Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 442

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Ч.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Гэрч Э.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улуунцэцэгт холбогдох эрүүгийн 1711000000060 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч овогт: Монгол Улсын иргэн, 1982 оны 4 сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамтаар амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1039а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3025б тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:,,,,,,,,,,/.

Шүүгдэгч улуунцэцэг нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2017 оны 8 сарын 20-ны шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Маргад” зочид буудалд Чех улсын иргэн Tomas Hajek-ийг унтаж байхад нь хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар Самсунг эс 7 загварын гар утас, 850 000 төгрөг, 650 евро, 15 000 чех крон зэрэг хөрөнгийг хулгайлж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч улуунцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө “Айриш” бааранд 2 Чех улсын иргэн байгааг харсан, дараа нь “Ривер соунд” бааранд Ганболд ахтай таараад мэндлээд өнгөрсөн. Хоёр чех иргэнтэй ямар нэг зүйл яриагүй. Нэг чех нь согтуу ширээ дэрлээд унтаад байсан, нэг чех нь бүжиглээд явж байсан. Баар хааж гадаа гараад Ганболд болон хамт явж байсан хоёр чех иргэний хамт таксинд суугаад “Маргад” зочид буудалд ирсэн. Солонгоо надтай хамт явж байсан. Ганболд ах бид нарыг буудалд оруулж өгөөд гараад явсан. Ганболд ахыг явсны дараа Солонгоо гарахын өмнө таксины өгчих гэж гуйсан чинь Томас 5000 төгрөг өгөөд дахиад мөнгө байхгүй гэж хэлсэн. Солонгоо тэгээд яваад өгсөн. Би явах гэсэн чинь нэг чех нь явуулахгүй гээд байсан. Чех иргэн надад 100.000 төгрөг гээд байсан, би 100 ам доллар уу гэхэд 100.000 төгрөг гэж байсан. Тэр Чех бэлгийн харьцаанд орохын өмнө 42.000 төгрөгийг харуулаад ширээн дээр тавьсан. Бэлгийн харьцаанд орсны дараа үлдэгдэл мөнгөө авах гэсэн чинь надтай бэлгийн харьцаанд орсон Чех өгөх ёстой мөнгөө өгөхгүй байсан. Тэгэхээр нь хажууд нь байсан Томасын өмдний хармаанд байсан гэр утсыг барьцаалаад аваад явсан. Надтай бэлгийн харьцаанд орсон Чех гараараа дохиж зангаад байхаар нь аваад яв гэж байгаа юм байна гэж ойлгоод аваад явсан. Томасын утасыг буцаагаад өгсөн, мөнгө төгрөг авсан асуудал байхгүй.. гэсэн мэдүүлэг /хх-47-48/

 

Шүүгдэгч улуунцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн өдөр гэрч Солонго бид хоёр 22 цагийн үед “Айриш” пабад орсон. Тэгэхэд би гадаа талбайд Ганболд ахыг явж байхыг харсан. Тэгээд Ганболд ах хамт явсан хүмүүстэйгээ пабаас гарсан. “Айриш” паб хаах болоход Солонго бид хоёр гарч “Ривер саунд” пабад орсон. Тэгэхэд араас Ганболд ах, Чех улсын 2 иргэнтэй хамт орж ирсэн. Би Ганболд ахтай нойлын өрөө ороход тааралдаж мэндэлсэн. Тухайн үед хоёр Чех иргэний нэг болон Томас сандал дээрээ унтаад ямар ч биеэ хянах чадваргүй байдалтай байсан. Дараа нь Томас хоёр хүүхэнтэй хамт гарч яваад 2 цагийн дараа “Ривер саунд”-дад орж ирсэн. Харин нөгөө нь бүжиглээд явж байсан. Би тухайн үеийн камерын бичлэгийг “Ривер саунд”-аас авах гэхэд заавал цагдаагийн бичигтэй бол өгнө гээд надад өгөөгүй. Тухайн үед Ганболд ах, Солонго бид хоёрыг хамт явах уу гэхэд “тэгье” гээд хамт явсан. Бид нар “Маргад” зочид буудалд орсон. Тэгээд Ганболд, Солонго хоёр явах болсон. Намайг явах гэхэд хоёр Чех иргэний нэг нь намайг явуулахгүй гээд оролдоод байсан. Солонго явахдаа таксины мөнгө байна уу гэхэд Томас халааснаасаа 5000 төгрөг гаргаж өгсөн. Намайг татаж чангаагаад байсан Чех хүн нь мөнгө яриад утсан дээрээ 100 гэж бичээд үзүүлээд байсан. Тэгээд би тэр хүнтэй тохирч бэлгийн харьцаанд орсон. Тэр хооронд Томас унтаж байсан. Би тэр хүнийг эхлээд мөнгөө өгчих гэхэд надад 42.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг дараа нь өгнө гэсэн. Тэр хүн надтай их эвгүй байдлаар бэлгийн харьцаанд орсон. Тэгээд “би явлаа” гэхэд мөнгө байхгүй гээд утас руугаа заагаад байсан болохоор утсыг нь аваад явсан. Дараа нь мөнгөний асуудал яригдаж Томасын мөнгө, утас алга болсон байна гэсэн. Харин надтай бэлгийн харьцаанд орсон хүн нутаг руугаа явсан байсан. Би хүний утас авч явсан буруутай. Гэхдээ тэр согтуу хүний намайг доромжилж харьцсан байдал надад хэцүү байсан гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Tomas Hajek /Томас Хаджек/ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 20-ны өдрийн шөнийн 01 цагийн үед “Ривер соунд”-д Ганболд, Sochor Zbysek нарын хамт орсон. Ганболдтой юм яриад сууж байсан, Sochor Zbysek бүжиглээд яваад байсан. “Ривер соунд”-д шөнийн 04 цагийн орчимд хаах болоод байхад нэг эмэгтэй ирсэн. Тэр эмэгтэй ирээд Ганболдтой уулзсан. Тэгээд зочид буудал явахаар болсон. Бид 04 цагийн орчим бүгдээрээ “Маргад” нэртэй зочид буудалд ирсэн. “Маргад” зочид буудалд бид нар багцаагаар 04 цаг 30 минутын үед ирсэн байх. “Маргад” зочид буудалд хоёр эмэгтэй ирсэн. Буудалд ирсний дараа Ганболд яваад өгсөн. Буудалд орж ирээд ярилцаад суусан чинь яриа нь нэг биш байсан, тэгэхээр нь уучлаарай баяртай гэсэн. Өрөөнд орж ирсэн хоёр эмэгтэй гараад явсан. Би хувцасаа тайлаад орондоо орсон. Тэгсэн хаалга гаднаас цохьсон Sochor Zbysek орноос босож ирээд хаалга нээн нэг эмэгтэйг оруулж ирсэн нэг эмэгтэй нь явсан байсан. Манай өрөөнд Чулуунцэцэг гэх эмэгтэй үлдсэн. Би тэгээд унтаад өгсөн. Би өглөө 08 цаг 30 минутын үед сэрсэн. Миний гар утас байхгүй байсан. Өмдний кармаанд гар утасаа хийсэн нөгөө талын кармаандаа мөнгөө хийсэн, өмдний арын кармаандаа түрийвчээ хийсэн. Өмдний урд талын кармаанд байсан гар утас, мөнгө байхгүй байсан, арын кармаанд байсан түрийвчийг урд талын кармаанд хийсэн байсан, түрийвчинд байсан 40.000 төгрөгийг аваагүй байсан. Дараа нь өөрийн цүнхийг үзэхэд цүнхэн дотор даавуун уутанд байсан 650 евро, чех крон 15.000 байсан бүгд алга болсон байсан. Өмдний кармаанд Монгол мөнгөөр 850.000 төгрөг байсан Самсунг эс7 маркийн гар утас 1 ширхэг, 850.000 төгрөг, 650 евро, 15.000 чех крон хулгайд алдсан. Чулуунцэцэг гэх эмэгтэй өрөөнөөс өглөө хэзээ гарч явсныг мэдээгүй. Самсунг эс7 маркийн гар утас 1 ширхэгийг Чулуунцэцэгээс буцаагаад авсан. Төлөдөөгүй эд зүйл гэвэл 850.000 төгрөг, 650 евро, 15.000 чех крон байна. Sochor Zbysek 2017 оны 8 сарын 21-ний өдөр буцах байсан болохоор эд зүйлээ баглаад чемодандаа хийсэн байсан болохоор ямар нэг эд зүйл алдаагүй. Sochor Zbysek нутаг буцсан эргэж Монгол ирэх эсэх нь тодорхой бус байгаа хохирол гомдлоо барагдуулмаар байна гэсэн мэдүүлэг /хх 17-18/

Гэрч Э.Солонгоос мөрдөн байцаалтад мэдүүлсэн: улуунцэцэгтэй ойрд уулзаагүй гээд Айриш пабад 22 цагийн орчим уулзсан. Энд байж байхдаа улуунцэцэг бид хоёр нэг, нэг пиво уугаад “Ривэр соунд” орж дахин нэг, нэг пиво ууж байгаад гарсан. Ривэр соундад байж байхад тамхи татна гээд гарч ороод байсан юм. Ривэр соунд шөнийн 03 цаг 30 минутын үед хаасан. бид хоёр гараад явах гэж байхад Чулуунцэцэг надад хандан таньдаг хүн таараад, эд нартай ганц нэг пиво уугаад харья гэж хэлсэн. Чулуунцэцэгийн хамт хоёр гадаад, нэг Монгол хүний хамт таксинд суугаад Баянбүрдийн хажуугийн Маргад буудалд ирсэн. Буудалд ороод байхад цуг ирсэн Монгол залуу гараад явсан. Би удалгүй араас нь гараад явсан. Буудалд Чулуунцэцэг хоёр гадаад хүний хамт үлдсэн. Би буудлаас гараад гэртээ харьсан. Намайг явснаас хойш юу болсон талаар мэдээгүй.. гэсэн мэдүүлэг /хх 33-34/

 

Гэрч Э.Солонгоос шүүх хуралдаанд мэдүүлсэн: 8 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө орой нь би удаан уулзаагүй найз Ч уулзаад ганц нэг пиво уухаар явсан. Тэгээд бид “Айриш” пабад орж ганц, ганц пиво ууж байхад тэр хүмүүс байсан. 00 цаг болж тэр газар хаах болоход бид хоёр гарч “Ривер савунд” пабад орсон. Тэр хүмүүс нилээд сүүлд “Ривер савунд” пабад орж ирсэн. Цээгий /Чулуунцэцэг/ эгч таньдаг хүн явж байна гэсэн. Баар хаах болоход хоёр Чехтэй хамт явж байсан Монгол ах Цээгий эгчийг дуудаад цуг суучих ганц хоёр пиво ууя гэсэн. Тэгээд бид хоёр хамт явж бид буудалд орсон. Монгол ах явлаа гээд түрүүлж явсан. Том биетэй гадаад нь унтаад байсан. Бид хоёрыг явах гэхэд нэг Чех хүн нь Цээгий эгчийг татаад орон дээр суулгаад байсан. Гэтэл нөгөө гадаад нь Цээгий эгчийг явуулахгүй байсан. Намайг явах гэхэд Томас сэргэсэн байсан. Би таксины мөнгө байна уу гэхэд Томас надад халааснаасаа 5000 төгрөг гаргаж өгсөн. Цаана нь 100 төгрөг л харагдсан. Би Цээгий эгчийг явах уу гэхэд манай гэр хол юм чинь хонолоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. 

            Гэрч Х.Ганболдоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: .. Би Айриш бааранд хоёр Чех улсын иргэний хамт 2017 оны 8 дугаар сарын 19-ний шөнийн 00 цагийн алдад ороод 01 цагийн орчим гарсан. Айриш баар хаах болоод байхад хажуугийн ширээний 2 Монгол эмэгтэй, 1 хар гадаад эмэгтэй гурвын ширээг үйлчлэгч цэвэрлэх болоод манай ширээнд тэр гурван эмэгтэй шилжиж суусан. Тэд нарыг манай ширээнд суусны дараа нэг эмэгтэй нь гараад явчихсан, 2 эмэгтэй нь бид нарыг гарахад суугаад үлдсэн. Манай ширээнд шилжиж суусан тэр гурван эмэгтэйг танихгүй. Бид нартай тэр гурван эмэгтэй хамт яваагүй. Би гурав түрүүлээд гараад явчихсан. Hajik Tomas-т ямар улсын ямар гадаад валют байсан талаар мэдэхгүй байна. Баарны тооцоог хоёр Чех иргэн хуваагаад хийж байсан. Бааранд хэдэн төгрөгний тооцоо хийснийг мэдэхгүй байна.. гэсэн мэдүүлэг /хх 22/.

 

Шүүгдэгч улуунцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/, Монгол банкны ханшийн лавлагаа /35-36/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-38-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч улуунцэцэг нь 2017 оны 8 сарын 20-ны шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Маргад” зочид буудалд Чех улсын иргэн хохирогч Томас Хажик /Tomas Hajek/-ийг унтаж байхад нь өмдний халааснаас нь хүч хэрэглэлгүйгээр, нууцаар Самсунг эс 7 загварын 720.000 төгрөгийн үнэ бүхий гар утасыг хулгайлж авсан болох нь тогтоогдож байна. Харин хохирогчийн мэдүүлж нэхэмжилж байгаа 850.000 төгрөг, 650.000 евро, 15.000 чех кроныг утастай хамт хулгайлж авсан болох нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрхи мөнгө хохирогчид байсан эсэх нь хохирогчийн мэдүүлгээс гадна өөр бусад нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Хохирогчийн мэдүүлэгт валют сольж байсан талаараа мэдүүлсэн байдаг боловч энэ нь валют сольсон гэдгийг л нотлохоос түүнд дээрх мөнгөнүүд байсан гэснийг нотлохгүй байна.

Иймд шүүгдэгч улуунцэцэгт холбогдох хэргээс 850.000 төгрөг, 650.000 евро, 15.000 чех кроныг хулгайлсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч улуунцэцэгийн “бусдын гар утасыг хулгайлсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэрэг байна гэж үзээд шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч улуунцэцэг нь хулгайлсан Самсунг эс 7 загварын гар утсыг хохирогч Томас Хажик /Tomas Hajek/-т буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч улуунцэцэгийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Ингэхдээ үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч улуунцэцэг нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч улуунцэцэгт холбогдох хэргээс 850.000 төгрөг, 650.000 евро, 15.000 чех кроныг хулгайлсан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Бүүвэй овогт Ч.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ч хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Ч.Ч оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай. 

6. Шүүгдэгч улуунцэцэг нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч улуунцэцэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР