Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 10

 

А.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01107/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д Т Ү” ХК-д холбогдох

"Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,914,392 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилтийг хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, Д.Эрдэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1996 онд Д Т Үийн гуанзанд үйлчлэгчээр ажилд орж 2000 он хүртэл ажиллаж байгаад үйлдвэрийн гуанз түрээсээр ажиллах болоод ажлаас чөлөөлөгдсөн. 2003 онд тус үйлдвэрт эргэн ажилд орж төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчээр тогтвор суурьшилтай ажиллаж байсан юм.

2019 оны 08 сарын 26-ны өдөр миний төрсөн дүү А.А- хорих ял эдэлж байхдаа элэгний хорт хавдар өвчнөөр өвдөж Хавдар судлалын үндэсний төвд элэг тайруулах хагалгаанд яаралтай орох болсон тул миний бие үйлдвэрийн захиргаа, санхүүд хандаж 2019 онд 3 сарын цалинг урьдчилан олгож өгөхийг хүсч өргөдөл гаргасан бөгөөд үйлдвэрийн захиргааны зүгээс 3 сарын цалинг урьдчилан олгож өгсөн.

Ингээд цехийн дарга Х.Б-д өргөдөл гаргаж дүү А.А-ыг сахих чөлөө өгөхийг хүсэхэд 2019 оны 08 сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийг дуустал чөлөө олгож өгсөн юм. 08 сарын 31, 09 сарын 01-ний өдрүүд амралтын өдрүүд байсан бөгөөд 09 сарын 02-ны өдөр ажилдаа орох байсан юм.

Тухайн үед дүү А.А- хагалгаанд ороод гарсан биеийн байдал нь маш сул байсан тул 09 сарын 02, 03-ны өдөр ажилдаа ирж чадаагүй юм. Миний бие 09 сарын 04-ний өдөр ажилдаа ороод цехийн дарга Х.Б-д хандаж 09 сарын 02, 03-ны өдрүүдэд үргэлжлүүлэн чөлөө олгож өгөхийг хүссэн хүсэлт бичгээр гаргасан боловч цехийн дарга уг хүсэлтийг цохож өгөөгүй татгалзсан болно. Миний оронд 2 хоног ажиллаад өгөөч гэхэд хамт ажилладаг Д- зөвшөөрч миний оронд ажилласан байсан.

Д Т Үийн захирал М.О-ын 2019 оны 09 сарын 19-ний өдрийн Б/1024 тоот тушаалаар намайг ажлаас халсан бөгөөд уг тушаалын үндэслэлд А.А- намайг 2019 оны 09 сарын 02, 03, 16, 17, 18-ны өдрүүдэд тус тус ажил тасалсан тул 2019 оны 09 сарын 19-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсугай гэж заасан бөгөөд миний бие 2019 оны 09 сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны хамтран зохион байгуулсан Илүү сайхан ирээдүйн төлөө нэртэй олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтанд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны урилгаар оролцох болсон юм. 2019 оны 09 сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл чөлөө олгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан юм. Гэтэл Төмөр бэлтгэх цехийн дарга Х.Б- ... Чиний ажлыг орлож хийх хүн байхгүй, бусад хүмүүс барьцана гэсэн шалтгаанаар надад чөлөө олгохоос татгалзсан юм.

Миний бие Д Т Үийн хүний нөөцийн хэлтсийн дарга Ундраатай биечлэн уулзаж урилга, албан бичгээ үзүүлэхэд чөлөө авахыг хүссэн өргөдлөө цехийнхээ даргаар цохуулаад ир гэж хэлж байсан.

Цехийн дарга Х.Б- миний өргөдлийг цохож өгөхөөс татгалзсан учир миний бие арга буюу 2019 оны 09 сарын 16-ны өдөр хамт ажилладаг үйлчлэгч Д-т миний ажлыг түр хийж байгаач гэж гуйж орхиод Улаанбаатар хот руу бусад төлөөлөгчийн хамт явсан юм. Олон улсын чуулга уулзалт 2019 оны 09 сарын 17-ны өглөө 08:00 цагт эхлэх хөтөлбөртэй байсан тул 09 сарын 16-ны өдөр Дарханы төлөөлөгч нар Улаанбаатар хот руу явж зочид буудалд орж бэлтгэлээ хангах шаардлагатай байсан юм.

Миний бие дээр дурдсан хоёр шалтгаанаар “Д Т Ү” ХК-ийн захирлын Б/1024 тушаалд дурдсан 2019 оны 09 сарын 02, 03, 16, 17, 18-ны өдрүүдэд ажилдаа очоогүй юм.

Миний бие дээр дурдсан шалтгаануудыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгож байгаа бөгөөд тус үйлдвэрт 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэдтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарахад жил гаруйхан хугацаа үлдсэн, хоёр оюутантай амьдрал хүнд байх үед дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаануудыг минь харгалзан үзэлгүй ажлаас халсанд маш их гомдолтой байгаа тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Иймд А.А- миний биеийг Д Т Үийн Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

“Д Т Ү” ХК болон А.А- нарын хооронд 2018 оны 03 сарын 01-ний өдөр байгуулсан Гэ2368 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 6.5.3-т Хүндэтгэн үзэх шалтгаангүй, ажил олгогчийн бичгийн зөвшөөрөлгүйгээр 2 буюу түүнээс дээш хоног дараалан ажил тасалсан, ээлжийн амралт болон чөлөөний хугацааг 2 буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн, удаа дараа ажлаас хоцорсон, ажлын цаг дуусаагүй байхад зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгажээ.

Д Т Ү ХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 03 сарын 01-ний А/57 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.4.1-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан... бол ажлаас халах сахилгын арга хэмжээ ногдуулна гэж заасан байна.

Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын ажилтны үүрэг хэсгийн 10.2.1-д Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлж ажиллах... зэрэг заалтуудыг А.А- нь зөрчсөн.

Нэхэмжлэлд ...Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос Д Т Үийн захиргаанд 2019 оны 09 сарын 13-ны өдөр 0019/44 тоот албан бичиг илгээж А.А- намайг олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцох болсон тул ажлаас чөлөөлж өгөхийг хүссэнээс гадна... гэжээ.

Гэтэл дээр дурдсан албан бичиг манай компанийн ирсэн явсан бичгийн бүртгэл байхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл дээрх агуулга бүхий албан бичиг ирээгүй байна. А.А-ий хүсэлтийн дагуу 2019 оны 09 сарын байдлаар захирлын тушаалаар нийт 17 хоногийн чөлөө олгосон байдаг.

Нэхэмжлэгч А.А- нь тус компанийн Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 08 сарын 26-ны өдөр 4 хоногийн чөлөө хүссэн өргөдөл гаргасны дагуу Ерөнхий захирлын 950 тоот тушаалаар чөлөө олгосон. Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон үндэслэлээ ажил эхлэхээс 8 цагийн өмнө харьяалах нэгж хэсгийн дарга, менежер нарт мэдэгдэх... заалтын зөрчин 2019 оны 09 сарын 02, 03-ны өдөр ажил тасалсан. Мөн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн Гэ2368 тоот Хөдөлмөрийн гэрээнд заасан бичгийн зөвшөөрөлгүйгээр 2019 оны 09 сарын 16, 17, 18-ны өдрүүдэд ажил тасалсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар нотлогдож байх тул Д Т Ү ХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 09 сарын 19-ны өдрийн Б/1024 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д Т Ү ХК-д холбогдох, Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,914,392 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай, А.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч А.А- нь хорт хавдрын улмаас элэг тайруулах хагалгаанд орсон төрсөн дүү А.А-ыг сахих чөлөөний хугацааг аргагүй байдлын улмаас сунгах шаардлага гарч 2019 оны 09 сарын 02-ны өглөө төмөр бэлтгэх цехийн дарга Х.Б- лүү утасдаж энэ аргагүй байдлаа хэлж 2 хоногийн чөлөө нэмж өгөхийг хүссэн.

Учир нь А.А- нь чөлөөний хугацаандаа багтаад ажилдаа очно гэж тооцоолж байтал хагалгаанд орсон дүүг нь эмнэлгээс Хорих анги руу зөөхөд биеийн байдал нь хүнд байснаас ар гэрээс нь заавал хүн байлцах хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьсан тул 8 цагийн өмнө цехийн даргадаа мэдэгдэх боломж гараагүй байдаг. Мөн 2019 оны 09 сарын 16,17,18 -ны өдрүүдэд Эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалтад оролцох урилга авч энэ талаарх бичиг баримтаа цехийн дарга Х.Б-д 2019 оны 09 сарын 13-ны өдөр үзүүлж 3 хоногийн чөлөө өгөхийг хүссэн өрөгдлөө түүнд өгөхөд Х.Б- нь түүний өргөдөл хүсэлтийг үйлдвэрийн захиргаанд уламжилж шийдвэрлүүлэхийн оронд өөрийн эрх хэмжээг хэтрүүлж А.А-ий өргөдлийг үйлдвэрийн захиргаанд уламжилж шийдвэрлүүлээгүйгээс түүнийг ажил тасалсанд тооцсон байдаг. “Д Т Ү” ХК-ний “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.11-д: “ Нэгж хэсгийн дарга нар нь энэхүү журмын 6.10-д зааснаас бусад тохиолдолд ажилтанд сард 1 удаа үйлдвэрт 8 хүртэл цаг, уурхайд 12 хүртэл цагийн цалингүй чөлөө олгож болох бөгөөд ЗХНХ-т заавал бүртгүүлнэ” гэж заасныг зөрчсөн байхад шүүх энэ үйл баримтанд дүгнэлт хийхдээ: “ ...2019 оны 09 сарын 16,17,18-ны өдрүүдэд чөлөө авах хүсэлтээ бичгээр, холбогдох нотлох баримтын хамт “Д Т Ү” ХК-ийн ерөнхий захиралд гаргаагүй, зохих ёсоор шийдвэрлүүлээгүй байх тул А.А-г чөлөөг хэтрүүлэн 16,17,18 -ны өдрүүдэд ажлыг чөлөө авалгүйгээр тасалсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Шүүх энэ үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.А- хариуцагч “Д Т Ү” ХК-нд холбогдуулж, Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчийн  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.914.392 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцжээ гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч А.А- нь “Д Т Ү” ХК-ний Төмөр бэлтгэх цехэд үйлчлэгчээр ажилладаг ба 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийг дуустал захиргааны чөлөөтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй ч талууд энэ талаар маргаагүй, 08 дугаар сарын 31, 09 сарын 01-ний өдрүүд амралтын өдөр бөгөөд 09 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй талаар тайлбарладаг.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.3-т “ Хүндэтгэн үзэх шалтгаангүй, ажил олгогчийн бичгийн зөвшөөрөлгүй 2 буюу түүнээс дээш хоног дараалан ажил тасалсан,...” бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгасан байна.

Нэхэмжлэгч А.А- 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд өөрийн төрсөн дүү А.А-ыг хүнд өвчний улмаас ХӨСҮТөвд сахиж байсан болох нь хэргийн 12, 13, 15, 75 дугаар талд авагдсан баримтаар, ажил тасалж буй  шалтгаанаа дурьдаж, өөрийн шууд удирдах цехийн даргад утсаар мэдэгдсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, гэрч Х.Б-ийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч А.А- нь 2019 оны 09 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Монголын эмэгтэйчүүдийн холбооны урилгаар олон улсын чуулга уулзалтанд оролцох болсон нь хэргийн 16, 19-24 дүгээр талд авагдсан баримтаар, энэхүү чуулга уулзалтанд оролцох тухайгаа өөрийн цехийн дарга Х.Б-, үйлдвэрийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн Б.Ундраа нарт биеэр мэдэгдэж байсан болох нь гэрч Х.Б-, Б.Ундраа нарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлгүүдээр тус тус нотлогдоно.

Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.4 дүгээр зүйлийн 8.4.1-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан,...” бол ажлаас халах сахилгын арга хэмжээ авахаар зохицуулжээ.

Хэдийгээр байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах буюу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тохиолдлуудыг журамласан боловч сахилгын зөрчлийг хэрхэн, юуны учир гаргасан, яагаад ажил тасалсан болохыг нарийвчилан шалгаж тогтоолгүй ажилтаны эрх зөрчсөн шийдвэр гаргасан нь учир дутагдалтай.

Ажил олгогч ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг огт шалгаж тодруулаагүй байна.

Нэхэмжлэгч А.А- нь 2019 оны 09 дүгээр сарын 02-03, 16-19-ний өдрүүдэд ажил тасалсан нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан болох нь, энэ тухайгаа шууд удирдах цехийн даргадаа утсаар болон биеэр мэдэгдэж чөлөө хүссэн зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Сахилгын энэ зөрчлийг ажил олгогч илрүүлэн тогтоож, тухайн зөрчилд нь тохирсон сахилгын шийтгэл ногдуулах нь ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэлтэй зөв хэрэгжүүлэх нөхцөл болох юм.

Гэтэл хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тогтоосон талаарх баримт материал, сахилгын зөрчил гаргагчаас авсан тайлбар, хурлаар хэлэлцсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байгаа нь хариуцагчийн тайлбарыг нотлогдож байна гэж үзэх боломжгүй юм.

Нэгэнт тогтоогдсон үйл баримт болох сахилгын зөрчлийн хүнд хөнгөн хэлбэр, зөрчил гаргагчийн гэм бурууд тохирсон сахилгын шийтгэл оногдуулах нь ажил олгогчийн эрх бөгөөд энэ талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байхад шүүх уг зөрчлийг тогтоохоор нотлох баримт, материал бүрдүүлэх шаардлагагүй юм.

Нотлогооны үүргийн хувьд ч ажил олгогч өөрийн гаргасан тушаалын бодит болон хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй.

“Д Т Ү” ХК-ний захирлын “А.А-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1024 дугаартай  тушаалыг үндэслэл муутай гарсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж давж заалдсан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цалин хөлстэй тэнцэх олговрын үнийн дүнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Д Т Ү” ХК-нд холбогдох Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.914.392 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхнө бичлт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч А.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.А-г “Д Т Ү” ХК-ий Төмөр бэлтгэх цехийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж,

2 дугаар заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор  2.914.392 төгрөгийг “Д Т Ү” ХК-аас гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож,  нэхэмжлэгчийн Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг “Д Т Ү” ХК-нд даалгасугай” гэж,

Шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтыг 3, 3 дугаар заалтыг 4 гэж дугаарлан  тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.А- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

        

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                     АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                                ГҮЙЦЭТГЭГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                       ШҮҮГЧИД                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                      Л.АМАРСАНАА