Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/395

 

 

Ж.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Э.Түвшинбаяр,

хохирогч Кан Хан Сүгийн өмгөөлөгч С.Энхбат,

хохирогч “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, Д.Намсрайжав,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Ганбаатар, В.Батжаргал, Э.Түвшинбаяр нарын хамтран гаргасан, хохирогч Кан Хан Сүгийн өмгөөлөгч С.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Од холбогдох 1806 07499 0289 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

............, 19....... оны ........ угаар сарын ........ -ний өдөр ............. хотод төрсөн, .......  настай, эрэгтэй, ........  боловсролтой, хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ................. ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт ........ дүүргийн ........... дугаар хороо, ........... хороолол, ..........  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............ /;

 

Ж.О нь Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Пак Хи Чолын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 61 тоот орон сууцыг “худалдаж өгнө” гэж 2017 оны 1 дүгээр сард тохиролцон итгэмжлэл гэх бичигт гарын үсэг зуруулж, өөрт нь хадгалагдаж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 008725 дугаартай гэрчилгээг авч явсан боловч үүнээс өмнө 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Пак Хи Чолоос Т.Гүнцацралд тухайн орон сууцыг худалдах бэлэглэх эрх олгосон итгэмжлэл, 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Т.Гүнцацралаас өөртөө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ зэрэг хуурамч бичиг баримтыг ашиглан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Батболд, Б.Ундрах нарт худалдсан боловч энэ байдлыг өмчлөгчид мэдэгдэлгүй, мөнгийг нь өгөлгүй залилж, 115.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн “Хаан” банкин дахь долларын 5015271763 тоот данснаас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 215.460.00 ам долларыг бэлнээр, 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 38.988.00 ам.долларыг 5114142168 тоот данс руу шилжүүлэн авч,

“Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн “Хаан” банкин дахь 5114175024 тоот төгрөгийн харилцах данснаас 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 111.000.000 төгрөгийг бэлнээр авч,

2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн касст байсан бэлэн мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг засвар үйлчилгээнд зарцуулна гэж тус компанийн нягтлан бодогч ажилтай Д.Мөнхбаярын Голомт банкны 1105053084 тоот харилцах данс руу шилжүүлэн, уг данснаас бэлнээр авч,

2018 оны 8 дугаар сард “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн касст бэлнээр байгаа гэж тайланд тусгасан 31.674.968 төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшиж “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-д 254.448 доллар, 152.674.968 төгрөг буюу нийт 635.072.726 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөн “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны болон зээлийн гэрээнд тавьж Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Капитрон” банк ХХК-нд 1 тэрбум 200 сая төгрөгийн шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Оыг “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг Капитрон банканд барьцааны болон зээлийн гэрээг байгуулан 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, шүүгдэгч ......  овгийн Ж.....н О.............г хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ж.Оыг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Од оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ооос 635.072.726 төгрөгийг гаргуулж “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-нд, 115.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ли Бу Ре /480615-2074410/-д тус тус олгож, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд хэрэглэсэн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, барьцааг буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Ганбаатар, В.Батжаргал, Э.Түвшинбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан завших гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж байгаа. Учир нь, Кан Хан Сү, Пак Хи Чол гэх Бүгд Найрамдах Солонгос улсын иргэд нь 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны үндсэн дээр “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн хувьцаа эзэмших эрх, үүрэг үүссэн. Энэ компани нь мөн цаг хугацаанаас өмнө үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн компани өөрийн өмчлөлийн, тодорхой тооны үл хөдлөх газар түүн дээрх барилга байгууламж бүхий хөрөнгөтэй хуулийн этгээд байсан. Энэ компанийн тодорхой хувьцаануудыг эзэмшихийн тулд Солонгос улсын иргэн Кан Хан Сү, Пак Хи Чол нар үнэ төлбөргүйгээр тухайн компанийн хувьцааг авах хууль зүйн болон бусад боломж бололцоо байхгүй. Энэ агуулгаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Кан Хан Сү, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Пак Хи Чол тус бүр 100.000 ам.долларыг “Монгол-Намянжгүгийн соёл” ХХК-ийн дансанд шилжүүлж, шүүгдэгч Ж.Ооос тухайн компанийн хувьцааг худалдан авсан. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх нь иргэний эрх зүйн харилцаа юм. Тухайн компанид хэдий хэмжээний хөрөнгө байсан, эд хөрөнгө нь хэдий хэмжээнд үнэлэгдэх болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй. Ямар ч эд хөрөнгөгүй компанийн цаасан дээр байгаа хувьцааг худалдаж авсан мэт байдлаар дээрх мөнгийг Ж.Оыг завшсан гэж үзсэн. Шийтгэх тогтоолд дурдагдсан 635.072.726 төгрөгт тухайн компанид Ж.Оын өөрийн оруулсан хөрөнгө байдаг. Дурдвал, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 38.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 73.000.000 төгрөг, нийт 111.000.000 төгрөгийг хамтарсан компани байгуулах явдцаа оруулсан. Гэтэл үүний хувь хөрөнгийг компанид учруулсан нийт хохиролд оруулан тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлгүй. Талуудын хоорондын маргаан нь Компанийн тухай хуулиар зохицуулагдах, компанид хохирол учирсан эсэх, санхүүгийн тайлан, аудитын шалгалтад орсон эсэхэд хамааралтай байсан. Гэтэл Кан Хан Сү, Пак Хи Чол нар үнэ төлбөргүйгээр хувьцаа авч, компанид ноогдох хөрөнгүүдийг өөрсдөө завшиж, шамшигдуулсан асуудал яригдана. Энэ хүмүүс хохироогүй, харин хожиж байгаа асуудал яригдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн тухайд, Ж.О нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Пак Хи Чол гэх хүнээс Гүнцацралаас олгосон итгэмжлэлийн дагуу шилжүүлж авсан. Хэргийн материалд энэ итгэмжлэлийг хууль бус гэдгийг нотолж тогтоосон, шалгасан нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч Пак Хи Чол итгэмжлэлд дээр биечлэн гарын үсэг зураагүй байх тохиолдолд хууль бус байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Пак Хи Чол гарын үсэг зураагүй гэж нэг удаа мэдүүлэг өгснөөс биш тухайн гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэхийг эрх бүхий байгууллага буюу Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлэг гаргагч мэдүүлгийн эх сурвалжаа нотлох үүрэгтэй гэх заалт биелээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй. Энэ хэрэг олон жилийн хугацаанд шалгагдаж, хангалттай тогтоох хугацаа байсан. Энэ агуулгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. мөн Гүнцацралаас 20111 онд Ж.Од олгосон итгэмжлэлийг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар шалган тогтоогоогүй. Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал энэ хэрэгт яригдана. Ж.О Гүнцацралаас маргаан бүхий эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авснаар тухайн гэмт хэрэг төгссөн. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн обьект, үл хөдлөх эд хөрөнгө, мөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад бүрэн шилжүүлж авснаар 2011 онд гэмт хэрэг төгссөн. Гэтэл яллагдагчаар 2019 оны 1, 2 дугаар сард татсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хорих ялын дээд хэмжээг 8 жил буюу түүнээс доош байгаа гэмт хэрэгт 5 жил буюу түүнээс дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй гэж заасан. Улсын дээд шүүхээс яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж тайлбарласан. 2011 оноос хойш тооцвол 2016 онд хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Магадгүй 2013 оны 10 дугаар сард гуравдагч этгээдэд худалдан борлуулсан тул үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тооцвол 2018 оны 10 дугаар сард дууссан байна. Тиймээс 2019 онд яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарна. Шүүх хүлээж аваад гэм буруутайд тооцсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй зохицуулалт юм. Тэгэхээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй. 5 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь талд яллагдагчаар татах тогтоол авагдсан. Мөн тогтоолд зурагдсан Ж.Оын гарын үсэг, мөн 5 дугаар хавтаст хэргийн 69-71дэх талд авагдсан яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд дээр зурагдсан гарын үсэг нь шүүгдэгчийн гарын үсэг биш. Үүнийг шалгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Хэрэгт Ж.Оын өөрийн зурсан гарын үсэг бүхий баримтууд, өмнө мэдүүлэг өгч байсан, хэргийн материалтай танилцаж зурсан гарын үсэг зэрэг маш олон тоогоор байдаг бөгөөд эдгээрийг харьцуулж үзэхэд өөр байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагчаар татсан бол тогтоолыг танилцуулж, гарын үсэг зуруулснаар яллагдагч болох эрх зүйн үндэс бүрдэнэ. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд уг тогтоолыг танилцуулаагүй, танилцуулж мэдүүлэг авах Үндсэн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээ байгаа боловч маргаад байгаа гарын үсэг мөн эсэхийг тогтоох субьект биш. Иймд дээрх агуулгуудаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Э.Түвшинбаярын тайлбарыг дэмжин оролцож байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ямар хэрэгт яллагдаж байгаа талаараа тайлбарлуулах эрхтэй. Прокуророос хэргийн 5 дугаар хуудсанд яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолд гарын үсэг зуруулж, тайлбар өгөх эсэхийг асуухад Ж.О “би тайлбараа өмгөөлөгчтэй өгнө” гээд хоёр удаа хойшлуулсан байсан. Тэгэхээр уг тогтоолоор мөрдөгч нь Ж.Оын эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Үүнээс хойш банкны зээлтэй холбогдуулан түүнээс гэрчээр болон яллагдагчаар тайлбар авсан. Мөрдөгч мөрдөх ажиллагааны явцад “Амгалан ахуй аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол үйлдсэн байх бөгөөд хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулаагүй. “Амгалан ахуй аудит” ХХК нь дүгнэлт биш тайлбар өгсөн. Аудитын тайлантай холбогдуулж өгсөн 79 материалыг мөрдөгч гарын үсэг зураад хүлээлгэн өгч, хэргийн материалд хавсаргасан. Мөн уг дүгнэлтийг үндэслэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дахин дүгнэлт гаргасан. Энэ үед эдийн засгийн хувьд эд хөрөнгийг завшин үрэгдүүлсэн гэдгийг тогтоох боломжгүй гэсэн. Үүнтэй холбогдуулж бид үндсэн эх сурвалж байхгүй учраас шинжээчийн дүгнэлтэд нэмэлт тайлбар гаргаж бололцоогүй болсон. Хохирсон гэх Кан Хан Сү, Пак Хи Чол нар нь мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн удаагийн өгсөн тайлбартаа “тухайн дүрмийн санд оруулсан мөнгийг иргэн Ж.Оын дансанд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн” гэж мэдүүлснээс гадна тодорхой хүү авч байсан талаараа тайлбарласан байдаг. Хэрэв дүрмийн сангаас шилжүүлж байгаа үйлдлээс хойш компанийн дүрмийн сангийн мөнгийг завшсан гэж үзэх үү, иргэн хүний мөнгийг завшсан гэж үзэх үү гэдэг хоёр өөр ойлголт. Үүнийг шүүх ялгаж салгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн банкны асуудлыг шалгаж байхдаа хохирогчоор Билэгсайхан гэх хүнийг томилсон байсан. Гэтэл тухайн хүн нь эрх ашгийг хамгаалж байгаа өмгөөлөгч байсан. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг хохирогчоор тогтоох боломжгүй. Мөн хэргийн материалтай танилцсан баримтууд олныг үйлдсэн байсан ч үүнд хохирогчийн нэг ч гарын үсэг байхгүй нь процессын алдаа гэж үзэж байна. Орон сууц худалдах, худалдан авсан гэх үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөрдөх ажиллагаа явуулах боломжгүй байсныг прокурор анхаарч үзээгүй. Шүүх түүнд нь ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, үндсэн баримтуудыг дахин авах шаардлагатай. Гэрчүүдийн мэдүүлгээр Ж.Оыг байхгүй байх үед ажлын байран дахь бүх бичиг баримтыг хураан авч, агуулахад хийсэн. Тэр дотор маш олон баримтууд байсан бөгөөд тэдгээрийг устгасан эсэх нь тодорхойгүй, олдохгүй байгаа. Тийм учраас хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, эргэлзээгүй үнэлэх боломжгүй тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Нөгөө талаар, мөрдөн байцаалтад буцаасан тохиолдолд шүүгдэгчийн 160-170 кг жинтэй, сахарын өвчтэй зэрэг эрүүл мэндийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Кан Хан Сүгийн өмгөөлөгч С.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Оын Капитрон банкнаас зээл авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Шүүхээс “Капитрон банкинд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Ж.Оын нэр дээр байна, хохирогч байгууллагын нэр дээр байхгүй” гэж буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн материалд гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын нэр дээр маргаан бүхий хөрөнгө бүртгэлтэй. Уг баримтаар хохирогч байгууллага тухайн хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогддог. Шүүх иргэний эрх зүйн харилцаа гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтаар гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хүчин төгөлдөр хурлын шийдвэрээр хэрэгжих их хэмжээний хэлцлийг Ж.О дур мэдэн хийсэн. Ингэхдээ хохирогч Кан Хан Сү, Пак Хи Чол нарын гарын үсгийг дуурайлгаж зураад, баримтад Солонгос улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яамаар тамга, тэмдэг даруулж, хуурамч баримт бичиг үйлдсэн. Улмаар Капитрон банкинд өгч, 1.200.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 900.000.000 төгрөгийг Мөнхбаяр гэх хүний данс руу шилжүүлсэн. Мөнхбаярын данснаас 894.000.000 төгрөгийг зарлагадаж, өөртөө шилжүүлэн авсан. Энэ мөнгө компанид ямар нэг зээл, хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирээгүй. Тэгэхээр энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан итгэмжлэн хариуцсан хөрөнгийг гүйцэтгэх захирлын бүрэн эрх хэмжээгээр урвуулан ашиглаж банкны барьцаанд тавьж, хохирол учирсан хэрэг юм. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Тэгэхээр шүүхээс иргэний эрх зүйн харилцаа, Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэдгээр гэмт хэрэг биш гэж үзэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. Хэрэгт цугларсан баримт, шүүхийн тогтоолд дурдсан үйл баримт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дүрмийн сангийн хөрөнгөөс Ж.О өөрт нь хадгалуулахыг зөвшөөрсөн гэж байна. Гэтэл цаг хугацааны хувьд 2014 онд хоёр хохирогч тус бүр 100.000 ам.доллар хийсэн. Үүнээс хойш 4-5 хоногийн хугацааны дараа Ж.О бэлнээр зарлагадаж, өөртөө авч завшсан. Дараа нь 2015 онд мэдэгдэлгүйгээр “та нарын хөрөнгийг арилжааны банкинд хийж хадгалуулъя” гэсэн нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, 2015 оны энэ тохиролцооноос өмнө шилжүүлсэн 200.000 ам.долларыг хохирогч нарт мэдэгдэлгүй авч завшсан үйлдэл байдаг. Нөгөөтэйгүүр, “Монгол-Намянжүгийн соёл” ХХК 2014 онд дотоодын компани байж байгаад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох зорилгоор Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар хоёр хохирогч тус бүр 100.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Түүнээс биш хувьцаа худалдаж авсан нөхцөл байдал байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт шинээр тоолно” гэж заасан. Энэ хуулийн зохицуулалтын дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүх дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, 2014 оноос гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан. Сүүлд 2018 онд хохирогч компанийн түрээсийн 31 сая  төгрөгийг завшсан үйлдэл гарсан. Тэгэхээр 2018 онд сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн учраас энэ хугацаанаас хойш гэмт хэрэг тус бүрт хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоолсон нь хуульд нийцсэн. Итгэмжлэлийн тухайд, хохирогч нар тухайн цаг хугацаанд Монгол Улсын хилээр орж гарсан гэх үйл баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад ирээд итгэмжлэл үйлдсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул шүүгдэгч нь тэдний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, итгэмжлэл үйлдсэн. 2017 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан талаараа мэдэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн хэрэгсэхгүй болгосон үйлдлийг давж заалдах шатны шүүхээс нэмж гэмт хэрэгт тооцож, ял оногдуулах үндэслэлгүй учраас хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. Учир нь, шүүх материаллаг хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Хохирогч “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Капитрон банкнаас зээл авч, 900.000.000 төгрөг завшсан гэх үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхойлсон нь буруу байна. Завших гэмт хэрэг болон залилах гэмт хэрэг хоорондын ялгааг тодорхойлолгүйгээр завших гэж оруулсан. Гэтэл завших гэмт хэрэг нь түүнд итгэмжлэл олгож эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд явагдах асуудал бөгөөд шүүгдэгч энэ эрхийнхээ хүрээнд 900.000.000 төгрөгийг өөрийн орлого болгож авсан бол завших байх боломжтой. Гэвч хэргийн нөхцөл байдлаас үзэхэд тухайн этгээдэд буюу шүүгдэгчид эд хөрөнгө итгэмжлэн хариуцуулсан үйл баримт байдаггүй. Мөн энэ талаарх Компанийн тухай хуульд зааснаар их хэмжээний хэлцэл хийх болзол шаардлагыг олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, шүүгдэгчийн ашигласан баримт нь хуурамч байсан тул энэ хэргийг завших гэмт хэрэг үйлдэж хуулийн этгээдийн хөрөнгийг 900.000.000 төгрөгөөр хорогдуулсан нөхцөл байдал байхгүй, залилах гэмт хэргийн шинжтэй байна. Учир нь, зохиомол байдлыг зориудаар бий болгосон нөхцөл байдал нь Капитрон банкнаас зээл авах шалгуур болох хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг хуурамчаар хийж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй. Энэ хэргийн улмаас байгууллагын эд хөрөнгө хорогдсон нь хохирол, хор уршиг гэж үзэхээр байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв хэрэглээгүй тул завшсан биш залилсан гэдэг байдлаар хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй.” гэв.

 

Хохирогч “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Намсрайжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нартай санал нэг байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Капитрон банкнаас мөнгө зээлж авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Тодруулбал, “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж Капитрон банкнаас 1.200.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 900.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэлд уг мөнгийг зээлийн зориулалтаар ашиглаж зарцуулсан гэх санхүүгийн баримт байдаггүй. Энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүй, болсон үйл явдалд хууль зүйн үнэлгээ өгч чадалгүйгээр үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлаас үзэхэд, шүүгдэгч нь эд хөрөнгөтэй харилцах талаар хүний итгэл даах чадвартай хүн биш болох нь харагдсан. “Монгол-Намянжүгийн соёл” ХХК нь 1997 оноос эхэлж Монгол Улстай холбогдож “Монголын боловсролыг дэмжих сан” төрийн бус байгууллагыг байгуулж, Монгол Улсын солонгос хэл сурч буй оюутнуудад тэтгэлэг олгодог, буянтай үйлс хийж байсан байгууллага юм. Дараа нь тухайн байгууллагыг 12 хувьцаа эзэмшигчтэй компани болгосон. Гэтэл Ж.О тухайн хувьцаа эзэмшигч, Солонгос улсын иргэдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, компанийг өөрийн нэр дээр компани байгуулсан байсан. Өмгөөлөгчийн зүгээс уг үйлдлийг санаатайгаар үйлдсэн гэж үзэж байгаа. 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Ж.Оыг гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Гэтэл уг тогтоолд зурагдсан гарын үсгүүд бүгд хуурамч бөгөөд 2 хүн нь 2012 онд нас барсан хүмүүс байсан. Улмаар “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-иас Кан Хан Сү, Пак Хи Чол нарын хоёр хувьцаа эзэмшигчээ оруулж, 2015 оноос хойш ажиллуулсан. Гэтэл Ж.О 1997 онд авсан байгууллагын газрыг хувьцаа эзэмшигчдийн хуурамч гарын үсгийг ашиглан өөрийн нэр дээр шилжүүлсэн. Капитрон банкнаас 5 жилийн хугацаатай шилжүүлж авсан 900.000.000 төгрөгөө 1 жил огт төлөхгүй, зориулалтаар нь ашиглаагүй байсан тул банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүгдэгч барьцааны хөрөнгөөр зээлээ барагдуулахаар санал гаргаж, газрыг барилгын хамт зээлийн төлбөрт шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ нь шүүхийг ашиглах замаар эвлэрлийн гэрээ байгуулж, бусдын хөрөнгийг 900.000.000 төгрөгийн зээлдээ өгсөн үйлдэл болсон. Энэ мэт байдлаар залилангийн гэмт хэрэг үйлдсэн хүн байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ж.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор энэ хэрэгт анхнаасаа нэг талыг барьсан талаар би анхан шатны шүүх хуралдаанд нэг бус удаа хэлсэн. Тодруулбал, Солонгос тал хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ Баяр гэх хүний компанитай байгуулж, Баяр гарын үсэг зурсан байдаг. Баяр гэх хүний хүргэн Батболд нь Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор байсан тул энэ хэрэгт миний эрх ашиг маш их зөрчигдсөн гэж үзэж байна. Учир нь, мөнгийг хэрхэн зарцуулсан талаар баримтгүй гэж байгаа боловч 200.000 ам.долларыг хэрхэн зарцуулсан нь баримттай байсан ч намайг баримтаа үзүүлэх гэтэл миний өрөөг шилжүүлсэн байсан. Үүний дараа нэгжлэг хийсэн. Энэ хэрэгт гэрчийн этгээд гучаад хүн байх бөгөөд тухайн мөнгийг хаана, яаж зарцуулсан талаар мэдүүлнэ. “Жил бүр Намянжү хотод Монгол соёлын өдөрлөг болдог бөгөөд түүнд Монгол Улсаас явах хүүхдүүд, тэдний билетийг захиалах, ачааг ачих зэргээр нэг хүүхдэд 3000 ам.доллар зарцуулагдаж, нийт 38 хүүхэд явдаг байсан. Үүнд Солонгос иргэдээс шилжүүлсэн мөнгө нь компанийн тайланд тусгагдаагүй байсан бөгөөд энэ талаар надаас огт асуугаагүй. Би Солонгос хүмүүстэй нүүр тулж уулзах, гэрчүүдийг дуудаж мэдүүлэг авах тухай хүсэлтээ удаа дараа гаргасан боловч нэг ч удаа нүүрэлдүүлж уулзуулаагүй. “Монгол-Намянжүгийн соёл” ХХК сайн ажиллаж байсан. 12 хувьцаа эзэмшигчтэй тус компанийг үгүй болгосон хүн нь би биш, Монгол улсад байгаа Солонгос хүн байгаа. Уг хүнийг асууж лавлаад ямар учраас 12 хүн алга болсон талаар яриулах хэрэгтэй. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан Наранцацралт газрыг Солонгос иргэдэд олгоогүй, Намхайнямбуу, Улсын Их Хурлын гишүүн байсан Ганхуяг болон би зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй нийгэмлэг байгуулж, тухайн нийгэмлэгт олгосон. Тухайн байшинг Солонгос иргэдийн хөрөнгөөр бариагүй, Намянжү хотын иргэдийн хандиваар босгосон. Энэ хэргийн хохирогч гэх Солонгос иргэд хувийн эрх ашгаа бодож надаас мөнгө авах байдлаар хандаж байна. Кан Хан Сү, Пак Хи Чол нар хувьцаа худалдаж авсан бөгөөд хувьцаа худалдан авч, эрх шилжүүлсэн гэрээнүүд хэрэгт авагдсан. Ингэхдээ татвараас зайлсхийх журмаар үнийг тавиагүй. 2010 оноос хойш намайг мөнгө завшсан гээд миний эх,эхнэр, хүүхэд, бид дөрвийн дансыг, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шалгасан. Тиймээс энэ хэрэгт намайг цагаатгах талын үйл ажиллагаа огт явагдаагүй болохыг хэлмээр байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, баримт, холбогдох гэрчүүдийг асууж, шалгаж өгнө үү.” гэв.

 

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдолдоо шүүгдэгчийг “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-д нийт 635.072.720 төгрөгийн хохирол учруулаагүй гэж байна. Үүнд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 120 дугаартай дүгнэлтээр “152.674.968 төгрөг, 254.448 ам.долларыг Ж.О нь хариуцахаар байна” гэсэн байдаг бөгөөд энэ нь шийтгэх тогтоолын 12 дахь талд авагдсан. Уг дүгнэлтийг үндэслэж прокурор яллах чиг үүргийг барьсан. Түүнээс биш энэ мөнгөн дүнг зохиож гаргаж ирээгүй. Орон сууц залилсан гэх үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж яриад байна. Гэтэл шүүгдэгч Ж.О Солонгос улсад очихдоо 2017 оны 1 дүгээр сард Пак Хи Чолоор итгэмжлэл гэх бичигт гарын үсэг зуруулсан байдаг. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас энэ хэрэгт яллагдагчаар татахдаа “2017 оны 1 дүгээр сард итгэмжлэх бичигт гарын үсэг зуруулсан боловч” гээд өмгөөлөгчийн дурдсан 2011-2013 оны үйлдлүүдийг дурдсан. Улмаар энэ үйлдэл 2017 онд төгсөж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнийг хуульд заасан хугацааны дотор гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татах тогтоолд зуруулсан гарын үсэг хуурамч гэж ярьж байна. Мөрдөгч тухайн цаг хугацаанд танилцуулсан бөгөөд заавал мэдүүлэг авах гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Гэтэл мэдүүлэг хуурамч байсан бол шүүгдэгч талаас энэ асуудлыг бүх шатанд хөндөж гаргах боломжтой байсан. Энэ асуудал огт дурдагдалгүй байсаар гэнэт анхан шатны шүүх хуралдаанд яригдаж эхэлсэн тул үндэслэлгүй. Мөн тухайн үед хэргийг шалгасан мөрдөгч, прокурор илтэд хуурамч гарын үсэгтэй тогтоолд хууль ёсны мэтээр хандаж, өргөсөн тангаргаа зөрчсөн үйлдэл хийхгүй гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолдоо Иргэний хэргийн шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар ярьж байна. Прокуророос 1.200.000.000 төгрөгийн гэрээ байгуулж, 900.000.000 төгрөгийг авсан боловч зориулалтын дагуу зарцуулаагүй, тухайн үеийн эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж завшсан үйлдэл хийсэн гэж үзсэн боловч шүүх Эрүүгийн хуульд заасан обьектив, субьектив шинжийг бүрэн хангаагүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч оролцож байна. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Капитрон банкны нэхэмжлэлтэй зээлийн гэрээтэй холбоотой энэхүү асуудал хянагдаж байгаа талаар оролцогч нар мэдэж байгаа хэрнээ дахин гаргаж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн төлөөлөгч нараас газар болон 12 хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудлын талаар ярьж байгаа ч энэ нь хэрэгт авагдаагүй. Энэ талаараа тухай бүрт нь шалгуулж явах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Ганбаатар, В.Батжаргал, Э.Түвшинбаяр нарын хамтран гаргасан, хохирогч Кан Хан Сүгийн өмгөөлөгч С.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Баянзүрх дүүргийн прокуророос Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй аль нэг нотлох баримтыг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж хэргийн үйл баримтанд тулгуурлан шүүгдэгчийн гэм бурууг нэг бүрчлэн тогтоож, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Оыг “Монгол-Намянжүгийн соёл” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг Капитрон банканд барьцааны болон зээлийн гэрээг байгуулан 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.” гэсэн атлаа шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ж.Оыг тус тус шийтгэсүгэй.” гэж 1 дэх заалтаараа хэрэгсэхгүй болгосон зүйл ангиар ял оногдуулж байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна.

            Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудаас харилцан зөрүүтэй аль нэг нотлох баримтыг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;гэж заасанд нийцэхгүй байна.

            Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Од холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Ж.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Ганбаатар, В.Батжаргал, Э.Түвшинбаяр нарын хамтран гаргасан, хохирогч Кан Хан Сүгийн өмгөөлөгч С.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Од холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Ж.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ