| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2109 00169 1742 |
| Дугаар | 2022/ДШМ/397 |
| Огноо | 2022-04-14 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 23.2.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2022/ДШМ/397
Г.Еөд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Баянмөнх,
шүүгдэгч Г.Е, түүний өмгөөлөгч Д.Гомбо,
хохирогч Л.Чинзоригийн өмгөөлөгч М.Цогтбаатар,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Еийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдлоор Г.Еөд холбогдох 2109 00169 1742 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
........................................../,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;
Г.Е нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” төвийн гадна талын талбай дээрээс хохирогч Л.Чинзоригийн эзэмшлийн “Лексус RХ-450” загварын 03-19 УНП улсын дугаартай 38.200.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.Чинзоригт 38.200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
мөн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энт Кредит” банк бус санхүүгийн байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” төвийн гадна талын талбай дээрээс хохирогч Л.Чинзоригийн эзэмшлийн “Лексус RХ-450” загварын 03-19 УНП улсын дугаартай 38.200.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр авч яваад “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” гэсэн захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичигтэй мэтээр хуурамч болохыг мэдсээр байж ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Энт Кредит” банк бус санхүүгийн байгууллага буюу хохирогч Ж.Бат-Эрдэнэд 15.000.000 төгрөгийн хохирол учруулж, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 53.200.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,
мөн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энт Кредит” банк бус санхүүгийн байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” төвийн гадна талын талбай дээрээс хохирогч Л.Чинзоригийн эзэмшлийн “Лексус RХ-450” загварын 03-19 УНП улсын дугаартай 38.200.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр авч яваад 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийн тамга, тэмдэг, хэвлэмэл маягтаар захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Еийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...................тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тамга, тэмдэг, хэвлэмэл маягтаар захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Еийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Еөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Л.Чинзориг нь зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийн хуурамч баримт бичиг /хавтаст хэргийн 103 дахь тал/-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хохирогч Л.Чинзоригийн өмчлөлийн “Лексус RХ-450Н” загварын GVL 152005791 арлын дугаартай хар өнгийн 03-19 УНП улсын дугаартай автомашины хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Е нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Еөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Еөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Еийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулж Г.Еийн М.Энхцэцэг гэх эмэгтэйтэй 1993 онд гэр бүл болсон гэрлэлтийн баталгааа, эхнэр М.Энхцэцэгийн дансны хуулга, тодорхойлолт зэрэг 3 хуудас баримтыг гаргаж өгч байна. Тодруулбал, анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ “Гоонь эрчүүдийн хуушуур” гэх тодорхойлолтоос шүүгдэгчийн орлого тодорхой харагдахгүй байна гэсэн. Шүүгдэгч цагдан хоригдож байгаа учир дансны хуулгыг нь гаргаж өгөх боломжгүй учраас “Гоонь эрчүүдийн хуушуур” гэх байгууллагаас “цалин” гэж түүний эхнэрийн дансанд шилжүүлсэн баримт, мөн Г.Еийн хөөргийг худалдсан орлого гэж эхнэрийнх нь дансаар орж ирснийг баталгаажуулан нотлох баримтаар гаргаж өгч байна. Миний үйлчлүүлэгч Г.Еийн тухайд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулж, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Эрүүл мэндийн хувьд маш хүнд. Чихрийн шижин өвчнөөс болж хоёр бөөрний архаг дутагдалд орсон, эрсдэл өндөр түвшинтэй. Өмгөөлөгчийн хувьд шийтгэх тогтоол гарснаас хойш хорих 461 дүгээр ангид хүсэлт гаргаж эрүүл мэндийн байдлынх нь талаар тодорхойлолт авсан. Энэ тодорхойлолтоор хоёр бөөрний архаг дутагдалтай, үүнээс болж нүдний хараанд нөлөөлсөн, нүдний хялгасан судас тасарсан, даралт байнга ихэсч, хордлого өгч, дотор муухайрах шинж тэмдгүүд илэрдэг. Бөөрний кератиний хэмжээ ихсэж, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тодорхойлолт авахад 318 гэсэн үзүүлэлттэй байсан. Энэ нь 400 хүрвэл бөөрний аппаратад орох өндөр эрсдэлтэй гэсэн. Мөн цаашдаа бөөрний дотоод шүүрлийн мэргэшсэн эмчийн хяналтад байх зайлшгүй шаардлагатай гэж тодорхойлсон. Эмнэлгийн зүгээс “бид энэ хүнийг “дунд” түвшинд барьж байна, биеийн байдлыг нь ямар нэг байдлаар хэвийн байлгаж чадахгүй байна” гэж тодорхойлсон бөгөөд өмгөөлөгчийн хувьд энэ талаарх баримтаа давж заалдах гомдолдоо хавсаргаж өгсөн. Хорих 461 дүгээр ангийн эмч Г.Еөд хяналт тавьж байсан бөөрний эмчтэй холбоотой байж, шаардлагатай эм тариаг ар гэрт нь захиж авчруулдаг. Орлогын талаар анхан шатны шүүх дүгнэхдээ орлого тодорхойгүй тул торгох ялыг төлөх эсэх нь эргэлзээтэй гэсэн. Г.Е нь “Гоонь эрчүүдийн хуушуур” ХХК-д ажил хөдөлмөр эрхэлж, цалин авдаг талаарх тодорхойлолтыг хавтаст хэрэгт миний бие шинжлэн судлуулсан бөгөөд Г.Е нь 70 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай группэд орсон. Тус компаниас 50 хоногийн цалин гэж эхнэрийнх нь дансаар өгсөн бөгөөд үүгээр шүүгдэгч ажилладаг болох нь тогтоогдож байна. Г.Еөд оногдуулсан тус зүйл ангийн санкцид торгох ял байгаа тул хэргийн нөхцөл байдал, гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол төлбөрөө төлсөн, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял буюу торгох ялаар сольж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанд 5 хоногийн завсарлага авах үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бат-Эрдэнэ цус харваж, эрүүгийн хариуцлагын хуралдаанд оролцож чадаагүй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үздэг тул хэрэв дээрх болон бусад үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэвэл шүүгдэгч Г.Еөд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Е тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эрүүл мэндийн байдал муу учир биеэр эдлэх ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.
Хохирогч Л.Чинзоригийн өмгөөлөгч М.Цогтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс энэ гэмт хэргийн улмаас 44.100.000 төгрөгийн олох ёстой байсан орлогоор хохирсон гэх асуудлыг илэрхийлж оролцсон. Шүүх үүнтэй холбоотой нотлох баримтыг хангалттай гаргаж өгөөгүй үндэслэлээр хохиролтой холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэргээс учирсан хохирол бүрэн арилсан гэж үзэхгүй. Олох ёстой байсан орлого хохиролд тооцогдоно. Автомашиныг түрээслэсэн буюу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 297 хоног өмчлөгчийн автомашин өмчлөх, ашиглах эрх нь зөрчигдсөн. Мөн уг эрх нь өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байна. Захиран зарцуулах эрхийг хязгаарласан прокурорын тогтоол байдаг бөгөөд шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор захиран зарцуулах эрх нээлттэй болохоор заасан. Л.Чинзориг нь өнөөдрийг хүртэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж чадаагүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Г.Еийн эхнэрийн дансны хуулгыг ярьж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нотариатын чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй тул энэ эрхийнх нь дагуу итгэмжлэл хийлгэж, шүүгдэгчийн дансны хуулгыг гаргаж авах боломжтой. Тиймээс шүүгдэгчийн эхнэрийн дансаар торгох ялыг биелүүлэх боломжтой талаар нотолж байгаа нь эргэлзээтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Е нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тамга, тэмдэг, хэвлэмэл маягтаар захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Мөн прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн үйл баримт, зүйлчлэлд тохирсон гэж үзэж шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн үйл баримтын талаар маргадаггүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр түүний эрүүл мэндийн байдлын талаар ярилцсан. Эрүүл мэндийн байдалтай нь холбоотой эмч нарын ямар нэг магадлагаа, шийдвэр гараагүй. Мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт зан үйлээ засаж чадахгүй байгаа байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас ялын саналаа гаргасан. Шүүх хэргийн үйл баримт, болсон асуудалтай холбогдуулж шийдвэрээ гаргасан. Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ял түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн зарчимд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж, дэмжин оролцож байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Еийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон шийтгэх тогтоол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” төвийн гадна талын талбай дээрээс хохирогч Л.Чинзоригийн эзэмшлийн “Лексус RХ-450” загварын 03-19 УНП улсын дугаартай 38.200.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.Чинзоригт 38.200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
2. 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энт Кредит” банк бус санхүүгийн байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” төвийн гадна талын талбай дээрээс хохирогч Л.Чинзоригийн эзэмшлийн “Лексус RХ-450” загварын 03-19 УНП улсын дугаартай 38.200.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр авч яваад “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” гэсэн захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичигтэй мэтээр хуурамч болохыг мэдсээр байж ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Энт Кредит” банк бус санхүүгийн байгууллага буюу хохирогч Ж.Бат-Эрдэнэд 15.000.000 төгрөгийн хохирол учруулж, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 53.200.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,
3. 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энт Кредит” банк бус санхүүгийн байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” төвийн гадна талын талбай дээрээс хохирогч Л.Чинзоригийн эзэмшлийн “Лексус RХ-450” загварын 03-19 УНП улсын дугаартай 38.200.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр авч яваад 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийн тамга, тэмдэг, хэвлэмэл маягтаар захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Л.Чинзоригийн “...Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Шангрилла” төвийн гадна иргэн Гончигдоржийн Ерөөлт, Төмөрбаатарын Энхсайхан нарт өөрийн эзэмшлийн 03-19 УНП улсын дугаартай “Лексус RХ-450” маркийн тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр тооцож түрээсэлсэн. Ингэхдээ барьцаанд 500.000 төгрөг аваад түрээсийн 7 хоногийн төлбөрийг бүтэн авсан. Ингээд хугацаа дуусаад ярихад цааш сунгасан ба төлбөрийг 7 хоногоор өгч байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс өнөөг хүртэл ямар нэгэн байдлаар төлбөр тооцоо хийгээгүй болно. Тэгээд машинаа авах талаар удаа дараа хэлж ярьсан. Ингээд машины байрлал тогтоогчоор 2020 оны 12 дугаар сарын сүүлээр очиж шалгахад миний машиныг ломбарданд 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Тэгээд би энэ талаар асууж тодруулахад мөнгөний хэрэг гараад ийм зүйл хийсэн гэдгээ хэлсэн. Тус ломбарданд миний машиныг барьцаанд тавихдаа улсын дугаарыг нь аваад гаалийн бичиг хуурамчаар үйлдэж гаальтай машин гэж тавьсан байсан. Ингээд дээрхи хүмүүс нь хуурамчаар бичиг баримт үйлдэж залилсан учир цагдаад хандаж байна. Дээрхи тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн гэмтлийн эмнэлгийн ард байрлах “Энт кредит” ББСБ-д тавьсан байсан. ...” /1хх 49-50, 52-53/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бат-Эрдэнийн “...Манай байгууллагад 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Г.Е гэх хүн нь гаалийн бичигтэй “Лексус RХ-450” маркийн машиныг зогсоол тавих байршуулах нөхцөлтэйгээр 15.000.000 төгрөг зээлж авах нөхцөлтэйгээр хандаж 15.000.000 төгрөгийн зээл аваад одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй учраас цагдаагийн байгууллагад хохирогчоор мэдүүлэг өгч байна. Г.Еөд зээлийн мэргэжилтэн Ойдов гэдэг хүн зээлийг судалж олгосон. Г.Е “Лексус RX-450” маркийн улсын дугааргүй гаалиар орж ирсэн гэх хар өнгийн авто машиныг манай байгууллагын Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байрлах авто гражид байрлуулж 15.000.000 төгрөгийн зээл аваад төлөөгүй. Сүүлд сонссон энэ асуудлаар Чинзориг гэх залуу 2020 оны 12 дугаар сард граж дээр ирж энэ “Лексус RХ-450” маркийн машиныг миний машин байгаа юм. Улсын дугаартай машин энэ машиныг Ерөөлт, Энхсайхан нар нь надаас түрээсээр авч унаж байсан, 03-19 УНП улсын дугаартай автомашин байгаа юм гэж хэлсэн. Тэгээд шалгуулахад арлын дугаараар нь уг 03-19 УНП улсын дугаартай машин мөн болох нь тогтоогдоод залилуулснаа мэдсэн. Зээл авах хүсэлтийг Г.Е гаргаж, зээлийн эдийн засагч Ойдов судалж зээл олгосон байсан. “Лексус RХ-450” маркийн машины гаалийн бүрдүүлэлтийн бичиг 2 хуудас Г.Еийн нэртэй, мөн машины хамт авч ирсэн байсан. Манай байгууллагад нэг төгрөг ч төлөгдөөгүй байгаа. Г.Е нь 15 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай 4,4 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулж зээлж авсан. Хүү алданги гэх зүйлгүйгээр 15.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /1хх 61-62/,
гэрч Т.Энхсайханы “...Би Л.Чинзориг гэх хүнийг танина. Энэ хүнтэй Г.Е түрээсийн гэрээ хийж “Тоёота RХ” маркийн тээврийн хэрэгслийг 7 хоногоор түрээсэлсэн. Тэгээд цааш нь сунгасан. Дээрх машиныг түрээсээр авахад нь би хамт байсан. Энэ машинаар Ерөөлт ажил хөөцөлдөх гэж түрээсээр авсан. Би жолоодож замын хөдөлгөөнд орж байсан. Ерөөлт барьж байгаагүй. Энэ машин одоо “Энт кредит” гэж ББСБ-ын барьцаанд байгаа. Яг хэдний өдөр, ямар бичиг баримт ашигласныг сайн мэдэхгүй байна. Ерөөлт мөнгө хэрэг болсон гээд гэрээ хийж, гарын үсэг зурж 15.000.000 төгрөг зээлсэн. Нэг өдөр гэртээ байж байтал Г.Е ах залгаад хүрээд ирээч гээд тэгээд яваад очсон чинь “Лексус RХ-450” маркийн тээврийн хэрэгслийг 7 хоногийн түрээсээр аваад намайг бариад өгөөч ах нь ажил хөөцөлдөх гэсэн юм. Би өөрөө барих гэсэн бөөрний хагалгаанд ороод бие сайн тэнхрээгүй байна. Мөн миний нүдний хараа сахарнаас болоод сайн юм харж чадахгүй байна гээд гуйхаар нь уг машиныг барьж өгсөн. ...” /1хх 73-74/,
гэрч Б.Ойдовын “...Би одоо “Энт кредит” ломбарданд зээл гаргагч ажилтай, 2019 оноос ажиллаж байна. Манайх зөвхөн автомашин барьцаалдаг. Тухайн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эзэмшигчийн биеийн байцаалт, машин зэргийг харьцуулж үзэн зээл олгодог, унадаг бас гражид байршуулж болдог. 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Г.Е гэх хүн нь өмнө нь манайд нэг, хоёр удаа харилцаж байсан. Т.Энхсайхантай цуг ирсэн. Ингээд ямар нэгэн улсын дугааргүй “Лексус RХ-450” маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Надад хэлэхдээ саяхан орж ирсэн гэсэн. Тэгээд гаалийн бичгийг машин дээр байгаа арлын дугаартай тулгаж үзсэн таарч байсан. Смарт карт системд хийхээр алдаа заагаад байсан. Тэгээд өмнө манайхаар 2 удаа үйлчлүүлж байсан хүн цуг ирсэн болохоор нь итгээд өгсөн. 1 сарын хугацаатай 15.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй алга болсон. ...” /1хх 80-81/ гэсэн мэдүүлгүүд,
автомашин түрээслүүлэх гэрээний хуулбар /1хх 13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 1613 дугаартай дүгнэлт /1хх 96-98/, шүүгдэгч Г.Еийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 150/, “Энт кредит” банк бус санхүүгийн байгууллага болон Г.Е нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1хх 173/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотлож чадсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Г.Еийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний мөнгө залилсан, мөн тамга, тэмдэг, хэвлэмэл маягтаар захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хэргийн бусад оролцогч нар, тэдгээрийн хоорондын харилцааны байдал зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж, бүрэн бодитой тогтоосон байвал зохино.
Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд Г.Еийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө урьдаас төлөвлөж хохирогч Л.Чинзоригийн эзэмшлийн “Лексус RХ-450” загварын 03-19 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэхээр тохирч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Л.Чинзоригт 38.200.000 төгрөгийн хохирол учруулаад зогсохгүй “Энт Кредит” банк бус санхүүгийн байгууллагад “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” гэсэн захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичигтэй мэтээр хуурамч болохыг мэдсээр байж ашиглан “Энт Кредит” банк бус санхүүгийн байгууллагад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.
“Баримт бичиг” гэж цаг хугацаа, орон зайгаар дамжин хүний буй болгон бэхжүүлсэн мэдээлэл бүхий материаллаг обьектыг хэлэх ба мэдээлэл агуулагчийн хувьд бичвэр, зураг, хүснэгт, фото зэрэг хэлбэртэй байж болно.
Албан ёсны бичиг баримт нь төрийн эрх мэдлийн байгууллагууд, орон нутгийн өөрөө удирдах болон төрийн удирдлагын байгууллагууд эсвэл бусад байгууллагаас олгосон байх, эдгээр баримт бичиг нь эрх олгосон буюу үүргээс чөлөөлсөн байх, эдгээр нь хууль зүйн ач холбогдол бүхий үйл баримт болон үйл явдлыг гэрчилсэн, албан ёсоор батлагдсан байх заавал шинжтэй.
Баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэж албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн /тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлан/ өөрчлөхийг хэлнэ.
“Энт Кредит” банк бус санхүүгийн байгууллагад хохирогч Л.Чинзоригийн эзэмшлийн “Лексус RХ-450” загварын 03-19 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэхээр авч яваад 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийн тамга, тэмдэг, хэвлэмэл маягтаар захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан шүүгдэгч Г.Еийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шударга ёсны зарчим нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тусгалаа олсон бөгөөд хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ хуульд заасан зарчим бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтийг илэрхийлж, түүнд нийцсэн дүгнэлт хийж оногдуулсан ял нь ялын зорилго болон Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Еөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулсан нь учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нь буруу болсон бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн агуулгыг илэрхийлсэн байх бөгөөд тус хуулийн зөв заалтаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэрэг нь уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг ба “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой бөгөөд ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж үр дүнд хүрсээр байдаг үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг ба Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхэд шүүгдэгчээс хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардахгүй юм.
Шүүгдэгч Г.Еийн өмгөөлөгч Д.Гомбо “...гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол төлбөрөө төлсөн, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял буюу торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэргээс дүгнэхэд, шүүгдэгч Г.Е нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд түүний дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлөөгүй болон гэмт хэрэг үйлдсэн арга барил, санаа зорилго, засрал хүмүүжлийг олоогүй түүний хувийн байдалд тохируулан анхан шатны шүүх 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон байх тул шүүгдэгч Г.Еийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.
Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Еийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Еийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ