Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/501

 

 

 

 

 

 

   2022           05             10                                          2022/ДШМ/501

                                               

 

Б.Гт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунгэрэл,

цагаатгагдсан этгээд Б.Гийн өмгөөлөгч Б.Баттөр,

иргэний хариуцагч Г.Гантулгын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Арвинбуудайн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар эсэргүүцлээр Б.Гт холбогдох 2103 00047 0114 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Бны Г, 1989 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 8 дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/,

Шүүгдэгч Б.Г нь “Howo” маркийн  УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, энэ дүрмийн 24.1.Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна”, мөн дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс будсын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Жалайр овгийн Батчулууны Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00047 0114 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй’ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Б.Г нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч Ч.Энхтайван, Б.Сүхбат, Б.Мэндбаярын нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг зааж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, 585038 дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гийн гэм бурууг хянан хэлэлцэх үед зам тээврийн ослын улмаас бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг” гэж автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийг ойлгох бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ болон эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон, хүний эрүүл мэндэд хүнд, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан бол гэж энэ 4 шинжийн аль нэгийг хангасан тохиолдолд хүндрүүлэн зүйлчилж байхаар хуульд тусгагдсан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “...бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан” тохиолдлыг бие даасан шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учраагүй боловч “...эд хөрөнгөнд их хэмжээний буюу 50 сая төгрөгөөс дээш хохирол” учруулсан бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хэвшсэн бөгөөд энэхүү хуулийн заалт нь хүчин төгөлдөр хэвээр байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэсэн заалт, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэмт хэргийн хор уршигийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг “их хэмжээний хохирол” гэж ойлгох зохицуулалт зэргээс дүгнэхэд яллагдагч Б.Гийн гаргасан зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэйг нотолж байна.

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байхад шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэлгүйгээр түүнд ял завшуулах боломж олгож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

 

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжийг хангасан. Үндэслэлгүйгээр хэргийг цагаатгаж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.Гийн өмгөөлөгч Б.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүнд заавал хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардсан байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйл анги байхад хүндэвтэр гэмтэл эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан гэж сонгох диспозиттой байсан. Одоо хүчинтөгөлдөр үйлчилж байгаа хуульд үндсэн шинжээс нь хохирлын хэмжээг хассан харагдаж байна. Заавал хүний биед хүндэвтэр гэмтэл учирч байж энэхүү гэмт хэргийн үндсэн шинж хангагдана гэж үзсэн. Хүндрүүлэх шинж нь үүнийхээ зэрэгцээ их хэмжээний хохирол учруулсан байхыг шаардаж байна. Хууль тогтоогчоос хохирлын хэмжээг үндсэн шинжээс нь авсан. Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийг хамгаалахаар бусад эд хөрөнгийн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх санаа юм болов уу гэж өмгөөлөгчийн хувьд ойлгож байна” гэв.

 

Иргэний хариуцагч Г.Ггын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарахдаа гэмт хэргийн үндсэн шинжээр нь тогтоосон. Өмнө нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр тодорхойлдог байсан. Эрүүгийн хууль батлагдахдаа гэмт хэргийн шинж буюу субъектив талын шинж, объектив талын шинжийг тодорхойлж, тухайн гэмт хэргийг зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн. Төсөөтэй гэмт хэргүүдээс ялгагдах шинж нь объектив талын шинжээрээ ялгагдана гэж тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмт учирсан байгаа. Нэмэгдэл шинжийн хувьд тухайн хүндэвтэр гэмтэл учирч нэмэлт байдлаар их хэмжээний хохирол эсхүл согтуурсан, мансуурсан гэсэн нэмэгдэл шинж орсон. Эдгээр нэмэгдэл шинж орж ирсэн тохиолдолд хүндрүүлэхээр хуульчилсан. Онолын хувьд ойлгоход анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Прокуророос тусгай бие даасан гэмт хэрэг гэж үзсэн бол объектив, субъектив талын ямар шинжээр тусгай бие даасан гэмт хэрэг юм бэ гэдгийг тодорхойлох ёстой байсан. Гэвч прокурорын эсэргүүцэлд энэ талаар тодорхой тайлбар байхгүй. Үндсэн шинжээс нэмэгдэл шинжийг хэрхэн ялгагдаж байгаа талаар тайлбарлахгүйгээр прокурорын эсэргүүцэл бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэв.

                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Тээврийн прокурорын газраас Б.Гийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... уулзварын зүүн талын замд “Howo” маркийн 0000 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 24.1, 3.4, дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан заалтуудыг тус тус зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00047 0114 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүх, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу хэргийн хэмжээнд бодит байдлыг сэргээн тогтоох байдлаар хянан шийдвэрлэх боломжтой.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэхээр хуульчилсан байна.

Анхан шатны шүүх, Б.Гт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ДШМ/909 дугаартай магадлалд “...Вендо ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 33835 дугаартай “...Toyota Prius-20 маркийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.269.000 төгрөгийн шууд зардлын хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 45/, Вендо ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 33851 дугаартай “...Hyundai Store” маркийн ... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.872.000 төгрөгийн шууд зардлын хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 66-67/, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Sonata 5 маркийн ... ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.630.000 төгрөгийн шууд зардлын хохирол учирсан гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 92/, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 307 дугаартай “...Toyota Estima маркийн ... УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8.956.000 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 107/, Вендо ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 33845 дугаартай “...Toyota Prius-10 маркийн ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.557.400 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 135/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 708 дугаартай “...Infiniti QX56 ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27.523.350 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 165/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 670 дугаартай “...Daihatsu Hijet маркийн 74-11 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.137.000 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 185/, Вендо ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 33837 дугаартай “...Toyota Prius 20 маркийн 74-13 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.157.400 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 203/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 647 дугаартай “...Toyota Harrier маркийн ... УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 825.000 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх 226/, Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 5444 дугаартай “...Hyundai Sonata 5 маркийн .... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.021.650 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн үнэлгээний тайлан /2хх 1/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 667 дугаартай “...Toyota Prius-30 маркийн ... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.540.000 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн техникийн эвдрэл хохирлын үнэлгээ /2хх 23/, Вендо ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 33964 дугаартай “...land Kruizer маркийн 86-59 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 114.564.750 төгрөгийн шууд зардлын эвдрэл хохирол учирсан...” гэсэн техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /2хх 42-44/, Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай талаар дурджээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэв.

Иймд прокурор Ц.Арвинбуудайн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Гт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Гт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.МЯГМАРЖАВ

  ШҮҮГЧ                                                                 Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ