Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/435

 

 

 

 

 

 

2022             04             26                                          2022/ДШМ/435

           

Г.Тт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

хохирогч Д.Мгийн өмгөөлөгч Ц.Сайнбат,

шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Мгийн өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдлоор Г.Тт холбогдох 2210000520059 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ш овгийн Гын Т, 1990 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB city зочид буудалд хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Мтай “ямар онгироо хүүхэн бэ” гэж маргалдан, нүүр лүү нь цохиж, биед нь “...хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш овгийн Гын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Тт 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогчоос нэхэмжилсэн 22.211.000 төгрөгөөс баримттай гарсан зардлын 256.000 төгрөгийг Г.Т нь хохирогч Д.Мд нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Мгийн нэхэмжлэлээс цаашид гарах эмчилгээний болон бусад зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Мгийн өмгөөлөгч Ц.Сайнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хөлсийг гэм буруутай этгээдээр төлүүлэх тухайд:

Анхан шатны шүүх “Хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд төлсөн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд тэрээр Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм”...“Нөгөөтэйгүүр өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй үндэслэлээр өмгөөллийн зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйл нь хохирогч өмгөөлөгчтэй оролцох, оролцохгүйтэй огт хамааралгүй заалт юм. Анхан шатны шүүх уг хуулийн заалтыг үндэслэн өмгөөлөгчийн зардлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан, хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.      

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу аливаа хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирч буй хохирол түүний улмаас үүсэж буй хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлж нийт хохирлын хэмжээг тогтоохоор хуульчилжээ.

Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ” гэснийг харгалзан үзэх юм. Тус зүйлийн 1.1 дэх хэсэгт “Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчид төлсөн зардал нь хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаж байгаа бөгөөд гэм буруутай этгээдийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах шаардлага гарч, эд хөрөнгийн эрхэд өөрчлөлт гарч байгаатай холбоотойгоор уг зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирогч Д.Мгийн өмгөөлөгчид төлсөн зардал болох 1.000.000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байгаа юм.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Тийн үйлдсэн бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мд хохирол учирч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд эрх зүйн туслалцаа авах эрхийнхээ дагуу өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохиролд тооцогдохоос гадна, өмгөөлөгчийн хөлсийг шүүхээс хангаагүй нь аливаа гэмт хэргийн улмаас хохирогч этгээдэд учирч буй хор уршгийг арилгах, зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх шударга ёсны зарчимтай зөрчилдөж буй явдал юм. Шударга ёсны зарчмын агуулга нь гэм буруутай этгээдэд шударга хариуцлага хүлээлгэхээс гадна, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг арилгуулах, нөхөн төлүүлэх арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэхэд оршдог билээ. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг нэхэмжлэлийг хангаагүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэх зардлыг шүүгдэгчээс гаргуулах тухайд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 393 дугаартай дүгнэлтээр Д.Мгийн биед хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдсон.

Анхан шатны шүүх “...хохирогчийн нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал 20.955.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.М нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардал төлбөртэй хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлав” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

Бусдад гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй”, 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдаэс щаардах эрхтэй” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд хохирогч нь өөрт учирсан гэм хорыг өмнөх байдалд сэргээлгэхээр шаардах эрхтэй бөгөөд эмчилгээний зайлшгүй зардлыг шүүгдэгчээс урьдчилан нэхэмжлэх эрхийг хуулиар олгожээ.            

Хохирогчийн хувьд 2019 онд Бүгд Найрамдах Солонгос улсын WOOA мэс заслын эмнэлэгт гоо сайханы мэс засалд орж, 2.600.000 воноор хамрандаа имплант  хийлгэж байсан нь хавтаст хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, Бүгд Найрамдах Солонгос улсын WOOA мэс заслын эмнэлэгийн тодорхойлолт, Принцесс эмнэлгийн тодорхойлолтуудаар тогтоогддог. Гэтэл шүүгдэгч Г.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн хамрын яс хугарч дахин гоо сайханы мэс засалд орох шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл хохирогчийн хамрыг өмнөх байдалтай дүйцэхүйц сэргээхийн тулд дахин гоо сайханы хагалгаанд орж, хуучин имплантыг дахин ашиглах боломжгүй байдаг тул шинээр имплант хийлгэх шаардлагатай болсон. Ингэхдээ 2 үе шаттай мэс ажилбар хийгдэх юм. Эхний удаад хамрын ясыг бороолуулж эдгэсний дараа хамрын таславчийг тэгшлэх, үүний дараа хамрын яс, үндсэн хэлбэрийг сэргээсний дараа имплант хийгдэнэ. Тийм учраас давтан имплант хийлгэх нь анх хийлгэж байгаагаас даруй үнэтэй байдаг байна.

Хохирогч нь гоо сайханы мэс засалд орохоор Солонгос улс дахь эмнэлгүүдээс үнийн санал ирүүлэхийг хүсч холбогдоход Вонжин гоо сайханы мэс заслын эмнэлэг 8000000 вон буюу 19.280.000 төгрөгөөр хохирогчид учирсан гэмтлийг сэргээн засах гоо сайханы мэс заслыг хийх үнийн саналыг ирүүлсэн. Хохирогч уг саналыг хүлээн зөвшөөрч 2022 оны 5 дугаар сард Улаанбаатар, Сөүлийн чиглэлийн нислэгт бүртгүүлжээ. Иймээс хохирогчийн эмчилгээний зардлыг Иргэний хуулийн 497, 505, 228.4-т тус тус зааснаар урьдчилан гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй шийдвэр болсон. Энэ талаар шийтгэх тогтоолд дэлгэрэнгүй байдлаар тайлбарласан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журмын 2.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасантай шүүхийн шийдвэр нийцсэн гэж үзсэн. Хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой зардлын тухайд дараах тайлбарыг хэлье. Шүүхээс хэлэлцэхгүй орхисон зүйлгүй. Энэ асуудлаар иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх нь хохирогчийн хувьд нээлттэй байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэн шиг шүүх хэрвээ зардал гаргахгүй бол эрх нь сэргэхгүй гэж шийдвэрлэсэн асуудал байхгүй. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй байх. Хавтаст хэргийн 99-100 дугаар талд Солонгос эмнэлгийн имэйл ирсэн байдаг. Нэг нь 13.000.000 төгрөг, нөгөөх нь 19.000.000 гэсэн харилцан зөрүүтэй төлбөрийн мэдээллүүд ирсэн. Энэхүү мэдээллийг үндэслэж нэхэмжлэл гаргасныг шүүх баримтаар үнэлж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргадаггүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид баримтаар гаргасан зардлыг төлж барагдуулсан. Цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч өөрийн сонгох эрхийнхээ дагуу өмгөөлөгчөө сонгосон. Өмгөөлөгчийн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамаарахгүй зардал гэж үзэж байна. Эмчилгээний зардлыг эмчилгээгээ хийлгээд баримтаа гаргаж ирсэн тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэлээ гаргаж хохирлын асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Эрхийг нь нээлттэй үлдээсэн учраас шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB city зочид буудалд хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Мтай “ямар онгироо хүүхэн бэ” гэж маргалдан, нүүр лүү нь цохиж, “...хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Мгийн “...2021 оны 12 дугаар сарын 11-ний орой би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “UB city” зочид буудлын 602 тоот өрөөнд найз Нямдолгор, Батсайхан, Т нартай хамт пиво уугаад байж байсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад санагдаж байна, би Нямдолгортой юм яриад сууж байхад Т гэнэт “ямар онгироо хүүхэн бэ” гээд миний нүүр лүү гараараа цохисон ба надтай зууралдаад миний гарыг чанга базаад байсан. Тэгээд зугтаагаад гараад явчихсан юм. Миний хамар хугарчихсан байгаа, би 2019 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад байхдаа имплант хийлгэж байсан болохоор одоо Монголд эмчлүүлэхээс айж байна...” /хх 10-11/, 

гэрч Е.Нямдолгорын “...2021 оны 12 дугаар сарын дундуур би найз М болон түүний хоёр найз Т, Батсайхан нартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Юү Би сити зочид буудлын 602 тоотод орж архи уусан, тэгээд сууж байтал М, Т нар маргалдаад байсан ба би Батсайхантай юм ярьж байгаад бие засах өрөө орчихоод гараад ирсэн чинь М Тт цохиулаад гараараа хамраа таглачихсан сууж байсан, хамраас нь цус гарчихсан байсан...” /хх 23-24/,

гэрч С.Батсайханы “...2021 оны 12 дугаар сарын эхээр байх, өдрийг нь сайн санахгүй байна. Би найз Т, түүний хоёр эмэгтэй найз нарын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар дугаар хороо, UB city нэртэй зочид буудлын 603 тоотод пиво уусан. Т М, Г.Т хоёр юм ярьж байснаа М гэнэт орон дээр уначихсан. Т түүнийг түлхсэн үү, цохисон уу мэдэхгүй, намайг нэг харахад л М орон дээр унаж байсан. Тэгээд Мгийн хамраас цус гараад, хамраа дарж “намайг цохичихлоо” гэж хэлсэн ба энэ үед Т гараад явчихсан юм. Би сууж байгаад араас нь гарсан.” /хх 35-36/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...хамрын ясны хугарал болон уруулын няцрал дээд уруулын салстад үүссэн цус хуралт гэмтэл нь хоорондоо анатомын байршил зүйгээрээ ялгаатай, хамар, уруул хоёр зайтай учир олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ, аль эсвэл том гадаргуутай зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” /хх 45-46/ гэх мэдүүлгүүд,

“Д.Мгийн биед хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 393 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41-42/,

хохирлын баримтууд /хх 93-101/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Г.Тийн хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Мтай “ямар онгироо хүүхэн бэ” гэж маргалдан, нүүр лүү нь цохиж, биед нь “...хамар ясны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Тт 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн  нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Хохирогч Д.Мгийн өмгөөлөгч Ц.Сайнбатын “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмгөөлөгчийн хөлс гаргуулах нэхэмжлэлийг хангаагүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг Иргэний хуулийн 497, 505, 228.4-т тус тус зааснаар урьдчилан гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан бөгөөд хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй тул анхан шатны шүүх хохирогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хангахгүй орхисон нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Мөн анхан шатны шүүхээс хохирогч Д.Мгийн хохиролд нэхэмжилсэн “...компьютер томографын зураг авахуулсан 130.000 төгрөг, толгой бариачид бариулсан 46.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн 40.000 төгрөг, Солонгос Улсад хийлгэх хагалгааны төлбөр 19.280.000 төгрөг, баримт бичиг орчуулсан орчуулгын төлбөрийн 40.000 төгрөг, нислэгийн тийз 1.675.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг...” гэсэн зардлаас эмчилгээний зардалд нэхэмжилсэн 256.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэж,

хохирогч Д.М нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Мгийн нэхэмжилсэн хамрын мэс засалд орох төлбөр 8000 вон буюу 19.280.000 төгрөг, онгоцны билетийн төлбөр 1.675.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.   

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Л.Золжаргалын нэрийг Б.Гантөмөр гэж,

            мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...22.211.000 /хоёр зуун хорин хоёр сая хоёр зуун арван нэгэн мянга/...” гэж тус тус бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул цаашид энэ төрлийн алдаа, зөрчил дахин гаргахгүй ажиллахыг магадлалд дурдах нь зүйтэй.

            Мөн бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд цаашид энэ төрлийн алдаа, зөрчил дахин гаргахгүй ажиллахыг магадлалд дурдах нь зүйтэй.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогч Д.Мгийн өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...22.211.000 /хоёр зуун хорин хоёр сая хоёр зуун арван нэгэн мянга/...” гэснийг ...22.211.000 /хорин хоёр сая хоёр зуун арван нэгэн мянга/...”  гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Мгийн өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.МЯГМАРЖАВ

              ШҮҮГЧ                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ