| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2107 00037 0268 |
| Дугаар | 2022/ДШМ/429 |
| Огноо | 2022-04-20 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/429
Ш.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, түүний өмгөөлөгч Н.Нарангуа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Бд холбогдох 2107 00037 0268 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
............................, 19..... оны ........дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...........настай, эмэгтэй, дээд боловсролтой, .............мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 2, нөхрийн хамт ................ дүүргийн 2 дугаар хороо, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...............1/,
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 85А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар оногдуулсан эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон 1 жил 6 сар хорих үндсэн ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлсэн;
Ш.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо, Эрүүл мэндийн төвийн төрөх тасагт эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн үүрэг гүйцэтгэж, Л.Мын төрөлтийг удирдахдаа Эрүүл мэндийн сайдын 2012 оны 42 тоот тушаалаар батлагдсан “Жирэмслэлт төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамж”-ийг баримталж ажиллаагүйгээс нярайн биед төрөх үеийн тархины хүчилтөрөгчийн хурц дутагдлын шалтгаант тархины цусан хангамжийн дутагдлын хүнд хэлбэр, тархины дотоод даралт ихсэлт тархины усжилт үүсэж, уг гэмтлийн улмаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхдаа 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барсан буюу эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ш.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .....................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бг эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бгийн эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялын 10.950.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хасаж, 3050 нэгж буюу 3.050.000 төгрөгөөр торгох ялыг эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүлйийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 5.267.969 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас амь насны төлбөрт гэж нэхэмжилсэн 50.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М нь цаашид гарах сэтгэл зүйн эмчилгээтэй холбоотой 950.000 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.М би 10 сар эрүүл саруул тээсэн үрээ эмч гэх алуурчны гарт харамсалтайгаар алдана чинээ бодоогүй бөгөөд тэрээр өмнө ч хүний сайхан үр, хүний сайхан хань, бяцхан үрийн ээж нарын амь насыг хохироосон атлаа шүүхийн танхимд гэмшсэн шинжгүй зогсоод “...бүтэлттэй төрж л байдаг, 30-40 минут болоод л хөөрхөн уйлаад зүгээр л байдаг, Мядагханд жижиг биетэй, төрөх хүчний сулралд орсон байсан, ...би хохирол төлж чадахгүй, ...намайг шоронд орвол миний ач, зээ юу гэж бодох вэ, би эрүүл мэндийн төвийн хаалгаар ч орж чадахгүй байгаа, Мядагхандын нөхрөөс айгаад” гэх мэтчилэн худал дүр эсгэн зогсож байгаа түүний гэм буруутай үйлдэлд шүүхээс хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна.
Налайх дүүргийн прокурорын газраас Ш.Бд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ хохирол төлбөрөө төлөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь, мөн түүнчлэн улсын яллагчаас түүнд торгох ял оногдуулах санал гаргаж, 7.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан нь шүүгдэгч Ш.Б улсын яллагчид нөлөөлсөн гэж үзэж байна. Налайх дүүргийн прокурорын газар, улсын яллагчаас гаргасан “7.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд төлүүлэх дүгнэлтийг шүүгч 14.000.000 төгрөгөөр торгох гэж нэмэгдүүлж, түүнийгээ Өршөөлийн хуульд хамруулан 3.050.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм буруутай үйлдэлд дэндүү багадсан ял оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгчийг эрхэлсэн ажилдаа хайнга хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний амь хохироосон нь гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзэн хөнгөн ял шийтгэсэнд гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн арвантавдугаар бүлэг, Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 15.1 дүгээр зүйл “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэсэн зүйлээс харахад энэ гэмт хэргийг эмнэлгийн мэргэжилтэн, эмч, сувилагч зэрэг мэргэжлийн хүн тухайн мэргэжлийн дагуу хуулиар хүлээсэн үүргээ, тангаргаа зөрчиж үйлдсэн байхыг шаардаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутай этгээд нь тусгай субъект байхаар зохицуулагдсан байхын дээр тэдгээр эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих дүрэм, журам, стандартын дагуу гүйцэтгэхээс санаатайгаар татгалзсан буюу санаатай үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан байх нь заавал биелүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо “анхны үрээ бусдын буруугаас алдсан миний иргэний нэхэмжлэлээс оршуулгын зардалд 5.267.964 төгрөгийг иргэний хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулах, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн мөнгөнөөс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 50.950.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэсэн атлаа шийтгэх тогтоолд “...50.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж бичсэн нь шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно гэснээс зөрүүтэй байна. Иймд шүүгдэгч Ш.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж, хорих ялаар шийтгэн, оршуулгын зардалд 5.267.964 төгрөг болон сэтгэл санааны хохиролд 50.950.000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын өмгөөлөгч Н.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон шүүгдэгч Ш.Бд 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын 10.950 000 төгрөгийн торгох ялыг өршөөн хасаж, 3050 нэгж буюу 3.050.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйл, 6.5 дугаар зүйл, 12.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд амь хохирогчийн хойдын буяны ажил, оршуулгын зардалд 10.137.964 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 5.000.000 төгрөгийг л төлсөн байдаг. Шүүгдэгч Ш.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хохирогч, түүний хуулийн ёсны төлөөлөгчид хохирол төлбөр төлөх боломжгүй, арай ядан 5.000.000 төгрөгийг тэтгэврийн зээл авч төлсөн, цаашид ч төлөх боломжгүй” гэдэг ба “өдий насны хүн шоронд орчихвол ач, зээ нарынхаа өмнө юу бодож суух вэ” гэж хэлсэн нь өөрийн үр хүүхэд, ач, зээгээс ялгаагүй хүний сайхан үр, анхны хүүхдийнх нь амь насыг хохироосондоо гэмшихгүй байна гэж дүгнэхэд хүргэж байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд “...энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж зааснаар шүүгдэгч Ш.Бгийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд оногдуулах ялаас өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Бд “...700.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох, торгох ялыг 2 жилийн хугацаанд төлүүлэх” дүгнэлт гаргасан байдаг ба энэхүү дүгнэлт нь шийтгэх тогтоолын 15 дахь хуудаст бичигдсэн байх бөгөөд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх талаар дүгнэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.5 дугаар зүйлд “...энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэснийг зөрчиж шийдвэр гаргажээ.
Мөн түүнчлэн анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлээс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол 50.950.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан атлаа шийтгэх тогтоолыг гардан авахад уг тогтоолд сэтгэл санааны хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэснийг зөрчжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйл, 6.5 дугаар зүйл, 12.5 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргажээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж, иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хаасан цаг, минутыг буруу бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн байх тул анхаарч өгнө үү. Шүүх хуралдааны бичлэгийг шүүх бүрэлдэхүүн шинжлэн судална уу.” гэв.
Шүүгдэгч Ш.Бгийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шударга ёсны зарчимд нийцүүлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлсөн байдал, чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзаад хэргийг шийдвэрлэсэн. Ял хөнгөдсөн гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйл нь дотроо сонгох санкцтай. 3 төрлийн ялтай. Энэ дотроос шүүгдэгчийн хувийн байдал, мөн үйлдсэн хэргийн шинж чанарыг харгалзаад торгох ялын дээд хэмжээгээр буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Прокуророос Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх санал гаргаагүй байхад шүүх хэрэглэсэн гэсэн гомдол гаргаж байна. Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би удаа дараа уучлалт гуйхаар очсон боловч намайг хүлээж аваагүй. Хагалгаанд ороход нь тусалъя дансаа өгөөч гэхэд “уулздаг газраа очиж уулзъя” гэсэн. Намайг сураглаж эмнэлэг дээр 2-3 удаа очоод эмч нарыг хутга шөвгөөр айлгасан байсан. Тийм учраас би эмнэлэг дээр очихоос айж байсан. Хохирлыг төлөхийн тулд өөртөө байгаа ганц үл хөдлөх хөрөнгийг өгье гэх саналыг тавьсан боловч нэмээд “суврага босгох мөнгө хэрэгтэй” гэж хэлсэн. Надад мөнгөний асуудал маш хүнд байна. Өөрийнхөө ганц үл хөдлөх хөрөнгөө өгье гэхэд хүлээж аваагүй. Миний зүгээс хохирлоо барагдуулах талаар санал тавьсан. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, дагаж биелүүлнэ.” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Бг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өндөр настай, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 14.000.000 төгрөгөөр торгуулийн ялыг оногдуулсан. Хэдийгээр прокуророос Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлээр санал гаргаагүй боловч шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн. Хорих ял оногдуулсан ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана. Энэ нь санаатай гэмт хэрэг биш, болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй. Харин сэтгэл зүйн эмчилгээтэй холбоотой 950.000 төгрөгийн зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.
Анхан шатны шүүх 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 27 дугаартай шийтгэх тогтоол гаргаж, уг шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг буюу шүүх хуралдаан даргалагчаас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгосон байдлаас үзвэл “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол болох 50.500.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй...” гэж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл /4хх 63-79/ болон тогтоол /4хх 80-97/-ыг бичгээр үйлдэхдээ “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас амь насны төлбөрт гэж нэхэмжилсэн 50.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж шийдвэрлэжээ.
Дээрх байдал нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт тусгагдсанаас илт зөрүүтэй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 50.500.000 төгрөгийг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн” байдлаар шийдвэрийг уншиж сонсгосон атлаа гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “амь насны төлбөрт гэж нэхэмжилсэн 50.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” бичигдсэн байна.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд, түүнчлэн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол”, мөн хэсгийн 1.9 дэх заалтад “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” тус тус хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Шүүгч уншиж сонсгосноор хүчинтэй болсон шийдвэрийг бичгийн хэлбэрт оруулахдаа өөрчлөх хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх шийдвэрээ ийнхүү өөрчилсөн нь зөвлөлдөх тасалгаанд шүүх хуралдаанаар хэлэлцсэн бүхий л баримтыг судалсны эцэст шийдвэр гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн байх агаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л ажиллагааг зөрчиж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон шийдвэрээ өөрчлөн гаргаж, хуульд заагдаагүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн тул цаашид энэ мэт хайнга, хариуцлагагүй алдаа давтан гаргахгүй байхыг энэхүү магадлалаар анхааруулан тэмдэглэж байна.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж, мөн хуулийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Бд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Шүүгдэгч Ш.Бгийн хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх талаар дүгнэлт хийсний дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх эсэхээ шийдвэрлэвэл зохино.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ