Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2016/0206

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч А.Сарангэрэл тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 22-08-46/609 дүгээр албан шаардлагын Эрин интернэшнл ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Эрин интернэшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, иргэдийн төлөөлөгч Н.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* ХХК нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар шийдвэрийн дагуу олгогдсон 8030/0051 нэгж талбарын дугаар бүхий 193488 м.кв газарт өнөөг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар Э******* ХХК-ийн Япон талын хөрөнгө оруулагч Д*******ийн хооронд хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах татварын орчныг тодорхой хугацаанд тогтвортой байлгах баталгааг Монгол Улсын Засгийн газар олгохоор Тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоол, 2011 оны 391 дүгээр тогтоол, Барилга хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран ажиллах санамж бичгүүдэд Эрин хороолол нэр заагдсан төдийгүй нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай 255 дугаар захирамжаар Эрин хорооллын барилга барих эрхийг Э******* ХХК-д олгосон юм.

Гэтэл дээрх барилгын ажлыг хууль бус хэмээн үзэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Н*******, Санхүүгийн хяналт шалгалтын байцаагч Ч.Г*******,Б.Б******* нар Эрин Интернешнл ХХК-д 102 261 362 / нэг зуун хоёр сая хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийн албан шаардлага тавьсныг Э******* ХХК-ийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хууль бус гэж үзэж байна.

1.Тухайн нөхцөл байдалд холбогдох буюу эрх олгосон хэм хэмжээг анхаараагүй талаар:

Дээрх хяналт шалгалтыг хийхдээ Э******* ХХК-ийн нөхцөл байдлыг харгалзан үзэж бодит байдлыг зөв тогтоосонгүй. Тодруулбал, Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоол, Э******* ХХК болон Засгийн газар хоорондын Тогтвортой байдлын гэрээ нийслэлийн Засаг даргын 2009 оны эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай захирамж болон газрын төлбөр төлсөн баримт зэрэг тухайн нөхцөл байдлыг зөв тогтооход хамаарах баримт бичгүүдийг нягтлан үзээгүй хэрнээ шууд газрын зориулалтын /газрын зориулалтыг дур мэдэн өөрчилсөн/ төлбөрийн зөрчил байна гэж дүгнэсэн үндэслэлгүй юм.

2. Тогтвортой байдлын гэрээг дур мэдэн тайлбарлаж шийдвэр гаргасан талаар:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дээрх асуудлаар хандахад та нарын хооронд байгуулсан Тогтвортой байдлын гэрээ бол зөвхөн албан татварын хувьд үйлчлэх ёстой зэргээр дур мэдэн гэрээнд тайлбар хийж өөрсдийн гаргасан захиргааны актаа хамгаалж Тогтвортой байдлын гэрээг тайлбарлаж уг гэрээний зорилго, мөн чанарыг алдагдуулж, талуудын хүсэл зоригийг хязгаарлан үл ойшоож буй хууль бус үйлдэл юм.

Мөн чанар, хууль тогтоомжийн хувьд Тогтвортой байдлын гэрээг тайлбарлах эрх нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт олгогдоогүй бөгөөд гэрээгээр тайлбарлах нөхцөл байдал бий болсон бол гэрээний талуудаас тайлбар, мэдүүлэг авч байж, гэрээнд тусгагдсан асуудлаар дүгнэлт гаргах нь зүйтэй юм.

3. Албан шаардлага бодит байдалд нийцэхгүй байгаа талаар:

Тогтвортой байдлын гэрээнд мөн гэрээний 1.1-д ...газар эзэмших эрхийн 00001701 дүгээр гэрчилгээгээр олгогдсон 19.3 буюу 193488 кв.м бүхий газарт гэж уг гэрээний хамрагдах газрын хэмжээ, байршил, гэрчилгээний дугаарыг тусгайлан заасан байна. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар уг гэрээний хүрээ хязгаарыг анхааран үзээгүй Тодруулбал, Э******* ХХК нь өөрийн эзэмшил газрын тодорхой хэсгийг төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчилж, Эрин хорооллын барилгын ажлыг эхлүүлсэн байхад бүхэлд нь зориулалтаа өөрчилсөн эсэхийг ч тодруулаагүй шийдвэрлэсэн эсэхэд шууд эргэлзээ үүсгэж байна.

Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн акт нь Газрын зориулалтын зөрүүтэй байгууллагуудын төлбөрийг төлүүлэх тухай гэсэн толгойтой бөгөөд Э******* ХХК-ийг 193488 м.кв газрын хэмжээнд зөрүү тооцсон 102 261 632 төгрөг нь уг акт бодит байдалд нийцэж үнэн зөв гараагүйг илэрхийлнэ. Албан шаардлагаас үзвэл Э******* ХХК өөрийн эзэмшил газар буюу нийт 193488 м.кв газрын зориулалтыг бүхэлд нь өөрчилсөн мэтээр дүгнэж шийдвэр гаргасан нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 дугаар захирамжийн дагуу Э******* ХХК-ийн эзэмшил газрыг барилга болон сургуулийн хэмжээгээр Орон сууцны зориулалтай болгож өөрчилсөнийг анхаараагүй. Бид дээрх нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож, хууль тогтоомжийн хүрээнд шийдүүлэхээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14.1-д ...гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана гэж заасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад хандсан бөгөөд бидэнд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02-01/976 дугаар албан бичгээр хариу мэдэгдсэн.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Н*******а, Санхүүгийн хяналт шалгалтын байцаагч Ч.Г*******, Б.Б******* нарын 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 дугаар албан шаардлагын Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Н*******д холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрх зүйн мэргэжилтэн Д.Х******* дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Монгол Улсын Сангийн сайд, Э******* ХХК-ийн Япон талын хөрөнгө оруулагч Дайнам инвестмент ХХК-тай гаалийн тусгай бүс байгуулан үйл ажиллагаа явуулах зорилгоор тогтвортой байдлын гэрээг 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай байгуулсан байна.

Дээрх гэрээний 2.2-д Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 0-100.000.000 төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 15.000.000 төгрөг дээр 100.000.000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 30 хувиар, импортын барааны гаалийн албан татвар 5 хувь, нэмэгдсэн өртөгийн албан татвар 15 хувь буюу энэхүү гэрээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар 15 хувь буюу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед үйлчилж байгаа хууль тогтоомжид заасан хувь хэмжээнд байна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл талууд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхой хугацаанд тогтвортой байлгах талаар харилцан тохиролцсон байна.

Иймд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Н*******гийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 дугаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан албан шаардлагын Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх нотлох баримтын хүрээнд шийдэх нь зүйтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Э******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э******* ХХК Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Н*******д холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 22-08-46/609 дүгээр албан шаардлагын Эрин интернэшнл ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 02-08-46/609 дугаар албан шаардлагаар[1] Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр[2] Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын дагуу газрын зориулалтын зөрүүтэй байгууллагуудын төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсний дотор дээрх албан шаардлагын хавсралтаар[3] Эрин интернешнл ХХК-ийн 2012-2013 оны газрын үнэлгээний зөрүү нийт 102.261.632 төгрөгийн төлбөрийг тогтоосон байна.

Нэхэмжлэгч Эрин Интернешнл ХХК нь нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар шийдвэрээр[4] Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 193488 м.кв газрыг эзэмшиж, энэхүү эзэмшил газарт гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа явуулахад нь татварын тогтвортой нөхцлөөр хангах зорилгоор 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Монгол Улсын Сангийн сайдтай Тогтвортой байдлын гэрээ[5] байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх Тогтвортой байдлын гэрээтэй холбогдох үндэслэлээр маргахгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн тул уг нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно.

Эрин Интернешнл ХХК нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамжаар[6] тус компанийн өөрийнх нь эзэмшил газраас 1,1 га газрыг орон сууцны цогцолбор барилгын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын А/454 дүгээр[7] захирамжаар Э******* ХХК-д 193488 м.кв газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2003 оны 395 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э******* ХХК-д агуулах аж ахуйн зориулалтаар 133845 м.кв, орон сууц, цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 59643 м.кв газрыг тус тус ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Э******* ХХК 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 193488 м.кв газрыг эзэмшсэн төлбөрт жилд 16.976.960 мянган төгрөгийг төлөхөөр газар эзэмших гэрээнд[8] заасны дагуу газрын төлбөрөө зохих журмын дагуу төлж иржээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр[9] тогтоолоор Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн тогтоосон боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл дээрх тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэснээс хойш нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дахин шийдвэр гараагүй, харин Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг баталж мөн өдрөөс эхлэн мөрдөхөөр тогтоосон байна.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т Татварын алба Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй гэж заажээ.

Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 02-08-46/609 дугаар албан шаардлага нь татварын байгууллагын чиг үүргийн дагуу хэрэгжүүлэх ёстой Э******* ХХК-ийн эзэмшил газрын 2012-2013 онд төлөх ёстой төлбөрийг 1 м.кв газарт 87,9 төгрөг буюу 193488 м.кв газрын төлбөрт 17.007.595 төгрөгөөр тооцож 2012-2013 оны газрын төлбөрийн төлөгдөөгүй зөрүү жилийн 51.130.816 төгрөг буюу нийт 102.261.632 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоон Нийслэлийн өмч, газрын харилцааны албанд хүргүүлсэн нь дээр дурдсан хуулийн заалтуудтай нийцээгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар түдгэлзүүлсэн, өөрөөр хэлбэл уг тогтоолын үйлчлэл зогссон байхад дээрх тогтоолын дагуу газрын төлбөрийг тооцож төлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй юм.

Иймд Эрин интернэшнл ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 02-08-46/609 дугаар албан шаардлагын Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх албан шаардлагын Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан Э******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 22-08-46/609 дүгээр албан шаардлагын Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ