Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 215/МА2020/00007

 

 

Х банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13А байр 1 тоотод оршин суух, Х овогт Ц.Т, Ш овогт С. С нарт холбогдох 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ201843633883 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 86.558.270,98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11.538.179,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320.697,77 төгрөг, нийт зээлийн төлбөрт 98.417.148,69 төгрөг гаргуулах, Зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг шүүгч Ш.Б илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов.

 Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч, Ц.Т, С. С нар нь Х банкны Говь-Алтай салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЗГ201843633883 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор дараах хөрөнгүүдийг барьцаалуулан авсан. Үүнд: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд Капитал баарны 2 давхарт байршилтай орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, ноолуур-/агуулахын үлдэгдэлээр/ 1 тонн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 13.441.729,02 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан нөхцөлийг зөрчин банкнаас зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч Ц.Т, С.С нар нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс хугацаа хэтрүүлж 119 хоног гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хуваарьт зээлээ төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна. Иймд банк шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Зээлдэгч Ц.Т, С.С нартай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ201843633883 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 86.558.270,98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11.538.179,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320.697,77 төгрөг нийт 98.417.148,69 төгрөг болно. Зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд Капитал баарны 2 давхарт байршилтай орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, ноолуур-/агуулахын үлдэгдэлээр/ 1 тонн зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжилж байна. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ.

 Зээлдэгч 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн байгаа. Х банкны зүгээс зээлийн барьцаагаар хангуулах гээд зээлийн барьцаанд байгаа хөрөнгөний лавлагаа авахад барьцаанд байгаа хөрөнгө нь 2019 оны 01 сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн байсан. Ийм хөрөнгөнд манайх халдаж болохгүй учир зээлдэгчдээ мэдэгдсэн, түүнээс хойш зээлдэгчид 05 дугаар сар, 07 дугаар сар, 09 дүгээр саруудад зээл төлөх болон зээл хаах мэдэгдэл өгсөн байгаа. Зээлдэгч нь зээл болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг бол тухайн харилцагчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол зээлийн төлбөрийг мөнгөн төлбөрөөр төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн үүрэг хүлээсэн. Нотлох баримт дээр зээлдэгчтэй холбоо барьсан болон, уулзалт хийсэн тэмдэглэл гэж байгаа, үүнийг бол манай харилцааны мэргэжилтэн уулзаад хөтлөөд явдаг. Зээлдэгч нь эхлээд өөрийн биеэр ирж уулзаад гарын үсэг зураад явдаг байсан. Хувийн өргөдөл бичиж өгснөөс хойш утсаар холбогдоод, сүүлдээ утсаа авахаа больсон үүнийг тэмдэглэсэн байгаа. Зээл төлөх мэдэгдэл, зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн. Сүүлийн хоёр мэдэгдлийг хариуцагч хүлээн авахаас татгалзсан. Татгалзсан учраас манайх гэрийн хаягаар нь шуудан холбоогоор хүргүүлсэн 07 дугаар сарын 22 болон 09 дүгээр сарын 06-нд хүргүүлсэн. Мөн зээлдэгчийн дансны хуулга байгаа, энд зээлдэгч маань 03 дугаар сарын 07-ноос хойш төлбөр төлөөгүй байгаа нь зээлээ төлөх хүсэл эрмэлзэл байхгүй байгаа нь харагдаж байна. Манайхаас өгсөн зээл төлөх мэдэгдэх хуудсанд бол Ц.Т, С.С нарт гэж тодорхой хаягласан байдаг. Энэ хоёр хүн бол нэг гэрийн хүмүүс буюу эхнэр нөхөр хоёр, нэг зээлдэгч гэж явдаг учраас нэгэнд нь мэдэгдэхэд болно гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х банкны Говь-Алтай аймгийн салбарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь  хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь уг зээлийн гэрээ нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдаад 2021 оны 05 дугаар сарын 21-нд дуусахаар буюу гурван жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Ц.Т Х банканд албан ёсоор гэрээнээс татгалзах тухай саналыг урьдчилан гаргасан байдаг. Хаан банктай 05 дугаар сарын 30-нд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйл буюу гэрээ дуусгавар болох цуцлах үндэслэлийн 6.1.8-д зааснаар зээлдэгч маань төлбөрийн чадваргүй болсон гэсэн үндэслэлээр, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгөөч гэж саналаа гаргасан, өнөөдрийг хүртэл Хаан банкнаас хариу өгөлгүй өнөөдрийг хүргэсэн. 2018 оны уг зээлийн гэрээг үргэлжлүүлэн явсаар байгаад 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Тийм учраас зээлийн хүү болон, үлдэгдэл нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад өмнөх саналд нь хариу өгөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бас ойлгомжгүй байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар Хаан банканд зээлийн гэрээгээ цуцлах талаар урьдчилан хүргүүлсэн, мөн зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар хугацааг бол Хаан банк өөрөө тогтоох ёстой, тогтоосны дараа уг албан бичигт хариу өгөх ёстой, гэвч энэ үүргээ биелүүлээгүй байгаа учраас Хаан банк өөрөө өмнө нь өгсөн өргөдөлд хариу өгөөгүй учир урьдчилан нэхэмжлэл гаргах, урьдчилан гэрээг цуцлах ямар нэгэн шаардлага хангахгүй гэж үзээд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 онь 01 дүгээр сарын 22-нд хариуцагч Ц.Т зээлийн барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгө, мөн хөдлөх хөрөнгө, харилцах банкны данснууд бүгд хаагдсан тухайн үед ийм байдалд ороод төлбөр төлөх боломжгүй болсон байдаг, энэ талаараа хариуцагч Ц.Т нь Хаан банк дээр очиж зээлийн гэрээнээсээ татгалзах хүсэлт гаргасан. Өнөөдөр бол хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаа явагдаж байгаа, түүхий эд авах ажил нь эхэлсэн учраас энэ зээлийг төлөх боломжтой гэж үзэж байна. Хаан банктай хоёр хүн гэрээ байгуулсан, үндсэн зээлдэгч Ц.Т, хамтран зээлдэгч С.С энэ хоёр нэг гэр бүл болохоор нэгэнд нь мэдэгдэж болно гэж тайлбарлаж байна. Ийм зүйл байхгүй хоёр зээлдэгч байхад нэгэнд нь мэдэгдэл өгөхгүй байх нь зээлийн гэрээнд оролцох, иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхийг нь хязгаарлаж байна гэж үзэж байна. 2019 оны 03 дугаар сарын 11-нд хариуцагч маань гэрээнээс татгалзах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгэхгүй байна.  С.С зээл буцаан татах мэдэгдэл өгчхөөд яагаад Ц.Т өгөхгүй байгаа юм. Үндсэн зээлдэгч нь амьд байхад энэ хүнд яагаад зээлийн гэрээг чинь цуцаллаа гэдгийг мэдэгдээгүй юм бэ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйл буюу гэрээнээс татгалзах үндсэн журам зөрчигдсөн байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ201843633883 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч /РД:ДЮ72012130/, Х овогт Ц.Т, /РД:ДЭ73111105/ Ш овогт С. С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 86.558.270,98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11.538.179,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320.697,77 төгрөг, нийт зээлийн төлбөрт 98.417.148,69 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч Хаан банканд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Т, С.С нар нь үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд барьцааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд Капитал баарны 2 давхарт байршилтай орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, ноолуур-/агуулахын үлдэгдэлээр/ 1 тонн  зэргийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 790.436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Т, С.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 790.436 төгрөгийг гаргуулан Хаан банкинд олгож шийдвэрлэжээ.

                                                          

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч Ц.Т, С.С нар нь Хаан банкны Говь-Алтай салбараас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг авсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлийн гэрээнд заасны дагуу төлж үлдэгдэл хүүтэйгээ нийлж 86.325.858,69 төгрөг үлдсэн байсан бөгөөд Ц.Т нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эд хөрөнгийн байдал доройтож, зээл буцаан төлөх чадваргүй болсон учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаарх хүсэлтийг Хаан банкинд гаргасан бөгөөд Хаан банк нь ямар нэгэн арга хэмжээ огт авалгүй байсаар 7 сарын дараа зээлийн үлдэгдэл төлбөр болох 86.325.858,69 төгрөг дээр нэмж зээлийн хүүнд 11.538.179,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 320.697,77 төгрөг, нийт 11.858.877,7 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д: “...Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй...” гэж заасан. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Т нь Хаан банкинд эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсоноо мэдэгдсээр байхад нэхэмжлэгч Хаан банк нь зээлийг зогсоож нэн даруй буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн Ц.Т гаргасан саналд ямар нэгэн хариу өгөөгүй байж хугацаа авч, нэмж хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 11.858.877,7 төгрөг нэхэмжилж байгааг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.  

Анхан шатны шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

Хариуцагч Ц.Т, С.С нар нь Хаан банктай 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЗГ201843633883 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ.

Уг гэрээний дагуу  100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай авч, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд Капитал баарны 2 давхарт байршилтай орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, ноолуур-/агуулахын үлдэгдэлээр/ 1 тонн зэргийг зээлийн барьцааны зүйл болгожээ. Зээлийн гэрээний үүрэг, нөхцөл төлбөл зохих төлбөрийн талаар талууд маргаагүй байна.

Ц.Т нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эд хөрөнгийн байдал доройтож, зээл буцаан төлөх чадваргүй болсон учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаарх хүсэлтийг Хаан банкинд гаргасан бөгөөд Хаан банк нь ямар нэгэн арга хэмжээ огт авалгүй байсаар 7 сарын дараа зээлийн үлдэгдэл төлбөр болох 86.325.858,69 төгрөг дээр нэмж зээлийн хүүнд 11.538.179,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 320.697,77 төгрөг, нийт 11.858.877,7 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д: “...Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй...” гэж заасан. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Т нь Хаан банкинд эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсоноо мэдэгдсээр байхад нэхэмжлэгч Хаан банк нь зээлийг зогсоож нэн даруй буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн Ц.Т гаргасан саналд ямар нэгэн хариу өгөөгүй байж хугацаа авч, нэмж хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 11.858.877,7 төгрөг нэхэмжилж байгааг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч маргажээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл иргэний хуульд гэрээгээ зөрчсөн тал бус гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлсэн тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар зохицуулжээ.

Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д: “...Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй...” гэжээ. Уг зохицуулалт нь гэрээний үүргээ биелүүлсэн Зээлдүүлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон болохоос гэрээний үүргээ зөрчсөн талд давуу байдал бий болгох болон гэрээг цуцлах харилцааг тодорхойлсон зохицуулалт биш байна.

Тиймээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 204.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.Ж

                 ШҮҮГЧИД                              Ч.Э

                                                                Ш.Б