Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 9

 

Т.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01031/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Г-т холбогдох

"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39.590.000 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй, “Хариуцагчийн Т.О-тэй 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 36.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч С.Г-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.О-, түүний өмгөөлөгч Б.Содболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С.Г- 36 сая төгрөгийн зээл авах гэсэн юм, миний зээлийн үлдэгдэл 36 сая төгрөг байгаа та миний зээлийг чөлөөлөөд өгөөч гэж гуйгаад миний бие энэ дагуу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 36 сая төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 36 сая төгрөгийг С.Г-ийн Хаан банкны данс руу өөрийн данснаас бөөнд нь шилжүүлсэн. Гэтэл С.Г- 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бараа татах гэсэн юм ахиад 12 сая төгрөг зээлээч гэхээр нь 5 сая төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 7 сая төгрөгийг нийт 12 сая төгрөгийг С.Г-ийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй байж байгаад, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 35.590.000 төгрөгийг миний Ариг банкны дансанд хийсэн. Мөн түүнээс хойш 145.000 төгрөг, 150.000 төгрөг, 100.000 төгрөгийг цувуулж надад өгсөн, түүнээс өөр мөнгө өгөөгүй учраас үлдэгдэл мөнгөө түүнтэй байгуулсан 2 гэрээний дагуу үндсэн зээл хүүгийн хамт гаргуулж авахаар шүүхэд хандсан. Анх 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 36 сая төгрөг 15 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн, хугацаа хэтэрвэл 0,5%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Ахиад 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5 сая төгрөг, дараа өдөр нь 7 сая төгрөг нийт 12 сая төгрөгийг дээрх нөхцөлтэй адил нөхцөлөөр зээлдүүлсэн, ингээд зээл төлөгдөхгүй байсаар 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 35.590.000 төгрөг төлөгдсөн байгаа, эхний 36 сая төгрөгөөс хүү 15%, алданги 0,5% гэж бодож байгаа, одоо үлдэгдэл 33.830.000 төгрөг байгаа, энэ мөнгийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл бодсон байгаа түүнээс хойш ахин алданги 5.760.000 төгрөг болсныг нэмээд нийт 39.590.000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч С.Г- түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Хаан банкнаас зээл авах гэж байсан учраас зээлээ чөлөөлүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Т.О- эгчээс 36 сая төгрөг авсан нь үнэн, би Хаан банкнаас 60 сая төгрөгийн зээл хүссэн, гэтэл Хаан банк 35-40 сая төгрөг гарах боломжтой гэсэн, тэгэхэд Т.О- эгч нэмээд 60 сая төгрөг гаргаад өгөөч тэгвэл тодорхой хэмжээний хувь өгнө гэж эдийн засагчтай нь утсаар ярьж байсан. Хэсэг хугацааны дараа Хаан банк шалтгаангүйгээр надад зээл өгөхөөс татгалзсан. Би Т.О- эгчээс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 36 сая төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5 сая төгрөгийг өдрийн зээлээр тооцож авсан. Өдрийн зээлээ сарын 10% гэхээр үндсэн мөнгөтэйгөө сарын 5.500.000 төгрөг үүнийгээ сарын хоногтоо хуваагаад өгдөг байсан, 183.400 төгрөгийг өдөр бүр төлдөг, тэгээд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр барааны мөнгө дутаад 7 сая төгрөгийг мөн 10%-ийн хүүтэй авсан, ингэж удаа дараа мөнгө зээлэхдээ хүү алданги тооцно гэж хэлээгүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Миний Голомт банкны виза карт Т.О- эгчид байдаг. Зээл гарахгүй байсан учраас Т.О- эгч миний BOXI 20-97 дугаартай машиныг барьцаалж авч яваад 18 хоног хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд манай нөхөр уурлаад Цагдаад хандсан, машинаа батлионд айлын хашаанаас очиж авсан. Түүний дараа Т.О- эгч сүүлд зээлийн гэрээ гээд 2 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад авсан, нэг хувийг нь надад өг гэхэд Цагдаагаасаа ав гээд шүүрээд аваад явсан. Зээлийн гэрээ нэг ч удаа байгуулаагүй, амаар ярьж тохиролцсон. Төрийн банкнаас зээл авсан. Т.О- эгчид 2019.09.27-ны өдөр Төрийн банкнаас 35.590.000 төгрөг, Хаан банкаар 2019.07.13-ны өдөр 400.000 төгрөг, 2019.07.30-ны өдөр 1.015.000 төгрөг, 2019.07.07-ны өдөр Голомт банкнаас 800.000 төгрөгөөр 3 удаа буюу 2.400.000 төгрөг яагаад гэвэл миний карт Т.О- эгчид байгаа учраас, мөн тэр өдрөө 600.000 төгрөг, 598.000 төгрөгийг 1 удаа, 2019.07.19-ны өдөр 335.000 төгрөг, 2019.07.20-ны өдөр 80.000 төгрөг, 2019.07.23-ны өдөр 370.000 төгрөг, 2019.07.27-ны өдөр 120.000 төгрөг, 2019.08.02-ны өдөр 145.000 төгрөг Хаан банкаар, 2019.08.03-ны өдөр 150.000 төгрөг, 2019.09.12-ны өдөр 100.000 төгрөг, 2019.10.01-ний өдөр 100.000 төгрөг, 2019.08.03-ны өдөр Голомт банкнаас 170.000 төгрөг, 2019.08.07-ний өдөр 40.000 төгрөг, 2019.08.09-ны өдөр 100.000 төгрөг, 2019.08.15-ны өдөр 140.000 төгрөг, 2019.08.16-ны өдөр 46.000 төгрөг, бэлнээр 300.000 төгрөг, 140.000 төгрөг, 80.000 төгрөг, 110.000 төгрөг эдгээрийн он сарыг санахгүй байна, мөн 1.470.000 төгрөгийн архи авсан, би цагаан хаалганы дэлгүүрийг ажиллуулж байгаад болчхоод бараагаа сүүлд Т.О- эгчийн машинаар авсан юм. Тэгээд Хабитатад байдаг Миний хэрэглээ гэдэг дэлгүүрт архиа аваачиж тавьсан, тэр мөнгийг худалдагчаас нь Т.О- эгч авсан. Эдгээр нь нийлээд нийт 41.508.000 төгрөг болж байгаа, одоо үлдэгдэл 5.508.000 төгрөг л өгнө өөр төлбөр байхгүй гэжээ.

Хариуцагч С.Г- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

36.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, нэхэмжлэлийн үндэслэл түүний шүүхэд гаргаж өгсөн 36 сая төгрөгийн зээлийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр анхнаасаа байгуулаагүй, би удахгүй бизнесийн зээл аваад төлнө гэж тохироод зээлж авсан. Зээл төлөх хугацаанд Т.О- байнга намайг дарамталдаг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр надтай уулзаад машины чинь түлхүүр хаана байна гэхээр нь машинд байгаа гэтэл нөхөр нь болох Анхбаяр миний машиныг шууд унаад явсан. Ингээд машиныг маань 18 хоног өгөхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь аргагүй эрхэнд Цагдаагийн газарт өргөдөл өгсөн, тэгээд машинаа авахад Т.О- машин хүлээж авсан гэж гарын үсгээ зур Цагдаагаас энэ бичгийг явуулсан гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, гэтэл энэ нь сүүлдээ зээлийн гэрээ болоод гарч ирсэн. Зээл авсан гэдэг бичиг миний бичиг биш, үүнийг банкны дансны хуулгууд нотлох тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.О- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Яагаад ингэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Энэ гэрээ 7 дугаар сарын 01-ний өдөр болон 7 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн гэрээ байгаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч С.Г-ээс 38.021.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 421.850 төгрөг гаргуулах, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434.210 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г-ээс 348.058 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 267.750 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Г- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, доорх гомдлыг гаргаж байна. Би өмгөөлөгч авч, эрхээ хамгаалуулсан боловч өмгөөлөгч миний эрхийг тууштай хамгаалж, хэрэгт оролцохдоо нотлох баримтын хэмжээнд юу ч яриагүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулж хэрэгт хавсаргаагүй. Иймд шинээр дахин өмгөөлөгч авч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон тул доорх гомдлыг гаргаж байна.

Би Т.О-ээс 36.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг, 7.000.000 төгрөг нийт 48.000.000 төгрөгийг ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүйгээр амаар тохиролцон энэ мөнгийг авсан ба энэ мөнгөнөөсөө цувуулж нийт 41.508.000 төгрөгийг төлж барагдуулан одоо 5.508.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм.

Гэтэл энэ 2 ширхэг хоосон цаасан дээрээ надтай зээлийн гэрээ байгуулсан мэт хуурамч бичиг баримт үйлдэж, үүнийгээ шүүхийн материалд хавсарган, надтай бичгээр байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр мөнгө зээлүүлсэн мэт хуурамч материал бүрдүүлэн анхан шатны шүүхийг мөн хуурч мэхлэн надаас 38.021.700 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргуулсанд туйлын гомдолтой байна.

Миний “Голомт банк”-ны виза картыг одоо болтол өгөөгүй бөгөөд Т.О--т өөрт нь байгаа ба энэ картаар олон удаа гүйлгээ хийж миний данснаас мөнгө авсан. Шүүх хурал дээр шүүгч хэрвээ виза картыг нь өгөхгүй бол гэмт хэрэг болно шүү гэж хэлээд л өнгөрсөн. Т.О-т виза карт байгаа эсэх, үүгээр ямар гүйлгээнүүд хийгдсэн эсэх талаар ямар нэг байдлаар тодруулаагүй.

Иймд дээрх баримтуудыг Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж дахин шалгуулах, нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна. Хэрэг анхан шатны шүүхэд шилжин очиход камерын бичлэг, холбогдох гэрчүүдийг байцаалгах, Т.О-ийн ярьсан ярианы бичлэгийг СД-д буулган хавсаргах, шинжилгээ томилуулах зэрэг зайлшгүй хийгдэх ажиллагаануудыг хийж гүйцэтгэн хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн хэрэг анхан шатны шүүхэд шилжсэнээр Т.О- нь хуурамч бичиг баримт үйлдсэн талаар Цагдаагийн байгууллагад дахин гомдол гаргаж хэргийг шүүхээс харьяаллын дагуу Цагдаагийн байгууллага ру шилжүүлж асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүсэж байна.

Иймд иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.О- нь хариуцагч С.Г-т холбогдуулж, 2019 оны 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 30-ны өдрүүдийн зээлийн гэрээний гүйцэтгэлд 33.830.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 39.590.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч С.Г- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бичгээр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, анх амаар зээлсэн 48.000.000 төгрөгөөс 41.508.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5.508.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг бичгээр байгуулсан, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хүү алданги нэхэмжлэх эрхтэй гэж дүгнээд хариуцагч С.Г-ээс 38.021.700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгохоор шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч С.Г-ийн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Т.О- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдаж, 07 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт сунгалт хийсэн гэрээ, өөрийн ХААН банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулгыг баримт болгон ирүүлсэн байна.

Эдгээр баримтууд нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар болон Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, 48.000.000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна гэж үзнэ.

Нэхэмжлэгч Т.О- 2019 оны 07 сарын 01-ний өдрийн гэрээгээр тохиролцсон 36.000.000 төгрөг, 07 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний нэмэлтээр тохиролцсон 12.000.000 төгрөг, нийт 48.000.000 төгрөгийг хариуцагч С.Г-ийн   ХААН банкинд эзэмшдэг 5046322190 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь хэргийн 6, 7 дугаар талд авагдсан ХААН банкны дипозит дансны хуулгаар нотлогдох бөгөөд энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасантай нийцэж байна.

Хариуцагч С.Г- хэрэгт авагдсан зээлийн гэрээг нэхэмжлэгч Т.О- нь хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, сүүлд нөхөж хийсэн хэлцэл, зээл авагч гэсэн хэсэгт бөглөсөн бичиг миний бичиг биш, намайг хуурч мэхлэн хуурамчаар гарын үсэг зуруулж, дүр үзүүлж хийсэн хэлцэл бөгөөд зээлийн гэрээг бичгээр биш амаар хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж марган сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд бичгийн баримт болон ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч С.Г- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Энэхүү гэрээгээр талууд 48.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасан хүү, алданги, 283 дугаар зүйлийн 283.1-д заасан гэрээний хугацааг тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон хүү, алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч С.Г- үндсэн зээлд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 35.590.000 төгрөг, хүүд 07 дугаар сарын 30-аас 10 дугаар сарын 01-ний хооронд 4 удаа 1.410.000 төлсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэргийн 65-67 дугаар талд авагдсан баримтаар нотлогдоно.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын гэрээгээр тохиролцсон хүү, алдангийг үлдэгдэл төлбөр дээр бүрэн тооцож хэргийг шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зааснаар гэрээгээр тохиролцсон  анзын хэмжээг багасгаж, алдангийг 0.1 хувиар тооцон шүүхийн шийдвэрт  дараах байдлаар өөрчлөлт орууллаа.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн үндсэн гэрээгээр 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн 36.000.000 төгрөгийн сарын хүү 5.400.000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хугацаа болох 2 сарын хүү 10.800.000 төгрөг, гэрээний үндсэн үүрэг нь 46.800.000 төгрөг, үүнээс зээлдэгчээс  2019 оны 07 дугаарын 30-ны өдөр төлсөн 1.015.000 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 145.000 төгрөг, 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 150.000 төгрөгийг үндсэн хүү 10.800.000 төгрөгөөс хасч тооцоход 9.490.000 төгрөг болох бөгөөд үндсэн зээл 36.000.000 төгрөгийг нэмж тооцоход зээлдэгчээс төлөх бодит дүн 45.490.000 төгрөг болж байна.  Гэрээгээр тохиролцсон үндсэн үүрэг 45.490.000 төгрөгийн 1 хоногийн алданги 45.490 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 26 хоногоор тооцсон 1.182.740 төгрөг дээр гэрээний үндсэн үүрэг 45.490.000 төгрөгийг нэмж 46.672.740 төгрөгөөс зээлдэгчээс 09 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 35.590.000 төгрөгийг хасч тооцоход 11.082.740 төгрөгийг 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр төлөхөөр, 07 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр зээлсэн 12.000.000 төгрөгийн 2 сарын 15 хувийн хүү 1.800.000 төгрөгөөс зээлдэгчийн 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 100.000 төгрөгийг хасч, 1.700.000 төгрөг дээр үндсэн зээл 12.000.000 төгрөгийг нэмэхээр гэрээний үндсэн үүрэг 13.700.000 төгрөг болох ба түүний нэг хоногийн алдангийг 0.1 хувиар тооцоход 13.700 төгрөг болж, гэрээт хугацаанаас хэтэрсэн 3 хоногийн алданги 41.000 төгрөг бөгөөд гэрээний үндсэн үүрэг 13.700.000 төгрөгийг нэмж, 13.741.000 төгрөг төлөхөөр, нийт эхний гэрээний 11.082.740 төгрөг дээр нэмэлт гэрээний 13.741.000 төгрөгийг нэмж нийт 24.823.840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв гэж үзлээ.

Хариуцагч С.Г- нэхэмжлэгч Т.О-ийг хоосон 2 ширхэг цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж авчхаад сүүлд нь зээлийн гэрээ байгуулсан мэт хуурамч баримт бүрдүүлж, анхан шатны шүүхийг хуурч мэхэлсэн, миний Голомт банкны виза картыг булаан авч, дансаар болон бэлнээр олон удаа гүйлгээ хийсэн гэж тайлбарладаг боловч зээлийн гэрээг нөхөж бичсэн, зээл авагч гэсэн хэсэгт байгаа гарын үсэг минийх биш, түүний Голомт банкны виза картаар олон удаа гүйлгээ хийсэн  гэдэг тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй болно.

Иймд хариуцагч С.Г-ийн хуурамч бичиг баримт үйлдсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч С.Г- нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэг ч нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй алдааг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч С.Г-ээс 38.021.700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 421.850 төгрөг гаргуулах, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч С.Г-ээс 24.823.840 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.766.160 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагч С.Г-ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434.210 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г-ээс 348.058 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 267.750 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай” гэснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434.210 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г-ээс 282.069 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгож, 267.750 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч С.Г-ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348.585 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                     АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                                ГҮЙЦЭТГЭГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                      ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                       Л.АМАРСАНАА