Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/396

 

 

Э.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Эийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2110 01515 0831 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.........., ............................/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Э.Э нь иргэн А.Гас тодорхой хэмжээний мөнгө авах зорилгоор түүнд хандан “хүчиндсэн гэх шалтгаанаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гарган өгч шалгуулж байгаа, цагдаа тань руу ярина өөрөө очиж уулзаарай эсхүл та хохирлын мөнгө гэж өгчихвөл би өргөдлөө буцаагаад авчихна мөн дэслэгч Ганбаяр байна Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр өргөдөл ирсэн байна ирж уулз, “Дариа” салон дээр эхнэр дээрээ ирж мөнгөө ав, таны нүцгэн шалдан зураг байгаа фейсбүүк дээр тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна” гэх зэргээр эрх хууль, ёсны сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэн 5.550.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .....................ийг Эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эийн цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эээс 3.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Гд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цоохор өнгийн урт плаж, хар өнгийн даавуун торон дотуур хувцас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолж, тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Г.Даваадулам, Ж.Бадамгарав нар машин зардаг хүн гэж А.Гантулгыг танилцуулсан. Би ажил хэргийн холбоо тогтоох гэж 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ж.Бадамгараваас утасны дугаарыг нь авч холбогдоод “Да хүрээ” зах дээр очиж А.Г болон Д.Цогтгэрэл нартай ажил дээр нь уулзсан. 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Зайсанд байрлах зочид буудалд байна, ахдаа тус хүргээд уух юм дөхүүлээд өгөөч” гэхээр нь ямар нэгэн буруу ойлголт бодолгүйгээр буудлын хүлээн авах дээр захисан зүйлийг нь өгөөд уулзаагүй явсан. 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дахин холбогдоод “хүрээд ирээч” гэхээр нь юм үнэд орсон одоо цагт хямдхан гайгүй машин худалдан авах боломж бодон очсон боловч энэ хоёр хүн нь буруугаар ойлгон ёс бус үйлдэл гарган намайг хүчиндсэн. Нэр хүнд болон бие сэтгэлээрээ хохирч, айх, гайхах зэрэгцэн гомдохдоо “цагдаад өөрийг чинь өгчихсөн” гээд худлаа ярьсан. Тэгэхэд А.Г “ахыгаа үнэхээр уучлаарай, би зөндөө олон охидуудтай хүн” гээд уучлалт гуйн 5.550.000 төгрөгийг сэтгэл санааны хохирол болгон өгсөн. Би 7 болон 3 настай хоёр охинтой. Миний том охин ховдол хоорондын цоорхой гэх зүрхний төрөлхийн гажигтай. Эх минь нуруу нь хугарч хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Гэртээ хөдөлмөрийн насны ганц хүн нь би. Миний цалин гэр бүлийн амьдралд хангалттай хүрэлцдэг. Би наргиж цэнгэж явахад илүү зардал гаргадаггүй. Би буруу зүйл хийж хууль зөрчсөнөө ойлгож, гэм буруугаа хүлээж мөрдөн байцаалтын хугацаанд А.Гд 1.500.000 төгрөг төлсөн байгаа. Хэт сэтгэл хөдлөл, уур хилэндээ автан тэнэг үйлдэл хийж гэмт хэрэгт холбогдсондоо үнэхээр гэмшин буруугаа хүлээж байна. Учруулсан хохирлоо хууль ёсны дагуу нөхөн төлж барагдуулна. Гэр бүлийн минь байдал, ээж охидуудын минь байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Эийн өмгөөлөгч М.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулж 53-57 УАР улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар, “Уудам мандал манхан” ХХК-ийн “1.500.000 төгрөгийн үндсэн цалинтай, борлуулалтын 10 хувь хүртэлх урамшуулалтай ажилладаг нь үнэн болно” гэх цалингийн тодорхойлолт, Э.Эийн төрсний гэрчилгээний хуулбар, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Э.Эийн том охин Д.Мичидмаа, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бага охин Э.Үүрийнтуяа нарын төрсний гэрчилгээний хуулбар, Э.Эийн эх Бадамсүрэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нурууны хагалгаанд орсон амбулаториор эмчлүүлэгчдийн карт /эх хувь/, Гэмтэл согог  судлалын үндэсний төвийн соронзон үелзүүр томографийн шинжилгээний дүгнэлт зэрэг баримтуудыг гаргаж өгч байна. Мөн хохирогч гэх А.Г нь тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаг хүн учир Э.Эийн эцэг Эрдэнэбатаас түүнд хохирлын үлдэгдэл 3.000.000 төгрөгөнд 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр импортлогдсон хар хөх өнгийн “Honda fit” загварын тээврийн хэрэгслээ өгөхөөр уулзсан боловч “автомашинаа худалдан борлуулаад авсан мөнгөнөөсөө надад өгчих, би автомашин аваад яахав” гээд татгалзсан байсан. Уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг Э.Эийн хоёр охины хамт авахуулсан зургийг гаргаж өгч байна. Миний үйлчлүүлэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчид 1.500.000 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийн хохирлыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн. Э.Э нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож хувийн байдлаа тодорхойлсон баримтуудаа гаргаж өгч чадаагүй. Бага насны хүүхэдтэй, төрсөн эх нь нурууны хүнд хагалгаанд орсон, өвчтэй байгааг нотолж чадаагүй учраас шүүх шүүгдэгчид 2 жилийн хорих ял оногдуулсан. Ингэснээр бага насны хоёр хүүхдийнх нь асрамжийн асуудал яаж шийдвэрлэгдэх нь тодорхойгүй үлдсэн. Өвчтэй эх нь хоёр хүүхдийг цэцэрлэг, сургуульд зөөхөд хүндрэл учирч байгаа тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү. Э.Э нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөргүй болох нь нотлогдож, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.  Мөн ажлын газрынх нь цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн тул торгох шийтгэлийг бүрэн төлж барагдуулах боломжтой гэж үзэж байна. Хэрэв шүүх торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзвэл түүний цалинтай уялдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. Мөн шүүгдэгчийн нийт 68 хоног цагдан хоригдсон хугацааны төлбөр 1.020.000 төгрөг болох бөгөөд үүнийг 10.000.000 төгрөгөөс хасаж тооцвол 8.980.000 төгрөг болно. Үүнийг 36 сард хувааж тооцвол сард 249.440 төгрөгийг төлөх бүрэн боломжтой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

           

            Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Эд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Э.Эийн эх нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвчтэй байгаа талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн эх өвчтэй, хүүхэд асрах боломжгүй талаарх баримтуудыг гаргаж өгөөгүй. Хэрэг шүүхэд шилжсэний дараа ийм зүйл ярьсан. Гэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт үүнтэй холбоотой баримтуудыг авчраагүй байсан тул шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болгохуйц баримт байгаагүй. Мөн “Уудам мандал манхан” ХХК-д ажилладаг, 1.500.000 төгрөгийн цалинтай тул торгох ялыг биелүүлэх боломжтой гэж тайлбарлаж байна. Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн шатанд тус компанид ажилладаг талаарх тодорхойлолт гаргаж өгөөгүй, давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Гэсэн хэдий ч тухайн компаниас гаргаж өгсөн баримт нь Э.Эийг тодорхой албан тушаал эрхэлдэг, 1.500.000 төгрөгийн ажилтай гэдгийг бүрэн нотолсон нотлох баримт биш гэж үзэж байна. Учир нь, нийгмийн даатгал төлөгддөг байх ёстой. Энэ тодорхойлолтыг хувийн компаниас гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бодитоор ажилладаг эсэх нь эргэлзээтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Э.Эийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Э.Э нь иргэн А.Гас тодорхой хэмжээний мөнгө авах зорилгоор түүнд хандан “хүчиндсэн гэх шалтгаанаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гарган өгч шалгуулж байгаа, цагдаа тань руу ярина өөрөө очиж уулзаарай эсхүл та хохирлын мөнгө гэж өгчихвөл би өргөдлөө буцаагаад авчихна, мөн дэслэгч Ганбаяр байна Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр өргөдөл ирсэн байна ирж уулз, “Дариа” салон дээр эхнэр дээрээ ирж мөнгөө ав, таны нүцгэн шалдан зураг байгаа фейсбүүк дээр тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна” гэх зэргээр эрх хууль, ёсны сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэн 5.550.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч А.Гантулгын “...Тэгсэн над руу Гэрлээ “Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгсөн байгаа, та намайг хүчиндсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, байгаа газар чинь очиж уулзъя” гэж хэлсэн. Гэрлээтэй Офицерын ордны хойд талын зам дагуу уулзаж иргэний үнэмлэхээ аваад юу болсон талаараа асуухад “би зочид буудалд нүдний шил, өрөөсөн ээмгээ хаясан, мөн зочид буудалд аваачиж өгсөн хоол, архины мөнгө өг” гээд надаас 550.000 төгрөг авсан. “Би цагдаад өргөдөл өгсөн, цагдаа тань руу ярина, өөрөө очиж уулзаарай эсвэл та хохирлын мөнгө өгчихвөл би цагдаатай уулзаад өргөдлөө буцаагаад авчихна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би чамайг хүчиндээгүй байхад яагаад цагдаад өгдөг юм, би өөрөө очиж уулзъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь “угаасаа би өргөдлөө өгсөн шүүх эмнэлэгт үзүүлэх гээд явж байна” гэж хэлээд машинаас буугаад явсан. Тэгсэн над руу 88084576 дугаарын утаснаас “дэслэгч Ганбаяр байна, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр өргөдөл ирсэн байна, ирж уулз” гэж хэлсэн. Тэгээд уулзах гээд цагдаа руу явж байсан чинь Гэрлээ залгаад “та 10.000.000 төгрөг өгчих би цагдаагаас өргөдлөө авчихъя, тэгэхгүй бол та урьд өмнө хэрэгт орж байсан юм байна, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй би сая цагдаатай уулзаад даргад нь 500.000 төгрөг өгөөд өөрөө 100.000 төгрөгөөр торгуулаад өргөдлөө буцаагаад авчихлаа” гэж ярьсан. Тэгсэн хамт явж байсан найз Цолмонбаяр “хоёрын хооронд өргөдөл гомдол, цагдаа гээд эхнэр хүүхэдтэй байж хэл аманд орж яахын 5.000.000 төгрөг өгөөд салчихгүй юу” гэж хэлхээр нь найзынхаа үгэнд орж найз Цолмонбаярын дансаар 5.000.000 төгрөгийг Энхгэрэлийн данс руу шилжүүлсэн. Энхгэрэл анх 10.000.000 төгрөг нэхэж байгаад 6.000.000 төгрөг болгосон. Би боломж нь энэ байна гээд 5.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд би 3 хоногийн дараа Хан-Уул дүүргийн цагдаа дээр нээрээ өргөдөл өгсөн юм болов уу гэж бодоод цагдаагаас Ганбаяр гэж дэслэгч байдаг уу, ийм учиртай өргөдөл ирсэн үү гэж асуухад Ганбаяр гэж цагдаа байхгүй, Энхгэрэл гэж хүн хүчиндсэн гэх өргөдөл манайд гаргаагүй гэж хэлсэн. Ингээд би Энхгэрэлд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. ...Э.Эээс “чи худлаа ярьж надаас мөнгө авсан байна” гэж хэлтэл “гөлөг минь ирж мөнгөө аваад зайлаач, “Дариа” салон дээр эхнэр дээрээ ирж мөнгөө ав” гэж хэлхээр нь би “дансаар авъя” гэхэд “би эхнэрт чинь оруулж өглөө, таны нүцгэн шалдан зураг байгаа, Фейсбүүк дээр тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна” гэж намайг шантаачилсан. ...Би эхнэр хүүхэдтэй учир 2-3 хоног тухайн үед архи уугаад явсан тийм учир дээрээс нь гэртээ хариагүй, мөн эмэгтэй хүнтэй явж ийм хэрэгт холбогдсон талаар эхнэр мэдвэл амьдрал хэцүү байдалд орох байсан учир амьдралаа бодож хэл аманд орохгүйн тулд дээрх мөнгийг Э.Эд өгсөн. Хүчиндээгүй гэж цагдаагийн байгууллагад шалгуулахад тухайн үед айх зүйл байхгүй байсан. Харин худлаа хэлж мөнгө авсныг нь мэдээд ийм гэмт хэрэгт өөр бусдыг орчихвий гэснээр цагдаад хандсан. ...” /хх 21-22/,

гэрч Г.Цолмонбаярын “...А.Г надад хэлэхдээ “1 сар гарангын өмнө цуг архи уусан эмэгтэй надад хүчиндүүлсэн гэж цагдаад гомдол гаргана гэж байна эсвэл 10.000.000 төгрөг өг гэж дарамтлаад байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би А.Гд зөвлөхдөө “эхнэр, хүүхэд чинь мэдвэл бас хэцүү шүү дээ, наад хүүхэндээ 10.000.000 төгрөг өгөх нь хаашаа юм 5.000.000 төгрөг өгөөд салаач” гэж хэлсэн. Миний ингэж хэлдэг нь дээрх эмэгтэйтээ холбоотой хэл ам нь даамжирвал эхнэр, хүүхэд нь салчих байх гэж бодоод хэлсэн юм. А.Г тухайн үед “мөнгө нэхээд байгаа эмэгтэйг би хүчиндэж бэлгийн харьцаанд ороогүй юм, тэгсэн ингээд мөнгө нэхээд байх юм” гэж хэлж байсан. ...” /хх 50/,

шүүгдэгч Э.Эийн яллагдагчаар өгсөн “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 40/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч, хохирогч нарын хооронд гар утсаар харьцсан зурвасны хуулга /хх 74-77/, шүүгдэгч Э.Эийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 126/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Э.Эийг эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Эийн иргэн А.Гас хүчиндсэн гэх шалтгаанаар “Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гарган өгч шалгуулж байгаа, цагдаа тань руу ярина өөрөө очиж уулзаарай эсхүл та хохирлын мөнгө гэж өгчихвөл би өргөдлөө буцаагаад авчихна, мөн дэслэгч Ганбаяр байна Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр өргөдөл ирсэн байна ирж уулз, “Дариа” салон дээр эхнэр дээрээ ирж мөнгөө ав, таны нүцгэн шалдан зураг байгаа фейсбүүк дээр тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна” гэх зэргээр баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэн 5.550.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Э.Э “...Гэр бүлийн минь байдал, ээж охидуудын минь байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, шүүгдэгч Э.Э нь өмнө нь ял шийтгүүлж байсан бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй ба дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжлийг олоогүй түүний хувийн байдалд тохируулан анхан шатны шүүх 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Э.Эийн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн том охин Д.Мичидмаа, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн бага охин Э.Үүрийнтуяа нар нь түүний эх П.Бадамсүрэнгийн асрамжинд байгааг дурдав.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ        

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ