Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/434

 

 

 

 

 

 

   2022           04             26                                          2022/ДШМ/434

                                               

                                                                                         

Ц.Бт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Х.Баярмаагийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр Ц.Бт холбогдох 2207000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            А овгийн Цын Б, 1984 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ... ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Налайх дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД:/,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 8 дугаар хороо Нарлагийн 7а-10 тоотод Л.Зтай “чамаар архи авахуулна” гэж хэлэхэд уурлаж. маргалдах явцдаа зүүн гарын долоовор хурууг хазаж, архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугуйн үенд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ачнууд овгийн Цогбадрахын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 0.75 литрийн “Хараа нэртэй архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Х.Баярмаа бичсэн эсэргүүцэлдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.7 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээ, хор уршгийг хэрхэн шийдвэрлэх”, мөн хуулийн 1.9 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай” тусгана гэж хуульчилсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэдэг ойлголт тус тусдаа хууль зүйн үр дагавар үүсгэдэг атал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гэмт хэргийн хохирол, хор уршигтай хамтатган бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг тус тус зөрчиж байна гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх зардлын тухай нэмэлт заалт тусгуулж өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

 

Прокурор Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурор Х.Баярмаагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шийтгэх тогтоолд заавал тусгах ёстой. Шийтгэх тогтоолд зардлыг орхигдуулсан учир тусгуулж, нэмэлт өөрчлөлт оруулах үндсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 8 дугаар хороо Нарлагийн ... тоотод Л.Зтай “чамаар архи авахуулна” гэж хэлэхэд уурлаж. маргалдах явцдаа зүүн гарын долоовор хурууг хазаж, архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугуйн үенд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Зын “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үдийн орчимд цуг ажилладаг найз Батбаяр утсаар залгаж ярьж байснаа “гэртээ архи ууж байна, хүрч ирээд ганц юм уух юм уу” гэхээр нь би Нарлагт байх гэрт нь очсон... архи ууж байхад Б гэдэг залуу нь гэнэтхэн миний зүүн гарын долоовор хурууг хазаад тавихгүй болохоор нь би тавиулах гээд нүүрэнд нь нэг удаа цохитол гар тавихаар нь зугтаах гээд гэрийн дотор үүдэнд ирэхэд Б араас хөөж миний дагз руу архины шилээр цохиход би шургаж унан мөлхөөд тэр чигтээ зугтаан хашаанаас нь гарч цагдаа руу залгаж дуудлага өгсөн...” /хх 12/,

гэрч Г.Содбаярын “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөө Б бид хоёр нэг шил архи аваад 10 цагийн үед Дөл худалдааны төв дээр Батбаяртай уулзаж тэндээсээ Батбаярын гэрт нь ирээд бид 3 архиа ууцгаасан...Тэгээд архиа ууж байгаад би нэлээд согтох үед З Быг архи авчих гээд байх шиг байсан. Түүнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа цагдаа орж ирснийг санаж байна. Тэгээд цагдаа нар бид нарыг аваад эрүүлжүүлэх рүү хүргэсэн...” /хх 15/,

гэрч Б.Батбаярын “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би цуг ажилладаг найз Зыг манай гэрт хүрээд ирэх юм уу бид архи ууж байна гэхэд Золоо гэрээсээ хүрээд ирсэн...би гарч нүүрс оруулж ирэхэд Б, З хоёр маргалдаж байгаад Б шилтэй архи аваад Зын толгой руу савж цохиод зууралдаад авахаар нь би очиж салгахад Зын толгойноос нь цус гарч гэрээс гараад зугтсан...15 цагийн үед маргаж муудалцаад нэгнийхээ толгойг хагалсан...” /хх 17/,

шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн “...Зтай маргалдаж байгаад би гарыг нь хазсан. Тэгтэл намайг зүүн нүдний хавьд цохиод гараа татаж аваад зугтахаар нь би ууж байсан Хараа архины шилийг аваад толгой руу цохиход Зын толгойноос цус гарч гэрээс гараад зугтаааагаад явсан...” /хх 41/ гэх мэдүүлгүүд,

“Л.Зын биед толгойн хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугуйн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 26/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6, 42/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Ц.Бын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Зтай “чамаар архи авахуулна” гэж хэлэхэд уурлаж. маргалдах явцдаа зүүн гарын долоовор хурууг хазаж, архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугуйн үенд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Дээд шатны прокурор Х.Баярмаагийн “...шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын тухай нэмэлт заалт оруулах...” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”, 1.7 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл”, 1.9 дахь заалтад “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай” шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж тус тус заажээ.

 

Шүүх, шийтгэх тогтоолын 4 дэх заалтад шүүгдэгч Ц.Быг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. Харин энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуваарилах зардал гараагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай тусгана” гэсэн шүүхэд эрх олгосон заалтыг тогтоох хэсэгт заавал тусгах шаардлагагүй гэж үзэв.

 

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана гэж зааснаар Ц.Бт холбогдох хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай тусгана” гэж зардал гарсан тохиолдолд хуваарилах талаар тусгана гэх заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй” гэж заавал бичих шаардлагагүй.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Х.Баярмаагийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 5 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Х.Баярмаагийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 5 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.МЯГМАРЖАВ

              ШҮҮГЧ                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ