Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 01 өдөр

Дугаар 23

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

   ТАТГАЛЗАСНЫГ БАТАЛЖ,ХЭРГИЙГ

     ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Ш.Д-ийн Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан, “Шүүхийн тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 95 дугаар захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улсад 26 жил, шүүхэд тасралтгүй 20 жил ажиллаж байна. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Б.М томилогдсонтой холбоотой түүний туслахын нэг орон тоо 2016 онд батлагдсан. Гэтэл батлагдаагүй орон тоонд буюу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр намайг Б.М шүүгчийн туслахаар томилсон. Тухайн үед би Ач заяа эмнэлгийн 13/А маягтаар яаралтай Улаанбаатар хот уруу эмчилгээнд явах шаардлагатай болсон тул хүчэлт гаргаж чөлөө авсан. Ингээд 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 3 сарын 25-ны өдөр хүртэл ээлжийн амралт авсан.  Мөн 2016.03.25-2016.05.04-ний өдөр хүртэл өвчний улмаас эмнэлгийн акттай байсан.

2016 оны 5 дүгээр сарын 04-ны өдөр миний эрүүл мэндийн байдлын улмаас  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн туслахаар томилж өгөхийг хүссэн хүсэлтээ өгсөн. Улмаар тамгын газрын дарга Д.Г-тэй ирж уулзахад 2016 оны 5 сарын 16-ны өдөр ир гэж хэлсэн. Ингээд сүүлдээ мэдээлэл лавлагааны ажилтнаар ажилла гэсэн хариу өгсөн.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие шүүхийн тамгын газрын даргад холбогдуулан тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар намайг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж бичилт хийхээр болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Д нь Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан, “Шүүхийн тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 95 дугаар захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Д нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, нэхэмжлэгч Ш.Д-г нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан, “Шүүхийн тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 95 дугаар захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д-д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн  асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй  болохыг дурьдсугай.

            4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР