| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбарамын Энхжаргал |
| Хэргийн индекс | 135/2019/00886/И |
| Дугаар | 8 |
| Огноо | 2020-01-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 8
Г.С-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2019/00886/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1147 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.Б-т холбогдох
"Гэм хорын хохирол 2.330.000 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Хариуцагчийн гэм хорын хохирол 7.230.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бодьмөрийн давж заалдсан гомдлыг үндэслэн
Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.
Нэхэмжлэгч Г.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Г.С- миний эзэмшлийн 8882 УНГ улсын дугаартай LEXUS HS-250 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр миний хадам аав М.Н- жолоодож, 4 настай хүүг маань тээвэрлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, Хээтэй хорооллын урдуур зорчих төв замаар замын хөдөлгөөнд оролцон явж байх үед нь туслах замаас 9769 ДАР улсын дугаартай LEXUS HS-250 маркийн автомашинтай М- овогтой Б- гэх жолооч мөргөж зам тээврийн осол гаргаж миний тээврийн хэрэгсэлд 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн үед ослын газар дээр замын цагдаа дуудаж энэ асуудлыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шалгагдсан. Тухайн үед бид Дархан-Уул
аймагт үйл ажиллагаа явуулдаг БанХас ХХК-аар тээврийн хэрэгслийнхээ эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэсэн боловч миний авто машины сэлбэгийг чанарын шаардлага хангахгүй, таарахгүй хятад сэлбэгээр тооцож, зах зээлийн судалгааг дутуу хийж хохирлын үнэлгээг 2.470.000 төгрөг гаргасан. Бид Улаанбаатар хотоос өөрийн мөнгөөр сэлбэгээ захиалан авч ирүүлж, автомашинаа засварлаж дуусгахад нийт зардал 4.800.000 төгрөг гарсан. Иймээс дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ Цагдаагийн байгууллага болон жолооч М.Б- нарт мэдэгдсэн боловч хохирлыг бүрэн барагдуулаагүй. Цагдаагийн байгууллагаас үлдсэн хохирлоо шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй гэсэн хариу өгсөн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед жолооч М.Б- нь бидний хохиролд 2.470.000 төгрөг төлсөн хэдий ч бидэнд учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй тул тээврийн хэрэгслийн хохирлын үлдэгдэл болох 2.330.000 төгрөгийг жолооч М.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бодьмөр нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний аав М.Б-ын хамт 13 цаг 30 минут орчимд түүний эзэмшлийн 9769 ДАР улсын дугаартай, LEXUS HS-250 маркийн автомашинтай Дархан сумын 10 дугаар нутаг дэвсгэрт /хээтэй урдуураа/ замын хөдөлгөөнд оролцож яваад Г.С-ын эзэмшлийн 8882 УНГ улсын дугаартай LEXUS HS-250 маркийн машинтай мөргөлдсөн. Мөргөлдсөн даруйд М.Б- 7037-102 утсанд дуудлага өгч, нөхцөл байдлыг шалгуулан туслах замаас эргэх хөдөлгөөн хийснээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг барагдуулахаар жолооч М.Н-тай тохиролцоод М.Б- нь холбогдох хуульд заасан торгуулийн арга хэмжээг биелүүлж, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлээд БанХас ХХК-ийн үнэлгээний компаниар үнэлгээ тогтоолгон учирсан бодит хохирол болох 2.470.000 төгрөгийг төлж барагдуулсан. Учирсан бодит хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулаад тухайн үед М.Н- хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад төлбөрийг хүлээн авсан байтал ахин төлбөр нэхэж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч М.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бодьмөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний аав М.Б-ын хамт 13 цаг 30 минут орчимд түүний эзэмшлийн 9769 ДАР улсын дугаартай, LEXUS HS-250 маркийн автомашинтай Дархан сумын 10 дугаар нутаг дэвсгэрт /хээтэй урдуураа/ замын хөдөлгөөнд оролцож яваад Г.С-ын эзэмшлийн 8882 УНГ улсын дугаартай LEXUS HS-250 маркийн машинтай мөргөлдсөн. Мөргөлдсөн даруйд М.Б- 7037-102 утсанд дуудлага өгч нөхцөл байдлыг шалгуулан туслах замаас эргэх хөдөлгөөн хийснээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг барагдуулахаар жолооч М.Н-тай тохиролцсон. Мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, гэмтлүүдийг харьцуулбал М.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл илт харагдахуйц илүү эвдрэлтэй байсан бөгөөд 5.230.000 төгрөгийн өртөг бүхий засвар хийлгэсэн. Гэтэл бага эвдрэлтэй байсан Г.С-ын тээврийн хэрэгсэл 4.800.000 төгрөгийн засвар хийлгэсэн эсэхэд эргэлзэж байна. Учир нь үнэлгээ хийсэн этгээд хариуцагч талтай садан төрлийн холбоотой байсан учир зах зээлийн үнийн судалгааг дутуу хийж үнэлсэн байх боломжгүй гэж үзэж байна. Иймээс тухайн үеийн нөхцөл байдал, холбогдох ажиллагаа дутуу хийгдсэн зэргийг хянан, хариуцагч Г.С-, жолооч М.Н- нараас тээврийн хэрэгслийн хохирол болох 7.230.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч М.Б-ын гэм буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан бөгөөд үүнээс шалтгаалан автомашинд хохирол учирсан. Энэ хохирол учирсан байдалд нэхэмжлэгч тал хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллагаас М.Б-т холбогдуулан 1918000429 дугаартай Зөрчлийн хэрэг нээн шалгаж түүний гэм буруутай болохыг тогтоон, 0017803 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтын дагуу торгох шийтгэл ногдуулсан. Иймд гэм буруутай үйлдлийн улмаас түүний машинд учирсан хохирлыг гэм буруугүй хохирогч төлөх хууль зүйн үндэслэл муутай байна. Хариуцагч М.Б- нь зам тээврийн ослын үед автомашиныг жолоодож явсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н- миний согтолтын зэргийг тогтоогоогүй, хурд хэмжээгүй, надтай хамт явсан бага насны хүүхдийг урд суудалд хамгаалалтын бүсгүй, зориулалтын суудалгүй тээвэрлэсэн гэж сөрөг нэхэмжлэлдээ бичжээ. Тухайн үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд 3 цагдаа ирж, 2 жолоочийн үнэмлэх, бичиг баримтыг авч явж шалгасан. Мөн бидний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтолтын зэрэг тогтоодог багажаар шалгаж, тест үлээлгэхэд зөрчил илрээгүй. М.Н- миний бие осол болох үед 4 настай ач хүүтэйгээ хамт явж байсан бөгөөд ач хүүгээ тээвэрлэхдээ байнгын арын суудалд байрлуулсан зориулалтын нэмэгдэл суудалд суулган, аюулгүй байдлын хангаж тээвэрлэдэг. Ингэж явдаг тулдаа ач хүүд маань ямар нэг гэмтэл учраагүй. Хариуцагч М.Б-ын бичсэнчлэн урд суудалд сууж явсан бол эрүүл мэндэд маш аюултай нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй байсан.
Үүнээс үзэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэл гаргасан гэдгийг тодорхойлж байна. Иймд хариуцагч М.Б-ын гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1147 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Б-аас 1.935.454,55 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.С-д олгож, 394.545,45 төгрөг гаргуулах, хариуцагчийн 7.230.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 52.230 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.930 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 45.917 төгрөг, шүүхийн зардал 187.000 төгрөг, нийт 232.917 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бодьмөр давж заалдсан гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. Бан Хас ХХК-ний үнэлгээг үгүйсгэж Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлт, болон нэхэмжлэгч талын нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр бөгөөд анх хэрэг явдал болсон үеийн үнэлгээг гэм хорын бодит хохирол биш гэж үзсэн. Хариуцагч тал 2.470.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсныхаа дараагаар ахин мөнгө нэхэж нэхэмжлэл гаргасан үйлдэл нь үндэслэлгүй юм.
2. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн шинжтэй нөхцөл байдлын улмаас гэм хорын хохирол бий болсон бол иргэний хуулийн499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан уүрэг уүсгэхгуй гэснийг харахад тухайн үеийн нөхцөл байдал гэнэтийн шинжтэй үйлдэл байсан гэдгийг шүүхийн хэлэлцүүлгийн үед тайлбарлах явцад сонсолгүй яриаг таслан зогсоосон юм.
3. Мөн тухайн үед зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн цагдаа холбогдох ажиллагааг дутуу явуулсныг /цагдаагийн албан хаагч Жанцанноров нь өөрийн дутуу ажиллагаа явуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. /шалгалгүй хариуцагч талыг буруутган шийдвэр гаргасан.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар учирсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн нь тухайн нөхцөл байдалд үнэлгээгээр гарсан үнийн дүнг учирсан бодит хохирол гэж хариуцагчийн төлөөлөгч би ойлгож байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын шаардлага бол учирсан бодит хохирол гэж үзсэн нь нөхцөл байдал бий болсон даруйд үнэлгээ тогтоодог ажиллагааг үгүйсгэсэн хэрэг юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Г.С- нь хариуцагч М.Б-т холбогдуулан тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 2.330.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ. Хариуцагч М.Б- нэхэмжлэгчид холбогдуулан гэм хорын хохирол 7.230.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 1.935.454 төгрөгийн шаардлагыг хангаж, 394.545 төгрөгийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
М- овогтой Б- нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар багийн нутаг дэвсгэр Киви зочид буудлын урд зам дээр LEXUS HS -250 маркийн 9769 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчин жолооч Мянган овогтой Н-гийн жолоодож явсан LEXUS HS-250 маркийн 8882 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасныг , Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг Зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан баримт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Бан хас ХХК-ийн үнэлгээгээр тээврийн хэрэгслийн хохирлыг 2.470.000 төгрөг гэж тогтоосон боловч Улаанбаатар хотоос өөрийн мөнгөөр сэлбэгээ захиалан авч машинаа засварлахад 4.800.000 төгрөг гарсан тул төлсөн 2.470.000 төгрөгийг хасч хохирлын үлдэгдэл 2.330.000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Хэрэг цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгчээс 4.800.000 төгрөгийн бодит зардал гарсан нь тогтоогдсон байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 1.935.454 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тодорхойлсон.
Хариуцагч М.Б-ын гэм буруутай үйлдэл тогтоогдсон учир гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд :
М.Б- нь өөрийн тээврийн хэрэгсэл болох LEXUS HS-250 маркийн 9769 ДАР улсын дугаартай машины эд зүйл гэмтэж 7.230.000 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжлэгч Г.С-аас гаргуулахаар шаардсан.
Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд хэд хэдэн үндсэн нөхцөл, шалтгаан бүрдсэн байх ёстой.
Үүнд: Гэм хор учирсан байх, үйлдэл \эс үйлдэхүй\ байх, учирсан хохирол, үйлдэл \эс үйлдэхүй\-ын хооронд шалтгаант холбоотой байх, гэм буруу тогтоогдсоны эцэст хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болдог.
Хэдийгээр М.Б- 7.230.000 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа боловч уг хохирлыг Г.С- учруулсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар М.Б-аас төлсөн 49.644 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН
ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
С.ЭНХЖАРГАЛ