| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00443/И |
| Дугаар | 131/ШШ2024/00526 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмчийн бусад, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 131/ШШ2024/00526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* нь шударга өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
************** миний бие нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт байрлах 48 айлын 11 тоотод байрлах орон сууцыг 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өмч хувьчлалаар авсан боловч одоо болтол уг байрандаа өмчлөгчийн гэрчилгээ аваагүй тул холбогдох баримтыг үндэслэн шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Энхтөр гэдэг хүн Б.Гантулга гэдэг хүнтэй 1989 онд гэр бүл болж Баянхонгор аймгийн Жаргалант сумд томилогдон ажиллаж байсан. Ажиллаж амьдрах хугацаандаа 1992 онд өмч хувьчлалаар тухайн байрыг авсан.******* нь Жаргалант сумын Байдрагийн сангийн аж ахуйд Эрчим хүчний нягтлан хийж байгаад 1995 онд Баянхонгор аймгийн Эрчим хүчний ерөнхий нягтлангаар ирж ажиллаж байгаад Эрдэнэт хотын тамгын газарт ерөнхий аудитор болон дэвшиж ажилласан.******* Б.Гантулга нарын хувьд гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдралтай болсон. Тухайн байрыг 2018 он хүртэл*******ийн төрсөн дүү А.Гантулга болон түүний хүүхдүүд эзэмшиж байсан. Дүү А.Гантулга нь 2019 онд Эрдэнэтэд нас барсан. Иймд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүхийн хэлэлцүүлэгт*******ийг шударга өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие оролцож байна гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч У.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн******* нь 2023 оны 11 дүгээр сард улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг ирүүлсэн. Өргөдлийг хүлээн авч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан. Хурлын тэмдэглэлийг гэрчилгээ гэж үзэхгүй байгаа. Хурлын тэмдэглэлийг үзээд хурлын тогтоол гараад дараа нь гэрчилгээ гарах ёстой эдгээр баримтууд байхгүй байсан тул мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан гэв.
3. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, сумын өмч хувьчлалын комиссын 1992 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, давуу эрхийн дагуу бага хувьчлалаар орон сууц авсан өрхийн жагсаалт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1431 дүгээр архивын лавлагаа, кадастрын зураг, гэрэл зургууд, нэхэмжлэгчийн тайлбарууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Шүүхээс бүрдүүлсэн баримтгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
2. Хүсэлт гаргагч******* нь шударга өмчлөгчөөр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдалд хамаарахаар байх тул хүсэлтийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 6/7796 дугаар Чиглэл, зөвлөмж хүргүүлэх албан бичигт Иргэд олон жил амьдарсан боловч хувьчилсан, өмчилсөн тухай нотлох баримт байхгүй орон сууц, нийтийн байр, үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулна… гэсэн бол Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/832 дугаар албан бичгээр иргэн*******ийн өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй, шүүхэд хандан өмчлөх эрхээ тогтоолгох эрхтэйг тайлбарлан хүсэлтийг буцаажээ.
4. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой этгээдийг шударга эзэмшигч гэнэ.”
5. Хүсэлт гаргагч******* нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт 48 айлын орон сууцны 11 тоотод байрлах орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хүсэлт гаргагч******* нь Орхон аймгийн*******ын 6 дугаар багт оршин суудаг, *******т 2005 оноос хойш өдийг хүртэл ажиллаж амьдарч байгаа болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
6. Мөн түүнчлэн Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт 48 айлын орон сууцны 11 тоотод байрлах орон сууцыг 2005 онд шилжихдээ дүү Гантулгадаа эзэмшүүлэн үлдээсэн талаар тайлбарладаг, дүү Гантулга нь 2019 онд нас барсан, түүнээс хойш хэрхэн эзэмшиж байсан нь тодорхойгүй, тухайн орон сууцыг эзэмшилдээ байлгасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
7. Хүсэлт гаргагч******* нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт 48 айлын орон сууцны 11 тоотод байрлах орон сууцыг 1992 онд өмч хувьчлалаар авсан талаар тайлбарладаг боловч үүнийг нотлох өмч хувьчлалын тогтоол архиваас гардаггүй, үүнээс шалтгаалан Улсын бүртгэлийн хэлтэс өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах боломжгүй болжээ.
8. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт 48 айлын орон сууцны 11 тоотод байрлах орон сууцыг хүсэлт гаргагч******* нь 1992 онд өмч хувьчлалаар өмчлөлдөө авсан байхыг үгүйсгэхгүй боловч өмч хувьчлалын тогтоол зэрэг баримт дутуугаас Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн гэрчилгээ авах боломжгүй болж, тухайн орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлага үүссэн, хүсэлт гаргагч******* нь 1992 оноос хойш өдийг хүртэл тус орон сууцыг өөрийн эзэмшилдээ байлгаж, холбогдох зардлуудыг төлж, урсгал засвар хийх зэргээр эзэмшиж, ашиглаж байсан болох нь тогтоогдохгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч******* нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт 48 айлын орон сууцны 11 тоотод байрлах орон сууцны шударга эзэмшигч болох талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч*******ийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт 48 айлын орон сууцны 11 тоотод байрлах орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА