Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2024/00266

 

2024 05 27 156/ШШ2024/00266

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00144/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн .... газрын нэхэмжлэлтэй,  Р.И , Н.С нарын эцэг, эх байх эрхийг хасуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г

Гуравдагч этгээд: Р.И , Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч ... хөгжлийн газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Р.И (...), Н.С (...) нар нь Хэнтий аймаг Хэрлэн сумын ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, том хүү И.И (...), 16 настай, дунд охин И.Э (...), 14 настай, бага хүү И.О (...) 7 настай. Хэнтий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 156/ШШ2022/00... тоот дугаартай шийдвэрээр эцэг, эх байх эрхийг тус тус 6 сараар хязгаарлуулсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болсон. Харьяа багаac нь одоо оршин сууж байгаа хаягийг нь тодруулбал Р.И ыг 2 дугаар баг Булгийн 7-11 тоотод ах Р.Ш-ынд, Н.С ыг 1 дүгээр баг, ... тоотод амьдарч байгаа мэдээлэл ирүүлсэн байна. Н.С ын төрсөн эгч Ч.Э тай холбогдох утас:93150090/,

Хэрлэн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16 ны өдрийн А/34 тоот захирамжаар том хүү И.И ийн асран хамгаалагчаар нагац эгч Ч.Э тогтоогдсон. (Ч.Э ынд амьдардаг) Дунд охин И.Э , бага хүү И.О нарыг Аймгийн Засаг даргын А\343, Хэрлэн сумын Засаг даргын А1192 тоот захирамжаар Улаанбаатар хотын "В " асрамжийн төвд хүргэж өгсөн. Одоогийн байдлаар И.Э нь Улаанбаатар хотын 20 дугаар сургуулийн 8г, И.О нь 70 дугаар сургуулийн 2б ангид тус тус суралцаж байна. Р.И , Н.С нар эрхэлсэн тодорхой ажилгүй, архины нь хамааралтай бөгөөд оршин сууж амьдарч байгаа хаяг нь тодорхойгүй. Н.С ын төрсөн эгч болох Ч.Э аас асууж тодруулахад манай хоёр дүү 2 тусдаа амьдарч байгаа ээж Н.С нь хүнтэй суусан, аав Р.И ыг хаана байгааг нь мэдэхгүй гэж байсан. Р.И энэ хугацаанд нийгмийн ажилтан над руу 2 удаа утсаар ярьсан. Ярихдаа би архинаас гаргах эмчилгээ хийлгэх гэж байгаа тэгээд гэр оронтой болоод 2 хүүхдээ авна гэж хэлсэн. Уг гэр бүлтэй ажиллах хүүхэд хамгааллын үйлчилгээний хувийн хэргийг ХГБХХГ дээр нээн, Хэрлэн сумын 2-р багт шилжүүлэн хамтран үйлчилгээг төлөвлөн хүргэж байгаа боловч Р.И , Н.С нар нь эрсдэлт зан үйлээ захсыг хичээгээгүй, амьдарч байгаа хаяг тогтоогдохгүй, шүүхийн шийдвэр гарснаас хойш холбогдоогүй, энэ хугацаанд хүүхдээ авъя гэсэн албан хүсэлтийг нэг ч удаа гаргаагүй байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эцэг, эх байх эрхийг хасуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... И.Э , И.О нар нь анх 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай байгууллагад ирж, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үйлчилгээ авч, манай байгууллага Улаанбаатар хотын В гэх асрамжийн төвд хүргэж өгсөн. Манай байгууллагаас жилд 2 удаа гэр эргэлт хийж, хүүхдийн мөнгийг асарч байгаа нийгмийн ажилтан руу шилжүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 29-31-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод очиж хүүхдүүдээ эргэсэн. 4 асрамжийн газарт манай аймгаас 7-8 хүүхэд байдаг. Жилд 2 удаа очиж эргэх ёстой ч ажлын шаардлагаас хамаараад жилд 1 удаа очиж гэр эргэлт хийсэн. И.Э нь 20-р сургуулийн 8В ангид, И.О нь 70-р сургуулийн 2Б ангид сурч байгаа. 70-р сургууль нь тусгай сургууль юм байна лээ. И.О ыг 6 нас хүрээд сэтгэцийг нь тогтоолгоход сэтгэцийн асуудалтай гарсан гэж нийгмийн ажилтан мэдэгдсэн. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд эцэг, эх нь засраагүй, хүүхдээ эргэж очоогүй учраас бид эцэг эх байх эрхийг нь хасуулсан. Р.И түр хамгаалах байранд байх хугацаанд 4 удаа ирж хүүхдүүдтэйгээ уулзсан, Н.С 1 удаа ирэхдээ согтуу 2 эрэгтэй хүнтэй ирж байсан. В асрамжийн төв рүү явснаас хойш Н.С очиж уулзсаныг мэдэхгүй, Р.И 2-3 удаа уулзсан гэж утсаар ярьж хэлсэн. Хүүхдүүд ч гэсэн гэр орон, нутгаа санаж байгаа. Аав ээж нь засраад хүүхдээ асрах боломжтой гэж үзвэл хүүхдүүдийг нь өгмөөр байна. Гэвч 100 хувь сэтгэл дүүрэн хүүхдүүдээ хүлээж аваад асрамжлаад явна гэдэгт итгэхгүй байгаа тул эцэг, эх байх эрхийг нь хасуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.И нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Хэрлэн сумын 2-р баг, Булагийн 7-11 тоотод ах Шинэбаярын хашаанд гэрт амьдарч байгаа бөгөөд өөрийн хүсэлтээр архины эмчилгээнд яваад ирсэн. Өмнө нь архи ууж амьдарлаа алдаж үр хүүхдүүдээ хайхрахгүй байсандаа гэмшиж байна. Одоо өөрийн 3 хүүхдээ дэргэдээ авч хамт амьдрах хүсэлт байна. Би 2 хүүхдээ татаж авмаар байна. Сая эргэж ирсэн, очих болгонд охин маань хэзээ авах юм гэж асуудаг. 2024 оны 06 сард хамрын хагалгаанд орно. Архи ууж амьдралаараа тоглосон учраас одоо болихоор шийдээд өвлөөс хойш архи уугаагүй. Хүүхдүүдийг ирвэл гэр орноо өөрчлөх гээд ажил хийж байгаа гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Э нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие өөрийн дүүгийн хүү болох И- 2 жил гаран асран тэжээж хамт одоог хүртэл амьдарч байна. Ээж, аав нь хоёулаа архины хамааралтай учраас хүүхдээ асрах боломжгүй. Миний төрсөн дүү И-ийн ээж нь одоог хүртэл хань ижилгүй, архинаас гарч чадахгүй орон гэргүй амьдарч байна. Хүүхдийн мөнгө, халамж асаргааг 2024 оны 2 дугаар сараас авч байна. Би хувцас хоол унд байрыг хангаж амьдарч байна. Миний хувьд Р.И т эцэг байх чадвар байхгүй гэж бодож байна. Архины эмчилгээ хийлгэж үр хүүхдээ авъя гэсэн сэтгэл байна. Гэхдээ цаашид хүүхдүүдээ авч яваад амьдарч чадах эсэх нь найдлагагүй, мөн Н.С 2-3 жил архи уусан, одоо ч байхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.С нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс миний эх байх эрхийг 6 сар хязгаарласан. Түүнээс хойш би жоншинд ажиллаж хүү, охин дээрээ нөхөр И-ын хамт 6 сард очиж эргэсэн. Охин маань ээжээ намайг хурдан аваач гэж хэлсэн тэрнээс хойш би хөдөө айлын малчин хийж гэртэй болсон. Одоо гэрээ бариагүй байгаа. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр осолд ороод ажил хийж ажил хийж чадахгүй, мөнгө төгрөггүй, хүү, охин дээрээ очиж чадахгүй, ээжийндээ амьдарч байна. Биеэ гайгүй болохоор гэрээ бариад охин, хүүгээ авчраад гэр бүлээ бүтэн амьдруулахыг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн. Үүнд: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 417 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 3-6-р тал/, Хэнтий аймгийн Хэрлэн сумны Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/34 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 7-р тал/, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Кейс төлөвлөгөө-ийн хуулбар /хх-ийн 8-9-р тал/, И-ийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний хуулбар /хх-ийн 10-13-р тал/, И-той хийсэн ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 14-р тал/, Ч.Э ын Хүүхэд Гэр бүл хөгжлийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 15-р тал/, И.Э , И.О нарын гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний хуулбар /хх-ийн 16-19-р тал/, И.Э , И.О нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 20-21-р тал/, илтгэх хуудас /хх-ийн 22-р тал/, Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 20023.05.10-ны өдрийн 156 дугаартай албан бичгийн хуулбар /хх-ийн 23-р тал/, В хүүхдийн асрамжийн төвийн 2023.05.15-ны өдрийн 767 тоот албан бичгийн хуулбар /хх-ийн 24-р тал/, Нийслэлийн ЕБ 70 дугаар сургуулийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 25-р тал/, Нийслэлийн ЕБ лаборатори 20 дугаар сургуулийн 2023.05.18-ны өдрийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 26-р тал/, И.Э , И.О нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 28-29-р тал/, В хүүхдийн асрамжийн төвийн 2024.03.12-ны өдрийн 804 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 30-33-р тал/, Хэнтий аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжил, хамгааллын газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 191 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт ирүүлсэн байна. 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн .... хамгааллын газар нь Р.И , Н.С нарын эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т зааснаар эцэг эх байх эрх хасуулах нэхэмжлэл нь шүүхийн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар шүүх нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн харьяаллаар хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-д Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно гэж заасны дагуу Р.И , Н.С , Ч.Э нарыг шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.

 

Уг нэхэмжлэлийг Хэнтий аймгийн .... хамгааллын газар гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар энэ тухай нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна.

 

2008 оны 07 сарын 01-ний өдөр хүү И-ын И-, 2010 оны 12 сарын 23-нд төрсөн охин И-ын Эрдэнэзул, 2016 оны 05 сарын 16-ны өдөр төрсөн хүү И-ын О нар нь гуравдагч этгээд Р.И , Н.С нарын дундаас төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 28-29-р тал/, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т ... Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж хуульчилсан ба хүүхдүүдийн эцэг Р.И , Н.С нар нь өөрийн төрсөн хүүхдүүдээ үл хайхарч, асран хамгаалах үүргээ биелүүлдэггүй, архидан согтуурдаг, архины хамааралтай болох нь цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/34 дүгээр захирамж, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, И.И , И.Э , И.О нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл, Хэнтий аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын илтгэх хуудас, В хүүхдийн асрамжийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 767 дугаартай албан бичиг, Р.И , Н.С , Ч.Э нарын шүүхэд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн лавлагаа зэргээр эцэг, эх байх үүргээ биелүүлэхгүй байгаа нь тогтоогдож байна.

Охин И.Э , бага хүү И.О нар нь 2022 оны 07 сараас эхлэн өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 27-р хороо, В хүүхдийн асрамжийн төвд, том хүү И.И нь Н.С ын төрсөн эгч Э-ынд тус тус амьдарч байгаа.

Энэ хугацаанд эх Н.С нь 2023 оны 5 сард, эцэг Р.И нь 2024 оны 3 сард тус тус хүүхдүүдээ асрамжийн газар эргэж очсон, Р.И нь хааяа нэг холбогдож, сурагладаг зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд Р.И , Н.С нар нь хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалах зэрэг эцэг эхийн үүргээ биелүүлдэггүй нь тогтоогдож байна.

Том хүү И-ын И- эх Н.С ын төрсөн эгчийнд амьдарч байгаа ба 2008 оны 07 сарын 01-ний өдөр төрсөн одоогоор 16 настай, хөгжлийн бэрхшээлтэй, Хэнтий аймгийн хамгаалах байранд байлгахад удаа дараа алга болж байсан зэргээс үзэхэд түүнийг төвлөрсөн газарт байлгах боломжгүй гэж үзлээ. 

Гуравдагч этгээд Н.С , Р.И нар нь одоо хамт амьдрахгүй, өөрсдийн амьдардаг байсан гэрээ хурааж тус тусдаа амьдарч байгаа, тэднийг хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх хэвийн нөхцөлөөр хангах боломжгүй буюу гэр орон, хувцас хунар, хоол хүнсээр гачигдуулж, үл хайхарч байгаа нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэхээр байна.

Тухалбал эх Н.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байхдаа ирж 2024 оны 5 сарын 14-ны өдрийн шүүх хуралдаан 13 хоногоор хойшилсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанд биечлэн ирээгүй байгаа нь түүний хүүхдүүддээ хэрхэн анхаарал халамж тавьж байгаа нь харагдаж байна гэж дүгнэлээ.

Эцэг Р.И нь хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч өсгөх талаар тайлбарладаг. Тэрээр Хэнтий аймаг дахь Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний нямодо трейд ХХКомпанид 2024 оны 1 сарын 1-ны өдрөөс эхлэн галчаар ажиллаж байгаа нь тогтоогдож байгаа боловч хүүхдүүдийг асран хамгаалж, аюулгүй байдалд өсгөх орон гэргүй, энэ ажил нь тогтвортой эсэх нь эргэлзээтэй байх тул хүүхдүүдийн эрх ашгийн үүднээс гуравдагч этгээдийн хүсэлтээр хүүхдүүдийг асрамжлуулах боломжгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н.С , Р.И нарыг хүү И.И , охин И.Э , хүү И.О нарын эцэг, эх байх эрхийг хасаж шийдвэрлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол уг хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох буюу, эсхүл түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ гэж заасны дагуу И.Э , И.О нарыг В хүүхдийн асрамжийн газарт үргэлжлүүлэн байлгахаар шилжүүлж байна.

Мөн хүү И.И ийн асран хамгаалагчаар Хэрлэн сумын 2023 оны 3 сарын 16-ны өдрийн А/34 дугаартай захирамжаар Ч.Э ыг томилсон байх ба энэ захирамж хүчин төгөлдөр байх тул асрамжийг өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн асрамжуллах нь зүйтэй байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.И , Н.С нар нь муу зуршлаа засаж, хүүхдүүдээ өөрсдөө өсгөх нөхцөл байдлаа бүрдүүлсэн тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж эцэг, эх байх эрхээ сэргээлгэх хүсэлтээ гаргах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Р.И-, Н.С нарыг 2008 оны 07 дугаар сарын 01-нд төрсөн хүү И.И , 2010 оны 12 дугаар сарын 23-нд төрсөн охин И.Э , 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү И.О нарын эцэг, эх байх эрхийг хассугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар И.И ийн асран хамгаалагчаар Ч.Э ыг томилсон болохыг дурдаж, охин И.Э , И.О нарыг Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хорооны В асрамжийн төвд үргэлжлүүлэн хүмүүжүүлэхээр тогтсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар Равжирын И-, Н.С нар нь хуульд зааснаар эцэг, эх байх эрхээ сэргээлгэх эрхтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

5. И.И , И.О , И.Э нарын асран хамгаалалтад хяналт тавьж байхыг Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газарт үүрэг болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.О