Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/500

 

      

 

 

 

 

   2022           05             10                                          2022/ДШМ/500

                                               

                                                                                         

Г.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Г.Б,

хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Нын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Бт холбогдох эрүүгийн 2203000140058 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Гын Б, 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эх, ахын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

Шүүгдэгч Г.Б нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Хархорин захын хойд замд 2021 оны 9 дүгээр сарын 26-ны 06 цаг 50 минутын үед Миssо маркийн 0000 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:”, 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоёота Приус маркийн 97-73 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Б.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О овогт Гын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Ганбаатарын Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан 500.000 /таван зуун/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу шүүгдэгч Г.Боос 319.960 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нт олгож, цаашид гарах эмчилгээний зардал, өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг үлдээж, иргэний нэхэмжлэгч Б.Батбилэг, Б.Мөнхцэцэгт нарт төлөх төлбөргүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр авто осолд орж эрүүл мэндээрээ хүндэвтэр гэмтэж, эрүүл мэнд болон эдийн засгаараа хохирсон.

Хэргийн материалд өвчтэй байх үеийн алдсан цалин, эмнэлгийн эм, хагалгааны төлбөрийн хэмжээг тус тусад нь гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхийн шүүгч гарсан хохирлыг тооцохгүйгээр шүүхийн тогтоол гаргасанд гомдолтой байна.

Учир нь миний биед хүндэвтэр хохирол учирч улмаар хийж байсан ажлаа хийж чадахгүй эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж, хагалгааны дараах хүндрэлүүд одоо ч хэвээр байгаа. Би шүүх хуралд зөвхөн өөрт болон асран хамгаалагчаар намайг өвчтэй байх энэ хугацаанд асран хамгаалж байгаа хань Э.Лхагвасүрэнгийн ажиллаагүй үеийн цалингийн хэмжээ болон эмчилгээний үеийн зардлуудыг бодит баримттай нэхэмжилсэн.

Энэ хэргийн материалыг бүрдүүлж байх үед 2021 оны 11 дүгээр сарын 20-оос 12 сарын 3-ны өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдалтын үеийн тэтгэмжийг нийгмийн даатгалаас бодож олгоогүй, өвчтөний эмнэлгийн хуудсанд бичилт хийж байгууллагад ирээгүй байсан.

Учир нь ковидын үеийн өвчлөлийн хэмжээ их байсантай холбоотой тухайн үед маш олон хүн өвдөж байсан учир Нийгмийн даатгалын сангаас мөнгөн тэтгэмжийг тухай бүр өвдсөн хүмүүст олгож чадахгүй удаашралтай байсан.

Энэ үеийн актны арын хэсэгт нийгмийн даатгалын бодолт хийж байгууллагад ирүүлээгүй байсан тул зөвхөн эхний нүүрийг баримтанд өгсөн.

Иймд эхний 2 өвчлөлийн акт бүрэн хэмжээгээр хэргийн материалд орсон байсан. 12 сарын цалингийн бодолт хийгдээгүй байсан тул 12 сард аваагүй цалингийн хэмжээг тооцоолох боломжгүй байсан.

Жилийн үр дүнгээр олгогддог 13 дахь сарын цалингийн хэмжээг компанийн төлөвлөсөн хэмжээгээр буюу 2.4 сараар бодож нэхэмжлэн хэргийн материалд өгсөн. Гэвч 2022 оны 2 дугаар сард 13 дахь сарын цалинг 3 сараар бодож өгөхөд миний авах ёстой мөнгөнөөс дахин 91.450 төгрөг нэмэгдэж нийт 457.245 төгрөгийг би авч чадаагүй хохирсон.

Шүүх хурал болдог өдөр буюу 3 дугаар сарын 9-нд хэргийн материалд урьдчилан тооцоолж өгсөн байсан зарим цалингийн хэмжээг бодит байдлаар гарсантай холбоотой бага зэрэг өөрчилж нийт мөнгөн дүнг нэхэмжилсэн.

10, 11 сард өвдсөний улмаас аваагүй цалингийн дүнд Нийгмийн даатгалаас олгосон хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийн хэмжээг оруулсан дүнг нэхэмжилсэн болно.

Шүүх хуралд Практикал даатгалаас эрүүл мэндээрээ хохирсон тэтгэмж авсан гэдгээ би үнэн зөвөөр мэдүүлсэн. Шүүгч энэ мөнгөн дүнг нэхэмжилсэн дүнгээс хасаж тооцсон атлаа өвчтэй байсны улмаас ажиллаагүй үеийн цалингаараа хохирсон хохирлын мөнгөн дүнг тооцоолох боломжгүй, нэмэлт материал хангалтгүй гэж дүгнэн иргэний шүүхэд хандаж хохирлоо барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

Миний бие эрүүл мэнд эдийн засаг, цаг хугацаагаар маш их хохирч байхад анхан шатны шүүх дахин нөгөө иргэний шүүх рүү явуулаад байгаа нь намайг дахин хэргийн материалаа эхнээс нь бариад өөр шүүхийн хаалга татаад яваад бай гэсэн утгатай дүгнэлт гаргасанд миний бие маш их гомдолтой байна.

2021 оны 9 дүгээр сард осолд орж гэмтэн олон ч байгууллага хууль, шүүх, замын цагдаа, эмнэлгийн хаалга татан бүрэн 6 сарын хугацааг зарцуулсан байхад анхан шатны шүүхийн шүүгч иргэн миний хэргийн материалтай бүрэн танилцаж, тооцоолж дүгнэлт гаргасангүй гэж иргэн хүний хувьд үзэж байна.

Иймд надад учирсан нийт 9.395.400 төрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Нын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учраас тухайн зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл байхгүй. Хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан. Хохирогч Б.Н нь хүзүүндээ төмөр суулгацтай байгаа. Эмчилгээг нь удаан хугацаанд үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг миний үйлчлүүлэгч тодорхой тайлбарлаж хэлсэн. Хохирогч Б.Н нь нийгмийн даатгал төлдөг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Г.Б 1.000.000 төгрөгийн хохирлыг сайн дураараа төлсөн. Шүүхийн шийтгэл тогтоолд дурдагдаагүй байгаа. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б хохирлын баримттай танилцсан. Хохирлыг төлж барагдуулах талаараа хэлж илэрхийлж байсан. Хор уршиг байгаа учраас хохирогчийн хохирлыг барагдуулж өгнө үү. Хавтаст хэргийн 164 дүгээр хуудсанд яаж, хэдэн төгрөгөөр хохирсон талаар нь мэдүүлэг авсан байдаг. Өөр нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

 

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх долоо хоногт Г.Б над руу утсаар залгаж холбогдоод би таны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлнэ гэхээр нь би өмгөөлөгчөөсөө болдог юм болов уу гэж асуусан. Өмгөөлөгч болно гэж хэлсэн. Тэгээд өмнөх долоо хоногт 1.000.000 төгрөгийг өгсөн. Сард 1.000.000 төгрөгөөр нь хувааж төлж барагдуулж байгаа. Би сард 2.000.000 төгрөгийн цалин авдаг. Тэгээд 1.000.000 төгрөгийг нь хохирогч Б.Нт шилжүүлээд явахаар болсон” гэв.

 

Прокурор Д.Эрдэнэчимэг  тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоолд хохирогчийн өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү, цаашид гарах гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Хархорин захын хойд замд 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө 06 цаг 50 минутын үед Миssо маркийн 0000 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:”, 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоёота Приус маркийн 97-73 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Б.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нын “...Би 2021 оны 9 дугаар сарын 26-ны өдөр 05 цагт гэрээсээ гараад 22-ын М-Ойл ШТС орж машиндаа түлш аваад гэгээ орохоор хөдлөөд баруунаас зүүн тийш чиглэлд Хархорин захын хойд замаар 2 дугаар эгнээнд явж байгаад явган хүний гэрэл дохионоос 30 орчим метрийн зайд ойртоод дугаар эгнээнд ороод улаан гэрэл асахаар нь зогс шугам дээр зогссон. Би зогсоод ойролцоогоор 10 орчим секунд болох үед араас машин мөргөөд түс няс гээд маш их дуу чимээ гараад би хол шидэгдээд зогссон. Би бууж очиход нөгөө машины жолооч бууж ирээгүй бөгөөд “юу болов яав” гэхэд жолооч нь бууж ирээд “та яагаад эгнээ байраа солив” гэхээр нь “би дүрмээрээ явж байна” гэж хэлсэн. ...би огцом зогсоогүй, миний урд машин байсан боловч тэр гэрэл дохио зөрчөөд яваад өгсөн. Намайг зогсоод удаж байх үед араас мөргөсөн...” /хх 34-36/,

иргэний нэхэмжлэгч Б.Мгийн “...2021 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө гарсан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед хамт байгаагүй. Манай төрсөн эгч Б.Н миний өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 0000 УНК дугаарын автомашиныг гуйж аваад унаж байсан. Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учир эгч унаж байсан. Тухайн өдрийн өглөө 07 цагийн үед над руу утсаар яриад гэрлэн дохио дээр зогсож байх үед араас автомашин мөргөөд машин эвдсэн гэж хэлж байсан...” /хх 95/,

иргэний нэхэмжлэгч Б.Бгийн “...Зүүнхараагаас Муссо маркийн 0313 СЭҮ дугаарын автомшиныг танихгүй хүнээс 2.300.000 төгрөгөөр худалдан аваад хотоос надтай хамт явж байсан Г.Б гэх залуугаар жолоодуулан хот руу орж ирж байсан. Зүүнхараагаас шөнө 00 цаг өнгөрөөд гарсан. Намайг Саппорогийн тойрог орох гээд явж байх үед Б станцаар осол гарсан талаар хэлсэн. Хархорин захын хойд талын явган хүний гэрэл дохио дээр Муссо нь Т.Приус 20 маркийн автомашины араас мөргөсөн байдалтай зогсож байсан” /хх 106/,

иргэний хариуцагч Б.Бийн “...гэрлэн дохионд ойртож байх үед Тоёота Приус урдуур нь орж ирэхээр нь зогсож чадалгүй мөргөсөн гэж Б хэлж байсан. Нт багажны хаалга, 2 гэрэл, хойд буфер, тог баригч зэргийг 1.100.000 орчим төгрөгөөр авч өгсөн...” /хх 109/,

иргэний нэхэмжлэгч Л.Цгийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хөдөө ууланд ажилтай байсан. Манай хүү Цогтбаатар Musso маркийн 0313 СЭҮ улсын дугаартай автомашиныг 2.500.000 төгрөгөөр зарсан...” /хх 112/,

шүүгдэгч Г.Б яллагдагчаар “...тухайн үед би 3 дугаар эгнээнд орохоор нь би хараад тоормос гишгээд араагаа хүндрүүлсэн боловч зогсолгүй араас нь мөргөсөн. Би тухайн шөнө нойргүй явсан бөгөөд жаахан зүүрмэглэсэн юм. Гэхдээ мөргөх үедээ харсан боловч зогсоож амжаагүй. Машины араас мөргөөд зогсоод буугаад очиход нөгөө машины жолооч эмэгтэй ганцаараа явсан бөгөөд машинаас буугаад очиход цочролд орчихсон байдалтай байхаар нь хамт явсан Билгээ рүү утсаар ярьж ирүүлсэн...” /хх 160/ гэх мэдүүлгүүд,

“Б.Нын биед 5-6-р нугалмын цагираг мөгөөрсний урагдал жийргэвч авах мэс заслын дараах байдал 2021.11.11, бүсэлхийн 5-с ууцны 1-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 377 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 126-128/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр  тогтоосон байдал /хх 2-3/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 4-5/, эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх 17/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5/, мөрдөгчийн магадлагаа /хх 130/, хохирлын баримт /хх 84-89/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Г.Бийн Миssо маркийн 0000 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:”, 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоёота Приус маркийн 97-73 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Б.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Ганбаатарын Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Хохирогч Б.Нын “...миний биед хүндэвтэр хохирол учирч улмаар хийж байсан ажлаа хийж чадахгүй эмнэлэгт хэвтэн хагалгаанд орж, хагалгааны дараах хүндрэлүүд одоо ч хэвээр байгаа. Би шүүх хуралд зөвхөн өөрт болон асран хамгаалагчаар намайг өвчтэй байх энэ хугацаанд асран хамгаалж байгаа хань Э.Лхагвасүрэнгийн ажиллаагүй үеийн цалингийн хэмжээ болон эмчилгээний үеийн зардлуудыг бодит баримттай нэхэмжилсэн. Иймд надад учирсан нийт 9.395.400 төрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Б.Нын нөхөр Э.Лхагвасүрэн нь “Оргилон дэлгэрэх ус” ХХК-д төслийн менежерээр сард 5.000.000 төгрөгийн үндсэн цалинтай ажилладаг гэсэн баримт /хх 90/ авагдсан байх боловч тус компаниас түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байх бөгөөд /хх хх 193/, 6.377.210 төгрөгийг Э.Лхагвасүрэнгийн ажилгүй байсан гэх хугацааны цалин гэж одоогоор үзэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

 

Хохирогч Б.Нын 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2.610.243 төгрөгийг авсан байна. Харин түүний гомдолд дурдсан ажилгүй байсан үеийн цалин болон 13 дахь сарын  цалин буюу олох ёстой байсан орлого нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байх бөгөөд Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгаалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246,А/245 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоог нарийвчлан гаргуулах шаардлагатай  байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н хохиролд 2.930.203 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд түүний анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...эрүүл мэндтэй холбоотой 2.610.243 төгрөг авсан...” гэж мэдүүлсэн тул шүүх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Боос 319.960 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нт олгож, цаашид гарах эмчилгээний зардал, өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Нт шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 319.960 төгрөгийг төлсөн, хохирогчийн эмчилгээнд сар болгон 1.000.000 төгрөг төлөхөөр тохиролцож, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 1.000.000 төгрөг төлсөн талаар мэдүүлж баримтыг гаргаж өгсөн ба хохирогч эмчилгээний төлбөрт Г.Бийг 1.319.960 төгрөгийг төлсөн талаар мэдүүлсэн болно.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Нын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.МЯГМАРЖАВ

  ШҮҮГЧ                                                                 Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ