Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/468

 

      

 

 

 

 

   2022           05             03                                          2022/ДШМ/468

                                               

                                                                                         

Н.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаан:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Н.Н,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор С.Гансэлэмийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 9 дугаартай эсэргүүцлээр Н.Нт холбогдох 2205002900135 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Нын Н, 1963 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрх зүйч  мэргэжилтэй, ам бүл 4, хүүхэд, зээ нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин сууүх бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,;

Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... худалдааны төв дотор хохирогч С.Цгийн тээш хадгалах саванд түр үлдээсэн гоо сайханы хэрэгслүүд бүхий эд зүйлстэй цүнхийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 1.772.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г овгийн Нын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Нт 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Н.Нт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор С.Гансэлэм бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэгт шүүгдэгчийг ялаас чөлөөлөх...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх хорих ялын дээд хэмжээг 5 жилээр тогтоосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Нийг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т шүүгдэгчийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол мэргэжил гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаархи бусад мэдээллийг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгахаар заасан байна. Гэтэл шүүгдэгч нь Гангар овогт Нанзадын Н /эмэгтэй хүн/ байхад шийтгэх тогтоолд Дархан овогт Энхбаярын Баярцэцэг /эрэгтэй/ гэж зөрүүтэй дурдсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болсон. Миний гаргасан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн хулгайлах гэмт хэрэгт холбогдсон ч надад ямар нэгэн шунахайн сэдэл байгаагүй. Прокурортой 6 сараар зорчих эрх хязгаарлаж, ялаас чөлөөлөхөөр тохиролцсон” гэв.

 

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэгт шүүгдэгчийг ялаас чөлөөлөх...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх хорих ялын дээд хэмжээг 5 жилээр тогтоосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Нийг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах боломжтой ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Н нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... худалдааны төв дотор хохирогч С.Цгийн тээш хадгалах саванд түр үлдээсэн гоо сайханы хэрэгслэл бүхий эд зүйлстэй цүнхийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 1.772.470 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Н.Н 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг нь яллагдагч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянаад,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх санал гаргасныг яллагдагч Н.Н танилцаж, хүлээн зөвшөөрсөн тул хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэгт шүүгдэгчийг ялаас чөлөөлөх...” гэж хуульчилжээ. Харин Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хорих ялын дээд хэмжээг 5 жилээр тогтоосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагч Н.Нийг ялаас чөлөөлж шийдвэрлэх ялын санал танилцуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Н.Н нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байхад  прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялаас чөлөөлөх тухай санал, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол, яллах дүгнэлтэд тус тус Н.Нийг  2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг нотолж чадаагүй байна.   

 

Өөрөөр хэлбэл, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан хянавал зохих ажиллагааг бүрэн хянаагүй байх бөгөөд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл хангагдаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

Иймд шийтгэх тогтоол, прокурорын эсэргүүцлийг тус тус хүчингүй болгож, Н.Нт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Нт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт очих хүртэл шүүгдэгч Н.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ