Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 6

 

Б.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01005/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  11 дүгээр сарын 20-ны өдрийн 1098 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Г.О-т холбогдох

"М- З-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулахыг даалгах, Г.О-ын “М- З-” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“М- З- ХХК-ий үүсгэн байгуулагч, компанийн хувьцааг дангаар Г.О- эзэмшигч болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдрийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Майдри онлайнаар, хариуцагч Г.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

Нэхэмжлэгч Б.У- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б.У- би Г.О-тай “М- З-” ХХК-ийг байгуулж 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлд 1911015113 дугаарт бүртгүүлсэн байдаг. Уг компани нь нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэтэй нийт 1,300 ширхэг хувьцаатай буюу дүрмийн сан 1.300.000 төгрөг болно. Г.О- 51 хувийг буюу 663 ширхэг хувьцааг эзэмшдэг бол Б.У- би 49 хувийг буюу 637 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг. Г.О- компанийн үйл ажиллагаанд намайг 2017 оноос эхлээд оролцуулахаа больсон. Би түүнтэй холбогдож, учраа олох гэхээр өнөөдрийг хүртэл таг чиг болсон. Түүгээр ч зогсохгүй “М- З-” ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, протоколыг хуурамчаар үйлдэн, миний гарын үсгийг дуурайлган зурж ашигласныг “М- З-” ХХК-ий нэхэмжлэлтэй, Үүр тээл ХХК-д холбогдох Улаанбаатар хот дахь Монголын олон улсын ба үндэсний арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас олж, мэдэж тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч миний гарын үсэг биш гэдгээ гэрчилж байсан бөгөөд миний гарын үсэг биш гэдэг нь шинжилгээгээр тогтоогдсон. Хувьцаа эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн мэт шийдвэр гаргаад миний гарын үсгийг дуурайлган зурж ашигласан байсан.

Иймд нэгдүгээрт хариуцагчид “М- З-” ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулахыг даалгуулж өгнө үү.

Хоёрдугаарт Г.О-ын “М- З-” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.О- нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие анх Б.У-тай  Comport рестораны байранд барилгын ажил гүйцэтгэж байхдаа танилцаж байсан. Би 2012 оны 02 дугаар сард Барилга угсралт, засвар үйлчилгээ, барилгын материалын үйлчилгээ, интерьер засал чимэглэл, тавилгын үйлдвэрлэл худалдаа, авто засвар үйлчилгээ, газар тариалан эрхлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор “М- З-” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэрээ гаргаж байсан юм. Ингээд өөрийн байгаа хөрөнгөө компанийн нэр дээр бүртгүүлж компани нь нийт 1300 ширхэг хувьцаатай буюу 1.300.000 төгрөгийн дүрмийн сантай болсон. Энэ үед Б.У-тай уулзаж ярилцаж байгаад бид хамтран ажиллахаар хэлэлцэж тохиролцоод түүнийг өөрийнхөө үүсгэн байгуулж буй компанид нэрийг нь оруулан компанийн хувьцаа эзэмшигч мэтээр баримт бичиг анкетыг бичиж дүрмээ баталж өөрөө Б.У-ын нэрийн өмнөөс гарын үсгийг зуран хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж байсан байдаг.

Ийм учраас Б.У- нь миний үүсгэн байгуулсан “М- З-” ХХК-д огт холбогдолгүй хүн надад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж би үзэж байгаа болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Г.О- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Г.О- миний бие нь 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “М- З-” ХХК-ийн үүсгэн байгуулах шийдвэрийг гаргаж, өөрийн хөрөнгийг дүрмийн санд оруулж компанийн дүрмийн сангийн эхлэлтийн балансыг 1.300.000 төгрөгөөр эхлүүлж байсан. Мөн компанийн хөрөнгийг өөрөө хүсэлт гарган Капитал зууч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргах эрх бүхий ХХКомпаниар үнэлүүлж байсан.

Миний бие Б.У-ын нэрийн өмнөөс анкетыг нь бөглөж, түүний гарын үсгийг зурж, тус компанийн гишүүнээр бүртгүүлж байсан бөгөөд өөрөө компанид нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, гишүүн болох хүсэлт гаргаж байгаагүй учраас компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч биш юм. Иймд “М- З-” ХХК-ий үүсгэн байгуулагч, хувьцааг дангаар эзэмшигч Г.О- мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.У- нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Бид компани байгуулахад Г.О- 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх маягтыг Г.О- бөглөж, бүртгэлийн асуудлыг хариуцаж бүртгүүлсэн. Анхнаасаа энэ компанийг бид хоёр хамтарч ажиллая хэмээн бүртгүүлж байгуулсан нь Г.О- бид хоёрын хүсэл зоригийн илэрхийлэл байсан.

Манай компаниас 2012 онд байгуулагдсанаа хойш 2019 он болтол Г.О- ингэж бодож байсан юм бол аль эрт яагаад хэлээгүй юм гэдэг асуудал байна. Би 49 хувийн хувьцаа эзэмшигч учраас хувьцаа эзэмшигчдийн хурал зарлалаа ч хуулийн хүчин төгөлдөр тогтоол гаргаж чадахгүй харин Г.О- 51 хувийн хувьцааг эзэмшиж, тамга, гэрчилгээг хадгалдгийн хувьд хувьцаа эзэмшигч бага хувьцаа эзэмшигч Б.У- миний эрх зөрчиж байна гэж миний төлөөлүүлэгч хэлж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1098 дугаар шийдвэрээр:

Компаний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9, 59 дүгээр зүйлийн 59.4, 59.7-т заасныг баримтлан “М- З-” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.О-т тус компани хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг даалгаж,

Үндсэн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Г.О-ын “М- З-” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоолгох тухай шаардлагыг, хариуцагч Г.О-ын гаргасан “М- З-” ХХК-ийн үүсгэн байгуулагч, компанийн хувьцааг дангаар эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хэргийн бодит байдлыг бүх талаас нь, бүрэн бодитой тогтоогоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй учир энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн талаар:

тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад нь үндэслэх хэсгийн дүгнэлт болон тогтоох хэсгийн заалт хоорондоо зөрчилтэй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн явдал болсон.

Хоёр. Хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй талаар:

Анхан шатны шүүх нэгэнт үндэслэх хэсэгтээ Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 мөн хуулийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасныг хэрэглэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх ёстой байсан.

Гурав. Хэргийн бодит байдлыг бүх талаас нь, бүрэн бодитой тогтоогоогүй талаар:

Нэхэмжлэл дээр 2018 гэж 3-ын тоог андуурч 8 гэж бичиглэлийн алдаа гаргасан байна. Түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2018 гэж буруу бичсэн бичиглэлийн дагуу тайлбар хийсэн байна. Гэхдээ 2013 оноос хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт би мэтгэлцсэн нь шүүх хурлын бичлэгээр баримтжуулагдсан. 2019.11.20-ны өдрийн анхан шатны шүүх хурлын бичлэгийг хуулбарлан авахаар шүүхийн тамгын газарт хууль журмын дагуу хандсан ч “99068245 дугаарын утсаар ямар зориулалтаар авах гээд байгаа юм” хэмээгээд өнөөдрийг хүртэл бичлэгийг хуулбарлаж өгөлгүй.

Дөрөв. Шинээр гаргасан баримттай танилцаагүй, шүүх хурлаас өмнө хэргийн материалтай танилцаагүй:

Миний бие цахимаар шүүх хуралдаанд оролцож байсан учраас 2019.11.20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн шинээр гаргасан баримттай танилцах, шүүх хурлаас өмнө хавтаст хэрэгтэй танилцах боломжгүй, хэргийн материал танилцуулсан баримтад гарын үсэг зурах боломжгүй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Г.О- давж заалдах гомдлын тайлбартаа:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.

Миний бие нь 2012 оны 02-р сард “М- З-” ХХК-ийг үүсгэн байгуулж өөрийн байгаа хөрөнгөө компани нэр дээр бүртгүүлж, компани нь 1300 ширхэг хувьцаатай буюу 1.300.000 төгрөгийн хөрөнгийн дүрмийн сантай болсон. Тус компанид Б.У-ын нэг ч төгрөгийн хөрөнгө ороогүй. Энэ компанид ямар нэгэн үүрэггүй явж ирсэн хүн юм.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нь цахимаар шүүх хуралд оролцох хүсэлтээ өөрөө шүүхэд гаргасан.

Өөрийн биеэр шүүх хуралд биечлэн оролцоогүй нь шүүхийн буруу биш шүүгч хурал эхлэхээс өмнө шинэ ирсэн баримтуудыг танилцуулж байсан. Тиймээс гомдолд дурдсан зүйлүүд нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан учир хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө. үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.У- хариуцагч Г.О-т холбогдуулж, ”М- З-” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, компаний үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулахыг даалгах, Г.О-ын “М- З-” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өпрөөс дуусгавар болсныг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Г.О- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч,  “М- З-” ХХК-ний үүсгэн байгуулагч, компаний хувьцааг дангаар эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж харилцан маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож буюу Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.7-д заасныг баримтлан “М- З-” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.О-т тус компаний хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг даалгаж, хариуцагч Г.О-ын “М- З-” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсныг тогтоолгох тухай шаардлага, хариуцагч Г.О-ын гаргасан “М- З-” ХХК-ний үүсгэн байгуулагч, компаний хувьцааг дангаар эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар давж заалдсан гомдлыг хүлээн авч хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Г.О-, нэхэмжлэгч Б.У- нар 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр барилгын интерьер засал чимэглэл, газар тариалан, авто машины засвар үйлчилгээ, тавилгын үйлдвэрлэл, худалдаа,  барилгын гадаад дотоод худалдааны чиглэлээр “М- З-” ХХК-ийг үүсгэн байгуулж, компаний хөрөнгө, дүрмийн сангийн 51 хувийг Г.О-, 49 хувийг Б.У- эзэмшихээр харилцан тохиролцож, улсын бүртгэлийн байгууллагад хандсан бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 000027645 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна. 

Компанийг үүсгэн байгуулагчид 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай шийдвэрээр Г.О-ыг тус компаний гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар тохиролцож томилсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

“М- З-” ХХК-ний үйл ажиллагаа болон гүйцэтгэх захирлын эрх 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлсэн байх ба өнөөдрийг хүртэл компаний хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй нь  Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна”, “М- З-” ХХК-ний дүрмийн 9 дүгээр зүйлийн 3-т “Хувь нийлүүлэгч /үүсгэн байгуулагч/-дийн ээлжит хурлыг жил бүрийн эхний 4 сарын дотор хуралдуулна. Энэ хугацаанд ээлжит хурлыг зарлаагүй тохиолдолд Компаний тухай хуулийн 3 дугаар заалтын дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд  хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ”, хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-д” Хязгаарлагдмал хариуцлагатай компаний хувьцаа эзэмшигч нь компаний талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх”  гэж  тус тус зааснаар  болон компаний дүрмийн 5 дугаар зүйлд заасан хувь нийлүүлэгчийн эдлэх эрх буюу нэхэмжлэгч Б.У-ын хууль болон дүрэмд заасан эдлэх эрх зөрчигдсөн байх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл энэхүү маргаан “М- З-” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Үүр тээл” ХХК-нд холбогдох арбитрын маргаанаас үүсэлтэй, нэхэмжлэгч нь энэ үеэс өөрийн хуульд заасан эрх зөрчигдсөн байна гэдгийг мэдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.У-ыг манай компанид ямар ч хамааралгүй этгээд учраас түүнд тайлан тавих шаардлагагүй, миний үүсгэн байгуулсан компанид огт хамааралгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн хариуцагч Г.О-ын татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч Г.О- нь нэхэмжлэгч Б.У-ыг манай компанид ямар ч хамааралгүй этгээд гэж үзэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй болох нь баримтаар нэгэнт нотлогдож байгаа бөгөөд Компаний тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргана”  гэж заасныг зөрчсөн тул  Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компаний дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж зааснаар бүрэн эрх нь дуусгавар болохоор заажээ.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д заасныг үндэслэж нэхэмжлэгчийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх ба хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хувьцаат компанид хамаарах  хуулийн заалтыг хязгаарлагдмал хариуцлагатай кампанид холбогдуулж  хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Г.О- нэхэмжлэгч Б.У-ыг компаний үйл ажиллагаанд оролцдоггүй, компанид оруулсан нэг ч төгрөгийн хөрөнгө хувь байхгүй учир би тус компаний хувийг дангаар эзэмшдэг гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг боловч хэргийн 52-66 дугаар талд авагдсан баримтаас үзвэл талууд хамтран 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “М- З-” ХХК-ийг үүсгэн байгуулсан байх ба тус компани нь нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1300 ширхэг хувьцаатай, үүнээс нэхэмжлэгч Б.У- 637 ширхэг хувьцаа буюу компаний хувьцааны 49 хувийг эзэмшдэг болох нь нотлогдоно.

Компаний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Компани байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүртгэлийн байгууллагад өгнө”, 17 дугаар зүйлийн 17.9-д “Компаний дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.У-ыг тус компаний гишүүнээс хассан буюу дүрэмд өөрчлөлт оруулаагүй болох нь дээрх баримтуудаас харагдаж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэл болон компаний дүрэмд нэхэмжлэгч Б.У-ыг хувьцаа эзэмшигч болон үүсгэн байгуулагчаар бүртгэсэн, энэхүү бүртгэл хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч Г.О-ын маргаж буй үндэслэлээр улсын бүртгэлийг өөрчлөх эрх зүйн үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хууль хэрэглээний алдааг зөвтгөж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг ханган шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1098 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтыг “Компаний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9, 59 дүгээр зүйлийн 59.4, 59.7-д заасныг баримтлан “М- З-” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.О-т тус компаний хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Г.О-ын “М- З-” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоолгох тухай шаардлагыг, хариуцагч Г.О-ын гаргасан “М- З-” ХХК-ний үүсгэн байгуулагч, компаний хувьцааг дангаар эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.11,  34 дүгээр зүйлийн 34.1.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д заасныг баримтлан хариуцагч Г.О-т “М- З-” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, компаний үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулахыг даалгаж, Г.О-ын тус компаний хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоож, хариуцагч Г.О-ын гаргасан “М- З-” ХХК-ний үүсгэн байгуулагч, компаний хувьцааг дангаар эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.700 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-аас 140.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

           

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                          АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                        ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                           ШҮҮГЧИД                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           Л.АМАРСАНАА