Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0659

 

 

                                                    О.Е-ийн нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, М.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0549 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Е-ийн  нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0549 дүгээр шийдвэрээр: Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.9, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.5, 27.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаал, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаал болон 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалыг Онцгой байдлын ерөнхий газрын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулах бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалын үндэслэл болсон дотоод аудитын ажлын тайлан болон томилолтын илтгэх хуудаст дурдагдсан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчээс зөрчил тус бүрээр нь зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй талаар тайлбар авч, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл үйлдэх бөгөөд захиргааны акт гаргах 3 /гурав/ сарын хугацаа шүүхийн шийдвэрийг бичгээр гарснаас хойш тоологдохыг мэдэгдэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаал, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаал болон 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаал хүчингүй болсонд тооцохоор,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Е-д холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас удаа дараа сахилгын шийтгэл ногдуулахдаа “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, зөрчил гаргасан албан хаагчийг уг баримт материалтай танилцах, тайлбар хийх боломжоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй”, мөн D дүнтэй дүгнэгдэж, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх зөрчилд сахилгын хариуцлага хүлээлгэсэн гэх боловч сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тушаалуудад заасан зөрчлийг бодитоор гаргасан эсэх, хариуцлага ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гээд дээрх 4 тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс 2 удаа албан бичгээр шаардсаны үр дүнд зөрчлийг баталгаажуулсан баримтаа хариуцагч тал гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч зөрчил гаргасан нь тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх актьг түдгэлзүүлэх үндэслэлд Төрийн албаны тухай хууль болон Цэргийн албаны тухай хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх учиртай гэж заасан боловч нэхэмжлэгч энэ шалгуур шаардлагыг хэрхэн хангаагүй, ямар зөрчил гаргасан тухай үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн нэхэмжлэгч О.Е-ийг заавал шийтгэх ёстой гэсэн байдлаар хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан.

Нэхэмжлэгч зөрчил гаргасан нь тогтоогдохгүй, сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал, түүний үндэслэл хууль тогтоомжид нийцэхгүй тохиолдолд хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоох ёстой.

Шүүх зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн, шалган тогтоосон нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй болохоос хариуцлага ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр дахин захиргааны акт гаргахыг даалгах нь хууль бус гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0549 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:  “...шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Онцгой байдлын ерөнхий газрын даргаас түүнд сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 болон Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 4-т заасан “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаж тайлбар хийх” боломжоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй”, 5-д “Сахилгын шийтгэл ногдуулах тухай санал, баримт материалтай танилцаад сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, а/зөрчлийн шинж байдал, зөрчил гаргасан шалтгаан болон зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах; б/дахин шалгалт хийлгэх, нэмэлт баримт, материал шаардан авах; в/төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгохоор заасан.

Байгууллагын удирдлагаас маргаан үүссэн тушаалуудыг гаргахдаа тухай бүрт хянан шалгах ажиллагааг авч хэрэгжүүлсэн байдаг.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан асуудлын тухайд.

Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг нь “Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан”-г хоцроосон асуудлыг анхаарах, дахин алдаа гаргахгүй байх зөвлөмж байсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын ажилтны ажлын байрны тодорхойлолт буюу Хүний нөөцийн хэрэг хөтлөгч /О.Е-ийн ажиллаж байсан албан тушаал/-ийн ажлын байрны “Ажлын байрны гол үйл ажиллагаа” хэсгийн 1 дүгээр зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын 1.3-т “Хүний нөөцийн мэдээллийн санд баяжилт хөдөлгөөн хийх, төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргах, холбогдох газарт хүргүүлэх” чиг үүрэг багтсан.

Өөрөөр хэлбэл, ажлын байрны гол үйл ажиллагаанд туссан асуудлыг хэрэгжүүлээгүй албан хаагчид Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан асуудлын тухайд:

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/96 дугаар тушаалаар 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт төрийн тусгай албан хаагчдыг “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу нийт бие бүрэлдэхүүн цугларалтад хамрагдсан.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар цугларалтад хамрагдаагүй 5 албан хаагчид албаны цалинг 1 сар 20 хувь бууруулах, хоцорсон 6, дүрэмт хувцасны зөрчилтэй, хээрийн иж бүрдэл дутуу 2 албан хаагчид албан тушаалын цалинг 1 сар 10 хувь бууруулах, дүрэмт хувцасны зөрчилтэй 25 албан хаагчид сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан.

Тушаалаар арга хэмжээ тооцогдсон дээрх албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болон арга хэмжээ тооцогдсон талаар мэдэж байсан учраас ямар нэг маргаан гаргаагүй, зөвхөн О.Е мэдэхгүй, мэдэгдээгүй байх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч О.Е нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу албан хаагчдын хувийн хэрэгт баяжилт хөдөлгөөнийг тухай бүрт хийх үүрэгтэй албан тушаалтны хувьд мэдэх бүрэн боломжтой.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан асуудлын тухайд.

Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл /О.Е, Н.Тэрбиш нарын шууд удирдах дарга/ нь нэр бүхий албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах тухай саналаа зохих журмын дагуу Захиргааны удирдлагын газарт гаргасан.

Захиргааны удирдлагын газраас хурандаа Б.Мандахгэрэлийн гаргасан саналын бодит байдал, О.Е-ийн гаргасан зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох албаны шалгалтыг явуулсан хошууч Д.Даваасүрэн /тухайн үед/ Онцгой байдлын ерөнхий газрын хуулийн зөвлөх, дэслэгч Э.Батзориг, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн инженер албан тушаалтай албан хаагчдын бүрэлдэхүүнтэй явуулсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийг хянан шалгаж тогтоосон, үүнийг үндэслэн тушаалаар О.Е-д сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” заалтыг тус тус зөрчсөн гэх асуудлын тухайд:

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны Б/216 дугаар тушаалын 1-д “2015 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, 2015 оны 11-12 дугаар сард зохион байгуулагдсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэгээр D дүнтэй дүгнэгдсэн” гэх асуудал нь нэхэмжлэгчийг үйл ажиллагааны үр дүнгээр D буюу дутагдалтай гэж дүгнэгдсэний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7-д заасны дагуу шууд удирдах даргаас “албан тушаал бууруулах”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэгээр D буюу дутагдалтай гэж дүгнэгдсэний дагуу ажлын хэсгийн ахлагч хурандаа Б.Ууганбаяр сахилгын арга хэмжээ тооцох саналыг тус тус гаргасан байдаг.

Энэ нь 2015 оны 11-12 дугаар сард явагдсан арга хэмжээ бөгөөд эдгээр зөрчилд ямар нэг арга хэмжээ хүлээлгээгүй, зөрчил гарснаас хойш Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалтыг зөрчөөгүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.2-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 13.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж тус тус заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас сахилгын арга хэмжээ тооцсон Онцгой байдлын ерөнхий газрын даргын дээрх тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй, Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, түүний дотор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг бүрэн хангасан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг тус тус зөрчсөн, хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн 167 хуудас нотлох баримтыг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй тул дээрх шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэргийн нөхцөл байдал тодорхой, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн байхад анхан шатны шүүх “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж дүгнэн, маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч О.Е-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь анх “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нөхөн гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/138, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/682 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нь Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн хэрэг хөтлөгч, онцгой байдлын дэд ахлагч О.Е-д 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/682 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулжээ.

Нэхэмжлэгч О.Е-д сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт тус бүрийн үндэслэлийг хянан үзвэл:

1. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаалын “Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг хоцроосон” гэх зөрчлийн тухайд:

Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн хэрэг хөтлөгчийн “Ажлын байрны тодорхойлолт”[1]-д зааснаар нэхэмжлэгч О.Е нь “хүний нөөцийн мэдээллийн санд баяжилт хөдөлгөөн хийх, төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргах, холбогдох газарт хүргүүлэх” ажлыг гүйцэтгэх ёстой байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь 2014 оны төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргаж Төрийн албаны зөвлөлд хүргүүлээгүй, улмаар тус тайланг Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, онцгой байдлын хошууч Б.Батжаргал 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/11 дүгээр албан бичгээр хүргүүлсэн болох нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

2. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаалын “2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Яаралтай цуглар” дохиогоор хоцорсон, дүрэмт хувцасны зөрчилтэй, хээрийн үүргэвчний иж бүрдэл дутуу” гэх зөрчлийн тухайд:

Онцгой байдлын ерөнхий газрын дарга 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/96 дугаар тушаалаар[2] гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг шалгах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт төрийн тусгай албан хаагчдыг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулсан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь тус арга хэмжээнд оролцохдоо дээрх зөрчлийг гаргасан болох нь гэрч Захиргааны удирдлагын газрын дарга Л.Болдбаатарын “... жилд 2 удаа Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар бэлэн байдлыг шалгадаг... Энэ шалгалтын үеэр нэхэмжлэгч нь хэд хэдэн зөрчил гаргасан... Аранзын иж бүрдэл дутуу байсан. Өвлийн улиралд бэлэн байдлыг шалгахад зуны өмдтэй зогсож байсан...” гэх тайлбар, гэрч Б.Дөвшингийн “нэхэмжлэгч нь миний өөдөөс хараад зогсож байсан. Ямар ч байсан өвлийн өмдгүй гэсэн зөрчил заагдсан... Дулааны хувцаст 6 дугаар сард шилждэг” гэх тайлбар[3] зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч нь “Яаралтай цуглар” дохиогоор хоцорсон, дүрэмт хувцасны зөрчилтэй, хээрийн үүргэвчний иж бүрдэл дутуу байсныг баримтжуулсан ямар нэг нотлох баримт байхгүй” гэж маргах боловч нэхэмжлэгчийн дээрх зөрчил нь анхан шатны шүүхэд гаргасан гэрчүүдийн тайлбараар нотлогдож байх тул уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

3. Онцгой байдлын ерөнхий газрын даргын  2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/682 дугаар тушаалын “Онцгой байдлын ерөнхий газрын онцгой объект, шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн байранд удаа дараа зөвшөөрөлгүй орж, байгууллагын дотоод журам ноцтой зөрчсөн” гэх зөрчлийн тухайд:

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/466 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гамшгаас хамгаалах газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн ажиллах журам”[4]-ын 4 дүгээр зүйлийн 4.14-д “Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчийн ажлын байранд дараахь үйл ажиллагааг хориглоно” гээд 4.14.1-д “Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчийн ажлын байранд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, дэд дарга, холбогдох зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн дарга, ерөнхий эргүүл, шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс бусад албан тушаалтан, гадны хүн орох”-ыг, 4.14.7-д “Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчийн ажлын байранд нэвтрэн орохгүй бөгөөд үүрэг гүйцэтгэж байгаа үед саад болох”-ыг тус тус хоригложээ.

Гэтэл нэхэмжлэгч О.Е нь дээрх журмыг зөрчиж, Онцгой байдлын ерөнхий газрын онцгой объект болох Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн болох нь Онцгой байдлын ерөнхий газрын Хуулийн зөвлөх, өргөдөл, гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Д.Даваасүрэнгийн “...О.Е нь зөвшөөрөлгүй, дураараа Онцгой байдлын ерөнхий газрын онцгой объект болох Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн удирдлагын өрөөнд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг 24 минутад 52 секундэд ороод 20 цаг 22 минут 28 секундэд гарсан нь камерт бичигдсэн байсан” гэх илтгэх хуудас[5], Гамшгийн шуурхай удирдлагын газрын Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, ахлагч Д.Оюундарийн “2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн байранд Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэрэг хөтлөгч, дэд ахлагч О.Е-ийг зөвшөөрөлгүй оруулж, 2 цаг гаруй болсон...” гэх тайлбар[6], гэрч Захиргааны удирдлагын газрын дарга Л.Болдбаатарын “Тухайн үед би ажлаас тараад доошоо бууж байхад нэхэмжлэгч нь шуурхай удирдлагын өрөөнөөс гарч ирж байсан...” гэх тайлбар[7] зэргээр тогтоогдож байна.

4. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалын “2015 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, 2015 оны 11-12 дугаар сард зохион байгуулагдсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэгээр D дүнтэй тус тус дүгнэгдэж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, ажлын хариуцлага алдаж (3 удаа) сахилгын шийтгэл хүлээсэн” гэх зөрчлийн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заажээ.

Гэтэл нэхэмжлэгч О.Е нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байх хугацаандаа дээрх зөрчлүүдийг гаргасан, энэ нь зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл болох тул түүнд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасантай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2015 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн “D” буюу дутагдалтай, 2015 оны 11-12 дугаар сард зохион байгуулагдсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэгээр “69,5” оноогоор, ингэхдээ Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдын хувийн хэргийн баяжилт хангалтгүй, тодорхойгүй, албан хаагчдын хувийн хэргийг хөтөлдөггүй зэрэг зөрчлийн улмаас Мэргэжил, ур чадвар, ажлын дүнг үнэлэх “Эрхэлж байгаа албан тушаалын түвшинд баримт бичгийг төлөвлөх, боловсруулах” чиглэлээр 0 оноогоор дүгнэгдсэн болох нь хэрэгт авагдсан Офицер, ахлагчийн үзлэгийн үнэлгээний хуудас[8], 2015 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ[9]-ээр тус тус тогтоогдож байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь удаа дараа зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг баримталж ажиллаагүй гэж хариуцагчийг буруутган, маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар төрийн тусгай албан хаагч тул төрийн захиргааны албан хаагчид хамаарах Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг хэрэглэхгүй ба төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой журмыг төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд хэрэглэх ёсгүй.

Харин хариуцагч нь маргаан бүхий Б/216 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус баримталсан нь буруу боловч энэ нь уг тушаалыг бүхэлд нь буруутгаж, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0549 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Е-ийн “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/138, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/682, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нөхөн гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2, 3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтын дугаарыг 2 болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Е-ээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН