Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2024/00220

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч-ийн И нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э,  Б нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч Н.Э, Д.Б нар өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.1,100.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.И, хариуцагч Н.Э, Д.Б нарт холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.И нэхэмжлэлийн үндэслэлээ: ... Миний бие Н.Э тай хамт Зэвсэгт хүчний ***-р ангид ажилладаг байсан юм. Н.Э нь банкны зээлээ хаагаад өгнө гээд 3 сая төгрөг зээлж авсан. Зээлсэн мөнгөө өгөөгүй,өөрөө ***-р ангид ажиллахаа больсон энэ хугацаанд утсаар залгаж нэхэж байсан. Сүүлдээ утсаа ч авахаа больсон гэжээ. Иймд хариуцагч нараас 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Э, Д.Б нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөг өгөх нь үнэн болно. 3,000,000 төгрөг төлөх тул хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. 3,000,000 төгрөгийг төлөхдөө 7,8 сард хувааж төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.И, хариуцагч Н.Э, Д.Б нарт холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч хариуцагч Н.Э, Д.Б нар нь 3,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, 7,8 сард хувааж төлнө гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.5 дахь хэсэг 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагч Н.Э, Д.Б33 нар холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч нар 7, 8 сард хувааж төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгөөс 31,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 31,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, 31,475 төгрөгийг хариуцагч Н.Э, Д.Б нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ч.И-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ