Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/518

 

 

 

 

      2022           5            12                                    2022/ДШМ/518

 

Г.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Мөнхзаяа,

шүүгдэгч Г.Э

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,     

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Я.Мөнхзаяагийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Г.Эд холбогдох 2209000000159 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Э нь 2021 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 5 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “”Халиун” зочид буудалд хамт байсан хохирогч Ц.Гийн “ХААН” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах АТМ-ээс 700.000 төгрөгийг гарган авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Эд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдаж, шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Я.Мөнхзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 216 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Эг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Шүүхээс...”Улсын яллагчаас шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай санал гаргасан...,

Шүүх шүүгдэгч Г.Эгийн бага насны олон хүүхэдтэй, ажил, хөдөлмөр саадгүй эрхэлж амжиргаагаа авч явах боломж нөхцлийг хангах зэрэг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул улсын яллагчаас санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад оновчгүй гэж үзэж дараах байдлаар шийдвэрлэв.

Тэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв”....гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хуульд заасан нөхцөл хангагдсан эсэхийг хянах, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй юм.

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадласан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад...”прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, ...5 дахь заалтанд... шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”...гэж хуульчилжээ.

Гэтэл энэ хэргийн тухайд шүүхээс хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах тусгай журамд нийцээгүй хууль зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал: Улсын яллагчаас шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах" тухай санал гаргасан...байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” буюу дээрх агуулгын хүрээнд өөрөөр хэлбэл, прокуророос ял тохиролцсон байх хуулийн шаардлага хангагдсан байдлыг дүгнэхгүйгээр хуульд заагаагүй “бага насны олон хүүхэдтэй, ажил, хөдөлмөр саадгүй эрхэлж амжиргаагаа авч явах боломж нөхцлийг хангах зэрэг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэх үндэслэлээр хэрхэн үгүйсгэж байгаа нөхцлийг дурдаагүйгээр прокуророос сонсгосон ялыг өөрчилж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...гэж хуульчилсан байхад шүүхээс шүүгдэгч Г.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд хууль хэрэглээний алдаатай шийдэл болсон байна.

Прокуророос дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан тусгай журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд, хуульд заасан нөхцлийг хэрхэн үгүйсгэж дүгнэлт хийж байгаа болон дээрх агуулгыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд шүүгдэгч Г.Эд холбогдох эрүүгийн 2209000000159 дугаартай хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэсэн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын саналыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Яллагдагч Г.Э нь “...хүний картыг нууцаар авч 700.000 төгрөг авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэх хүсэлтийг /хх 69/ гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол үйлдэн, Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай саналыг гаргажээ /хх 82-83/.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана. ...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс “...шүүгдэгч Г.Э нь бага насны олон хүүхэдтэй, ажил, хөдөлмөр саадгүй эрхэлж амьжиргаагаа авч явах боломж нөхцөлийг хангах зэрэг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад оновчгүй гэж үзэж дараах байдлаар шийдвэрлэв. ...” гэж дүгнэн прокурорын саналын хүрээнд зааснаас өөр төрлийн ял буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

Иймд прокурор Я.Мөнхзаяагийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Я.Мөнхзаяагийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 20 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Г.Эд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ