Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2020/00006

 

“Ч” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00017 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О-д холбогдох,

Хэрэглэсэн дулаан, усны үнэ 561587.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбатын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.О-аас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй байрны халаалт, усны үнэ 561587.16 төгрөгийг гаргуулж өгнө үү…” гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие “Ч” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 11 сараас 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ашигласан хэрэглээний төлбөр болон 843809 төгрөгийг төлсөн. Нэхэмжилсэн 561587.16 төгрөг нь манай хэрэглэсэн хэрэглээний төлбөр биш тул төлөх боломжгүй болно...” гэжээ.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Оаас худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны дулаан, хэрэглээний усны төлбөрт 115 359 төгрөг, алданги 32477 төгрөг, нийт 147836 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 413751.16 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17497  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5085 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Хариуцагч Б.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат давж заалдсан гомдолдоо: “...Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 25 дугаар байрны 23 тоот нь иргэн Б.Оыг худалдан авахаас өмнө бүтэн жил орчим эзэнгүй цоожтой байсан. Манай байцаагч байрандаа засвар хийгээд нүүж орж байхад нь таарч усны заалт авахад 173 тонн ус гарсан байсныг өөрсдөд нь үзүүлж гарын үсэг зуруулсан байдаг. Тухайн үед энэ талаар ямар нэгэн байдлаар ийм их ус гарлаа, гарын үсэг зурахгүй гэж маргасан асуудал огт гаргаагүй. Манай компани 2016 онд програмын шинэчлэл хийж хэрэглээ, төлөлтийн дүнг хийхэд автоматаар боддог болсон. Түүнээс өмнөх онуудад гараар түүж бичиж боддог учраас харилцагчийн гүйлгээг харах болоход тухайн програм суурилагдсан өдрөөс хойшхи хугацаатай гарч ирдэг. Тухайн байранд орсноосоо хойш иргэн Б.О жил гаран хугацаагаар ямарч төлөлт хийгээгүй. Харин алдангаа хасуулсан боловч тухайн сардаа гарсан төлбөрөө ч 2017 оны 02 дугаар сар хүртэл огт төлөөгүй. Сарын бичилтийн гарсан төлбөрийг төлөөгүйн алданги болон төлбөр төлөхдөө дутуу, хугацаа хоцроож хийсэн, үнийн дүнгийн үлдэгдэл байнга гарч явсныг шүүх тооцож үзээгүй. 173 тонн усны 206460 төгрөгөөс гадна 107291 төгрөг, нийт 413751 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч тухайн байраа авахдаа тоолуурын заалтаа огт анзаараагүй авсан, хэд байсныг мэдэхгүй гэдэг боловч баахан гомдол гаргаж, маргаан үүсгээд бид төлж чадахгүй гээд хэд хэдэн удаа ирж байсан тул компаний захирлаас бүх алдангийг хасаж өгсөн. Тэгсэн ч төлбөрөө хийхгүй олон сар өнгөрсөн байдаг. Байрны өмнөх эзний эхнэртэй нь уулзаж байсан боловч 173 тонн усыг огт хүлээн зөвшөөрдөггүй. Инженерийн тооцоогоор Ф15 шугамаар 1 секундэд 0.2 гр ус гоождог. Хоногт 86400 литр ус алдах боломжтой. Почкины хөвүүр гэмтэхэд мөн их хэмжээний ус алдана. Иймд тухайн айлын тоолуураар уншигдан гарсан 173 тонн усны үнэ 306460 төгрөг, төлөх ёстой 107291 төгрөг, нийт 413751 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хэрэглэсэн ус, халаалтын төлбөрт нийт 561587,16 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч Б.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “... манай хэрэглэсэн хэрэглээний төлбөр биш ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бол анхан шатны шүүх хуралдаанд “... 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэглэсэн төлбөрийн хувьд маргаангүй, харин 2015 онд хэрэглэсэн гэх 173 тонн усны төлбөр 306460 төгрөгийг хэрэглээгүй тул төлөхгүй ...” гэж тус тус маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат эс зөвшөөрч “... иргэн Б.О ... сарын бичилтийн гарсан төлбөрийг төлөөгүйн алданги болон төлбөр төлөхдөө дутуу, хугацаа хоцроож хийсэн үнийн дүнгийн үлдэгдэл байнга гарч явсныг шүүх тооцож үзээгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх талуудын хоорондын гэрээний агуулга, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Б.О нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 25 дугаар байрны 23 тоот орон сууцанд оршин сууж, улмаар зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр “Айл өрхийг цэвэр ус, хэрэглээний халуун ус, бохир татан зайлуулах болон халаалт дулаанаар хангах гэрээ”–г байгуулж, хариуцагч Б.О нь “Ч” ХХК-ийн түгээсэн дулаан, усыг хэрэглэдэг болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба анхан шатны шүүх  нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний  өдрийг хүртэл хугацааны ус, дулааны төлбөрт 561587,16 төгрөг нэхэмжилсэн боловч уг шаардлагад 2015 оны 7 дугаар сараас хойшхи төлбөр тооцоо хамаарч, хариуцагч энэ хугацаанд тухайн орон сууцанд амьдраагүй тул өөрийнх нь хэрэглэсэн ус, дулааны төлбөр биш гэж маргаж, энэ нь зохигчдын тайлбар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-40/, халаалт, усны төлбөр тооцоо /хх-30, 41, 42/ баримтуудаар тогтоогджээ.

            Улмаар анхан шатны шүүх дээрх хугацаанд гарсан 173 тонн цэвэр усыг цаг хугацааны хувьд хариуцагч Б.О хэрэглэсэн гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж, түүний төлбөр нийт 306460 төгрөгийг хариуцагчаар хариуцан төлүүлэх үндэслэлгүй гэж үзэж, хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн дүнг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хугацаагаар тооцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээ байгуулсан хугацааны буюу өөрийн хэрэглэсэн ус дулааны төлбөрийг төлөх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх тухай агуулгад нийцэх юм.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд уг 306460 төгрөгийг хариуцагч нь сар бүрийн хэрэглэсэн ус, дулааны төлбөр болон түүнийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн тооцоо гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дүгээр зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                         ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                               Н.БАТЧИМЭГ