэй дүйцэхүйц бараа болон бэлэн мөнгө дутсан, хохирол барагдуулах гэрээ байгуулан ажилласан боловч ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, ...манай байгууллагын тооллогыг нягтлан бодогч Батбилэг /99083371/, сар болгоны эхэнд хийдэг,...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дугаар тал/

Гэрч Л Батбилэгийн “... худалдагч Д.Этай бараа бүтээгдэхүүний тооллогыг нийт 5 удаа хийсэн, эхлээд 6.026.340 төгрөгийн зөрүү гарсан, дараагийн тооллогыг хүлээсэн, хүлээх зуураа бараа бүтээгдэхүүний үнэ зөрүүтэй эсэхийг шалгаж падаанаа тулгаж үзэхэд бүгд зөв байсан, 2 дахь тооллогоо маш сайн нарийн нягталж тоолсон, дахиад 1.462.240 төгрөг дутсан өмнөх тооллогоос 6.026.340 төгрөг дутсан нь батлагдаж нийт 7.488.580 төгрөгийн хохирол учирсан.

Б.Т Г.Б 2 захиралдаа орж дутагдал гарсныг танилцуулсан, тооллого хийхдээ санхүүгийн баримт болон худалдагч Д Эын хар дэвтэртэй тулгаж хийдэг, энэ талаар тэмдэглэл бичиж гарын үсэг зурсан, худалдагч Д.Эд анх ажилд ороход нь бараа бүтээгдэхүүн тоолж хүлээлгэн өгсөн, Д.Э өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан, Л Эд өөрт нь ч гэсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/.

Мөн Хаан банкны 5163314551 тоот дансыг УХ03242649 регистрийн дугаартай Амарбатын Дөлгөөн эзэмшдэг, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдсөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга өр авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Г.Б нь тус компанийн гүйцэтгэх захирал албан тушаалтай, импортын бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсны орлого Г.Б харилцагчтай данс руу шилжүүлж,  Г.Б, Д.Э нар нь төлбөр тооцоогоо тулгаж явдаг байна.

2. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “...гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж хуульчилсан тул Г.Бг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан.

Г.Б нь “Т” ХХК-ийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна...” гэж заасанчлан тус аж ахуй нэгжийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, хохирогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй этгээд мөн юм.

“Т” ХХК-ний захирал Б.Таас гүйцэтгэх захирал Ганболд овогтой Б албан тушаал хашдаг нь үнэн болно, үүнтэй холбогдуулан итгэмжлэлийг явуулж байна” гэсэн албан тоот ирүүлсэн.

Хэргийн аль ч оролцогч энэ тал дээр маргаагүй байхад компанийг үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичгүүдийг гаргуулан хэрэгт хавсаргахаар зааж дээрх байдлуудыг тодорхойлсон хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг буцаажээ.

3. Хэрэгт гэрч нарын мэдүүлэг, тооцоо нийлсэн акт, “Хөдөлмөрийн гэрээ”, “Төлбөр барагдуулах гэрээ”, төлбөр төлөх график, тооллого хийсэн баримтууд цугласан.

Дээрх удаа дараагийн тооллого хийгдсэн баримтуудаар Д.Эын дутагдуулсан бараа, бүтээгдэхүүний дутагдал, төлбөр тооцооны зөрүүг хоёр тал баримтаар тулгасан, 2020.12.09, 2020.12.06 өдрүүдэд тооллогоор дутагдал гараагүй, 2020.11.30 өдрийн тооллогоор 12.163.500 төгрөгөөс 1.462.240 төгрөгийн, 2020.10.30-ны өдрийн тооллогоор 15.260.300 төгрөгөөс 6.026.340 төгрөгийн нийт 7.488.580 төгрөгийн дутагдал гарсныг тооцоог зөвшөөрч Д.Э гарын үсэг зуран баталгаажуулсан, тухайн тооцоог гаргасан.

Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Г.Бгийн эд хөрөнгөд хохирол учирсныг санхүүгийн баримт болон Д.Э нь өөрт байх хар дэвтэр дэх бүртгэлтэй тулган тооцоо нийлсэн нь хангалттай нотлогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “... яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэдгийг хуульчилж өгсөн, яллагдагчийн мэдүүлэг, түүнээс ирүүлсэн баримтуудыг үнэн зөв байхыг шаардах эрхгүй юм.

Тус компани, түүнийг төлөөлөн удирдах эрх бүхий хохирогчид учирсан хохирлыг компанийн санхүүгийн баримтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоох байтал шүүх “Эрүүгийн хэргийн хохирлын хэмжээг нэг талын тооцоо бодсон баримтаар тогтоож ирүүлсэн” гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хангалттай тогтоогдож байх тул тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн  үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгүүлэх шинжээч томилох шаардлагагүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нолох баримт цугласан тул хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.

Хэрэв шүүх санхүүгийн баримтуудыг үндэслэн шинжээч томилж тогтоох ажиллагааг хийлгэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд “шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх...”-ээр шүүх хуралдааныг хойшлуулахаар заасан байх тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Д.Эд холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/787 дугаартай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

хохирогч Г.Бгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс Д.Эын ажлын байрны тодорхойлолтыг заавал авах шаардлагатай гэж дүгнэсэн ч өмгөөлөгчийн зүгээс авах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, “Т” ХХК-д худалдагчаар ажилладаг болохоо яллагдагч хүлээн зөвшөөрдөг, мөн хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан байгаа тул заавал ажлын байрны тодорхойлолтыг авах шаардлагагүй. Нөгөөтэйгүүр “Т” ХХК нь жижиг лангуу эрхэлдэг компани. Иймд жижиг лангуу эрхлэгч нар ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргийг хуульд яг таг нийцүүлэх боломжгүй. Авагдсан баримтын хүрээнд шүүгч өөрөө дүгнэлт хийн шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байгаа. Мөн анхан шатны шүүхээс хохирогчоор тогтоогдох ёстой этгээд хохирогчоор тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. “Т” ХХК нь гэр бүлийн компани, нөхөр нь ерөнхий захирал, эхнэр нь гүйцэтгэх захирлаар ажилладаг. Хавтаст хэрэгт “Т” ХХК-г Г.Б төлөөлж оролцоно гэсэн баримт байгаа. Энэ баримтын хүрээнд шүүгч шийдвэр гаргах боломжтой байсан. Компанийн бичиг баримтыг зайлшгүй авах ёстой гэж дүгнэсэн нь мөн л үндэслэлгүй. Тухайн компани үйл ажиллагаагаа явуулдаг болох нь гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог учир заавал бичиг баримтыг авах шаардлагагүй гэж үзэж байна. Түүнчлэн яллагдагч хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Яллагдагч хохирлыг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр төлбөр барагдуулах гэрээ хийсэн байдаг. Нэгэнт яллагдагч хохирлыг хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах гэрээ хийсэн тохиолдолд заавал шинжээч томилуулах шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

яллагдагч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Т” ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр албан ёсоор ажилд орсон. Нийт ажилласан 65 хоногийн хугацаанд 74.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн падаанаар хүлээн авч, 56.000.000 төгрөгийн орлогыг энэ компанид оруулсан байдаг. Энэ нь пос машины баримт, мобайл банкны гүйлгээний түүх, дансны хуулга зэрэг нотариатын баталгаатай баримтуудаар нотлогддог. Намайг маш ихээр айлган сүрдүүлж, хууран мэхэлж гарын үсэг зуруулсан. Нэг баримтад “бараа дутаагүй байна, үүн дээр гарын үсгээ зурчих” гэж гарын үсэг зуруулаад маргааш нь “чи компанийн мөнгө дутаасан, хулгайч минь төл, хүүхдийг чинь ална” гэж айлган сүрдүүлсэн. Би үнэхээр чин сэтгэлээсээ ажиллаж байсан. Би бараа бүтээгдэхүүн, мөнгө дутаагаагүй. Надад Хаан банкны данс байдаг ч тэр нь зөвхөн орлого хийдэг данс юм. “Энэ дансаараа орлогоо авч болох уу” гэж асуухад “хэрэггүй, охиныхоо картын данс руу орлогоо авч бай” гэсний дагуу охиныхоо дансаар орлого зарлага хийдэг байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

яллагдагч Д.Эын өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын яллагч эсэргүүцэлдээ Г.Бг “Т” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд учир нотлох баримтуудыг хавсаргах шаардлагагүй гэсэн байна. Д.Э “Т” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилд орсон, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэдэг. Үүнээс үзэхэд хохирогч нь “Т” ХХК буюу хуулийн этгээд болох юм шиг харагдаж байгаа учир шүүгчийн захирамжийн гурав дахь хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос хэргийн оролцогчдыг маргаагүй гэдэг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хэлэлцүүлэх хүсэлтийг өмгөөлөгч миний бие гаргасан. Энэ дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж, шүүгчийн захирамж гарч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Миний бие яллагдагчийн хамт хэргийн хохирогч нь хэн гэдгийг тогтоож чадаагүй байна гэж маргасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуулийн этгээдийг хохирогчоор тогтоолгүйгээр Г.Бг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн шаардлагад нийцээгүй. Тодруулбал гэмт хэргийн хохирогч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн итгэмжлэлээр төлөөлөх этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Г.Бгаас хохирогчоор мэдүүлэг авсан нь түүнийг хохирогч мэтээр харагдуулдаг. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Т” ХХК-с Г.Бд итгэмжлэл олгосон баримт хэрэгт авагдсан байдаг. Мөн прокуророос “Т” ХХК-с Д.Этай тооцоо тулгаж, хохирол тогтоогдсон гэж үзсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, бодит байдалтай нийцдэггүй ба төлбөр тооцоо нийлсэн баримт байдаггүй. Д.Эд хар дэвтэр байхгүй, түүнийг ажилд ороход бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримт байдаггүй. Ийм учраас анхан шатны шүүхээс эдгээр баримтуудыг шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн. Прокурорын яллах дүгнэлтэд нотлох баримтаар үнэлэгдсэн тооцоо нийлсэн акт, төлбөр барагдуулах гэрээ зэрэг нь бүгд Д.Эыг хууран мэхэлж үйлдсэн баримтууд ба Д.Эыг сүрдүүлэн дарамталж төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зуруулсан. “Т” ХХК-н захирал болох Г.Б, Б.Т нар нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд гэрч Л.Батбилэг нь тэдгээрийн хамаатан садны хүн юм. Түүнчлэн Д.Эын “Т” ХХК-д учруулсан гэх 7.488.850 төгрөгийн хохирлыг хэрхэн учруулсан талаар шалгаж тогтоогоогүй. “Т” ХХК-д шинжээч томилж, санхүүгийн шалгалт хийлгэх шаардлагатай. Хавтаст хэрэгт авагдсан Г.Б, Л.Батбилэг нарын  дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангахгүй ба энэ баримтаар Д.Эыг буруутай эсэхийг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Харин Д.Эаас өмгөөлөгчөөр дамжуулж гаргаж өгсөн барааны падаанууд, пос машинаар гүйлгээ хийсэн орлого, зарлагын баримтууд, Д.Эын охин Дөлгөөний дансны хуулганууд зэрэг нийт 95 хуудас баримт үнэн бодитой бөгөөд энэ баримтуудад тулгуурлан “Т” ХХК-д санхүүгийн шалгалт хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, мөн хуулийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” нотлох гэсэн заалттай бүрэн нийцнэ. Прокурор анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулаад шинжилгээ хийлгэж болох байсан гэж эсэргүүцэлд дурджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн” бол шүүх хуралдааныг хойшлуулна, мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно” гэж заасан. Гэвч энэ хэрэгт өмнө шинжилгээ огт хийгээгүй учир нэмэлт шинжилгээ гэсэн ойлголт яригдахгүй, мөн шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилохгүй. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг прокурорт буцаасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл яллагдагч Д.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Д.Эд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжид заасан “...Д.Э нь “Т” ХХК-д ямар ажил үүрэг гүйцэтгэж, хэдэн нэр төрлийн ямар ямар эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байсан гэх хэргийн үйл баримтыг тогтооход хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгө хүлээлцсэн талаар бусад холбогдох баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлэх зайлшгүй шаардлагатай. ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуулийн этгээдийг хохирогчоор тогтоолгүйгээр Г.Бг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн шаардлагад нийцээгүй. ...хохирогч хуулийн этгээд болох “Т” ХХК нь хэзээ үүсгэн байгуулагдсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар баримтыг хэрэгт хавсаргах, ...хохирол, хор уршигийн хэр хэмжээг холбогдох санхүүгийн баримтуудыг үндэслэн шинжээч томилж тогтоох. ...” гэх 4 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг билээ.

“Завших” гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

“Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих” гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээний үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог.

“Т” ХХК нь яллагдагч Д.Эд хичнээн төрлийн, ямар бараа бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцуулж өгсөн талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй нь тухайн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “завших” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт хийхэд эргэлзээ төрүүлж байна. 

Мөн Д.Э нь “Т” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд тухайн компанид эд хөрөнгийн хохирол учирсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Т” ХХК-ийг хохирогчоор тогтоох нь хуульд нийцнэ.

Шүүгчийн захирамжид ““Т” ХХК нь хэзээ үүсгэн байгуулагдсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар холбогдох баримтуудыг гаргуулан хэрэгт хавсаргах” гэж дурдсан нь үндэслэлтэй, уг ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг нотлоно. ...” гэж хуульчилсан байх тул холбогдох санхүүгийн баримтуудыг үндэслэн шинжээч томилж хэдий хэмжээний хохирол учирсан талаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/787 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/787 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ