Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00268

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-т холбогдох эрүүгийн 1738000000069 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Г, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. 

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ө.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ө.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Ө.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн найз Б гэх хүнтэй уулзаад бид хоёр хамт Г гэх айлд очсон. Б бид хоёр Г-ын гэрт нь очихдоо нэг ширхэг том пиво авч очсон бөгөөд би авч очсон пивоо задлаад тэнд байсан хүмүүстэй хамт хувааж уугаад сууж байгаад Г гэх хүнд хандан “танай гэрийн гадаа амьжиргаа нэртэй жижиг машин байна. Чи үүгээр юу хийх гэж байгаа юм бэ? хоёулаа энэ машиныг надад байгаа жижиг суудлын машинаар солих уу” гээд яриад сууж байгаад нэг мэдсэн чинь Г миний дээр гарчихсан намайг зодоод цус нөжтэй минь хутгачихсан байсан. Гэмт хэргийн улмаас миний нүүр ам хөхөрсөн, хавдсан. Нуруу мөн өвдөж байгаа. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Ганбаатар хүн зодчихоод ганц удаа ч ирж уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

       Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Г би ийм тэнэг хүнтэй наймаа хийхгүй гэсэн чинь С уурлаад би энэ машиныг чинь авна гээд тэр хоёр ам зөрж эхэлсэн. С “би боксын спортын мастер” гээд хэрэлдээд байсан. Тэгээд тэр хоёр гарч үзье гээд гэрээс гараад явсан. Тэр хоёр гэрээс гарч яваад нэг их удаагүй намайг гэрээс гарах гэж байхад Г нь түрүүлээд би хөл дээрээ тогтож чадахгүй хүнтэй зодолдоно гэж юу байдаг юм бэ гээд орж ирээд орон дээрээ суусан. Г орон дээрээ хэвтэж байхад С гаднаас орж ирээд орон дээр нь дараад авсан. С-г гаднаас орж ирэхэд баруун талын хөмсөгний дээд хэсэгт нь халцарчихсан орж ирсэн. Тэгээд тэр хоёр орон дээр нэлээд удаан ноцолдож байгаад Г нөгөөхийгөө ор авдар хоёрын хооронд завсар байсан тэр рүү унагаагаад босоод ирсэн. Тэгээд Г нь С-н дээр нь гарчихсан тэр хоёр ноцолдоод байсан. Хоёулаа л нэлээд согтуу байсан. Г-ын дух нь жаахан хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Ням-Осорын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 568 дугаартай

       - Ө.С-н биед гэмтэл тогтоогдлоо.

       - Ө.С-н биед тархи доргилт, баруун хацар, зүүн хөмсөг, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, нүдний салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

       - Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

       - Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүссэн байна гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

       Шүүгдэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С миний араас ирээд миний цамцны хойд захнаас бариад авсан. Тэгэхээр нь би эргэж хараад мөн л түлхчихсэн. Энэ үед хашаа налаад унасан. Үүнийг би өөрөө хараад зогсож байсан. Тэгээд би гэртээ ороод орон дээр очоод суусан. Тэгээд гаднаас С гүйж орж ирээд намайг орон дээр дарж унагаагаад миний завьж руу хоёр эрхий хуруугаа хийгээд хоёр тал руу нь татсан. Тэгэхээр нь би хоёр гараараа С-ийн өмсөж явсан куртикны ханцуйнаас нь барьж аваад хоёр тийш нь тэлээд татчихсан. С духаараа миний зүүн талын хацар руу хоёр удаа мөргөсөн. Тэгээд дахиад мөргөх гээд байхаар нь би толгойгоо тонгойлгосон чинь миний толгойн оройн хэсэг рүү мөргөсөн. Энэ үед С-н хамраас цус гоожсон. Тэгээд би С-г түлхээд босоод ирсэн чинь манай орны өмнө байдаг жижиг ширээн дээр байсан бүх юмыг гараараа хамт цацсан. Тэгээд цаашаа эргээд авдар дээр байсан зурагтыг гараараа хамж газарт унагаасан. Тэгэхээр нь миний уур хүрээд босон харайж очоод зүүн талын гарыг нь барьж аваад гудас байдаг газар руу дарсан. Тэгэхэд С авдарын булан мөргөөд хураасан байсан бараа руу унасан. Тухайн үед С-н нүүр цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-46 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Г нь урьд 1968 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн шүүхийн 6 дугаар тогтоолоор 109а, 63.9-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1970 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тэнсэн суллагдсан, 1971 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн шүүхийн 2 дугаар тогтоолоор 169б-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1971 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Ө.С-тай 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 309.000 төгрөг төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Д.Г-аас 309.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.С-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 1738000000069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     

  1. Шүүгдэгч Д.Г-г бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 3, 3.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-аас хохирогч Ө.С-д учруулсан 309.000 /гурван зуун есөн мянга/ төгрөгийн хохирлыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор гаргуулж, төлж барагдуулахаар тогтсугай.

      5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      6. Эрүүгийн 1738000000069 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН