Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/467

 

      

 

 

 

 

   2022           05             03                                          2022/ДШМ/467

                                               

                                                                                               

П.Бт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батнуур,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батнуур, хохирогч Х.Гантулгын өмгөөлөгч О.Аззаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Бт холбогдох 2103002060275 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С овгийн Пын Б, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 22 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамжны замд “Hyundai County” маркийн 0000 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Агийн амь нас хохирсон, явган зорчигч Х.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С овгийн Пын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Б нь эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, П.Б нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, УлаанБ хотоос гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, П.Бын “В, С, 0" ангиллын 595633 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хохирогч Х.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Б.Батнуур давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Бт 3 жил 5 сарын хугацаанд жолоодох эрхийн хасаж, 2 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна. Шүүгдэгчид уг ял нь хэт хөнгөдсөн гэж үзэж байна. Учир нь уг гэмт хэргийн улмаас нэг хүнд амь насанд аюултай гэмтэл учруулж, мөн бүхэл бүтэн хүний амь нас эрсдсэн байхад шүүхээс ийм шийтгэл оноосонд буюу хүний эрүүл мэнд амь насыг юмны чинээ тоохгүй байгаа байдалд гомдолтой байна.

Мөн шүүхээс П.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батнуурт 19.202.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзсэн. Гэвч П.Б нь ямар нэгэн төлбөр тооцоо, хохирол барагдуулсан гэх зүйл байхгүй ба бичиг үсэг сайн мэдэхгүй намайг хуурч нэг зүйл дээр гарын үсэг зуруулж хуурамч нотлох баримт бүрдүүлж ял завшиж байна. Уг үйлдлийг миний анх хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулсан өмгөөлөгч болох Нэр Сүрэн овогт Пүрэвдорж гэх хүн шүүгдэгчийн өмгөөлөгчтэй ярилцан тохиролцож намайг хууран мэхэлж бичиг үсэг сайн мэдэхгүйг далимдуулан хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хохиролтой холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо хийсэн үйлдэл байхгүй, 19.202.000 төгрөг надад өгөөгүй болно.

Иймд П.Бт оногдуулсан шийтгэл нь хөнгөдсөн, мөн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирлын хэмжээ болох 12.000.000 төгрөг гаргуулж, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч Х.Гантулгын өмгөөлөгч О.Аззаяа давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт оролцогчийг тусгахаар заасан.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Х.Гантулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батнуур нар биечлэн оролцсон байтал шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт энэ талаар тусгаагүй зөрчил гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт ... -ыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, 2.4-т шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт, 3 дахь хэсгийн 3.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл” зэргийг тусгахаар хуульчилсан.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад, прокурорт буцаах байр суурийг илэрхийлж оролцсон. Үндэслэл нь хохирогч Х.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас авсан бэртэл гэмтлийн улмаас сэтгэцийн өөрчлөлттэй болсон талаар холбогдох эмнэлгийн магадлагаа баримтыг шүүхэд гаргаж өгч, Х.Гантулгын сэтгэцийн байдалд шинжээч томилуулах, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох, ингэснээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн тогтоогдоно гэж үзсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг” ойлгоно гэж тодорхойлсон. Үүнээс үзэхэд хүний бие махбодид учирсан гэмтлээс гадна оюун санаа /сэтгэцийн эрүүл мэнд/-д учирсан хохирол нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа хэлбэр мөн юм,

Гэтэл анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр өмгөөлөгчийн байр суурийг няцаан үгүйсгэж байгаа талаарх үндэслэлээ шүүх хуралдаанд ч, шийтгэх тогтоолд ч огт тусгасангүй.

Хохирогч Х.Гантулгын сэтгэцийн байдлыг тогтоож байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоогдох билээ.

Мөн хохирогч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан хохирол, олох ёстой байсан цалин хөлс орлогоо холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжилсэн.

Анхан шатны шүүх “хохирогч Х.Гантулга нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...” гэх ганц өгүүлбэр дурсанаас өөр хууль зүйн ямар ч дүгнэлт хийгээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд эрүүгийн хэргийг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрх нь хязгаарлагдана.

Ямар ч хууль эрх зүйн дүгнэлт, нэхэмжлэлийн нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн байдалгүйгээр хохирогчийн нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан үр дүн бүхий хууль бус шийдвэрийг шүүх гаргаж байгаад гомдолтой байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Х.Гантулга нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасныг нөцтой зөрчсөн байна.

Шүүхээс шүүгдэгч П.Бт оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн талаар.

Шүүхээс шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь Эрүүгийн хуульд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. Шударга ёсны зарчим нь шүүгдэгчид оногдуулж буй ял шийтгэл оновчтой шударга байхын бодит илэрхийлэл бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол амссан хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг арилгуулах, нөхөн төлүүлэх арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх, хохирол төлбөр бүрэн төлөгдсөнөөр ял шийтгэл хөнгөрөх нь шударга ёсны агуулга.

Гэтэл энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Харин ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нийтэд аюултай аргаар үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгааг анхаарч үзээгүй. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Б.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг гарсан өдрөөс хойш шүүгдэгчийн ар гэр хохирогчийн ар гэрийнхэнтэй тогтмол уулздаг байсан. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 15.000.000 төгрөгийг төлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш үлдсэн 3.000.000 төгрөгийг төлж нийт 19.202.000 төгрөг төлсөн. Шүүгдэгчийн ярьсанчлан анхан шатны шүүх хуралдааны дараа уулзаад 750.000 төгрөг талийгаачийн утасны лизингийн үлдэгдэлд, 2.000.000 төгрөг талийгаачийн гадаа худалдаа эрхэлдэг байсан бараанд нь нэмэр болгох зорилгоор төлөх санал тавьсан. Шүүгдэгч саналыг хүлээн авч дээрх төлбөрийг төлсөн. Хавтаст хэрэгт эдгээр баримтууд авагдсан байгаа. Ийм байхад Б.Батнуур 19.202.000 төгрөгийг аваагүй гэж мэдүүлж байгаа нь үндэслэлгүй, Б.Батнуурын хүү Б.УуганБ болон охин хоёр нь бүх мөнгөний зохицуулалтыг хийж байсан учраас мэдэж байх ёстой. Х.Гантулгыг хагалгаанд орж эмнэлгээс гарах хугацаа болоход шүүгдэгчийн зүгээс дахин 7 хоног сунгаж эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр болж, шүүгдэгчийн хадам ээж 7 хоног сахисан. Үүний дараа Х.Гантулгад дахин хагалгаанд орох хүсэлт шүүгдэгчээс гаргаж, дахин хагалгаанд оруулсан. Х.Гантулгад нийт 4.059.448 төгрөг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “”Миний бие энэхүү хэрэгт томилолтоор орсон. Анхан шатны шүүх хуралдаанд дээр дурдсан 19.202.000 төгрөгийг төлсөн эсэх талаар огт яригддаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Батнуур нь талийгаачийн цүнхэнд банкны зээл төлөх гэж авч явсан 12.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ч шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Тээврийн прокурорын газраас П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Бт холбогдох хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 2022/ШЦТ/156 дугаар бүхий шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хууль ёсны шаардлагыг хангаагүй байна. Учир нь,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл. “Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц”, 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.” гэж заасан ба мөн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд талууд, оролцогч хэн, хэн оролцож байгаа, өмгөөлөгч М.Идэрхангай, О.Аззаяа, Э.Алтан-Уяа нар нь хэн, хэний өмгөөлөгч нар болохыг тусгаагүй орхигдуулсан байна.

Шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” гэж, 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тус тус тусгана гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

Шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч П.Бын үйлдсэн хохирогч Г.Гантулгын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй төдийгүй П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долоодугаар бүлэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг” үйлдсэн байхад арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэж Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байна.        

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Х.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 1.904.124 төгрөгийн баримтыг, хэргийг шүүхэд шилжүүлсэний дараа 1.497.862 төгрөгийн, нийт 3.401.986 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байх бөгөөд шүүх хуралдаанд Х.Гантулга нь “...шүүгдэгч Б нь сахиурын 500.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.022.159 төгрөг, эмчид төлөх зардалд 1.300.000 төгрөг нийт 2.822.159 төгрөг төлсөн...” гэж мэдүүлжээ. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батнуурт 19.202.000 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн боловч Б.Батнуур шүүгдэгч П.Баас аваагүй гэж мэдүүлжээ. Харин шүүх ямар үндэслэлээр Х.Гантулгад  4.590.448, Б.Батнуурт 19.202.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан талаар болон хохирогч Х.Гантулгын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, гэмт  хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж, тогтоогоогүй байна гэж үзэв. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь талд авагдсан нотлох баримтад дүгнэлт хийх шаардлагатай төдийгүй иргэний хариуцагч Б.Отгонбор, иргэний нэхэмжлэгч С.ТөмөрБ нар гэмт хэргийн улмаас бусдад болон өөрт учирсан хохирол төлбөр төлсөн, нэхэмжилсэн эсэх талаар тодруулах нь зүйтэй. 

Түүнчлэн шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн атлаа нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж заасан байхад  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 156 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн биеийн байцаалтыг “...28 настай, Батболдын СэргэлэнБ...” гэж өөр хүний хэргийг хянан хэлэлцсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээр дурдсан алдаа, зөрчил нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батнуур, хохирогч Х.Гантулгын өмгөөлөгч О.Аззаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ