Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 5

 

Ч.Я-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01060/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 17-ны өдрийн 1171 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Ч.Я-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Т.О-т холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэндамбын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Я- миний бие иргэн Т.О-ийн хүсэлтийн дагуу 2017 оны 12 сарын 01-ний өдөр нэг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 7.000.000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй байх тул хариуцагч Т.О-ээс 7.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Т.О- миний бие 2017 оны 12 сарын 01-ний өдөр Ч.Я-тай хамтарч ажиллаж, бизнес хийх зорилгоор 7.000.000 төгрөг авсан болно.

Ашиг олсон тохиолдолд ашгаа тавь тавин хувиар авахаар тохиролцож, эхний ээлжинд хүүтэй зээлэхээр болсон ба аман хэлэлцээр хийж мөнгөө өгч авалцсан.

Ингээд цахим мөнгө ашигтай гээд Аясикогийн койнд 7.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэвч ажил бүтэлгүй болж Цахим мөнгөний койн улс даяар маргаан үүсгээд явж байгааг та бүхэн ойлгоорой. Бизнесийн зарчим нь ашиг олохоо тохирсон бол алдагдал хүлээхэд хуваадаг зарчимтай.

Харин миний бие хүн чанар гаргаж мөнгийг төлж байгаа. Би доорх мөнгийг төлж байгаа. Үүнд 490.000 төгрөг, 400.000 төгрөг, 300.000 төгрөгөөр 4 удаа, нийт 2.090.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 4.910.000 төгрөгийг төлж хохиролгүй болгоно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1171 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч Т.О-ээс 6.290.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Я-д олгож, үлдэх 710.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 115.590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Я-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэндамба давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй 490.000 төгрөгийг анхан шатны шүүх өөрийн санаачлагаар нэмж тооцсон нь үндэслэлгүй байна.
  2. Анх 7.000.000 төгрөг нэхэмжилсэн үүнээс хариуцагч 1.200.000 төгрөг төлсөнөө хасаад үлдэгдэл 5.800.000 төгрөгийг төлөх болно.
  3. Зохигчдын дунд хүүгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй.
  4. Зохигчдын хооронд байгуулсан ямар ч гэрээ, хэлцэлгүй зүйлийг гэрээ хийснээр шийдвэрлэсэн нь буруу юм гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Я- хариуцагч Т.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Т.О-  анх зээлийн гэрээ байгуулж авсан 7.000.000 төгрөгөөс 2.090.000 төгрөг буцааж төлсөн тул 4.910.000 төгрөг төлнө гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, тэрхүү гэрээгээр 7.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлсэн байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсанаар хэргийг бүхэлд нь хянаад  дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар

Хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ бичгээр хийгдсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч Т.О- нэхэмжлэгчид 4 удаагийн гүйлгээгээр 1.200.000 төгрөгийг буцааж төлсөн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны дипозит дансны хуулгаар нотлогдоно.

Нэхэмжлэгч Ч.Я- шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анх зээлүүлсэн 7.000.000 төгрөг нэхэмжилсэн, ямар нэгэн хүү тооцож нэхэмжлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй хүүг тооцож хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана...”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 7.000.000 төгрөг нэхэмжилсэн байхад хэрэгт авагдсан зээлийн гэрээнд дүгнэлт хийж, хүүг нэмж тооцсон нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, ихэсгэх, багасгах эрхтэй байх мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэхдээ шүүх хөндлөнгийн байх зарчим, талуудын тэгш эрхийн зарчим зэргийг зөрчсөн байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тохиолдолд тодруулах үүрэг нь шүүхэд байх хэдий ч тухайн хэрэгт авагдсан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс анх зээлүүлсэн 7.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь ойлгомжтой байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж,  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1171 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,282.3-т зааснаар хариуцагч Т.О-ээс 6.290.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Я-д олгож, үлдэх 710.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Т.О-ээс 5.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Я-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О-ээс 115.590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Я-д олгосугай” гэснийг  “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 107.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Я-д буцаан олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.350 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

  

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                          АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                         ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                               Л.АМАРСАНАА