Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/370

 

 

Э.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Э.А,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Аийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2106 02188 2099 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

................., 20..... оны ... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт ........ дүүргийн ......... дугаар хороо, ..........  гудамжны ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............... тоотод түр оршин суух хаягтай, /РД:................../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

 

Э.А нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Нью Таун” хотхоны гадна байрлуулсан иргэн М.Содгэрэлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

мөн Б.Шинэзориг, Ж.Отгонтөгс нартай бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мая март” хүнсний дэлгүүрийн касс дээрээс иргэн Д.Ууганцацралын эзэмшлийн “Ай фоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Анунгоо” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн А.Сугаржавын эзэмшлийн “Ай фоне икс эс макс” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ................ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аэд оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийн цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аээс 3.250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Одгэрэл /РД:УК03232275/-д 600.000 төгрөг, хохирогч Д.Ууганцацрал /РД:УР86040807/-д 500.000 төгрөг, хохирогч А.Сугаржав /РД:ЧГ84091405/-д 2.150.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 3 ширхгийг хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэргийн учир битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аэд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энд хоригдож байх хугацаандаа хийсэн хэрэгтээ маш их харамсаж, ухаарч, ард үлдсэн эхнэр хүү хоёрынхоо өмнө буруу зүйл хийж байсан болон гэмгүй хүмүүсийг хохироосондоо үнэн сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Миний бие эцэг, эхгүй бүтэн өнчин өссөн. Одоогоор эхнэр Т.Баярчимэг, хүү Б.Түвшинбат нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хадмынхаа хажуу өрөөнд амьдардаг. Тухайн хэрэгт холбогдохоос өмнө уурхай болон барилга дээр туслах ажилчин хийж гэр бүлээ тэжээдэг байсан. 2019 онд дэлхийд тархсан цар тахлын өвчин гарч ажил төрөлгүй болоод байх хугацаандаа ийм муу зүйл хийсэндээ харамсаад барахгүй байна. Иймд шүүхээс надад өгсөн 1 жил 10 сарын хорих ялыг маань ар гэрийн байдал, хохирол учруулсан хүмүүсийнхээ хохирлыг 100 хувь барагдуулж төлөх байдлаас минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирол төлбөр нөхөн төлөөгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэмжээ зэргийг харгалзан түүнд 1 жил 10 сарын хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон гэж үзсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Э.Аийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Э.А нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Нью Таун” хотхоны гадна байрлуулсан иргэн М.Содгэрэлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

мөн Б.Шинэзориг, Ж.Отгонтөгс нартай бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мая март” хүнсний дэлгүүрийн касс дээрээс иргэн Д.Ууганцацралын эзэмшлийн “Ай фоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Анунгоо” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн А.Сугаржавын эзэмшлийн “Ай фоне икс эс макс” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Содгэрэлийн “...2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 34 минутад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Нью таун” хотхоны гадна хүүхдийн тоглоомын талбайн гадна “Tourrein euro standart” брэндийн унадаг дугуйгаа орхиод найзтайгаа цааш тоглоомын талбай руу орж бөмбөг тоглох гээд дугуйны түгжээгээ гэртээ орхисон байсан тул түгжилгүй сул орхиж явсан. Тоглоомын талбайд 10 гаруй 10 жилийн хүүхдүүд турник дээр байгаад намайг талбай руу оронгуут талбайгаас зөрөөд гараад явсан. Дугуй байсан газар 40 орчим размерын кетний мөр байсан. ...” /1хх 17-18/,

хохирогч Д.Ууганцацралын “...2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Му mart” дэлгүүрийн кассан дээр зогсож байхдаа кассын ар талд байсан “ай фоне экс эс” маркийн гар утас алдсан. ...” /1хх 70-71/,

хохирогч О.Сугаржавын “...2021 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анунгоо” гэх дэлгүүр дээр байж байх үед цагаан цайвар өнгийн куртиктэй хар өнгийн малгайтай, темберланд загварын гутал, хар өнгийн өмдтэй 160-165 см орчим өндөртэй цагаан өнгийн масктай, 18-25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд 100 граммын шампунь байгаа юу гэж асуусан бөгөөд тийм, байхгүй ээ, жижиг л байгаа гээд үзүүлэх гээд лангууны араар ороход надаар заалгаж байгаад зөрөөд гараад явсан. Араас нь дагаад явж байх үед хурдан гараад явахаар нь яасан юм бол доо гээд гар нь хөдлөх шиг болохоор нь гайхаад лангуун дээрх юмаа харахад миний шаргал өнгийн “ай фоне экс макс” маркийн гар утас алга болсон байсан. ...” /1хх 162-163/,

гэрч Э.Энх-Өлзийгийн “...унадаг дугуй хулгайлан авч явсан гэх хэргийн хяналтын камерын бичлэг дээрх хүнийг би танина. Бичлэг дээрх хүн бол миний төрсөн дүү Энхтуулын Авирмэд байна. Бид хоёр хоорондоо төстэй. ...” /1хх 26-27/,

насанд хүрээгүй гэрч Б.Шинэзоригийн “...би он, сар, өдрийг сайн санахгүй байна. Авирмэд, Отгонтөгс хоёртой 12 цагийн үед 16-гын автобусны буудал дээр уулзаад Баянзүрх захын урдуур яваад 72 дугаар хотхоны голын замаар явж байгаад “Му mart” гэх нэртэй дэлгүүр орсон. Тухайн үед бид 3 зайрмаг авах гээд орсон. Зайрмагаа аваад дэлгүүрээс гарахад Авирмэд ах гар утсыг нь авсан байсан. Бид гурав салж гүйгээд Асет худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр уулзсан. Бид 3 цуг такси бариад Монтел орсон. Авирмэд ах таксинаас буугаад гар утсаа зараад ирье гэж хэлээд буусан. Тэгээд буцаж орж ирээд явъя гэж хэлээд бид гурав Алтан цайзын буудал орсон. Бид гурав Алтан цайзад байж байгаад орой нь Авирмэд ахтай 20.000 төгрөгөөс болж маргалдаад Отгонтөгс бид хоёр найз Балжиннямын гэрт очоод гар утсаа цэнэглээд гэртээ харьсан. ...” /1хх 81-82/ гэсэн мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...Дугуйны хулгайч гэсэн нэртэй зураг нь файлыг нээж үзэхэд хар өнгийн халимаг үстэй цайвар царайтай, 160-170 см өндөртэй, хар нарийн малгайтай цагаан өнгийн найс гэсэн логотой, цайвар хантаазтай, хар өнгийн подволктай, хар өнгийн богино шорттой, зүүн гартай 500 гр усны савтай, цэнхэр өнгийн масктай, эрэгтэй хүн байв. Хулгайч гэсэн нэртэй зураг нь файлыг нээж үзэхэд хар өнгийн халимаг үстэй, шаргал өнгийн хантаазтай, хар өнгийн подволкатай, ар талдаа найк гэсэн бичигтэй нарны малгайтай, 18-23 насны эрэгтэй байв. VID_20210702_144054.mр4 нэртэй видео файлыг нээж үзэхэд 2021 оны 6 дугаар сарын 28-ны орой 22 цаг 51 минутад хар өнгийн богино шорттой, эрэгтэй хүн унадаг дугуй унаад явж байгаа зураг видео хэлбэртэй зураг байв.” /1хх 10-11/,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...видео файлыг нээж үзэхэд 3 хүүхэд гаднаас орж ирж байгаа бичлэг байв. Уг 1 хүүхэд нь цагаан өнгийн малгайтай, шар өнгийн хүрэмтэй, цэнхэр өнгийн женсэн өмдтэй, цагаан өнгийн гуталтай, 16-22 насны эрэгтэй хүүхэд байв. Уг хүүхдийн хажууд нь хар шар өнгийн биеийн тамирын хувцастай, хувцас дээр тик ток гэсэн бичигтэй, ногоон өнгийн пүүзтэй 16-18 насны эрэгтэй хүүхэд байв. Уг хүүхдийн хажууд зогсож байгаа шар хар өнгийн хүрэмтэй, хар өнгийн цүнх үүрсэн, хар бараан өнгийн женс өмдтэй эрэгтэй хүүхэд гар утсыг авч байгаа дүрс бичлэг байв.” /1хх 94-95/,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 19 цаг 04 минут 06 секундэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анунгоо” хүнсний дэлгүүрт хохирогч О.Сугаржавыг байхад нь гаднаас 170 см орчим өндөртэй хар өнгийн ноосон малгай, гадуураа дээгүүрээ цагаан доогуураа цэнхэр өнгийн куртик, дотуураа хар өнгийн малгайтай цамц, доогуураа хар өнгийн жинсэн өмд, шар өнгийн темберланд гутал, цагаан өнгийн масктай эрэгтэй хүн орж ирээд явж байгаа бичлэг бичигдсэн байх бөгөөд хохирогч О.Сугаржав араас нь дагаж бараа зааж өгөхөд уг этгээд түрүүлээд үүд хэсэг рүү алхаж явж байгаад үүдний хэсэгт байрлах лангуун дээрээс эд зүйл аваад баруун талын халаасандаа хийгээд гараад явж байгаа бичлэг бичигдсэн байна.” /1хх 177/,

таньж олуулах ажиллагаа явуулсан “...хохирогч О.Сугаржав гэх хүнд 1-4 хүртэл дугаарласан эрэгтэй хүмүүсийн цээж зургийг үзүүлэв. 1. Үл таних эрэгтэй, 2. Үл таних эрэгтэй, 3. Үл таних эрэгтэй, 4. Энхтуулын Авирмэд гэсэн дугаартай зургуудыг үзүүлэхэд хохирогч О.Сугаржав нь 4 дугаартай зурагт байгаа эрэгтэй нь миний гар утсыг авч явсан эрэгтэй мөн юм шиг байна гэв” /1хх 179-182/ гэх тэмдэглэлүүд,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 184-189/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Э.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Аийн иргэн М.Содгэрэлийн унадаг дугуйг, иргэн Д.Ууганцацралын эзэмшлийн “Ай фоне икс эс” загварын гар утсыг, иргэн А.Сугаржавын эзэмшлийн “Ай фоне икс эс макс” гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Э.А “...надад өгсөн 1 жил 10 сарын хорих ялыг маань ар гэрийн байдал, хохирол учруулсан хүмүүсийнхээ хохирлыг 100 хувь барагдуулж төлөх байдлаас минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч Э.А нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжлийг олоогүй түүний хувийн байдалд тохируулан анхан шатны шүүх 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ        

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ