Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 22

 

                                         

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундpын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

                    Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,  

                    Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

                    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

                 Шүүгдэгч: Б.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн  98.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батнасангийн Даваад холбогдох 201720000002 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Батнасангийн Даваа нь 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Нефьтийн байрны 11 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй. Регистрийн дугаар /ОЛ91012815/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч: Б.Даваа нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Их наяд" баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Насанбаттай маргалдаж, улмаар түүнийг зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

         1. Хохирогч Н.Насанбатын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хөдөө яваад 20 цагийн үед Улаангомд ирээд гражид машинаа оруулж тавчихаад “Сансар РС” тоглоомын газарт ганцаараа орж 21 цаг хүртэл тоглож дуусаад гарч явахдаа "Сансар үйлчилгээний төв" дотор Л.Шагдарсүрэн, Батзориг гэх хоёр найзтайгаа таарч уулзаж байгаад “Голд” бааранд ороод бид нар нэг шил 500 грамм “Охь” гэх архи, нэг 500 грамм пиво авч уусан. Тэгээд “Голд” баарнаас гараад Л.Шагдарсүрэн, Батзориг хоёр гэр лүүгээ явсан. А.Анхбаяр, Баачка (Д.Бат-Эрдэнэ) хоёр бааранд үлдээд би ганцаараа гэр лүүгээ явж байгаад “Их наяд” баар руу ганцаараа ороод ОО-д нь бие засаад гарч байгаад ОО-ын үүдэнд Бажигаа (Э.Батсүх) гэх найзтайгаа тааралдаж бид хоёр хоорондоо маргалдсан. Гэтэл Б.Даваа ирээд Бажигааг өмөөрч “Чи яах гээд байгаа юм бэ? Болилдоо” гэхээр би урдаас нь Б.Даваатай маргалдаад зогсож байхад Б.Даваа гэнэт уурлаад баруун гараараа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохиход Бажигаа (Э.Батсүх) Б.Давааг салгаад “Их наяд” баарнаас гарсан. Би Б.Даваагаар нэг цохиулсандаа уурлаад Б.Даваагийн араас гараад дахиад бид хоёр маргалдаж байхад Б.Даваа над руу дахиж хүрч ирээд намайг хавирч унагаагаад толгой, нүүрний зүүн талд гараараа цохиход Б.Давааг хүмүүс ирээд салгасан. Энэ үед “Голд” бааранд үлдсэн А.Анхбаяр, Баачка (Д.Бат-Эрдэнэ) хоёр ирчихсэн А.Анхбаяр, Ч.Атархүү хоёр хоорондоо маргалдаж байгаад тэр хоёр над руу ирэхэд Ч.Атархүү ах бид хоёр хоорондоо мөргөлдөхөд Ч.Атархүү ах “Юу болоод байгаа юм бэ? Яасан бэ?” гэж надаас асуухаар нь би уурандаа Ч.Атархүү ахад “Битгий хуцаад бай чи” гэж хэлэхэд Ч.Атархүү гараараа нэг удаа миний толгой руу цохиход би унахдаа Ч.Атархүүгийн хувцаснаас зуураад унасан ба би доор нь Ч.Атархүү миний дээр зууралдсан байхад хажуунаас Б.Даваа орж ирээд миний зүүн талын хацар руу хоёр удаа өшиглөсөн юм. Эрүүний ясны хугарал гэмтлийг Б.Даваа өшиглөснөөс болж үүссэн. Б.Даваа өшиглөхөд миний эрүү маш их өвдсөн. Хамрын ясны гэмтэл болон зүүн нүдний гэмтлийг мөн баарнаас гарч ирэхэд Б.Даваа гараараа цохиж учруулсан. Миний зүгээс Б.Даваагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Даваа миний гарсан хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол тэмцэл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 10-15 тал/,

            2. Гэрч Ч.Атархүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 26-ны орой “Их наяд” бааранд болсон “Мөнгөн жигүүрт залуусын давалгаа” гэх шинэ жилийн баярт найз нарын хамтаар оролцсон. Шинэ жилийн баяр шөнийн 23 цаг 45 минутын үед тарсан. Тэгээд би Цэдэн-Иш, Б.Ууганзаяа, Х.Халиунаа гэх найз нарын хамтаар “Их Наяд” баарнаас гарсан. Баарнаас гарахад “Их наяд” баарны гадна хашааны үүдэнд Б.Даваа, Ц.Насанбат хоёр маргалдсан зогсож байсан. Би тэр хоёрыг хоёуланг нь таньдаг болохоор Ц.Насанбатаас юу болсон юм бэ? гэж асуухад Ц.Насанбат надыг: Пизда минь чамд ямар хамаатай юм. Би найздаа зодуулчихсан байна гэхээр нь би Ц.Насанбатад: Хоёулаа ийшээ яваад уулзья гээд түүнийг дагуулаад “Их наяд”-ын урд талын гурван замын уулзварын хажууд очоод Ц.Насанбатаас: Юу болоод байгаа юм бэ? Яагаад энэ хүмүүстэй маргаад байгаа юм бэ гэж дахиад асуухад Ц.Насанбат: Чамд ямар хамаатай юм гэж хэлээд миний цээж рүү гараараа цохиход нь би Ц.Насанбатын хувцасны цээжний хэсгээс татахад бид хоёр хамт газарт унасан юм. Ц.Насанбат миний дээр байсан ба бид хоёрыг Ц.Насанбаттай хамт явсан Анхбаяр гэх залуу болон Б.Ууганзаяа, Барсболд, Х.Халиунаа нар салгаж байхад Б.Даваа цаанаас ирээд Ц.Насанбатын нүүр рүү өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй. Б.Даваа өшиглөж байсан. Тэгээд бид нарыг хүмүүс салгахад би босоод Ц.Насанбатыг дагуулаад Хас банкны байрны зүг рүү дагуулж очоод Ц.Насанбаттай уулзахад тэр би зодуулчихсан гомдолтой байна гэхээр нь би Ц.Насанбатыг дагуулаад цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

           3. Гэрч Л.Шагдарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой Сансар үйлчилгээний төвийн РС тоглоомын газарт найз Батзоригын хамтаар РС тоглож байгаад Болдбаатар, Ц.Насанбат хоёртой тааралдаж GOLD баар руу очиж жаахан юм уухаар явсан юм. GOLD бааранд очоод нэг шил 500 гр архи авч Батзориг, Ц.Насанбат, Болдбаатар бид дөрөв ууж дуусаад баарнаас гарч явахад манай нэг төгсөлтийн найз А.Анхбаяр, Бат-эрдэнэ хоёр тааралдаж хариу GOLD руу орж нэг, нэг шил пиво авч уугаад сууж байхад А.Анхбаяр: би "Их наяд" баар руу орсон чинь баарны хамгаалагч нар надтай маргалдлаа гээд юм яриад байсан. Би тухайн үед А.Анхбаярын үгийг сайн анзаарч сонсоогүй. Тэгээд бид нар пивоо ууж дуусаад уг баарнаас гараад Батзориг бид хоёр гэр лүүгээ явсан. О.Болдбаатар, Ц.Насанбат, А.Анхбаяр, Бат-эрдэнэ нар баарны үүдэнд үлдсэн. Хаашаа явсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 24-р тал/,

             4. Гэрч Э.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой “Их наяд” бааранд болсон “Мөнгөн жигүүрт залуусын давалгаа” гэх шинэ жилийн баярт найз Мөнхбатын хамтаар оролцсон. Тэгээд шинэ жилийн баярын үйл ажиллагаа дуусаж тараад баарнаас гарч байхад үүдэнд Ц.Насанбат гэх миний танил залуу уг баарны сонор мэлмийн хамгаалагчтай маргалдсан дайрч байсан. Би Ц.Насанбатыг таньдаг учир очоод: Ц.Насанбатаа хэрүүл маргаан гаргаж яах гэсэн юм вэ? гэж хэлэхэд Ц.Насанбат надыг: урдаас холд пизда минь гэж хэлэхээр нь би холдоод 00 руу орчихсон. Энэ үед Б.Даваа, Ц.Насанбат бид хоёроос холхон зогсож байсан. Тэгээд би ОО-д орж бие засчихаад баарны гадна гарахад Б.Даваа, Ц.Насанбат хоёр зодолдсон бололтой хүмүүс салгаж байсан. Би баарнаас гараад, гадна хашааны хаалганы үүдэнд тамхи татаад зогсож байхад гурван замын уулзварын хажууд хүмүүс маргалдаад байх шиг байсан. Би шинэ жилийн баярт ороод жаахан архи уучихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28-р тал/,

           5. Гэрч Т.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед Сансар үйлчилгээний төв дээр найз Батзориг, Насанбат, Шагдарсүрэн нартай тааралдаж GOLD pub руу архи уухаар явж нэг шил архи хувааж уугаад гарч явахад баарны үүдэнд Ц.Насанбатын найз А.Анхбаяр, Бат-эрдэнэ гэх хоёр залуу тааралдаж хариу баар руу орж нэг нэг шил пиво хувааж уусан юм. Пиво ууж байхад А.Анхбаяр: намайг “Их наяд” баарны хамгаалагч нар түлхэж гаргаад янз бүр боллоо гэж хэлж байсан. Тэгээд бид нар пиво уугаад гарахад Л.Шагдарсүрэн Батзориг хоёр гэр лүүгээ явна гээд бид нараас салаад явсан. Харин баарны гадна Ц.Насанбат надад: Их наяд оръё гээд явсан. Бид хоёрын араас А.Анхбаяр, Д.Бат-эрдэнэ хоёр ирж байсан. Ц.Насанбат бид хоёр Их наяд руу орж байхад урдаас манай хорооны ах Алтанбат гарч ирээд намайг дагуулаад Хас банкны байрны хажууд очиж юм яриад зогсож байхад Их наяд баарны гадна гурван замын уулзварын хажууд хүмүүс маргалдаад байсан. Би холхон байсан болохоор юу болсныг мэдэхгүй. Энэ үед Алтанбатыг найз нар нь ирээд аваад явсан. Би Их наяд руу очиход Ц.Насанбат байхгүй болохоор нь гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

            6. Гэрч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн:  “Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой Их наяд бааранд болсон “Мөнгөн жигуурт залуусын давалгаа” гэх шинэ жилийн баярт найз Э.Батсүхийн хамт оролцсон. Тэгээд арга хэмжээ шөнийн 00 цагийн үед тарахад би өөрийхөө машинд суугаад машинаа найз Алтаншагайгаар бариулаад Их наядын хашаанаас гараад Хас банкны хажууд зогсоход Э.Батсүх бие зассан зогсож байхаар машиндаа суулгаад аваад явж байхад замын цагдаа манай машиныг зогсоож жолоочийг үлээлгэж архи дарс уугаагүй байсан. Харин бичиг баримт жаахан зөрчилтэй байсан тул цагдаа руу явцгаасан. Тэндээсээ бид нар бичиг баримтаа аваад гэр гэр лүүгээ явсан. Миний хувьд их наяд баарны гадна гарахад баарны гадна маргаан зодоон болсон бололтой хүмүүс тойрсон зогсож байсан. Би хэн хэн маргалдаж зодолдож байсныг хараагүй. Баярын арга хэмжээ тараад хүмүүс их байсан. Би баярын арга хэмжээнд оролцоод жаахан архи уучихсан байсан тул миний машинд хэн хэн байсныг мэдэхгүй байна. Би Б.Давааг сайн танихгүй. Зүгээр мэндийн зөрүүтэй явдаг юм. Б.Давааг тэр шөнө Ц.Насанбат гэх залуутай зодолд гэдгийг сүүлд сонссон. Миний машинд 2016 оны 12 дугаар сарын 26-ны шөнө их наядаас гарч явахад Б.Даваа миний машинд суусан эсэхийг мэдэхгүй. Б.Даваа хэлэхдээ миний машинд сууж явж байгаад бууж Ц.Насанбатыг өшиглөсөн гэсэн энэ талаар санахгүй байна” гэх мэдүүлэг / хх-ийн 33-р тал/,

          7. Гэрч А.Анхбаярын  мөрдөн байцаалтад өгсөн:  “Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой Их наяд баар руу найз Д.Бат-Эрдэний хамтаар ороход “Мөнгөн жигүүр залуусын давалгаа” гэх шинэ жилийн баярын хүлээн авалттай байсан ба хамгаалалтын албаны ажилтан гэх залуу бид хоёрыг гар гээд намайг түлхээд байхаар нь би: Чи яагаад ингэж харьцаж байгаа юм вэ" гэхэд нөгөө хамгаалагч залуу би ажлаа хийж байна. Чи миний оронд ажиллаад гээд бид хоёр түр тар хийж маргалдаж байгаад би баарнаас гарсан юм. Тэгээд GOLD баар руу Д.Бат-эрдэнэ бид хоёр орж явахад Ц.Насанбат, Батзориг Л.Шагдарсүрэн, О.Болдбаатар нартай тааралдаад баар орж нэг пиво авч уусан. Пивоо ууж байхдаа Ц.Насанбат, О.Болдбаатар нарт: сая Д.Бат-эрдэнэ бид хоёр Их наяд баар руу ороход хамгаалагч нь надыг түлхэхэд би хамгаалагчтай жаахан маргалдаж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид нар пивоо ууж дуусаад GOLD баарнаас гарахад Л.Шагдарсүрэн, Батзориг хоёр гэр лүүгээ явлаа гээд салаад явсан. Ц.Насанбат, О.Болдбаатар хоёр үг хэлэлгүй урд гараад Их наяд баарны зүг рүү явж байхаар нь Д.Бат-эрдэнэ бид хоёр тэр хоёрын араас яваад очиход Их наяд баарны гадна хашаан дотор Ц.Насанбат, Б.Даваа хоёр дээр доороо орчихсон зодолдож байхаар нь би очиж Ц.Насанбатыг салгасан. Хэн нь дээр нь байсныг мэдэхгүй. Б.Давааг хүмүүс салгахад Б.Даваа нь Ц.Насанбат руу дайрч байсан. Би Б.Даваад болиоч гэхэд: Чиний Энхбаярын дүү байх чинь надад хамаагүй шүү гээд надтай маргалдаж байгаад Б.Даваа цаашаа явсан юм. Тэгээд Б.Даваа явсны дараа Ч.Атархүү баарны гадна зогсож байхаар нь би очоод танай хамгаалагч нар чинь яагаад намайг боодог юм гэж хэлэхэд Ч.Атархүү: Одоо тэр талаар ярихаа хая гэж хэлсэн. Тэгээд Ч.Атархүү, Ц.Насанбатад: Чи яагаад байгаа юм гэж хэлэхэд Ц.Насанбат Ч.Атархүүг: чи цаашаа бай гэж хэлж байсан. Тэгээд Ч.Атархүү Ц.Насанбатыг дагуулаад Их наядын хашаан дотроос гарч гурван замын уулзварын хажууд очоод юм ярьж байхад Ц.Насанбат Ч.Атархүүгийн цээж рүү нь түлхэхэд тэр хоёр газарт хамтдаа унаад ноцолдож байхад Б.Даваа хаанаас нь ирсэн юм бүү мэд Ц.Насанбатыг газарт уначихсан байхад нүүр рүү өшиглөж байсан. Намайг харахад нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд би очоод Б.Давааг бариад авахад над руу бас уурлаж томроод зодох гээд байхад хүмүүс салгасан. Энэ үед Ц.Насанбат, Ч.Атархүү хоёр алга болчихсон байсан тул би гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,

         8. Гэрч Б.Ууганзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би найзуудынхаа хамтаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой Их наяд бааранд болсон “Мөнгөн жигүүрт залуусын давалгаа” гэх шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Тэгээд шинэ жилийн баярын үйл ажиллагаа 23 цаг 50 минутыг үед дууссан бөгөөд тооцоогоо хийгээд хүмүүс гарсны дараа баарнаас Х.Халиунаа бид нар гарахад наяд баарны урд талын Хас банк руу эргэдэг гурван замын уулзварын хажууд Ч.Атархүү, Ц.Насанбат хоёр барьцалдаад авчихсан ноцолдож байсан. Би хоёуланг нь таньдаг болохоор очиж салгахаар оролдож байхад Ц.Насанбатын нүүр рүү хажуунаас нэг хүн ирээд өшиглөсөн юм. Тухайн үед Б.Давааг өшиглөж байна гэж бодоогүй. Өшиглөсөн хүнийг харахад Б.Даваа байсан. Б.Давааг өшиглөхөд Ц.Насанбат нүүрээ дарж байгаад боссон. Б.Давааг хүмүүс ирээд салгаад аваад явсан. Харин Ч.Атархүү, Ц.Насанбат хоёр цаашаа уулзана гээд явсан. Удалгүй тэр хоёр учраа олохоор цагдаа дээр очсон байсан. Ч.Атархүү, Ц.Насанбат 2 барьцалдаад уначихсан байсан. Ч.Атархүүгийн дээр Ц.Насанбат байсан. Тэр хоёр бие биенээ цохиж зодоогүй” гэх мэдүүлэг / хх-ийн 34-р тал/,

         9. Гэрч Х.Халиунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Мөнгөн жигүүрт залуусын давалгаа гэх төрийн бус байгууллага 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой Их наяд бааранд “Мөнгөн жигүүрт залуусын давалгаа” гэх шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж оролцож байгаад гарахад үүдний коридорт танихгүй хоёр залуу баарны хамгаалагч нартай маргалдаад байсан. Тэр хоёр залуу такс төлөхгүй орох гээд байх шиг байсан. Би тэд нарьг больцгоо гэж хэлчихээд хариу заал руу орсон. Тэгээд шинэ жилийн баярын үйл ажиллагаа 23 цаг 50 минутьн үед дуусаж тооцоогоо хийгээд хүмүүс гарсны дараа баарнаас гарахад Их наяд баарны урд талын Хас банк руу эргэдэг гурван замын уулзварын хажууд Ч.Атархүү, Ц.Насанбат хоёр барьцалдаад авчихсан хүмүүс салгаж байхад хажуунаас нэг танихгүй залуу ирээд Ц.Насанбат гэх залууг өшиглөж байхыг харсан. Ц.Насанбат нь уначихсан байхад өшиглөж байсан. Хаана нь өшиглөснийг мэдэхгүй. Уначихсан байсан болохоор толгой руу нь өшиглөсөн байх. Би тэд нарыг салгаагүй. Холхон зайнаас харж байсан. Тэнд олон согтуу хүмүүс энд тэнд маргалдаж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 35-р тал/,

        10. Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой ажлаасаа тараад гэртээ ирэхэд манайд хамаатны залуу болох А.Анхбаяр хажуудаа нэг найзтайгаа ирчихсэн байсан. А.Анхбаяр ирэхдээ нэг шил архи авч ирсэн байсан тул архийг нь А.Анхбаяр болон хажууд нь явсан найз Нэргүй бид гурав хувааж ууж дуусаад Нэргүйгийн гэрт очсон. Тэндээсээ А.Анхбаяр бид хоёр гараад Их наяд баар руу ороход хүлээн авалттай байсан ба А.Анхбаяр бид хоёр хүлээн авалтанд таньдаг хүн байгаа эсэхийг харах санаатай орох гэхэд үүдний хамгаалалтанд зогсож байсан хоёр залуу бид хоёрыг оруулахгүй гээд түлхээд байхаар нь А.Анхбаяр бид хоёр түүнд: Чи ямар сүртэй юм вэ? гэж маргалдаж байгаад гараад явсан. Нэг их сүртэй маргаан болоогүй. Их наядаас гараад GOLD баар руу ороход Ц.Насанбат хажуудаа гурван залуутай хамт тааралдаж GOLD руу орж сууж байгаад гарсан юм. Гарахад Ц.Насанбатын хамт явсан Л.Шагдарсүрэн, Батзориг гэх хоёр залуу нь гэр лүүгээ явсан. Ц.Насанбат О.Болдбаатар гэх найзтайгаа хамт түрүүлээд гэр лүүгээ явна гээд явсан. А.Анхбаяр бид хоёр сүүлд нь гараад такси бариад харих санаатай таксины буудал дээр очиход Их наяд баарны хажууд Ц.Насанбатын дуу гараад байхаар нь А.Анхбаяр бид хоёр яваад очиход Б.Даваа, Ц.Насанбат хоёр маргалдсан хүмүүс салгаж байсан. Энэ үед Ч.Атархүү ирээд Ц.Насанбатыг: Чи одоо болиоч яагаад хэрүүл маргаан гаргаад байгаа юм гэж хэлэхэд Ц.Насанбат нь чамд ямар хамаатай юм. Чи цаашаа яв гэж хэлээд тэр хоёр маргалдаад байх шиг байсан. Уг нь Ц.Насанбат, Ч.Атархүү хоёр бол бие биенээ сайн таньдаг хүмүүс юм. Тэгээд Ч.Атархүү, Ц.Насанбат хоёр Их наяд баарнаас гараад явж байгаад уулзварын хажууд очоод Ч.Атархүүг Ц.Насанбат түлхээд тэр хоёр барьцалдаж аваад газарт уначихсан байхад Б.Даваа гэх залуу хажуунаас нь очоод өшиглөсөн гэсэн. Би тухайн үед Б.Даваа Ц.Насанбатыг өшиглөж байхыг хараагүй. А.Анхбаяр надад сүүлд нь Б.Даваа ирээд Ц.Насанбатыг өшиглөчихсөн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 36-р тал/,

11. Гэрч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Чандманийн ХААН банкны хамгаалалтанд ажиллаж байгаад орой 17 цагийн үед төв банкинд зузаатгалаа хүргэж өгчихөөд ажлаасаа буух гэж байхад манай албаны дарга Ч.Атархүү над руу утсаар залгаж: Орой Их наяд бааранд “Мөнгөн жигүүр залуусын давалгаа” гэх төрийн бус байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдан тэнд хамгаалалтанд гар гэхээр нь Б.Мөнхбаярын хамтаар хамгаалалтанд гарсан юм. Баярын үйл ажиллагаа 18 цагийн үед эхэлсэн. Орой 23 цаг 40 минутын үед гаднаас зүс таних А.Анхбаяр, Д.Бат-эрдэнэ гэх хоёр залуу орж ирээд коридорт зогсож, мөн дотогшоо орж гараад байсан. Энэ үед баярт оролцож байсан хүмүүс гадны наад хоёр хүнээ гарга гэж хэлэхээр нь А.Анхбаяр, Д.Бат-эрдэнэ хоёрт: Та хоёр одоо гараад явчих. Энэ хүмүүс гадны хүн оруулаа гээд дургүйцээд байна гэхэд: Та нарт ямар хамаатай юм, бид нар найзтайгаа уулзахаар ирсэн гээд бид нарын шаардлагыг эсэргүүцээд байхаар нь Б.Мөнхбаяр бид хоёр А.Анхбаяр, Д.Бат-Эрдэнэ нарыг түлхээд гаргасан юм. Тэгээд баярын үйл ажиллагаа тарах үед гаднаас Ц.Насанбат, О.Болдбаатар гэх зүс таних хоёр залуу орж ирсэн. О.Болдбаатар орж ирээд нэг залуутай гараад явсан. Харин Ц.Насанбат коридорт өндөр нуруутай Б.Даваа гэх залуутай юунаас болсон юм бүү мэд хоорондоо маргалдаж байгаад тэр хоёр баарнаас гараад явсан. Би тэд нарыг гаргахад дотор байсан. Шинэ жилийн баярын үйл ажиллагаа энэ үед тарж байсан болохоор бүх хүмүүсийг гаргаад баарнаас гарахад баарны хашаанаас гараад баруун тийш эргээд замын уулзварын хажууд манай захирал Ч.Атархүү Ц.Насанбат хоёр барьцалдаад авчихсан дээр доороо орчихсон байхаар нь би очиж Ч.Атархүүг салгаж авсан. Энэ үед нөгөө Б.Даваа гэх залуу бас байсан. Миний хувьд Б.Даваа Ц.Насанбатыг зодож цохиж байсныг хараагүй. Миний анхаарал Ч.Атархүүг салгаж авах гээд төвлөрсөн байсан. Тэгээд би Ч.Атархүүг салгахад хажууд нь явсан эмэгтэй хүмүүс бид нар Атархүүг аваад явъя гээд надаас аваад цааш эргэсэн Тэгээд Ч.Атархүү Б.Насанбаттай цааш эргээд уулзаад байсан. Би ч гэсэн харьж амарлаа гээд явсан” гэх мэдүүлэг / хх-ийн 37-р тал/,

12. Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Мөнгөн жигүүрт залуусын давалгаа гэх төрийн бус байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээний хамгаалалтанд Б.Баянмөнхийн хамтаар гарсан юм. ...00 цаг болоод баярын үйл ажиллагаа тарах гэж байхад Ц.Насанбат гэх залуу гаднаас орж ирээд коридорд зогсож байснаа Б.Даваа гэх залуутай маргалдахаар нь би шаардлага тавиад гаргасан юм. Тэр хоёрыг би дагаж гараагүй. Гадна гараад тэр хоёр зодолдсон эсэхийг мэдэхгүй. Тэгээд Б.Баянмөнх бид хоёр баар нь доторх хүмүүсийг гаргаад баарнаас гарахад баарны гадна энэ тэнд олон залуучууд байсан. Би баарнаас гараад явж байхад Б.Баянмөнх хашааны гадна талд явж байхаар нь араас нь дагаад очиход Ч.Атархүү, Ц.Насанбат хоёр маргалдаж байхыг очиж салгаж байсан. Би Ч.Атархүү Ц.Насанбат хоёрыг зодолдож байхыг хараагүй Б.Баянмөнх баарнаас гараад Ч.Атархүү Ц.Насанбат хоёр барьцалдаад авчихсан байхад нь очиж салгасан” гэх мэдүүлэг / хх-ийн 38-р тал/,

          13. Гэрч З.Отгонзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай нөхөр Б. Даваа нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой Мөнгөн жигүүрт залуусын давалгаа гэх төрийн бус байгууллагын шинэ жилийн баярт оролцохоор явсан юм. Би тэр шөнө хоёр хүүхдийн хамтаар 12 багт гэр нь байдаг аавындаа хоносон. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө би гэртээ 12 цагийн үед очиход Б.Даваагийн хамар нь их сонин хавдсан харагдаж байсан. Би тухайн үед юу болсон талаар нь асууж лавлаагүй өнгөрсөн. Хүүхдийн сургууль цэцэрлэг, ажил гээд би яараад гэрээс гараад явсан. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тамирчдын шинэ жилийн баярт оролцсон юм. Шинэ жилийн баярт оролцож байхад Б.Даваагийн хамар хавдаад муруйчихсэн байхаар нь: Чиний хамар чинь яасан юм вэ? гэж асуухад Б.Даваа: Зүгээрээ дараа яръя гээд юм хэлээгүй. Тэгээд хувцас солих өрөөндөө ороод: Чиний хамар чинь яасан юм гэж дахиад лавлаад асуухад: 2016 оны 12 дугаар сарын 26-ны шөнө баярт оролцож байгаад Ц.Насанбаттай зодолдож байгаад ийм болсон гэдгийг хэлсэн. Миний хамар дээр Ц.Насанбат гараараа цохьчихсон гэж хэлсэн. Ойрд эмнэлгээр яваад үзүүлэхэд хамар гэмтсэн байсан Эрэгтэй хүн болохоор хамраа үзүүлэхгүй зүгээр гээд яваад байх юм. Насанбат гэдэг залууг танина. Аав,ээж нь манайхаар орж гараад явдаг хүмүүс байсан Насанбат бол сахилгагүй талдаа хүүхэд байсан. Би Б.Даваатай 2014 онд гэр бүл болсон хоёр хүүхэдтэй. Том нь 4 настай, бага нь 1 настай хүүхэдтэй юм. Б.Даваа одоогоор ажилгүй. Урд нь хилийн цэрэгт ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гарсан. Бүрэн дунд боловсролтой. Хүнтэй нийтэч, хүмүүстэй эелдэг харьдаг. Спортоор хичээллэдэг. Сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог. Хүнтэй догшин ширүүн харьцаж зодоон хийгээд байдаггүй Хүнтэй маргалдаж зодолдож байсан удаа байхгүй. Архи, тамхи хааяа хэрэглэдэг Баяр ёслолын үеэр л архи жаахан уудаг. Түүнээс биш архийг байнга хэрэглээд байдаггүй” гэх мэдүүлэг / хх-ийн 39-р тал/,

           14. Гэрч О.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 26-ны орой миний найз Ц.Мөнхбат Их наяд бааранд Мөнгөн жигүүрт залуусын давалгаа гэх шинэ жилийн баярт оролцохдоо надад өөрийн суудлын автомашинаа өгөөд шинэ жил тарах үеэр надыг ирээд аваарай гээд машинаа өгсөн. Тэгээд би Ц.Мөнхбатын автомашиныг унаад таксинд явж байгаад шөнийн 23 цаг 50 минутын үед Их наядын баарны гадна хашаан дотор орж Их наядын гадна талын үүд рүү автомашинаа харуулаад зогсоогоод машин дотор Ц.Мөнхбатыг хүлээгээд сууж байхад удалгүй баарнаас Б.Даваа, Ц.Мөнхбат, Э.Батсүх, Ц.Насанбат, О.Болдбаатар нар бөөндөө гарч ирсэн юм. Баарнаас Ц.Мөнхбат, Э.Батсүх хоёр гарч ирээд машинд суусан. Харин Ц.Насанбат Б.Даваа хоёр гарч ирээд хоорондоо маргалдаж урд урдаасаа харж зогсож байгаад Б.Даваа, Ц.Насанбатыг хавираад унагааж тэр хоёр бие биенээ гараараа нүүр рүү цохиж байсан. Тэгээд Ц.Насанбатыг О.Болдбаатар, А.Анхбаяр гэдэг найз нар нь салгаад баарны гадна хашаан хаалгаар гарсан. Б.Даваа Ц.Насанбатаас салаад Их наядын үүдэнд зогсоод үлдсэн.Тухайн үед Б.Даваагийн хамраас цус гарсан, хамар нь жаахан хавдчих байх шиг байсан. Тэгээд би Ц.Мөнхбатыг харъя гэхэд Мөнхбат: жаахан байж байгаад явъя гэхэд нь би уурлаад машиныг нь үлдээгээд машинаас буугаад гэр лүү явсан. Намайг Их наяд баарны гадна хашаан хаалгаар гараад урагшаа эргээд гадна хашаан хаалганы харалдаа Ч.Атархүү зогсож байсан. Мөн гурван зам уулзварын хажууд Ц.Насанбат, О.Болдбаатар хоёр зогсож байхаар тэр хоёрт харьлаа гэж хэлчихээд явсан. Би хэн нь түрүүлж цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Ц.Насанбат, Б.Даваа хоёр баарнаас гарч ирээд маргалдаж зогсож байсан. Б.Даваа Ц.Насанбатыг хавирч унагааж байхыг харсан. Ц.Насанбатыг Б.Давааг түрүүлж цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Б.Даваагийн хамарнаас цус гарч байсан. Б.Даваа Ц.Насанбатыг унагаагаад дээрээс нь гараараа цохиход Ц.Насанбат доороос нь бас гараараа Б.Давааг цохиж байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 40-р тал/,

15. Гэрч Т.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Б.Давааг Улаангом сумын коллежид хамт сурч байсан үеэс нь мэднэ. Мөн гэр нь манай гэрийн хажууд нэг хороололд хамт байдаг байсан. Бид хоёр бие биенээ сайн таниж мэднэ. Дотно найзууд юм. Б.Даваа бол Улаангом коллежид сурч байхдаа сурлагадаа сайн, багш нартайгаа их харилцаа сайтай, нийтэч, хүнд их тусархуу, сургуулиас зохион байгуулж байгаа ажилд идэвхитэй оролцдог. Надад ажил төрөл олж зуучилж өгдөг. Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. Зан аашийн хувьд хоёрын хооронд юманд новшроод байдаггүй. Ер нь их тайван, хүлээцтэй, найз нартайгаа их эелдэг харьцдаг, Хүнтэй дээрэлхэж харьцаж байхыг би хараагүй. Хүнтэй зодолдож, маргаан гаргаад байдаггүй юм. Улаангом коллежид жижүүрийн ажил мөн Хилийн 0245 дугаар ангид ажил хийж байсан. Яагаад ажлаасаа гарсныг мэдэхгүй. Мөн Улаанбаатар хотод барилгын ажил хийж байсан. Ам бүл 4, эхнэр хоёр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр З.Отгонзаяа нь нэг дүгээр ахлах сургуульд ажилладаг. Хоёр хүүхэд нь бага насны хүүхдүүд байдаг. Б.Даваагийн аав, ээж нь одоо Улаанбаатар хотод амьдардаг. Б.Даваа нь хувийн хоёр өрөө байртай. Өөр ямар нэг хөрөнгө болоод байх зүйл байхгүй. Хүмүүстэй зодоон маргаан гаргаад байсныг мэдэхгүй байна. Спорт сонирхдог, сагсан бөмбөг, гар бөмбөг сайн тоглодог залуу юм. Урд өмнө нь хүн зодож байсан удаа байдаггүй” / хх-ийн 42-р тал/,

         16. Гэрч О.Чулуунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Б.Давааг сайн танина. Б.Даваа бид хоёр арван жилийн сургуульд сурч байхаасаа найзууд юм. Наймдугаар ангиа төгсөөд Улаангом коллежид хамт сурч байсан. Б.Даваа бол сурлагадаа сайн, багш нартайгаа их харилцаа сайтай, нийтэч, сургуулиас зохион байгуулж байгаа ажилд идэвхитэй оролцдог. Коллежоо төгсөөд цэргийн албыг Улаанбаатар хотод хаасан. Зан аашийн хувьд дөлгөөн зантай, найз нартайгаа их эелдэг харьццаг, тийм их муу зан гаргаад байдаггүй. Хүнийг дээрэлхэж харьцаж байхыг би хараагүй. Хүнтэй зодолдож маргаан гаргаад байдаггүй юм. Б.Даваа цэргийн алба хааж ирчихээд Улаангом коллежид жижүүрийн ажил мөн Хилийн 0245 дугаар ангид биеийн тамирын зааварлагч зэрэг ажил хийж байсан. Яагаад ажлаасаа гарсныг мэдэхгүй. Хувийн шалтгааны улмаас гарсан байх. Ажлаасаа гараад Улаанбаатар хот руу явсан юм. Ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр З.Отгонзаяа нь нэгдүгээр ахлах сургуульд ажилладаг. Хоёр хүүхэд нь бага насны хүүхдүүд байдаг. Б.Даваа нь хувийн хоёр өрөө байртай. Өөр ямар нэг хөрөнгө болоод байх зүйл байхгүй. Хүмүүстэй зодоон маргаан гаргаад байсныг мэдэхгүй байна. Спорт хөөсөн сагсан бөмбөг, гар бөмбөг сайн тоглодог залуу юм” / хх-ийн 43-р тал/,

17. Увс аймгийн шүүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаартай Шинжээч эмчийн:  “Үзүүлэгч Ц.Насанбатын биед гэмтэл учирсан байна. Эрүү, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цөм нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Ц.Насанбатын биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 45-р тал /,

         18. Увс аймгийн шүүүхийн шинжилгээний албаны 2016 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаартай  Шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Даваагийн биед гэмтэл учирсан байна. Хамрын ясны цуурсан хугарал, муруйлт, хоёр нүдний дотно буланд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Гэмтлийн зэрэгт нөлөөлөх урьдын өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 49-р тал /,

            19. Шүүгдэгч Б.Даваагийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 73-75, 82, 90-92-р тал /,             

            20. Шүүгдэгч Б.Давааг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 78-р тал /,            

            21 . Хохирогч Ц.Насанбатыг  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 80-р тал /,

            22. Хохирогч Ц.Насанбатын хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 83-89-р тал/,

            23. Шүүгдэгч Б.Даваагийн хохирол барагдуулсан баримтууд / хх-ийн 95-98-р тал/,

            24. Хохирогч Ц.Насанбатын “амбулаториор эмчлүүлэгсдийн карт” / хх-ийн 100-104-р тал/,

         25. Шүүгдэгч Б.Даваагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Би надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Энэ хэрэгт холбогдон шалгагдах хугацаанд их зүйлийг ойлголоо. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Хохиролд 1800.000 төгрөг төлсөн. Энэ хэрэгт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

            Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Б.Даваа нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Их наяд" баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Насанбатын зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Ц.Насанбат, гэрч Ч.Атархүү, Э.Батсүх, Ц.Мөнхбат, А.Анхбаяр, Б.Ууганзаяа, Х.Халиунаа, Д.Бат-Эрдэнэ, Б.Баянмөнх, Б.Мөнхбаяр, О.Эрдэнэбат нарын мэдүүлэг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22  дугаартай  шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг судлахад хохирогч, шүүгдэгч нар өмнө нь бие биеэ таньдаг байсан байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн найз Э.Батсүх, хохирогч нар маргалдаж байхыг хараад найзыгаа хамгаалж “...чи одоо боль урд нь Батсүхийн хамрыг цохиж гэмтээсэн. Батсүх өөрөө хамраа эмчлүүлж явж байсан. Чи одоо дахиад Батсүхийг зодох гэж байгаа юм уу...” гэснээс маргаан эхэлж, улмаар харилцан зодолдож хохирогчийн бие махбодид хүндэвтэр /эрүү, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт/ гэмтэл, шүүгдэгчийн бие махбодид хөнгөн /хамрын ясны цуурсан хугарал, муруйлт, хоёр нүдний дотно буланд цус хуралт/ гэмтэл тус тус учирсан үйл баримт тогтоогджээ.

          Мөрдөн байцаалтын шатанд Цогбадрахын Насанбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

               Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Давааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хохирогч Ц.Насанбатад хохиролд тооцож 1.800.000 төгрөг төлсөн болох нь хохирол төлсөн баримт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Насанбатын гаргаж өгсөн “бид хоёр сайн дураараа эвлэрч миний хохирлыг бүрэн барагдуулж, гэм хорыг арилгаж, эд хөрөнгийн маргаангүй болсон тул миний зүгээс Б.Даваад ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тодорхойлолтоор нотлогдож байгаа тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзлээ.

              Шүүгдэгч Б.Даваа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

  Шүүхээс шүүгдэгч Б.Даваад ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “...анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан үзээд Б.Даваад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой байна гэж дүгнэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

            Шүүгдэгч Б.Даваад өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  284 дүгээр зүйлийн 284.1,  290 дүгээр зүйлийн 290.3, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Боржигон овогт Батнасангийн Давааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваад 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Даваад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Шүүгдэгч Б.Даваа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Даваад оногдуулсан 1 / нэг / жил 4 /дөрөв/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Б.Даваад өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах ба улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА