Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 149

 

                                            

Л.Л-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Л.Л-д холбогдох 1737000210024 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-ийн Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Л.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, 03 жил 6 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Л, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батчулуун, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хамтран гаргасан гомдолдоо “Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн уурын зуухны байранд 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой Н.Ц-той маргалдах явцдаа түүнийг түлхэж унагаан амь насыг хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Л-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хэргийг мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Л.Л-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-д заасан “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Л нь амь хохирогч галч Ц, Б.Б нарыг ажлын байрандаа согтуу ирэхэд нь согтуу хүн ажиллуулахгүй гэртээ харь гэх шаардлага тавьсан, галлаж буй уурын зуухны байранд согтуу хүн ажиллах боломжгүй, шүүгдэгч Л.Л-гийн тавьсан шаардлага зүйд нийцэх бөгөөд амь хохирогч Ц-той маргалдаж улмаар барилцаж, заамдалцаж хамтдаа уурын зуухнаас гарч дахин орж ирээд хохирогчийг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхсэнээс амь хохирогчийн амь нас хохирч болохыг мэдэх боломжгүй, харин ямар нэгэн хохирол буюу гэмтэл учрахыг мэдэх боломжтой байсан боловч хохирогчийн амь хохирно гэдгийг мэдэлгүй түлхсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй байдлыг бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан хуулийн зорилгод нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүгдэгч Л.Л-гийн маргалдах, түлхэх унагаах үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан санаатай гэмт хэрэгт тооцогдоно. Гэтэл магадлалд “...хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Л.Л амь хохирогч Н.Ц нарын маргаан нь ажилтан Н.Ц ажлын байран дээрээ согтуу ирснээс үүссэн байх бөгөөд улмаар Н.Ц-ийн амь нас хохирсон, нөгөөтэйгүүр хэргийн үйл баримтаар амь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдал тогтоогджээ”...гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Л.Л амь хохирогч Н.Ц нарын маргаан нь ажилтан Н.Ц ажлын байран дээрээ согтуу ирснээс үүссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос бус зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт /2009 оны 05 сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоол/ Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь шууд болон шууд бус санаатай үйлдэгдэнэ. Амь хохирогч нас барсан үеэс эхлэн хүнийг санаатай алсан үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ. Хүнийг санаатай алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ /тэр даруйдаа, эсхүл хэсэг хугацааны дараа/ нас барсан болох нь нөлөөлөхгүй гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Л-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэгт ялласан боловч хүнийг алах гэмт хэргийн гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр шүүгдэгч Л.Л-д байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг нотолсон, түүний гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоосон байтал үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 498, 827 дугаартай дүгнэлт, гэрч Д.Г, Б.Б, Н.Н, Д.Б нарын мэдүүлэг зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах, хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэхийг хянаж хэргийн нөхцөл байдал шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Л.Л-гийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг зөрчсөн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн болон бусад баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцүүлж дүгнэж бичээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх хэлсэн саналдаа “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүйгээр үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчлөн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль зөрчсөн байна гэж үзэн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон боловч Л.Л хохирогчийг санаатайгаар алсан гэх бүрэлдэхүүн, шинж хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа. Хохирогч тухайн үед хүнд зэргийн согтолттой байсан, шүүгдэгчийг Ховд аймгийн Цэцэг суманд ажил хийх явцад нь ажил хийлгэхгүй, ямар нэгэн байдлаар үйл ажиллагааг нь зогсоох оролдлого хийсэн. Хохирогчийг түлхсэн үйлдэл нь ямар нэгэн санаатай үйлдэл байгаагүй. Мөн хүнд зэргийн согтолттой хүн ямар нэгэн мэдрэмж болон биеэ авч явах байдлаа алдсан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хэргийн материалтай танилцах явцад хүнийг санаатай алах сэдэлт, гэмт буруугийн хэлбэр байгаагүй. Харин хүнийг болгоомжгүй алах гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр ажиглагдаж байна. Прокурорын зүгээс хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөнд эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, илүү ч төлсөн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Л.Л-д холбогдох хэргийн материалтай танилцаад анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хохирогч Цолмонтой хоорондоо маргалдаж, улмаар барьцалдаж, заамдалцаж гараад, хохирогч буцаж орж ирээд зууралдаад байхаар нь өөрөөсөө холдуулах зорилгоор түлхсэнээс унаж, бэртэл авахдаа хүний амь хохирно гэдгийг мэдэлгүй гэм буруугийн болгоомжгүй хэлбэр байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн Л.Л-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Л.Л-г Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн уурын зуухны байранд 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой Н.Ц-той маргалдах явцдаа түүнийг түлхэж унагаан амь насыг хохироосон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Л-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчилж шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Л нь амь хохирогч Н.Ц-г ажлын байранд тавьсан зүй ёсны шаардлагыг удаа дараа эсэргүүцэж биед халдаж заамдлаа гэж өөрөөсөө холдуулахаар түлхсэнээс унаж хүнд гэмтэн амь нас нь хохирсон үйл баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоож, шүүгдэгч дээрх үр дагаврыг хүсээгүй боловч түүний үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдэх ёстой байсан боловч хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үййлдсэн гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

Өмгөөлөгч Ж.Энхжаргал нь Улсын дээд шүүхийн 2009 оны 14 дүгээр тогтоолоор тайлбарласан хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг Л.Л-гийн үйлдэл бүрэн хангаж байгаа гэж гомдолдоо бичсэн боловч шүүгдэгчийн зүгээс бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсэн талаар баримтгүй дүгнэлт хийж мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон гэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь дангаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотлохгүй ба хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт ч энэ шинж хадгалагддаг болно. Эдгээр гэмт хэргүүд нь гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдаж хүнийг санаатай алах гэмт хэргийг шууд санаагаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийн үхлийг хүссэн байдаг бол шууд бус санаагаар үйлдсэн тохиолдолд хохирогчийн үхлийг чухалчлаагүй боловч үйлдлийн үр дүнд хохирогч үхэхийг мэдэж зориуд хүргэсэн байдаг. Харин хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандлагаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцно.

Л.Л-гийн тухайд Н.Ц-той маргалдах явцдаа хайхрамжгүй байдлаар түүнийг хүчтэй түлхэж зүрх доргилтын улмаас бий болох зүрх судасны цочмог дутагдалд оруулан ам насыг хохироосон нь бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батчулуун, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН