Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00188

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.А

Нэхэмжлэгч: Х.Д

Хариуцагч: Э.М

Нэхэмжлэлийн шаардлага: 3,100,000 /гурван сая нэг зуу мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй,132/2024/00035/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгч Х.А*******, Х.Д*******,

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э*******,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.А*******, Х.Д******* нар нь Э.Мөнх-Эрдэнэд холбогдуулан эмээлийн бааврын үнэ 3,100,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Үүнд:

1.1.Х.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай хүү Д******* 2016 онд цэрэгт явсан ба хүүгээ 2017 онд цэргээс ирэхэд нь нөхөр бид хоёр ярилцаж байгаад эмээлийн хэрэглэл, байраа хүү Д*******таа бэлэглэсэн. Мөнх-Эрдэнэ манай хүүгээс эмээлийн бааврыг нь аваад ломбардад тавиад төлж өгнө гэж явсаар байгаад өдийг хүрсэн тул Мөнх-Эрдэнээс мөнгөө авахыг хүсэж байна” гэжээ. 

1.2.Х.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 онд цэргээс халагдаж ирэхэд аав, ээж 2 эмээлийн мөнгөн баавар, одоо амьдарч байгаа байрыг бэлэглэсэн. Бэлэглэхдээ ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй, амаар бэлэглэсэн. Би 2017 оны 10 дугаар сарын дундуур 100,000 төгрөгөөр эмээлийн баавраа ломбардад тавьсан. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Мөнх-Эрдэнэ уулзъя гэж дуудаад бид хоёр уулзаад караокед 2, 2 пиво уугаад гарч явахдаа “Төгөл” худалдааны төвийн хажууд хэдэн хүнтэй маргасан. Тэр хүмүүс нь намайг барьж аваад байж байхад Мөнх-Эрдэнэ хажуугаас орж ирээд нэг хүүхнийг нь цохисон. Н******* гэх охиныг охин гэж мэдээгүй цохисон гэж хэлсэн. Тэгээд маргааш нь нэг хүн над руу утсаар яриад танай найз миний шүдийг хугалсан, найзынхаа утасны дугаарыг өг, эсвэл шүдний мөнгийг өөрөө төл гэж хэлсэн. Тэгээд би Мөнх-Эрдэнийн дугаарыг нь өгсөн. 2 хоногийн дараа Мөнх-Эрдэнэ над руу нөгөө хүн 500,000 төгрөг шүдний мөнгө гэж нэхээд байна, чамд туслах юу байна гэж асуусан. Мөнх-Эрдэнэд найзын хувиар тус больё, тэгээд ч хамт явж байсан гэж бодоод ломбардад эмээлийн хэрэглэл болох мөнгөн бааврыг 100,000 төгрөгөөр тавьсан байгаа. Чи тэрийг чөлөөлж аваад, ломбардад тавьчхаад дараа нь надад аваад өг гэж хэлсэн. Тухайн өдөр би очих боломжгүй байсан болохоор бичиг баримтаа өгсөн. Тэрнээс хойш Мөнх-Эрдэнэ таньдаг хүнийхээ ломбардад тавьсан болохоор санаа зоволтгүй, удахгүй авч өгнө, мөнгөний боломжгүй байна гэж хойшлуулж явсаар байгаад 2020 он болсон. Тэрнээс хойш эгчдээ хэлээд ийм зүйл болсон. Эмээлийн тоног мөнгөн бааврын үнэ 3.100.000 төгрөгийг гаргуулна” гэв

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед 2017 оны 11 дүгээр сарын дундуур Баян худалдааны төвд хот орлоо гээд нэг газар суусан. Сууж байх явцад хоорондоо орж гарсан хүмүүсийг өдөөд дургүйцлийг нь хүргэсэн. Хөдөө орон нутгаар хоорондоо маргалдсан. Ингээд маргаж байх явцад Н******* гэх охины шүдийг цохисон гэж байгаа боловч Н*******ы эрүүл мэндийн талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй. Цагдаагийн газар шалгасан зүйл байхгүй. Харин эмээлтэй холбоотой цагдаад Мөнх-Эрдэнийг залилсан гэж гомдол гаргасан. Ингэхдээ надад байсан эмээлийг хуурч мэхлээд аваад явсан гэж гомдол гаргаад эмээлийн үнэлгээг гаргасан. Тэгээд тэр нь тогтоогдохгүй хэрэгсэхгүй болсон. Одоо “Д*******” аудитын шинжээчийн дүгнэлтийг үндэслээд 3.100.000 төгрөг нэхсэн. Нэхэмжлэгч А*******, хамтран нэхэмжлэгчээр Д******* орж ирсэн. Өмнө нь Д*******, Б******* нар нэхэмжлээд нэхэмжлэлийн шаардлага хангахгүй гэж шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болсон. Хууль зүйн дүгнэлтээ жич тайлбарлана. Мөнгөн бааврын нэхэмжилсэн үнийн дүн тодорхойгүй байна. Шинжээчийн дүгнэлт 3,100,000 төгрөг гэсэн дээр 10 ширхэг гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч 12 ширхэг баавар нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.5 дахь заалтад “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” гэж зааснаар нэхэмжлэгчээ сольсон. Өмнө нь шүүхээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3 дахь хэсэгт тус тус зааснаар өвийн асуудалтай холбоотой асуудлаар хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгосон. Өнөөдөр А******* орж ирж байгаа. А******* шинжээчийн дүгнэлтээр гаргасан 3,100,000 төгрөгийг нэхэж байгаа нь тодорхойгүй. Учир нь шинжээчийн дүгнэлт дээр 10 бааврын үнэ 3,100,000 төгрөг гэсэн байхад нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ 12 бааврын үнэ гэсэн байгаа. Нэхэмжлэгч нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх ёстой ч гаргаж өгөөгүй. Өвийн асуудалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй байна. Өвлөх эрхээс татгалзсан гэх үндэслэл байхгүй байгаа. 12 бааврын үнэ гаргуулна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Үнэлгээг баримтлаад байгаа нь 10 ширхэг байна. Нэхэмжлэл дээр тоо ширхэг тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна. Бааврыг М******* гэх гэрч тодорхой хэлсэн. их муу хатуу хар мөнгө байсан. 2 хүн орж ирж авсан. 100,000 төгрөгөөр тавьсныг гэрч М******* гэх ломбардны үйл ажиллагаа явуулдаг хүн мэдүүлэг өгсөн ба мэдүүлэгтээ 2 залуугийн хамт өөр ломбардад очиж эмээлийн бааврыг чөлөөлж авсан ба манайхаас 450,000 төгрөг өгсөн гэж тодорхой мэдүүлсэн байгаа. Иймд мөнгөн бааврыг Мөнх-Эрдэнээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Прокуророос татуулсан хэрэгт гэрч М******* тодорхой мэдүүлэг өгсөн. 600,000 төгрөгөөс 150,000 төгрөгийг өмнөх барьцаа чөлөөлсөн мөнгөнд суутгаж аваад 450,000 төгрөг өгсөн. Сүүлд хамт явсан хүн нь ирээд мөнгөн бааврын үнийн зөрүүг авсан гэдэг. Мөнх-Эрдэнэтэй хамт очиж өгчхөөд бичиг баримтаа Мөнх-Эрдэнэд өгсөн гэдэг нь худал байгаа. Цуг явсан гэдэг нь тодорхой байгаа. Нэхэмжлэгч бичиг баримтаа Мөнх-Эрдэнэд өгөөд явуулсан гэсэн. Гэхдээ ломбардад тавьсан хүний юмыг эзэнтэй нь очиж авах ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй, жинхэнэ нэхэмжлэгч мөн эсэх нь тодорхойгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв .

4.Хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 10, 11 дүгээр сарын үед Мөнх-Эрдэнэ Н*******-Эрдэнийн биед хохирол учруулаад хохирол барагдуулах гэж ломбардад тавьсан. Өнөөдрийн хэрэгтэй холбоотой тул яриад байгаа. Н*******д хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдож байна. Мөн Мөнх-Эрдэнэ өөрийн бичиг баримтаар ломбардад тавьж мөнгийг ганцаар өгсөн болох нь хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өмнө нь иргэний хэргийг хэлэлцсэн ба хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа шиг зүйл байхгүй. Д******* нэхэмжлэх эрхгүй гэх дүгнэлт хийгээгүй. Эд хөрөнгө өвийн асуудалтай тул тэнцүү хэмжээгээр нэхэмжлэх байтал төлөөлсөн гэж үзэхгүй тул дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэлт хийсэн. Өнөөдөр нэхэмжлэгчээр тогтоогдож байгаагийн хувьд Х******* амьд байхдаа том хүүдээ мөнгөн эмээлээ бэлэглэсэн болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, бусад өвлөгч нар гэж яригдаад байгаа 3 хүүхдийн гараар бичсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Өвлөсөн, бэлэглэсэн гэдгийг 5 хүн мэднэ. Эдгээр хүмүүс тайлбараа илэрхийлж байгаа тул өвлөсөн гэж үзэх боломжгүй. Амьд ахуйдаа бэлэглэсэн гэж үзэж байна. Үнэхээр өв залгамжлалын асуудал байна гэж дүгнэсэн байсан ч гэсэн бусад нь нэхэмжлэхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар Д******* тухайн хөрөнгийг эзэмдэн авсан байгаа. Эмээл дээр бичиг баримт байхгүй гэдгийг хэлсэн. Эмээл гэрт зүгээр гэрт байж байдаг ба албан ёсны бичиггүй тул эзэмдэн авсан гэж үзэж байна. Бусдыг нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар тухайн хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байгаа. Харин Мөнх-Эрдэнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иргэний эх зүйн үүрэг үүсээгүй байх тул  Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь заалтуудад зааснаар буцаан өгөх боломжгүй нөхцөл үүссэн бол үнийг өгөх боломж байгаа. Биет байдлаар байсан бол буцаан өгөх боломжтой байгаа. Иймд Мөнх-Эрдэнээс мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна. Мөн Мөнх-Эрдэнийн хувьд анхнаасаа Н*******-Эрдэнийг цохиод үүнтэй холбоотой бааврыг ломбардад тавьснаас ийм маргаан үүсэж байгаа нь Мөнх-Эрдэнийн буруугаас болсон нь бүрэн хангагдаж байна. 3,100,000 төгрөг нэхэмжилсний хувьд анх Д******* Б******* нар 4 сая төгрөгөөр нэхэмжлэл гаргаж байсан. Явцын дунд хариуцагч зөвшөөрөхгүй байна гээд дахин 2 дүгнэлт гарсан. Ингээд сүүлд гарсан дүн үндэслэлтэй гэж нэхэмжлэлээ гаргасан” гэв.

6. Шүүхээс Х.Б*******, Х.Д******* нарын нэхэмжлэлтэй Э.Мөнх-Эрдэнэд холбогдох 4,658,407 төгрөг гаргуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 132/ШЗ2023/00089 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжтай иргэний хэргийг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 393 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Прокурорын тогтоолтой 202500468 дугаартай хэргийг тус тус татаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар шинжлэн судалсан болно. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.А*******, Х.Д******* нар нь хариуцагч Э.Мөнх-Эрдэнээс эмээлийн мөнгөн бааврын үнэ 3,100,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эмээлийн мөнгөн /хар/ баавар нь нэхэмжлэгч нарын аавын өмчлөлийн эд хөрөнгө байх тул Х.Д*******, Х.Б******* нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй.

Хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ эмээлийн бааврыг ломбарданд зараад зөрүү мөнгийг аваад ашигласан гэдгийг нотлох баримт байхгүй.

Шинжээчийн дүгнэлтээр эмээлийн мөнгөн бааврыг 3 өөр үнэлгээгээр үнэлсэн. Шүүх шинжээчийн дүгнэлтийг заавал үнэлэх шаардлагагүй. Хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ хохирол учруулсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна гэж тус тус маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2.1.Нэхэмжлэгч нарын шаардах эрхийн  тухайд:

Үүнд: Аав Х*******, ээж А******* нар 2017 онд хүү Д*******т бэлэглэсэн мөнгөн хэрэглэл бөгөөд үүнийг ээж А******* гэрчилж, шүүх хуралдааны тайлбартаа хэлсэн. Мөн аав Х******* 2019 онд нас барсан бөгөөд мөнгөн бааврыг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт, ломбардад тавьсан гэх үйл баримтууд 2017 онд болсон нь шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өв залгамжлалаар жинхэнэ эзэмшигч, өмчлөгч нь хэн болох, тухайн өв залгамжлагч нэхэмжлэх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт  өвлүүлэгчийг нас барсан өдрөөс эхлэн өв нээгдэхээр хуульчилсан. Маргаан бүхий эмээлийн мөнгөн баавар аав Х*******гийн өв нээгдэх үйл явдлаас өмнө буюу 2017 онд нэхэмжлэгч Д*******ын эзэмшилд шилжсэн байх тул өв залгамжлалаар эзэмшил шийдвэрлэгдэх эд зүйл биш юм.

2.2.Мөнгөн бааврын тоо, нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талууд нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд маргааны зүйл болох эмээлийн мөнгөн бааврын тоо ширхэгийг Х.А******* 12 ширхэг, Х.Д******* 10 ширхэг гэж зөрүүтэй тодорхойлж байх тул нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нар эмээлийн 2 мөнгөн хяр гэрт нь байгаа талаар тайлбарлаж байх бөгөөд уг тайлбар нь Х.Д******* 10 ширхэг мөнгөн бааврыг анх ломбардад тавьсан байсан нь нотлох баримтаар буюу шинжлэн судлагдсан хэрэг бүртгэлтийн хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлгээр тогтоогдож байна.

Эмээлийн мөнгөн бааврын үнэлгээг талууд эс зөвшөөрч маргасан тул шүүхээс удаа дараа шинжээч томилон үнэлгээг тогтоолгосон боловч шинжээчээр томилогдсон Халиун Капитал ХХК, Ашид билгүүн ХХК, Д******* Аудит ХХК-ийн дүгнэлтүүдээс хамгийн сүүлийн үнэлгээ болох “Д******* Аудит” ХХК-ийн хийсэн үнэлгээний дүн болох 3,100,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт заасны дагуу илэрхийлэгдсэн байна.

 

2.3.Маргааны үйл баримтын тухайд:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэг, тайлбарт гардаг үйл баримтууд зөрүүтэй байх тул гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт судлагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг болон иргэний хэргийн анхан шатны шүүхийн өмнө шийдвэрлэсэн хэрэгт эрх бүхий байгууллагаас нотлох баримтын шаардлага хангаж авсан мэдүүлэг, баримтуудыг үнэлж дүгнэсэн болно.

 1.Дээрхи хэргүүдэд Х.Д*******, Э.Мөнх-Эрдэнэ нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Төгөл” худалдааны төвийн гадна хэсэг залуустай маргалдаж Н******* гэх эмэгтэйн биед гэмтэл учруулсан, түүний хохирлыг 600,000 төгрөгөөр барагдуулснаар эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдож шалгагдаагүй байна. Хохирол барагдуулах мөнгийг бүрдүүлэхийн тулд Х.Д*******ын эмээлийн мөнгөн бааврыг ломбарднаас 100,000 төгрөгөөр чөлөөлж, үргэлжлүүлэн Мөнх-Эрдэний танил М******* гэгчийн ломбардад 450,000 төгрөгний барьцаанд тавьсан үйл баримтууд хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 хуудас/, хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /ХХ-ийн 6, 25-26, 45-49 дүгээр хуудас/

2.Харин ломбардад үргэлжлүүлэн хохирол барагдуулах мөнгө авахаар тавихдаа хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэгч Х.Д*******тай хамт явсан гэж, Х.Д******* би яваагүй зөвхөн бичиг баримтаа өгч явуулсан гэж зөрүүтэй тайлбар өгдөг, Ц.М******* гэх гэрчийн мэдүүлэгт Э.Мөнх-Эрдэнэ очиж ломбарднаас чөлөөлүүдээд үргэлжлүүлэн надад өгч 450,000 төгрөгний зээл авч явсан, нэг залуутай хамт явсан, би хэний бичиг баримтаар тавьсан байна тэр хүн л надад мөнгөн бааврыг зарж борлуулсан байгаа... гэсэн мэдүүлгээр /ХХ-ийн 11-12 хуудас/ уг мөнгөн бааврыг өмнөх ломбарднаас чөлөөлж, 450,000 төгрөгөөр дахин барьцаанд тавьсан үйл баримтад хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ байсан нь нотлогдож байна.

3.Мөнгөн бааврыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нь Ц.М*******н ломбардад зарсныг гэрч тодорхой хэлдэггүй хэдий ч эмээлийн мөнгөн бааврыг зарах байсан бол өөрт үлдээсэн хоёр хяртай нь нийлүүлээд 12 ширхэг бүрэн хэрэглэл байдлаар зарах нь надад ашигтай, тэгээд ч ааваас минь өгсөн зүйлийг   ломбардад зарж, үрэх сонирхолгүй гэсэн нэхэмжлэгч Х.Д*******ын хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /Хэрэг бүртгэлтийн хэргийн 14-р хуудасны ар тал/ нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт заасан бүрдэл хэсэгт хамаарч байх бөгөөд эзэмшигчийн хувьд хөдлөх эд хөрөнгийг бүрдэл хэсэгтэй нь иж бүрэн захиран зарцуулах гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч нэхэмжлэгч Х.Д******* нь өөрийн хөдлөх эд хөрөнгө болох эмээлийн мөнгөн бааврыг бусдад барьцаалуулах боломжийг хариуцагчид олгосон хэдий ч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.4 дэх хэсэгт заасны дагуу иж бүрдэл эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгаж, хамгаалах эрх, үүргээ хэрэгжүүлж, эцэг эхээс өөрт нь өгсөн гэр бүлийн үнэт зүйлийг өмчлөгчийн ёсоор хадгалж, хамгаалах үүргээ биелүүлээгүй байна.   

Харин Э.Мөнх-Эрдэнэ удаа дараа би ломбарднаас аваад өгнө, таньдаг эгчийн ломбардад тавьсан байгаа гэсэн утсаар ярьсан бичлэгийн CD-нд үзлэг хийсэн  тэмдэглэл, Э.Мөнх-Эрдэнэтэй зурвасаар харилцсан баримтууд, үзэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байгаа нь мөнгөн бааврыг захиран зарцуулсан, үрэгдүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /Хэрэг бүртгэлтийн хэргийн 45-49 дүгээр хуудас/

4.Э.Мөнх-Эрдэнэ нь 600,000 төгрөгийн хохирол төлөх зорилгоор Х.Д*******ын эмээлийн мөнгөн бааврыг барьцаалан зээлдүүлэх газар тавьсан болох нь зохигчийн тайлбар, гэрч Ц.М*******н мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг бүртгэлтийн хэргийн материалд хохирогч Х.Болор-Эрдэнийн Э.Мөнх-Эрдэнэтэй холбогдож эмээлийн баавраа авах талаар асуухад би 450,000 төгрөгөөр урт цагаанд байрлах таньдаг эгчийнхээ ломбарданд тавьчихсан байгаа. ...ломбардны эгч хөдөөнөөс ирэхээр би өөрөө аваад өгнө гэж хэлсэн гэх мэдүүлэг, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, 250,000 төгрөгийг Н*******-Эрдэнийн данс руу Э.Мөнх-Эрдэнийн данснаас шилжүүлсэн гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

4.1.Хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ нь эмээлийн мөнгөн /хар/ бааврыг Х.Д*******т буцааж өгөөгүйгээс шалтгаалан Х.Б******* нь Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн 202500468 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулсан байна.

Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 393 дугаартай тогтоолоор ...иргэний эрх зүйн шинжтэй маргаан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

4.2.Хариуцагч Э.Мөнх-Эрдэнийн Х.Д******* нь зодооныг эхлүүлж, Н*******-Эрдэнэ гэх хүүхнийг цохисон. Би зодоон эхлүүлээгүй. Хохирлын мөнгийг Н*******-Эрдэнэд Х.Д******* аваачиж өгсөн. Ломбардад би өөрийн бичиг баримтаар тавиад, ломбардны бичгийг Х.Д*******т өгсөн гэх татгалзалын үндэслэл нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ нь эмээлийн мөнгөн бааврыг өөрийн нэрээр барьцаалан зээлдүүлэх газар тавьж, хохирол төлсөн, эмээлийн бааврыг барьцаалан зээлдүүлэх газраас авч нэхэмжлэгч нарт өгөөгүй болох нь тогтоогдож байна.

5.Дээрх байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч Х.Д******* нь эмээлийн бааврыг Э.Мөнх-Эрдэнэд өөрийн зөвшөөрлөөр өгсөн гэж үзэхээр байгаа хэдий ч нэхэмжлэгч Х.А*******тай үүргийн харилцаа үүсээгүй тул бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Х.А*******, Х.Д******* нарыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Э.Мөнх-Эрдэнээс эмээлийн мөнгөн бааврын үнийг шаардах эрхтэй гэж үзэв.

6.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгө биетээр байхгүй, буцаан өгөх боломжгүй болсон бол үнийг төлөхөөр зохицуулсан. Нөхөн төлбөрийн хэмжээ нь эд хөрөнгийг олж авсан үеийн үнээр тодорхойлогдох боловч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд эд хөрөнгийг буцаан өгөөгүй учир эд хөрөнгийн үнийг хариуцан төлөх үүрэгтэй.

6.1.Нэхэмжлэгч Х.Д******* нь өмчлөгчийн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас бусдад захиран зарцуулах боломжийг олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Мөнх-Эрдэнээс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

7. Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,484 /наян есөн дөрвөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 39,750 /гучин есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б*******, Х.Д******* нарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Мөнх-Эрдэнээс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.А*******, Х.Д******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 39,750 /гучин есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.А*******, Х.Д******* нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ХИШИГДАВАА