Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/517

 

 

 

 

       2022           5            12                                    2022/ДШМ/517

 

Ж.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дөлгөөн,

шүүгдэгч Ж.Х,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,     

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Хгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2211000000241 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ж.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Элемент” нэртэй бааранд Ч.Дыг үл ялих зүйлээр шалтаглан “хайнекен” пивоны шилээр баруун хөмсөгний дээд хэсэгт цохиж биед “духны баруун хэсгээс доош нүдний дотор, дээд хэсэг хүрсэн сорви, нүдний доор хэсэгт нөсөөжил” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ж.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Хд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 4-40 тоот хаягаас гадагш хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчин явахыг хориглож, хязгаарлалт тогтоон, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Х нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг түүнд сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ч.Д нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах талаар хохирол, төлбөрийг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Ж.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр шүүх хуралдаанд оролцож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд энэхүү шийдвэрээ хөнгөрүүлэн торгуулийн шийтгэл болгон өөрчлүүлэх хүсэлт гаргаж байна.

Учир нь, 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн “Тэнчин хайрхан” ХХК-д ажиллаж эхэлсэн ба ажлын тодорхойлолтыг хавсаргалаа. ...Мөн би Солонгос улс руу суралцахаар хүсэлтээ гаргасан байсан. Анхан шатны шүүх хуралдаан болох үед сургуулиас хариу ирээгүй байсан боловч 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр миний хүсэлтийг хүлээж авсан тухай баримт төлбөрийн нэхэмжлэлийн хамт ирсэн. ...” гэв.

Прокурор Б.Дөлгөөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ж.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Элемент” нэртэй бааранд Ч.Дыг үл ялих зүйлээр шалтаглан “хайнекен” пивоны шилээр баруун хөмсөгний дээд хэсэгт цохиж биед “духны баруун хэсгээс доош нүдний дотор, дээд хэсэг хүрсэн сорви, нүдний доор хэсэгт нөсөөжил” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

хохирогч Ч.Д нь “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны 1 цагийн үед Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байрлах Элемент /Амрита/ бааранд найз Х, Солонго нарын хамт орсон. ...Х, С нарын хамт тамхины өрөө рүү ороод зогсож байтал Хын эхнэр Х нь араас орж ирээд намайг шууд “хайнекен” пивоны шилээр баруун гараараа баруун хөмсөгний дээд хэсэгт цохиод “яадаг муу гичий вэ” гэж хэлсэн. Удалгүй би тамхины өрөөнөөс гарч Хгаас “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж асуухад Х нь согтуу ярьж чадахгүй байдалтай байсан. ...Х нь эхнэр Хдаа намайг Хын найз Мөнхжаргалын найз охин гэж тайлбарласан байсан. Тэгэхэд нь Х “чи Мөнхжаргалын найз охин биш” гээд байсан. Би Хд цохиулсандаа гомдолтой байна. Нүүрэнд үүссэн сорвийг арилгуулж авмаар байна. ...” /хх 8-10/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

 таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-27, 28-32/,

гэрч Т.Сгийн “...Тамхины өрөөнд ороод байхад Хын эхнэр Х гэх эмэгтэй орж ирээд манай найз Дыг гартаа барьж байсан “хайнекен” пивоны шилээр нүүр рүү нь нэг удаа цохисон. Тухайн пивоны шил нь дотроо тал пивотай байсан. Х нь дараа нь “чи яасан овоо гичий вэ, наадах чинь миний нөхөр” гэж хэлсэн. Дараа нь Х Хг авч гарсан. ...” /хх 13-14/,

гэрч Б.Хын “...тамхины өрөө рүү ороход Ды бие цус болчихсон байсан. Дараагаар нь би С Д нарын хамт тус барнаас гарахад Хын эхнэр Х нь бид нар руу согтуу дайраад байсан. ...” /хх 17-18/,

гэрч Б.Хын “...Тамхины өрөөнд ороод би хаалганы ард буланд зогсож байсан ба Д миний урдаас хараад зогсож байсан. Удалгүй Д надаас түр холдсон ба тэр үед шил хагарах чимээ сонсогдсон. Тэгэхэд нь би хаалганы ардаас гарахад манай эхнэр Х ирчихсэн байсан. Би Х Дыг цохичихлоо гэж бодоод Хг аваад барнаас гарч найзуудад нь хүлээлгэж өгөөд Дыг цуг явж байсан найзуудтай нь авч “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү явж оёдол хийлгэсэн. ...Намайг хардсан байх гэж бодож байна. ...” /хх 23/,

яллагдагч Ж.Хгийн “...Миний бие Ч.Дд оёдол хийлгэхэд 300.000 төгрөг, компьютер томографи шинжилгээ хийлгэхэд 200.000 төгрөг, эмчилгээний бусад зардал 210.000 төгрөг тус тус өгсөн. Би 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүүхдээ төрүүлсэн, одоогоор гэртээ хүүхдээ харж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учраас мөнгөний боломжгүй байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 43/ гэсэн мэдүүлгүүд,

“...Ч.Ды биед духны баруун хэсгээс доош нүдний дотор дээд хэсэг хүрсэн сорви, нүдний дотор доод хэсэгт нөсөөжил бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хуучин гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” гэх 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1912 тоот шинжээчийн дүгнэлт /хх 11, 33-34/ зэргээр давхар нотлогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Ж.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Ж.Х нь ... хохирогч Ч.Дыг өөрийн нөхөр болох Б.Хтой хардаж, үл ялих зүйлээр шалтаглан танхайрч...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Танхайрах гэдэг нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан  хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх бие даасан зөрчил байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо ийнхүү дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын удирдтгал хэсэг буюу шүүгдэгчийн биеийн байцаалтад “...ухаан мэдрэл бүрэн. ...” /хх 76/ гэж хуульд заагаагүй үндэслэлээр тодорхойлж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “...шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаархи бусад мэдээлэл зэргийг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгана. ...” гэсэнд нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ. ...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс Ж.Хд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 4-40 тоот хаягаас гадагш хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчин явахыг хориглож, хязгаарлалт тогтоон шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хэтэрхий явцуу байдлаар буюу биелэгдэх боломжгүй байдлаар ял оногдуулжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг учиртай.

Ж.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад “...эрхэлсэн тодорхой ажилгүй...” хэмээн мэдүүлсэн боловч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Тэнчин хайрхан” ХХК-д ажиллаж эхэлсэн талаар, мөн Бүгд Найрамдах Солонгос улс руу сургуульд суралцахаар урилга ирсэн талаар дурдаж, холбогдох баримт бичгийг ирүүлсэн байна.

Шүүгдэгчийн эдгээр нөхцөл байдлууд, хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс “...2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж. ...” шийдвэрлэснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Хгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/282  дугаартай шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Анхан шатны шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжид /хх 64/ шүүгдэгч Ж.Хд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минутад улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоосон атлаа шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр явуулж, яагаад товыг өөрчлөн тогтоосон талаар эрхийн акт гаргаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх талаар тусгана. ...” гэснийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхээс цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч Ж.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Шүүгдэгч Ж.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Хд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...”,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Хд мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ