Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хариуцагч, Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд тус аймгийн Жаргалант сумын Магсаржав багт буюу 7 дугаар тойрогт Ховд аймгийн Монгол Ардын намаас нэр дэвшсэн Д.Г-г бүртгэхээс татгалзсан Ховд аймгийн Сонгуулийн хорооны дээрх тогтоол нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй, эрх зүйн алдаатай байна.

1. Ховд аймгийн Сонгуулийн хороо нь Д.Г-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан үндэслэлээ тогтоолынхоо тогтоох хэсэгтээ заагаагүй, хууль бус захиргааны акт гаргажээ.

Учир нь иргэний үндсэн эрхийг хязгаарласан захиргааны акт гаргасан бол үндэслэлээ дурьдах нь хуулийн шаардлага билээ. Үндэслэлээ заахгүйгээр захиргааны акт гаргах нь хуульд үндэслэх, утга агуулгын хувьд тодорхой, ойлгомжтой байх зарчимд нийцэхгүй. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа л Д.Г-г Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-т заасан шаардлагыг хангаагүй гэж тогтоол гаргасан гэж дурьдснаас бус хуулийн уг заалтад дурьдсан 4 шаардлагыг чухам алийг нь хангаагүй гэж үзсэн үндэслэлээ тогтоолдоо заагаагүй.

2. Ховд аймгийн Сонгуулийн хороо нь тогтоолынхоо удиртгал хэсэгт  Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-т заасныг баримталсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаатай захиргааны акт болохыг харуулна.

Учир нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т заажээ. Өөрөөр хэлбэл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-158.1.3-т заалтуудын аль тохирох хэсгийг баримтлах учиртай. Үүнээс үзэхэд Ховд аймгийн Сонгуулийн хороо нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаатай захиргааны акт гаргаж, нэхэмжлэгч Д.Г-ийн сонгогдох эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлажээ.

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 9 дүгээр зүйлийн 9.4-т “Аймаг, нийслэл, сумын Хурлын төлөөлөгч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугч байна”, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-т “Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэжээ.  Хуулийн дээрх заалтын зорилго нь тухайн засаг захиргааны нэгжид байнгын оршин суугч иргэнийг орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгох зорилготой байгааг илтгэнэ.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолд “…байнга оршин суугч…” гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д зааснаар тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тодорхой хаягт бүртгэлтэй иргэнийг хэлнэ гэжээ.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу баг, хорооны Засаг дарга нь өрх, хүн амын тооллого явуулж, бүртгэл судалгаа хөтлөн шаардлагатай үед тодорхойлолт олгож болно”,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 9 дүгээр зүйлийн 28 дугаар зүйлийн 28.1.11-т баг, хорооны засаг дарга нь “хүн ам, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх”  эрхтэй.

Нэхэмжлэгч Д.Г нь 2014 оны 03 дугаар сарын 28-нд Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны байнгын оршин суугчийн бүртгэлээс хасагдаж, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт, Их Монгол 12 айлын 06 тоотод байнга амьдрахаар тус багийн Засаг даргад бүртгүүлсэн бөгөөд энэ хаяг дээрээ 2 жил гаруй хугацаанд тасралтгүй амьдарсан.

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч Д.Г-г 2014 оны 03 дугаар сарын 28-нд Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны байнгын оршин суугчийн бүртгэлээс хасагдсныг мэдсэн/улсын бүртгэлийн төгөлдөршилөөр нэгдсэн сүлжээтэй/ атлаа түүний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цаг тухайд нь хийгээгүй, 2 жилийн хугацаанд энэ талаар шаардлага тавиагүй, Жаргалан багийн Засаг даргатай харилцан уялдаж ажиллаагүй, хуулийн дээрх заалтаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйд нэхэмжлэгч буруугүй болно.

Нэхэмжлэгч Д.Г нь оршин суугаа хаяг дээрээ байнгын оршин суусан хугацаа болон уг багт байнгын оршин суугчаар бүртгүүлсэн гэдэг эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасны дагуу шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Г нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-т заасан “санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн” гэдгээ тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2016/00244 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.Г-г 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг/6-р/-ийн Их Монгол 12 айлын орон сууцны 06 тоотод тасралтгүй оршин сууж, тухайн багт байнгын оршин суугчаар бүртгүүлснийг тогтоосон.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг  хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай маргадаггүй, шүүхийн шийдвэрийг хэлэлцдэггүй, харин биелүүлдэг хуультай болно.

Хариуцагч Ховд аймгийн Сонгуулийн хороо нь хууль бус захиргааны акт гаргаагүй бол нэхэмжлэгч Д.Г нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгогдсон байх учиртай. Иймээс хариуцагч Ховд аймгийн Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч Д.Г-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь буруу тул түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг хариуцагчид даалгах нь хуульд нийцэх юм.

Иймээс энэхүү маргааныг шуурхай хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын иргэн Д.Г-ийн ардчилсан Үндсэн хуулиараа баталгаажуулсан сонгогдох эрхээ эдлэх боломж, нөхцөлөөр хангахыг хүсье гэжээ.

 

Хариуцагч, Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд бүртгэх үйл ажиллагаа явуулсан. Үүний дагуу сонгуульд өрсөлдөх намууд нэр дэвшигчдийнхээ материалыг ирүүлсэн. Монгол ардын намаас ирүүлсэн материалд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт Д.Г-г нэр дэвшигчээр бүртгүүлэхээр холбогдох материал ирүүлсэн. Бид бүхэн Сонгуулийн тухай хуульд заасны дагуу холбогдох байгууллагаас /Улсын бүртгэл, статистикийн газар, цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэх мэт/ лавлагаа гаргуулсан.

Ингээд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Сонгуулийн хороо хуралдсан. Уг хуралдаанд Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын эрх бүхий албан тушаалтныг оролцуулсан.

Монгол ардын намаас Ховд аймгийн Монгол ардын намын хорооны дэд дарга Г.П-г байлцуулсан.

Бид Ховд аймгийн Улсын бүртгэл статистикийн газраас нэр дэвшигчдийн лавлагаа гаргуулахад Ховд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас Д.Г-г 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн гэх лавлагаа ирүүлсэн. Энэ зөрчлийн талаар Г.П нь сонгуулийн хорооны хуралд оролцсон учраас мэдсэн.

Ингээд нэр дэвшигчийг бүртгэх хуульд заасан хугацаа 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дууссан. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 4 хоногийн хугацаанд Д.Г-г дээрх зөрчлийг арилгаж холбогдох материалыг ирүүлэх боломжтой гэж хүлээсэн. Д.Г-г нэр дэвшүүлэхийн төлөө сонгуулийн хороо ажилласан гэж ойлгож болно. Ховд аймгийн Улсын бүртгэл статистикийн газраас ирүүлсэн лавлагаагаар Д.Г нь Ховд аймагт 115 орчим хоног амьдарсан байсан. Улсын бүртгэл, статистикийн газраас ирүүлсэн дээрх лавлагааг бид хууль ёсны лавлагаа гэж үзнэ.

Д.Г нь 2016 оны 5 дугаар сарын 13-наас 2016 оны 5 дугаар сарын 17-ны хооронд сонгуулийн хороонд ямар нэгэн тайлбар, хүсэлт өгөөгүй. Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн.

Улмаар хуульд заасан сүүлчин өдөр болох 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэр дэвшигчээр бүртгэх эсэх талаар шийдвэр гаргах ёстой учраас Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан “Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.”  гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж Д.Г-г орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тогтоол гаргасан.

Үүний дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хурал болж Д.Г-г Жаргалант сумын Жаргалан багт байнгын оршин суугчаар бүртгүүлснийг тогтоосон шийдвэр гаргасан байсан.

Маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тул сонгуулийн хороо үүнийг харгалзан үзнэ үү гэсэн өргөдөл ирүүлсэн. Үүнтэй зэрэгцээд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэгэнт захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас сонгуулийн хороо уг өргөдлийг авч хэлэлцэх боломжгүй байсан. Хэдийгээр Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Д.Г-г 180 хоногоос дээш хугацаанд оршин суугчаар бүртгүүлснийг тогтоосон боловч Д.Г нь иргэний бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар Сонгуулийн тухай хуульд заасныг зөрсөн байсан учраас шүүхийн шийдвэр нь иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаатай холбогдолгүй юм байна гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч, Ховд аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Л.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн хүрээнд 9 гишүүний бүрэлдэхүүнтэй үйли ажиллагаа явуулж байна. Аймгийн Сонгуулийн хороо нь хуульд заасан хугацаанд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч 2016 оны 5 сарын 17-ны өдөр  нэр дэвшигчдийн бүртгэх эсэх асуулаар хэлэлцэн шийдвэр гаргасан.

Д.Г нь Ховд аймгийн Улсын бүртгэл статистикийн газраас ирүүлсэн лавлагаагаар 2016 оны 3 сарын 03-ны өдрөөс эхлэн Жаргалант сумын Жаргалан багт байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байсан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан “Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.” гэх шаардлагыг хангаагүй учир нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь Ховд аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэж зааснаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяаллын хянан шийдвэрлэх маргаан гэж үзлээ. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын “Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолоор нэр дэвшигч Д.Г-г Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан “Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.” гэсэн шаардлагыг хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “...тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн...” байхыг хуульчилжээ.

Нэхэмжлэгч Д.Г нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Их Монгол айлын орон сууцны 06 тоотод 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш байнгын оршин суугчаар бүртгүүлсэн нь Ховд аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 720 дугаар албан бичгээр ирүүлсэн “Шилжин явсан тухай тодорхойлолт”-ын ард “...Д овогтой Г нь Жаргалан багийн Их Монгол 12 айлын орон сууцны ...тоотод шилжиж ирснийг бүртгэж авав...” гэх Жаргалант сумын Жаргалан багийн Засаг даргын тодорхойлолт, Захиргааны хэргийн шүүхээс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Жаргалант сумын Жаргалан багийн “Шилжиж ирсэн иргэдийн бүртгэл”-д хийсэн үзлэгээр “Жаргалан багт шилжиж ирсэн иргэдийн бүртгэлийн дэвтрийн 21 дүгээрт Д.Г-г 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Их Монгол-12 айлын орон сууцанд бүртгэж авсан бүртгэл, мөн Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэр зэргээр нэхэмжлэгч Д.Г-г Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан багийн Их Монгол-12 айлын орон сууцны 06 тоотод байнга оршин суудаг болохыг тогтоожээ.

2. Ховд аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоол гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн зохих заалтыг зөв хэрэглэж чадаагүй гэж шүүх үзлээ.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх”, 11.8-д “...энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.” гэжээ. Энэ нь Сонгуулийн хороог нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах эрх олгосон хуулийн заалт биш, Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг, түүнд тавигдах шаардлагыг зохицуулсан хуулийн зохицуулалт юм.

Харин Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана, 158.1.2-т “...нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй...” гэх заалт нь Сонгуулийн хороонд нэр дэвшигчийг хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд /тухайлбал Сонгуулийн тухай хуулийн 11.8-д заасан шаардлага/ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар бүрэн эрх олгожээ.

Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хуульд нийцүүлэн гаргаж чадаагүй байхад шүүх зөвтгөх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь  хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж,  Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Г-г Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг Ховд аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид  олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй   болох бөгөөд мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Г.СОНИНБОЛОР