Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва,

 хохирогч Х.Оюунсаруул, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат

шүүгдэгч М , түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705003310040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Ховд аймаг Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, Паданч ХХК-д ажилтан, ам бүл 3, эхнэр, охины хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй М . Шүүгдэгч М  согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 6-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо Нийслэл караокед хохирогч Х.Оюунсаруулын нүүрэн тус газарт пивоны аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч М  шүүхийн хэлэлцүүлэгт: “2017 оны 8 дугаар сарны 5-ны өдөр Гэрэлт-Од манай ажил дээр ирсэн. Гэрэлт-Од, Чулуунбат хоёртой 10 дугаар хорооллын “Стелла” гэх бааранд орж суусан. Гэрэлт-Од машинтай явж байсан болохоор архи уугаагүй байсан. Би тэр бааранд 3 шил пиво уусан. Гэрэлт-Од бид хоёр баарнаас тооцоогоо хийгээд гартал Чулуунбат 2 эмэгтэй хүнтэй ярилцаад зогсож байсан. Би тухайн үед өмсөж явсан биеийн тамирын өмднийхөө уяаг чангалах үед хохирогч эмэгтэй намайг хужаа гээд хэл амаар доромжлоод байсан. Хохирогч Оюунсаруул найз Удвалын хамт хоолны газар орох үед нь бид араас нь дагаж орж хамт суусан. Хоолны газраас гарч ирээд Оюунсаруул, Удвал нар караоке орсон. Гэрэл-Од, Чулуунбат бид 3 араас нь караокед хамт орж дуулж байгаад хохирогч Оюунсаруул бид хоёр үлдсэн. Зөөгч 44.000 төгрөгийн тооцооны хуудас авчирч өгсний дараа Оюунсаруул намайг чам шиг банди мөнгийг нь төлж чадахгүй гээд миний толгой руу түлхсэн. Тухайн үед миний уур хүрээд ширээн дээр байсан 2 пакаалтай пивыг цацаад тэр бакаалаар толгой руу нь цохиод араас нь гар болон хөлөөрөө нэг удаа цохичихоод гараад явсан гэв. Хохирогч Х.Оюунсаруул шүүхийн хэлэлцүүлэгт:” 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр найз Удвал манай гэрт ирээд сэтгэл санаа муу байна гээд бид хоёр 10 дугаар хороололын пабад орж юм ярьж сууж байгаад сэтгэл санаагаа сэргээх үү гээд бааранд орохоор болсон. Тухайн баарнаас гараад хоолны газар орох үед араас 3 залуу орж ирсэн. Би анхнаасаа дургүй байсан болохоор ааш муутай байсан. Би үлдсэн насандаа харамсаад барахгүй төрхтэй болсон. Манай нөхөр надаас тусдаа амьдарч байгаа. Мөн миний хүүхэд надаас ичээд сургууль дээр та битгий ирээрэй гэдэг болсон. Би нягтлан бодогч мэргэжилтэй. Би 3 байгууллагад ажилд орох гээд анкет өгсөн. Тухайн байгууллагад ажлын ярилцлага өгөх үед эхлээд миний нэр дараа нь миний нүүрийг яасан талаар асуудаг. Би М  руу залгаад учир байдлаа хэлэх үед надад хохь чинь гэж хэлээд утсаа салгасан. Би М ын ээжтэй нь уулзаад гадаадад эмчилгээ хийлгэх талаар ярихад тийм мөнгөний бололцоо байхгүй гэж хэлсэн. М  673.836 төгрөг надад төлсөн. Шүүгдэгч тал намайг “Тод Ганнам” эмнэлэгт эмчлүүл гэж тулгаж тэр эмнэлгийн дансанд 2.500.000 төгрөг хийсэн. Би “Тод Ганнам” эмнэлэгт эмчилгээ хийлгэхгүй 2500.000 төгрөгийг шүүгдэгч тал буцааж авна биз. Би дэлхийд гоо сайхны эмчилгээгээр номер нэгт ордог Солонгос улсад эмчилгээ хийлгэнэ гэсэн бодолтой байгаа. Би үнэхээр гомдолтой байгаа бөгөөд өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөгийн зардлыг гаргуулахаас гадна би Солонгос улс руу явах 31.680.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. Хавтаст хэргээс: Хохирогч Х.Оюунсаруулын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 5- ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг 7 дугаар хороонд хадам аавынд байж байтал найз Удвал ирж нөхөртэй муудалцсан сэтгэл санаа хэцүү байна хамт жаахан пиво ууя гээд 10 дугаар хороололд байдаг пабад пиво ууж байгаад 23 цагийн үед Стелла бааранд орж бүжиглэж байгаад 3 цагийн үед гарсан. Тэндээс гарч хажуугийн 24 цагийн цайны газарт ороход араас Стелла бааранд та хоёрыг харлаа гээд хоёр залуу ирж танилцаж, манай найз Удвалын авсан нэг хоолны мөнгийг тэр хоёр залуу картаар төлөх гэтэл карт уншихгүй гээд мобайл банкаар төлсөн байсан...тэндээс гарч хажуугийн “Нийслэл” нэртэй караокед орж сууцгааж дуу дуулж байгаад нэг нь намайг тэвэрч аваад байхаар нь уурлаж маргалдаж байтал нэг нь пивоны грушкаар бариул нь үлдтэл цохьсон гэсэн. Би цохиулаад цус гоожиж байхыг мэдсэн. /хх-ийн 9-10/ Миний хацрын шарх их гүн ясандаа тулсан байсан учраас эргэж эдгэхдээ ч мах гадагш овойж түрж эдгээд байгаа бөгөөд цаг хугацаа алдалгүй яаралтай гоо заслын эмчилгээг үргэлжлүүлж хийлгэхгүй бол улам муухай болоод байна. Одоогийн байдлаар эмчилгээний зардлаа 1.570.200 төгрөгийн зардал гарсан байгаа бөгөөд цаашид Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэхэд 13.800 долларын зардал гарахаар болоод байгаа тул гарч буй бүх зардлуудыг гэм буруутай хүнээр гаргуулан авмаар байна. Эрүүл мэнд гоо сайхан, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө ингэж хохирч байгаадаа маш их гомдолтой байна. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг Гэрч Г.Удвалын мөрдөн байцаалтад өгсөн:...”Оюунсаруул бид хоёр гэрээс нь 21 цагийн үед гараад 10 дугаар хорооллын ойролцоох нэг пабад суугаад 0,5-тай Соёрхол архи хувааж уусан. Тэгээд тэр пабаасаа гараад Стелла баар руу орж үйлчлүүлсэн, дотроос тус бүр 1 пиво худалдаж аваад уусан. Тэгээд тэр бааранд ойролцоогоор 1 цаг болоод баарнаас гараад хажуу талынх нь хоолны газар ороод хоол идэх гээд сууж байхад үл таних 20-25 орчим насны 3 залуу орж ирээд бид хоёртой яриа өдөж эхэлсэн. Тэгээд хоолны газраас гарах үед нэг залуу нь картаар 6900 төгрөгийн тооцоо хийсэн. Тэгээд бид хэд гараад тэр хэдэн залуугийн санал болгосон биш ойрхон байдаг Нийслэл караоке руу тэр 3 залуугийн хамт орсон. ...тэгтэл караокеноос хар сорочиктой залуу нь ганцаараа гарч ирээд уурлаад хараал хэлээд найзтайгаа уулзаад байсан. Тэгэхээр нь би тэр залууг чи чаддаг юм бол тооцоо хийчих гэтэл тэр залуу утсаар хэсэг ярьж байснаа би танай найз охиныг цустай нь хольсон гэж хэлсэн. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг Гэрч Г.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтад өгсөн:”...2017 оны 8 дугаар сарын 6-нд шилжих шөнө Чулуунбаатар, М  бид Кристалл бааранд орж тэр хоёр, нэг нэг пиво авч уугаад байж байхдаа Чулуунбаатар хоёр охинтой танилцах гээд 00 орсон ч танилцаж чадаагүй, бүтэлгүйтсэн тул буцаад ирсэн. Тэгэхэд хажуу ширээнд суусан 2 эмэгтэй нилээн согтоод гараад явахаар нь тэр хоёрын араас Чулуунбаатар танилцах гээд гараад явсан...Тооцоог М  бид хоёр хийгээд яваад очиход М ыг өмдөө татахыг нь харчихаад 1 эмэгтэй нь хужаа юмуу гэсэн. Юун хужаа вэ гэхэд хэрэв биш юм бол боовоо харуул ч гэх шиг сонин юм яриад хоол иднэ гээд цааш нэг паб руу орчихсон. Тэгэхэд нь Чулуунбаатар тэр хоёрын араас шалаад яваад байсан...би эхлээд 2 дуу дуулчихаад гараад гадаа машиндаа хүлээгээд сууж байтал М  дотроос их ууртай гарч ирээд явъя гэсэн...М  тооцоо хийх гэсэн чинь тэр эмэгтэй элдвээр хэлж доромжиллоо, нүүр рүү цохиод тэгэхээр нь уур хүрээд цохьчихоод гараад ирлээ гэсэн. Намайг караокед хамт байх хугацаанд тэр гэмтсэн эмэгтэй нь М ыг 1 барьж авч үнсээд л үгүй бол түлхээд л их орон гаран аашлаад байсан. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг Гэрч Ц.Чулуунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:”...Гэрэлт-Од бид хоёр 00 орж бие засаж гараа угаах зууртаа хоорондоо 1 цаг дуулах уу гэж ярьж байтал 2 эмэгтэй таарсан, нийлээд караокед орохоор болж гарахад М ыг харчихаад хужаа юм уу гэх мэтээр хэлэхээр нь тоглоод байна уу гэж бодсон. ...караокед дуулаад байж байхдаа тэр зодуулсан эмэгтэй нэг болохоор нийлээд гоё дуулъя гээд л үгүй бол та нар хужаа шиг харагдаад байна гэх мэтээр хэлээд орон гаран ааш гаргаад байсан ба угаасаа цаг нь дуусах гэж байсан тул одоо ингээд явлаа салъя гэж байсан юм. Намайг гадаа тамхи татаад зогсож байтал дотор зодоон болоод өнгөрсөн байсан. Намайг явж ороход тэр эмэгтэй буйдан дээр хэвтэж байхаар нь тасраад уначихаж гэж бодтол хамраас нь ч юм уу цус гарч байгаа харагдахад яав юу болов гэхэд М  надад тооцоог хийх гэхэд чам шиг бацаан ийм тооцоог хийж чадахгүй гээд мангасдахаар нь 1 цохьчихлоо гэсэн. /хх-ийн 75/ гэх мэдүүлэг Сэжигтнээр М ын мөрдөн байцаалтад өгсөн:”...2017 оны 8 дугаар сарын 6- ны 01 цагийн үед ...пабад нэг хоол авч тэр хоёр идэж байхаар нь би хажуугаас нь хувааж идсэн мөн Гэрэлт-Одын авч ирсэн монгол архинаас бид хувааж уусан. Тэгэхэд нэг эмэгтэй нь намайг хужаа хүн ийм архи уудаггүй юм гээд үгээр идээд байсан. Тэндээс тэд нар түрүүлэн гарч би тооцоо хийж дуусаад араас нь гартал хүн байхгүй, би Гэрэлт-Одын машины хажууд зогсож байтал Чулуунбаатар ирж тэр хоёр эмэгтэйтэй караокед орчихсон хамт орьё гээд дагуулан явж Нийслэл нэртэй караокед орж тавуулаа дуулж нийтдээ 10 шил пиво авч нэг эмэгтэй нь 100 гр архи авч ууцгаасан. Тэгээд 2 цаг 30 минутын үед Чулуунбаатар нэг эмэгтэйтэй нь тэврэлдэн 00 явж Гэрэлт- Од архи уугаагүй болохоор машиндаа сууж байсан юм. Тэгтэл би нэг эмэгтэйтэй нь сууж байтал хэд гарсан байна, чам шиг банди энэ мөнгийг төлж чадахгүй гээд үгээр идээд байхаар нь миний уур хүрч пивотой пакалаар зүүн шанаанд нь нэг удаа цохиж би баруун өвдгөөрөө нүүр рүү нь нэг удаа өвдөглөж зодсон. Тэгээд хаалгаар гарах гэтэл Чулуунбааатар орж ирэхээр нь буцаж буйдан дээр хэвтэж байсан эмэгтэйн нүүр рүү нэг өшиглөчихөөд гараад явсан. /хх-ийн 29-30/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10081 дугаартай: Х.Оюунсаруулын биед тархи доргилт, зүүн хацар, духанд шарх, дух, хүзүү, зүүн хөх, баруун тохой, шуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх- ийн 18/ гэсэн дүгнэлт, Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...нүүр царайг засрашгүй эвдэж гэмтээх гэдэг нь ...нүүрэнд учирсан гэмтэл илтэд нүүрний төрхийг өөрчилсөн, хүнд хэн нь танигдахгүй нүүрний тэгш хэм алдагдсан нүүр засрашгүй гэмтсэн, эргэн сэргээгдэх боломжгүй болсон тохиолдлыг хэлэх бөгөөд Х.Оюунсаруулын биед учирсан гэмтэл нь үүнд хамаарахгүй, Монголын гоо заслын эмнэлэгүүдийн нөхцөл боломж нь энэ хүний гоо сайхныг нөхөн сэргээх маш бага боломжтой. Учир нь оёдлыг нь бүрэн задалж, эхнээс нь цэгцтэйгээр булчин шөрмөсийг нь нэг бүрчлэн оёж эдгээх шаардлагатай болсон байсан. Үүнийг хийхэд Монголын эмнэлэгийн эмчилгээний боломж хүрэхгүй. Шарх хэр гүн байснаас гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй” /хх-ийн 22/ гэх мэдүүлэг, Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 45-59, 61-63/, Шүүгдэгч М ын хохиролд төлсөн гэх мөнгөний баримт /хх-ийн 65-66, 82/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 79/ Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: М ын оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 40/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 42-43/, ял шалгах хуудас /хх-ийн 80/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч М  согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 6-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо Нийслэл караокед хохирогч Х.Оюунсаруулын нүүрэн тус газарт пивоны аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:хохирогч Х.Оюунсаруулын”... нэг нь намайг тэвэрч аваад байхаар нь уурлаж маргалдаж байтал нэг нь пивоны грушкаар бариул нь үлдтэл цохисон гэсэн. Би цохиулаад цус гоожиж байхыг мэдсэн” /хх-ийн 9-10/ гэх мэдүүлэг, гэрч Г.Удвалын”... би тэр залууг чи чаддаг юм бол тооцоо хийчих гэтэл тэр залуу утсаар хэсэг ярьж байснаа би танай найз охиныг цустай нь хольсон гэж хэлсэн” /хх-ийн 13/ гэх мэдүүлэг, гэрч Г.Гэрэлт-Одын”...М  тооцоо хийх гэсэн чинь тэр эмэгтэй элдвээр хэлж доромжиллоо, нүүр рүү цохиод тэгэхээр нь уур хүрээд цохичихоод гараад ирлээ гэсэн. Намайг караокед хамт байх хугацаанд тэр гэмтсэн эмэгтэй нь М ыг 1 барьж авч үнсээд л үгүй бол түлхээд л их орон гаран аашлаад байсан” /хх-ийн 16/ гэх мэдүүлэг, гэрч Ц.Чулуунбаатарын”... М  надад тооцоог хийх гэхэд чам шиг бацаан ийм тооцоог хийж чадахгүй гээд мангасдахаар нь 1 цохичихлоо /хх-ийн 75/ гэх мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 18/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 79/ болон хохиролтой холбогдох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Прокуророос М ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч М  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг арилаагүй байгааг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд Хавтаст хэрэгт авагдсан хохиролтой холбогдох нийт 673.836 төгрөгийн баримтын хэмжээнд шүүгдэгч М  нь хохирогч Х.Оюунсаруулд бүрэн төлж барагдуулсан, энэ талаар талууд маргаагүй болно. Хохирогч Х.Оюунсаруул өмгөөллийн хөлсөнд 500000 төгрөг төлсөн баримтыг эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хамт шүүх хуралдаан дээр гаргаж, шүүгдэгчээс нэхэмжилснийг, өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төр хариуцан гаргах зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгов. Харин, хохирогч Х.Оюунсаруулаас БНСУ-д гоо сайхны эмчилгээ хийлгэхэд шаардлагатай гэх 31.680.000 төгрөгийн нэхэмжлэлийг холбогдох баримтгүй үндэслэлээр энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ. Шүүгдэгч М  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг СД хураагдсан болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ыг дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг М ад мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, М  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хохирогч Х.Оюунсаруулаас өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ